Ярилцлага

Э.Ичинхорлоо: МАЛЧНЫ ХОТОНД халуун, хүйтэн усаа шийдэж ХАУС БАРИАД амьдардаг залуус олон бий

Уншигч та бүхнийгээ бид энэ удаа “Бидний цөөхөн Монголчууд” төслийн сэтгүүлч Э.Ичинхорлоотой уулзуулж байна. Монголын өнцөг булан бүрт очиж, 21-р зууны Монголчуудын ахуй амьдрал, ажил төрлийг сурвалжлан, гэрэл зураг, дүрс бичлэг, ярилцлага сэлтээр баримтжуулан авч яваа тус төслийн багийн ажил эхлээд гурван жил гаруй хугацаа өнгөрчээ.

Сэтгүүлч бүсгүй Э.Ичинхорлоо хоёр жил гаруй хугацаанд таван аймгийн сумдаар явж хөдөө орон нутгийн “жинхэнэ” амьдралыг харж, дунд нь орж буцалж явсных түүнтэй бид хөдөөний эгэл жирийн амьдралаар амьдран яваа Монголчуудынхаа тухай болон сэтгүүлч  мэргэжлийн онцлог, амьдралын тухай хүүрнэлдсэн юм.

-ХӨДӨӨ НУТАГ ЖИНХЭНЭ ХҮН ЧАНАР, ХҮНЛЭГ СЭТГЭЛ, СОЁЛ, ЭЕРЭГ ЭНЕРГИ БИЙ-

-Түүхэн гэж хэлж болохуйц номын ард гарсан танай хамт олонд баяр хүргэе. Сэтгүүлч мэргэжил их сонин. Ямар  л бол ямар нөхцөлд ажиллаж, ямар ч мэргэжил рүү хөрвөх шаардлага гардаг. Өнөөдөр тамирчинтай ярилцахын тулд тамирчин мэт судалгаа хийж, нөгөө талд малчинтай ярилцахын тулд тэр ахуй амьдралын  хэл хэллэгүүдийг мэдэж байх шаардлагатай. Харин маргааш эмчтэй ярилцах болж тэр өвчнийхөө талаар ойлголттой болох хэрэгтэй. Таны хувьд эдгээр таван аймгаар явахад сэтгүүлчийн хувьд юу олж нээж, юу сурч авав?

-Нийслэл Улаанбаатар хотод 2010 онд сургуулиа төгсөөд Эх орон телевизээр овоглон долоон жил ажиллахдаа өөрийгөө “болчихсон” мэтээр л харж байж. Гэтэл Монгол орныхоо хөдөө орон нутгуудаар аялаж явахад, Монгол орныхоо сайхныг, Монголын тал нутаг ямар аугаа болохыг, зүгээр л тэр сумын сургуулийн дотуур байрны хүүхдүүдийн дүр зураг ямар дотно сайхан юм гэдгийг явах тусмаа мэдэрч, хайрласан. Эгэл, энгийн, бидний хайрлаад байдаг эх орон гэдэг зүйл хөдөө орон нутагт л байдаг юм байна гэдгийг зүрх сэтгэлээрээ ойлгож, түүнээс илүү зүйл байхгүй юм гэдгийг ойлгосон. Энэ чин сэтгэлийн минь үг шүү. Хүмүүс эх орон, эх орон гэж яриад байдаг хэдий ч гадагшаа явахаасаа илүүтэй Монгол эх орноороо тойрон явж байж л ойлгож, мэдрэх юм байна гэдгийг энэ төсөлд орсноороо мэдэрлээ. Мэргэжлийн хувьд хүнтэй ярилцах учраа олсон. Хүн бүр өөр өөрийн дүр зурагтай. Цэцэрлэгийн хүүхдийг яаж өөрийнхөөр нь яриулах вэ, малчинтай яаж яривал зүгээр бол гээд л. Хөдөө орон нутгийн өөрийнхөөрөө эгэл, хэзээ ч бидэн дээр ирж тэр л байгаагаараа ярилцлагад орохгүй, өдөр тутмын амьдралын хэмнэлээрээ явж байгаа хүмүүсийн дунд орж амьдраад, тэдний тухай сурвалжлах хамгийн сайхан

-Улаанбаатар хот түм түжигнэж, бум бужигнасан, хүн бүр дор дороо ажлаа хийж, сошиал орчин давамгайлсан, дүнсийсэн хүмүүс ихтэй. Тэдний дүгнэж буйгаар Монгол хүний сайхан чанар, мөн чанар нь үгүй болж, устаж байна гэж шууд дүгнэдэг. Энэ олон сумдаар, хүний хөл тэр бүр хүрээд байдаггүй захын сумдаар явж, эгэл хүмүүстэй уулзаж явахад Монгол хүний мөс чанар Улаанбаатарчуудын дүгнээд байгаа шиг хэмжээнд очсон гэж та харсан уу?

-Үгүй. Бүр эсрэгээрээ. Таныг асуултаа асуухад “Оркууд” гэдэг үг шууд санаанд орж байна. Хөдөөний оркууд хотод орж ирээд гэж бид ярьдаг. Харин ч тэнд хүн чанар,  хүнлэг сэтгэл, соёл, эерэг энерги байна. Танихгүй айлд ороход гал дээр цайгаа чанаад, хоолоо хийж өгөөд, отор нүүдлийнхээ талаар сайхан яриа дэлгээд, болж байгаа бүтэж байгаа зүйлсээ ярьдаг. Улаанбаатар хотод ирэхэд харин бүх зүйл болж бүтэхгүй, улс төр, аллага таллага гэнэ. Гэтэл “хүнээрээ” байгаа тэр хүмүүсийг Улаанбаатар хотод ирэхэд нь бид л “алдаг” байж магадгүй гэх бодол орж ирсэн.

Би тухайлбал, сум орон нутагт очоод төрийн өмчит байгууллагааар орж ярилцлага авдаг. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төв, тамгын газар. Мөн тэр сумыг илэрхийлэх таван хүнээс тусад нь яриа ярилцлага авна. Нэг хүн тухайн сумын үүх түүхийг, нөгөө нь ийм ийм баялаг бүтээж байна гэх мэтийг өгүүлнэ. Түүнийг бид нийтлэлээрээ, фэйсбүүкээрээ, өөрийн телевизийн сувгаар гаргадаг. Сургуулийн тухайд, хөдөө орон нутагт нэг ээлжээр хичээллэж байна. Улаанбаатарт заримдаа гурван ээлжээр хичээллэнэ, Зай талбай, орчин, багш нарын хүрэлцээнээс эхлээд бодох зүйл ихтэй. Олимпиадад ороход тэдний хүүхдүүд маш амжилттай оролцдог юм байна. Төгсөөд сайн боловсон хүчин хөдөө орон нутгийн хүүхдүүдээс гарч байна гэж харсан. Нийслэлд нэг их айхтар зүйл рүү тэмүүлэхийн орондоо сумандаа сайхныг бүтээж чадаж байна. Харин тухайн сумын дарга нарт орон нутгаа хөгжүүлэхэд жаахан дэм өгчихвөл гэж бодогдсон. Төсөв нь жаахан бага шиг санагдсан. Хүүхдүүд Монгол ахуйгаа сайн мэдэж, хүн чанартай болж өсч байх шиг. Хотын хүүхдүүдийг үгүйсгэхгүй ч сумын хүүхдийг суулгаад яриулахад Монгол ахуйгаа даанч сайн мэдэж байна. Тэд дотуур байранд амьдадаг хэдий ч хаврын төл малны үеэр ээж аавдаа очиж туслахаа мэддэг, ухамсарладаг. Тийм сэтгэлтэй, ахуйгаа мэдэж мэдэрч өссөн хүүхэд хүн чанартай л хүн болох нь мэдээж.

Малчин хүмүүст бэлчээрийн даацын асуудал, түүхий эд борлуулалтын асуудал гардгаас ер нь амьдрал доройтоод л, тэдэнд мөнгө өнгө хэрэг болоод л, хэн нэгэнтэй уралдаж, юунд ч юм яарч байгаа юм алга. Би хотод ирэхээрээ давчдаад л, замын түгжрэл дунд орохоор буцаад л хөдөө явмаар санагдана. Нөгөө л хүмүүстэйгээ ярилцаж, нөгөө сайхан байгалийг харж, уужим тэнэгэр газар очиход сайхан санагддаг. Тэгэхээр хөдөө орон нутгийнхан хүн чанараа алдаагүй байна. Тэд ааруул цагаан идээгээр хүүхдүүдээ хооллож, ахуйд нь ойрхон өсгөж, сумандаа сайхан амьдрах боломжийг олж хараад амьдарч байна. Саяхан бид нар Хэнтийн Дэлгэрхаан суманд ажиллахад гурван охинтой залуу гэр бүл байсан. “Хот руу явахыг ерөөсөө боддоггүй, хүмүүс яагаад тийшээ хошуураад байдгийг мэддэггүй. Бид хоёр малчин. Хүүхдүүдээ сургуульд сургахаар л төв рүү орж ирээд байна” гэж ярина. Тэд таван ханатай гэрээ янзын сайхан тохижуулчихсан. Өөрсдөө Монгол хувцасаа гэр бүлээрээ зөв сайхан өмсчихсөн, тэдэнд юу ч дутагдахгүй байна. Сэлэнгэд явж байхад бас хаус бариад амьдарч байгаа залуус байна. Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэн малчны хотондоо хаус барьчихсан, малаа маллаж байна шүү дээ. Би хараад үнэхээр гайхсан, халуун усаа шийдчихсэн. Тэд надад “Сумандаа сайхан амьдрана гэдэг чинь энэ шүү дээ” гэж хэлж байгаа юм.

-СУМЫН МУХАРТ МАЛАА МАЛЛАНГАА ГЭРЭЛ ЗУРАГЧИН ХИЙЖ, ЖУУЛЧИД АВДАГ 80 НАСТАЙ ДОРЖ ӨВӨӨ-

-Та бүхний “олж нээсэн” эгэл жирийн баатруудтай Монголчууд их танилцах боллоо. Таны хэлсэнчлэн биднийг ярилцлага авъя гээд дуудахад тэд даруу улс учраас ирэхгүй. Хэн нэгэн тэдний өмнөөс “Энэ хүн мундаг шүү, ийм зүйл хийсэн шүү” гэхгүй л бол өөрсдийгөө тэр бүр зарлаад байхгүй. Найзтайгаа хөдөө төөрчихөөд, ухаан алдсан найзыгаа хээр хөлдөөхгүй гэж чирсээр айл барааддаг хүүгийн түүхийг танайхан л очиж сонсож байсан шүү дээ. Ийм сонин сонин зочидтой уулзаж байсан зарим түүхээсээ хуваалцахгүй юу?

-Энэ түүхүүд хамгийн гоё. Тэдний энэ баатарлаг түүхүүдийг олон хүнд хүргэхсэн гэж би өөрийн фэйсбүүк хуудсаар богино постууд их оруулдаг. Манайхны нэг сул тал нь, магадгүй цаг үе нь тэгж таараад байгаа ч юм уу урт юм уншихаа больчихож. Ялангуяа залууст зориулаад би харснаа утсаараа ч хамаагүй зургийг нь дараад оруулахыг хичээдэг.

-Завгүй амьдралын хэв маяг байх?

-Тийм, тэгж хэлж болох байх. Түүнийг хараад энэ сумын сайхан зүйлсийг богинохон текст, зургаар мэдээд авчихаасай гэж хүсч байгаа минь тэр. Надад Өмнөговь аймгийн Гурвантэс суманд суух Дорж өвөөгийн хийж буй зүйл, амьдарч буй хэв маяг их таалагдсан. Тэр өвөө 80 настай, гэртээ ганцаараа амьдардаг жирийн нэг настан. Гэтэл тэр хүн гэрэл зурагчин. Зүгээр л нэг малчин 80 настай хүн мэргэжлийн гэж хэлж болох гэрэл зургууд авдаг гэрэл зурагчин. Авдарны мухраасаа “Nikon”гээд аппарат гаргаж ирж байгаа юм. Хүүеээ та ямар сонирхолтой хүн бэ гэтэл “Над дээр бүр Хүрээлэнгийнхэн ирдэг юм шүү” гэж хариулна. Гурвантэс сумын нутагт Хэрмэн цав гэж сайхан газар бий. Энд Японоос жуулчид их ирж, энэ өвгөнийг түшиглэнэ. Тэнд байдаг амьтад, шувууг сонирхож ирнэ. Тэгэхэд нь өвөө хэдэн цагийн үед гарвал энэ амьтан харагдана, тэдэн цагт тэр шувуу буудаллаад буцдаг, зургийг нь авахад яг таарна гэх мэт мэдээллүүдийг судлаачид болон жуулчдад өгдөг. Ингэхээр аялал жуулчлалд ч хувь нэмрээ оруулж яваа юм. Нутаг орноо сурталчлах ажлыг өөрийн хэмжээнд хийж байгаа. Ингэж ирсэн хүмүүсийн нэг, Япон иргэн өвөө дээр нилээд тухлан байрлахдаа өвөөд “Танд камераа бэлэглэе, та сайхан зургууд аваарай” гэж өвөөгийн шинэ ажлын эхлэлийг тавьж өгч. Одоо өвөө өөрийн гэсэн гэрэл зургийн альбомоо гаргасан.

Мөн нэг багийн эмч сэтгэлээс ер гардаггүй. Хөдөө орон нутгийн эмч нарын ажиллах орчин үнэхээр содон. Тэдэнд унаа тэрэгнээс эхлээд мэргэжлийн багаж төхөөрөмжийн хүрэлцээ үнэхээр муу. Хуучин цаг үед лааны гэрэлд хүний амь аварч байсан, хүүхэд төрүүлж байсан гээд сонирхолтой хууч яриа их ярина. Яг тэр жишгээр амьдралынхаа  30 гаруй жилийг өнгөрүүлсэн нэг эмч бий.

-Түүндээ ялархдаггүй байх?

-Тийм. Шөнө орой дуудлаа гэхэд очоод л үйлчилдэг. Түрэгний машин байхгүй гэж гомдоллохгүй, хэн нэгний мотоциклийг гуйж унаад л түргэн тусламжаа үзүүлчихдэг. Эмч хүний онцлог тэр л байх. Энэ эгчийн дүрийг би эгэл баатар болгон бичиж байсан.

Хэнтийд бас 11 настай, дөрөвдүгээр ангийн жаахан охин бий. Ангийн багш, эмээ өвөөтэйгөө ярьж байгаад, Дэлхийн зөн олон улсын байгууллагад ангиараа төсөл бичиж, долоон сая төгрөг босгоод өөрийн сургуулийн ариун цэврийн өрөөг шинээр хийсэн байна. Эргэн тойрныхоо бүхий л сайн үйлсэд оролцож явдаг энэ жаахан охиноор бахархаж бас суралцсан. Энэ жаахан мундаг охин мөн сумын мухарт амьдарч байгаа ч аялал жуулчлалаа хөгжүүлэхэд гар бие оролцож яваа 80 настай буурайтай хүртэл уулзуулсан энэ төсөлдөө маш их талархдаг. Энэ мэт олон жишээ бий. Олон хоногоор явахад жаахан шантрах үе байдаг ч ийм сайхан хүмүүстэй уулзаж тэднээс эрч хүн, энерги аваад явдаг болохоор би мэргэжилдээ, ажилдаа хайртай.

-УВСЫН ТАЛД ЧАЦАРГАНА ТАРИНА ГЭХЭД ХЭН Ч ИТГЭЭГҮЙ, ГЭХДЭЭ ТЭР ЧАДСАН-

-Номын хэд хэдэн зургийн түүхийг яриулж тайлбарлуулах хүсэлтэй байна. “Цагаан уул сумын цэцэрлэгийн багачууд” гэсэн тайлбартай уг зургийг та бүхэн зохиомол нөхцөл байдал үүсгэж, тавилттай аваагүй нь мэдээж. Ямар учиртай зураг юм бэ?

-Тухайн гудамжинд ямар хүн явж байна, тэр агшныг бид авдаг. Саваагүй ч юм шиг хирнээ бие биенээ хэмжиж буй энэ хүүхдүүдийн зургаас хүмүүс өөр өөр өнцөг хардаг. Цэцэрлэг дээр байгаа хүүхдүүдийн зураг ч бас их хөөрхөн. Бид ажлын өглөөг хамгийн түрүүнд шууд цэцэрлэг рүү орж эхлүүлдэг. Учир нь хүүхдүүд 13 цаг гэхэд унтчихдаг. Өглөө эрт ороход хүүхдүүдийн уйлаан, чарлаан, зодоон гээд л яг “амьд” дүр зургууд дээр ордог. Үүн дээр л бид ажиллаж, тэр агшнаас гарч ирсэн зураг.

-Олон хүүхэдтэй машинд сууж байгаа зураг ямар учиртай юм бэ?

-Баян-Өлгий аймгийн Улаанхус гэж сум бий. Уг сумын Согог баг нь сумын хэмжээнд хөгжчихсөн. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг бүгд бий. Бидний олзуурхсан зүйл нь Улаанхус сумын дарга Сламбол гэж ах “Манайд ёстой нэг хөөрхөн юм бий, та нар тэрийг л нэг сурвалжлаарай” гэсэн юм. 15 цаг гэхэд л яг очиход болно гэсний дагуу давхиад очтол хүүхдүүд жинхэнэ нөгөө машиндаа суучихсан харихаар хөдлөх гэж байна. УАЗ 69 машинд хэдэн ч хүүхэд суучихсан юм. Дөрөв, тав гэж тоолсоор 20,30 хүүхэд буугаад ирсэн. Багийн бага насны хүүхдүүдийг өглөө гэрээс нь авч, орой тараачихдаг. Тиймээс ч энэ зураг “Даац хэтрүүлдэг зорчигчид” нэртэйгээр номонд маань орсон. Багш нар нь хүүхдүүдээ аваад явж байгаа амьдралын нэг дүр зураг юмдаа.

Бас энэ алт угааж буй хүмүүсийн зураг. Амьдралын төлөө явж буй хэсэг Монголчууд. Энэ хүмүүс зураг авахуулахад тийм ч таатай байгаагүй ч амьдралын сайн муу бүхнийг нэг дор харуулж буй минь юм. Нийгэм минь ийм байгаа шүү гэдгийг харуулахын тулд тэднээс зөвшөөрлийг нь авч, яриа хөөрөө, фото зургийг нь авсан. Хүмүүс амьдрахын төлөө ингэж хөдөлмөрлөж байна.

-Нэг талаараа буруутгахын аргагүй юм.

-Тиймээ. Амьдрал юм.

Харин энэ Хөвсгөлд билүү, хөдөөний багачуудыг бас чаргаар авч зөөдөг юм билээ. Увсын Сагил гэх мэт хоёр гурван суманд хүүхдүүдээ ингэж зөөдөг. Улаан хацарлачихсан, дүүтэйгээ хамт яваа энэ хүүхдийн дүр зураг даанч хөөрхөн, дахиж давтагдахгүй. Сүүлд түүх болж үлдэнэ шүү дээ.

-Энэ зургийн тухайд...Увс чацарганаараа их алдартай, хашаандаа чацаргана тариагүй айл бараг л байхгүй. Тийм айл олоход их ховор. Энэ хүн юу ч байхгүй талыг чацарганы модоор дүүргэнэ гэхэд хэн ч итгэхгүй байх үед хамгийн анх санаа гаргаж, хүүхэдтэйгээ хоёулханаа хэдэн мянган га газар чацаргана тариалсан хөдөлмөрч, эгэл баатар. Цол шагналд дурладаггүй, амьдралынхаа хэмнэлээрээ л явдаг юм билээ.

-Эзгүй хээрийн ухаалаг цонж гэж Улаанбаатарт байхгүй, өөрөө өөртөө үйлчилдэг шатахуун түгээх станц байна шүү дээ?

-Бид хэд тухайн суманд очоод гурван баг болоод хуваагддаг юм. Нэвтрүүлгийн баг, урлаг уран сайхнаа хөөцөлдөөд нэг хэсэг нь явна Зоригоо ах лайваа хийгээд тусдаа явчихдаг.Тэгэхэд зурагчид бас ийм сонин содон дүр зургууд авсан байдаг.

-ТЭС СУМЫН 50 ХЭМИЙН ХҮЙТНИЙГ ДАВЖ ЧАДСАН ЮМ ЧИНЬ ДАРААГИЙН ГАЗРУУД АСУУДАЛГҮЙ ГЭЖ ЗОРИГЛОСОН-

-Хоёр жилийн хугацаанд ойролцоогоор хэдэн гэрэл зураг, хэр их хэмжээний видео бичлэг авсан байдаг юм бол. Тооцоо гаргасан уу?

-Бид нэг суманд гурван хоног ажилладаг. Хэдэн мянган км зам туулдаг. Тоймгүй л их, хэдэн арван Террабайт дүрс цуглуулсан. Сая 1000 гэрэл зургаар үзэсгэлэнгээ гаргалаа. Цаана нь сонгогдоогүй тоймгүй их зураг бий. Үүнийг бид МҮОНТВ-ийн сан хөмрөгт архив болгон өгч байгаа. Бид 1000 гэрэл зургаа ГХЯ-нд хүлээлгэн өгсөн. Бидний бүтээлийг манайхыг зорьж буй жуулчид, зочдод үзүүлэх ёстой болов уу гэж төслийг санаалчлагч үзсэн тул шилжүүлсэн. Тоо бол тоймгүй.

-Төслийн ярианаас түр холдоод асуухад, хоёр жилийн хугацаанд хөдөө орон нутгаар явахад сэтгүүлчийн хувьд ч тэр, эмэгтэй хүний хувьд ч тэр чанга шүү дээ. Хэтэрхий хүйтэн өвөл, хэтэрхий их ачаалал зэргээс шантрах үе байв уу? Ямар хүнд хэцүү шалгууруудыг хувь хүний хувьд туулсан бэ?

-Их сайхан асуулт байна. Өмнөх ажлаасаа гараад энэ төсөлд ороход хамгийн том аялалдаа гарахаар бэлдсэн байсан үе таарсан. Баруун гурван аймгийн аялал буюу сум болгонд гурван хоног зарцуулах ёстой байсан. Хөвсгөлд 57 хоног ажиллаад ирсэн байсан үе л дээ. Миний өмнө сэтгүүлч С:Батзаяа эгч ажиллаж байв. Энэ том хүний араас энэ төсөлд орж ажиллана гэдэг миний хувьд их айдастай. Мөн маш олон залуустай ажиллахад тэдний зан аашийг таньж мэдэх хэрэгтэй бас өглөө 07 цагт ажил эхэлнэ, орой 12 цаг хүртэл сууна. Өдөржин авсан дүрс зургаа хуулна, маргаашийн яриа ярилцлаганд бэлдэнэ, ямар хүмүүстэй ярилцахаа судална гээд дор бүрнээ ажилтай. Анх олон эрчүүдтэй олон сараар явахад чанга байсан. Хоёрдугаарт хэмнэл нь маш хурдтай. Заримдаа шөнийн цагаар газраа туулаад, өглөө нөгөө газраа очоод шууд л ажилдаа орно. Олон км машинтай туулаад явах нь нэг талаараа их хүнд байсан. Яг Баян-Өлгий, Увсад ажиллачихаад Ховд руу орохын өмнөхөн жаахан шантарч эхэлсэн. Багийнхандаа “За ёстой их баярлалаа, манай ээж Увс аймгийнх, ээжийнхээ нутгаар юм үзэж нүд тайллаа, 19 сумыг үзэх хангалттай сайхан байлаа. Баян-Өлгий аймгийн их сонирхолтой сайхан амьдралыг үзсэн, хангалттай, ёстой их баярлалаа” гээд бараг маргааш явчихъя аа, буцчихъя аа гэдэг юм /инээв. сурв/ Гэтэл төслийнхөн маань миний энэ сэтгэлийг их халуун дулаанаар хүлээж аваад, ингэж болохгүй гэж урам зориг өгсөөр Ховд аймгаар аялаж дууссан. Ингээд баруун гурван аймгаа дуусгаад гэртээ иртэл яг л нэг их том үйл хэрэг, баатарлаг зүйл хийчихсэн шиг өөрөөрөө бахархсан. Найз нөхөд, үеийнхэнтэйгээ уулзахад надаар ч их бахархсан тул цаашид шантарч болохгүй юм байна гэдгээ ойлгосон. Ингээд хэсэг завсарлаад Өмнөговь, говь гэх бас нэгэн шинэ ертөнц рүү орсон доо.

Увсын Тэс суман өвөлдөө 50 хэм хүртэл айхтар хүйтэрдэг газар юм билээ. Түүнийгээ тэсэж үлддэг зон олон болохоор Тэс гэж нутаг орноо нэрлэсэн гэдэг. Тийм хүйтэн газарт тэр олон сар явчихаад дараагийн газрууд руу явахад асуудалгүй гэж ойлгосон. Хэрэв тэгэхэд шантраад явчихсан байсан бол энэ сайхан бүтээлд оролцож чадахгүй, энэ сайхан мэдрэмжийг авч чадахгүй байж дээ гэж одоо боддог юм.

-Улс төр нийгмий ороо бусгаа байдлаас болоод ч тэр үү сэтгүүлч мэргэжлийг заавал асуудал хөндөх ёстой, заавал улс төр мэдэж байх ёстой, шүүмжилж, эрэн сурвалжлах ёстой гэх мэтээр ойлгодог. Гэтэл нөгөө талаар нийгэмд эерэг байгаа зүйлсийг хүмүүст таниулж, эерэг сэтгэлзүйтэй байлгах нь бидний үүрэг шүү дээ. Мэргэжлийн хувьд өмнө хийж байсан зүйлсээс энэ удаагийнх юугаараа ялгаатай вэ?

-Нийслэл Улаанбаатарт би үйл явдал руу орж, телевизийн салбарт ажиллаж байсан удаа бий. Хөрөг нэвтрүүлэг хийж, сайхан уран бүтээлчидтэй хамтарч, сайхан хүмүүстэй уулзаж, тэр хүмүүсийн жимээр явж байсан. Өөрийгөө хөрөг нэвтрүүлгийн жанр руу сорьж “Хүмүүн” нэвтрүүлгээ хийж байлаа. СГЗ Ч.Буянхишиг гэж гайхалтай хүнтэй нэг тогоонд ажиллаж байхад тэр хүний талаар нэвтрүүлэг бэлдэх саналыг манай захирал Ш.Ган-Эрдэнэ, программын албаны дарга Г.Батнасан ах нар тавьж, намайг чиглүүлж өгч байв. Мөн жүжигчин Ш.Дэлгэржаргал эгчтэй хамтран ажиллаж, түүний тухай хамгийн эхний нэвтрүүлгээ хийж байсан цаг саяхан шиг. Энэ хоёр хүний тухай хөрөг нэвтрүүлэг хийхэд тун удалгүй гавьяат цолоо авч байв. Иймд хөрөг нэвтрүүлэг хийж байсан туршлага минь намайг хүн рүү чиглэсэн, хүн рүү “явах” эхлэлийг минь тавьж байсан юм болов уу. Мөн “Ээж” нэртэй нэвтрүүлэг хийж байсан. Тухайн үед хүмүүс аав гэсэн нэвтрүүлэг яагаад хийхгүй байгаа юм, наадах чинь урт насгүй гэж хэлж байсан ч хоёр жилийн турш амжилттай явж байсан. Миний хувьд тийм хурц хүн биш болохоор ч тэрүү, багш нар минь намайг оюутан байхад “Чи нэвтрүүлгийнтөрлийн л хүн байна” гэж хэлж байсан болоод ч тэр үү, явж явж соён гэгээрүүлэх салбар руу орсон.

Бидний цөөхөн Монголчууд төсөлд орж баг хамт олонтойгоо түүх бүтээж байгаа ч, би өөрийн түүхийг бас давхар бүтээлцэж байгаагийн хувьд улс орныхоо аймаг сумдаар явсан түүхүүд, эгэл баатруудын тухай бичсэн тэмдэглэлээр ном гаргах зорилго, мөрөөдөлтэй болсон.

-Таны мөрөөдөл биелэх болтугай. Таны ажилд амжилт хүсье. Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

-Та бүхэнд мөн баярлалаа. Хүнээс асууж шалгаадаг хүн өөрөө яриад суух тохиол бүрдсэн нь их сонирхолтой, содон бас сайхан байна.

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button