ВИДЕО КОНТЕНТНийгмийн

Малын эмч: Амьтан тэжээх гэж байгаа бол эхлээд сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй

Сэтгэлийн хөөрлөөр амьтан тэжээнэ гэж шийдээд, хэрэглээг нь дийлэхгүй болоод ирэхээрээ гудамжинд хог шиг гаргаад хаядаг байж болохгүй. Тэжээх боломжгүй болсон бол үрчлүүл. Бид сэтгэл, зүрхтэй байх хэрэгтэй байна. Гудамжинд олширч буй эзэнгүй муур, нохойнууд бол бидний сэтгэлийн толь. Сэтгэл зүрхний боловсрол шороотой хутгалдсаны илрэл.

Амьтанд хайртай, сэтгэл зүрхтэй хүмүүс болоод нийгмийн төлөө "Амьтны эрх" хэмээх бичил цуврал контентыг эхлүүлж байна.

"Жонон" мал эмнэлгийн малын их эмч М.Баасансүрэн амьтан тэжээхээр төлөвлөж буй хүмүүст хандаж дараах зөвлөгөөг хүргэж байна.

Тэрбээр "Муур, нохой үүлдэрээсээ хамаараад өөрсдийн гэсэн онцлогтой. Тэгэхээр амьтан тэжээх гэж байгаа бол нэгдүгээрт, тэжээх гэж буй амьтныхаа сэтгэл зүйн байдлыг судал. Тэжээх гэж байгаа юм бол тухайн амьтнаа судлах хэрэгтэй шүү дээ.

Гэрийн тэжээвэр амьтад багадаа их хөөрхөн байдаг. Хүүхэд нь зулзагатай, гөлөгтэй болмоор байна гээд байхаар нь эцэг эхчүүд сэтгэл хөөрлөөр аваад өгчихдөг. Нялх зулзага тэжээх гэж буй бол элсэн дээр нь бие засуулж сургах хэрэгтэй. Энэ дадлыг хэрхэн суулгах талаар судлах хэрэгтэй. Элсэн дээр нь баалгаж, шээлгэж сургаагүй юм байж энд, тэнд бааж, шээснээс нь болоод гаргаад хаячихдаг. Эзний хариуцлагагүй байдлаас болоод маш олон муур, нохой эндэж байна. Гудамжны эзэнгүй амьтад бий болж байна. Тэгэхээр та амьтан тэжээх гэж буй бол хоёрдугаарт, сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй.

Гуравдугаарт, ямар зарлага гарах вэ гэдгийг тооцоолдог байх ёстой. Тооцоолоогүйгээс болоод их зарлага гаргаад байна гээд амьтандаа хайхрамжгүй хандаж, байгаа хүмүүс бас их байна. Хариуцлага маш чухал. Мал эмнэлгийн шаардлагатай гэсэн үйлчилгээнүүдийг цаг тухайд нь авдаг байх хэрэгтэй. Цаг тухайд нь мал эмнэлгийн үйлчилгээ авахгүйгээс болоод халдварт өвчин тусдаг.

Дөрөвдүгээрт, тэжээж буй амьтандаа цаг гаргаж чаддаг байх хэрэгтэй, ямар ч үед.

Тавдугаарт, амьтан хайрлах гэж байгаа бол ухаантай хайрлах хэрэгтэй.

Зургадугаарт, амьтан тэжээх гэж буй бол харшилтай эсэхээ мэддэг байх ёстой. Муур, нохойн үснээс харшилтай эсэхээ арьс өнгөний эмнэлэг очиж, сорил тавиулаад мэдэх хэрэгтэй. Харшилтай эсэхийг нь мэдэлгүй, сэтгэлийн хөөрлөөр хүүхдэдээ зулзага, гөлөг авчирч ирээд өгчихдөг. Удалгүй нүүр нь хавдаад, нүд нь улайгаад, загатнаад эхлэхээр нь нэг бол гаргаж хаядаг, буцаадаг. Тэгэхээр харшлын сорил тавиулаад анхнаасаа тэжээж болох эсэхээ мэдэх хэрэгтэй.

Манай эмнэлэгт нүд нь бүлтрээд гараад ирсэн амьтан ч юм уу, эсвэл машины моторт эргээд аймар болсон амьтад ирнэ. Тийм амьтдыг харах хэцүү. Олон жил ажиллаж байгаа болохоор царайны хувиралгүй болчихдог юм билээ. Гэхдээ дотор бол эвгүй санагдаж байгаа шүү дээ. Хамгийн гол нь эзэнгүй амьтдыг бий болгож байгаа гол хүчин зүйл бол хүмүүс өөрсдөө. Хүмүүс өөрсдөө л хариуцлагагүй байдаг. Амьтан тэжээж байгаа бол үржлийг нь хаалгах хэрэгтэй. Үржлийг нь хаалгалгүй муур, нохойнхоо зулзага, гөлөгнүүдийг гудамжинд гаргаад хаячихдаг. Тэд байгальд өснө, үржинэ. Буцаад нийгмийн аюулгүй байдалд маш том сөрөг нөлөө үзүүлж эхэлнэ. Хүнд ч аюултай. Бусад эзэнгүй амьтад ч гэсэн өөрсдийн мэдэлгүйгээр халдвар тээж байгаа шүү дээ. Өөрсдөө мэдэлгүйгээр халдварын голомтыг хөрсөнд бий болгож байгаа. Тэгэхээр та муураа гадаа гаргалаа гэхэд хөрснөөс халдвар авчихвал яах юм. Энэ мэт эрсдэлүүд зөндөө байгаа. Энэ эрсдэлт шалтгаанаас болоод хүмүүс амьтнаа гадаа гаргаж чадахгүй вакцинд нь хамрагдтал гэрээс гаргалгүй хорьдог. Энэ хэв маягаас болоод сүүлийн үед нохой муурууд нийгэмшилгүй болж. Хүнээс айдаг. Айсандаа болоод хүн хазчих гээд, уурлаад л" хэмээв.

ВИДЕО

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-23 09:18

Яг зөв

Холбоотой мэдээ

Back to top button