Д.Тулгабаатар: Гудамжинд дуулдаг надаас дуучид хөгжмийн зохиол авахаар ирдэг
Багшийн дээдийн нүхэн гарцаар явах болгондоо нэгэн сайхан хоолой эгшиглэхтэй таардаг. Дуурийн театрт орсон мэт тийм аугаа сайхан хоолой. Та бүхэн ч гэсэн нийслэл хотод амьдардаг бол урдаа цаасан хайрцаг тавиад дуулах түүнтэй таарсан л байх.
Д.Тулгабаатарыг “СОДОН БУЛАН” буландаа урихаар нүхэн гарцыг хэдэнтээ зорьсон ч үргэлж эзгүй байлаа. Сүүлд очихдоо гутал засдаг хүнд дугаараа үлдээгээд явсан юм. Хэд хоногийн дараа “Дуучин Д.Тулгабаатар байна, надтай ярих гэсэн юм уу” гэснээр бид холбогдсон билээ.
Дуучин Тулгаатай ярилцлага хийснээс хэд хоногийн дараа ирж, өөрийнх нь зохиосон аялгуутай дуугаа дуулж буй бичлэг хийнэ хэмээн цаг товлоход болзсон цагтаа, товлосон газраа үсээ хойш нь самнаад, гялгар савхин хүрмээ өмсөөд их л хүндэтгэлтэй биднийг угтсан юм.
Түүнээс Хөгжим бүжгийн коллежийн хүүхдүүд зөвлөгөө авахаар зорин ирэхэд зөвхөн урлагийн талаар бус өөрийн амьдралын алдаа оноог эргэцүүлэн байж амьдралын талаар “Лекц” ярьж өгдөг хэмээсэн юм.
Ингээд түүний баялаг сайхан сайхан сэтгэлээр дүүрэн хэдий ч эрээн бараантай амьдралынхаа талаар ярьсан яриаг нь хүргэж байна.

-ЯАХ ВЭ, ЭР НЭГ АЛДАЖ, ЭРЭГ НЭГ НУРАА Л БИЗ-
-Таныг магадгүй олон хүн энд дуулдаг гэдгээр тань таних байх. Харин хувь хүний зүгээс өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Дашнямын Тулгабаатар гэдэг. Ардын цэргийн дуу бүжгийн чуулга, хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, бүх цэргийн дуу бүжгийн чуулга болон дуурь бүжгийн театр, Дархан хотын залуучуудын театр, Өмнөговь аймгийн дөрөвдүгээр арван жилд дуу хөгжмийн багш зэрэг ажил хөдөлмөрийг хашиж байсан.
Монгол Арийн романсаар уран бүтээлээ туурвидаг. Мөн өөрөө хөгжмийн ая зохиодог л доо. Зохиосон дуунаасаа хэд хэдийг дуучдад өгчихсөн байгаа. Намайг ид дуулж байх үед одоогийнх шиг бичлэгийн студи бараг байдаггүй байв. Харин Монголын радиогийн алтан фондод миний дөчин минутын концерт бий. Яах вэ, эр нэг алдаж, эрэг нэг нураа л биз. Алдаа онооны дэнсэн дээр явна даа. Өнөөдөр намайг тоож, ярилцахаар ирсэн танай хамт олонд талархаж байна.
-Төр таны авьяас билгийг үнэлж дээ?
-Би их хожуу 2012 онд СТА болсон. Одоо үед СТА цол их хямдхан, хоёр гуравхан дуу дуулаад л авчихдаг болсон юм биш үү? Маниусын үед бол ёстой л хатуу самар гэдэг шиг байлаа. СТА авах гэж их хөдөлмөрлөнө, авсан хойноо гавьяатын дайны найр наадам хийдэг байлаа.
Миний бие хөгжмийн зохиолч н.Дамдинчулууны хөгжим, Л.Нацагдоржийн шүлэг “Маршал Цэдэнбал”, Дархан хотын хөгжим бүжгийн театрын хөгжмийн удирдаач О.Золбаярын зохиосон “Нар наадсан Монгол өргөө” гэх хоёр дууг Монголдоо анхлан дуулж байсан юм. Үүнээс гадна олон уран бүтээл хийж байлаа. Энэ үйл хэргийг минь төр үнэлсэн хэрэг.
-Та мандаж явсан юм байна шүү дээ, одоо гэтэл яагаад...?
-Тийм ээ, надад мандан бадарч явсан үе бий. Хүн хэт өндрөөс унахад буцаад дээшээ өгсөх хэцүү шүү дээ. Мандан бадарч явсан залуу насандаа "би ёстой төрчихсөн дуучин юм байна, миний дээр гарах хүн байхгүй" гээд онгирч явсан үе бий. Яг тэр үедээ хайртай аав ээж, сайхан дүү, бас зээ дүүгээ дараалан алдаад, сэтгэл санааны уналтад орсон. Ингээд л бор дарс балгадаг болсон. Үүнээсээ болоод өнөөдөр ийм байдалтай, гудамжинд дуулаад явна даа.
Би өөрийгөө архи уудаггүй гэж худлаа хэлэхгүй, гэхдээ би уухдаа өөрөө өөртөө тааруулаад л хэмжээ хязгаартай, бусдад гэм болохгүй уудаг. Гудамжинд холбирч гадаа унтаж байсан удаагүй. Одоо болсон гэж бодсон л бол больчихдог. Ард нь мянган шил архи байсан ч уухгүй гэсэн бол уухгүй.
Би их л алдаж эндэж явсан хүн. Өөрийгөө шулуун дардан замаар явж ирсэн гэж хэлж чадахгүй. Би үнэхээр тэнэг явсан хүн. Үнэхээр тэнэгийн тэнэг хүн байсан гэдгээ одоо ойлгоод байгаа байхгүй юу. Хүн үзсэн зовлон, туулсан амьдралаасаа л дүгнэлт хийж ухаардаг юм байна. Олон хайртай хүнээ алдаад сэтгэл санаагаар унасан минь их буруу байж ээ. Харин эсрэгээрээ сэтгэлийн хаттай байх ёстой байж.

-ХААНА ШОУ, ЗУГАА ЦЭНГЭЛ БАЙНА ТЭНД Л БИ ЯВЖ БАЙДАГ БАЙЛАА-
-Таны сэтгэлээрээ сөхөрсөн тэр үе хэдэн он бэ?
-Наяад онд ээж минь өнгөрч миний аав дөрвөн өнчин хүүхэдтэй үлдсэн. Тэр үед би аав, дүү нараа хоолтой ундтай явж байна уу, яаж байгаа бол гэдгийг ер анхаардаггүй байсан. Эцгийнхээ ямар хүнд ачааг ганцаараа үүрч явааг ухаарахгүйгээр зөвхөн хувийн зугаа цэнгэлээ хөөж явсан тэнэг хүн байгаа юм би. Хаана шоу, зугаа цэнгэл байна тэнд л би явж байдаг байлаа. Үүндээ би одоо хүртэл харамсаад бардаггүй юм аа, би дүү нартаа өртэй, хамгийн их өртэй /уйлав/. Одоо би газар дээр эрэгтэй эмэгтэй хоёр төрсөн дүүтэйгээ үлдсэн. Нэг хайртай дүү минь Солонгос улсад ажиллаж байгаад амиа алдчихсан юм. Хоёр дүүдээ Тулгаа ах нь “Та хоёрынхоо ачийг заавал хариулна аа гэж хэлчихье. Мөн та нарыгаа хайрлаж чадаагүй тэнэг ахыгаа уучлаарай гэж хэлмээр байна.
-Дүү нартайгаа холбоотой байдаг уу?
-Дүү нар минь надад их тусалж, дэмждэг. Өвдөөд хэвтэхэд минь миний сайхан дүү нар л хажууд минь байсан. Өнгөрсөн жил ходоодны хагалгаанд орох болоход миний муу хоёр дүү л ирсэн. Хагалгааны зардал мөнгийг хүртэл тэд минь төлсөн. Шөнөжин нойргүй намайг сахиж хоноход нь дүү нарынхаа өмнө маш их гэмшсэн.
Миний отгон дүүгийн охин байдаг юм. Тэр маань ёстой л миний бурхан шүү дээ. Мөн эмэгтэй дүүгийн минь хоёр хүү байгаа, тэдэндээ ч би маш их хайртай. Бүгд миний нандин эрдэнэ байгаа юм.
Дархан, Сэлэнгэд хайртай ах дүү, амраг садан минь бий. Тэд хэзээ ч намайг түлхдэггүй. Харин наашаа л гэдэг. Намайг хэдий хүртэл цагаан зээр шиг амьдралаар амьдрах юм бэ? болохгүй бол ах, эгч дээрээ ир гэж ч хэлдэг л юм.
Гэхдээ би амьдрах гэж ядаж яваа хүмүүст нэмээс болж төвөг удаад яах вэ гэж боддог юм л даа. Би хэдэн муу дүү нартаа олигтой тус дэм болж байсан ч биш. Тэд маань хань ижил, үр хүүхэдтэй хүмүүс шүү дээ. Тэднээс чаргууцалдаад зовоохгүй юм шүү л гэж боддог доо.
-Багшийн дээдийн нүхэн гарцад дуулаад хэр удаж байна вэ? Хүмүүс таныг их сайн мэддэг юм билээ, яаж хүлээж авдаг вэ?
-Бараг дөрвөн жил болчихлоо.Ард түмэн минь намайг маш сайхан хүлээж авдаг. Ахмадууд маань ямар сайхан дуулдаг хүү вэ гэнэ. Тэр бүгдээс маш их урам зориг авдаг байхгүй юу. Залуус маань ч намайг маш их хүндэлж харьцдаг. Энэ нөгөө гоё дуулдаг ах байна шүү дээ гээд л. Сүхбаатар дүүргийн цагдаа нар ч их явдаг. Гэхдээ намайг нэг ч хөөж тууж байсан удаагүй.
-ОРОН ГЭР ГЭХ ЮМ НАДАД БАЙХГҮЙ, НАЙЗ НӨХДИЙНХӨӨРӨӨ ХОНОГЛОДОГ-
-Хаана, хэнтэйгээ амьдардаг вэ?
-Орон гэр гэх юм надад байхгүй ээ. Арай ч гудамд хоног төөрүүлчихгүй, найз нөхдийнхөөрөө хоноглоод л явна даа.

-Айлд байнга хоноод байна гэдэг хэцүү байх, найз нөхдийнх нь гэр бүл дургүйцдэг уу?
-Үгүй шүү. Айлд хоосон очиж болохгүй шүү дээ. Би өдрийн орлогоосоо хонох айлдаа багахан талх, боов, гурил сэлт аваад очдог байхгүй юу. Жаал жуул юм аваад очихоор айлын эхнэр баярладаг юм шүү дээ. Мөн хүн өөртөө арчаатай, цэвэр, цэмцгэр байх хэрэгтэй. Намайг гэртээ төвөгшөөлгүй хонуулдаг найз нөхөддөө маш их баярладаг. Түүнчлэн надад арав, хорин төгрөг гэлтгүй сэтгэлийн өглөг хайрладаг бүхий л хүмүүст ихэд талархаж явдаг. Монголчуудыг минь бүгдийг нь бурхан тэнгэр ивээх болтугай гэж хүсэж, залбирдаг.
-Танд мөнгө өгсөн хүмүүсийнхээ төлөө залбирдаг гэлээ, та ямар шүтлэгтэй вэ?
-Би итгэгч хүн. Тийм ч болохоор намайг дуулаад сууж байхад арван төгрөг өгсөн ч зуун төгрөг өгсөн ч бай бүх л хүнийг эзэн ивээлдээ аваасай хэмээн ингэж талархсанаа илэрхийлдэг. (хоёр алгаа хавсраад, духандаа хүргэв)
-Хань ижил, үр хүүхдийнхээ талаар яриач?
-Би хань ижилтэй явсаан, түшиг тулгууртай үнэхээр сайн эмэгтэй байсан юм. Бас хоёр сайхан хүүхэдтэй. Надад бүх л юм байсан. Харин одоо ханиасаа салаад арван гурван жил болж байна. Тэр гурав минь одоо сайн сайхан явж байгаа. Гэхдээ би хэзээ ч тэдэндээ буруу өгдөггүй юм. Би өөрийн муугаасаа болоод тэднийгээ гомдоож, сэтгэлийг нь гундаачихсан. Би одоо хүртэл ханьдаа хайртай. Хүний сэтгэлийн өр гэдэг хамгийн хэцүү зүйл шүү дээ. Би тэдэндээ маш их сэтгэлийн өртэй. Энэ талаар одоо яриад яах билээ дээ.

“БИ ЗААВАЛ БОСНО, ӨӨДӨӨ ТЭМҮҮЛНЭ”
-Өдөрт дунджаар хэдэн төгрөг олж байна вэ?
-Янз бүр байдаг даа. Сайн орлоготой өдрөө зуун мянган төгрөг ч авна. Ер нь дунджаар 40.000-50.000 төгрөгтэй буудаг.
-Насаараа нүхэн гарцад дуулж суухгүй шүү дээ...?
-Яг тийм, энд би насаараа ингэж суухгүй. Алдарт дуучин П.Адарсүрэн гуай яг л над шиг гудамжинд дуулсаар хорвоогоос хальсан. МУГЖ Дашням мөн адил. Энэ сайхан хүмүүсийг яагаад хайрлаж, харж үзээгүй юм бол, яагаад гудамжинд дуулж байхад нь гараа сунгалгүй байсаар үхүүлчихсэн юм бэ гэж би их харамсдаг. Би яг энэ хүмүүсийн замналаар явж байна. Гэхдээ унасан газраасаа дээш босох хэтийн зорилго надад бий. Өнөөдөр би бор дарсанд согтуурхаад яваа ч хэзээ нэг цагт өөрийгөө ялан дийлэх ёстой. Би заавал босно, өөдөө тэмүүлнэ. Тэрнээс би бор дарсанд орчихсон юм чинь хамаагүй гээд өөрийгөө хаячихвал хүний амьдрал утгагүй болж, утгагүй амьдарсаар нөгөө ертөнц рүү явчихна шүү дээ.
-Энэ дөрвөн жилийн хугацаанд танд мартагдахааргүй тус болж байсан хүн бий юу?
-Маш олон бий. Намайг бүр хувцаслаад, хооллоод л орон гэртээ хоноглуулж, усанд оруулж байсан хүмүүс өчнөөн олон. Тэднийгээ би хэзээ ч мартдаггүй, тэдний гэр бүл, үр хүүхдүүдийн төлөө үргэлж залбирдаг. Залбирал бол миний хийж чадах цорын ганц зүйл. Би тэднийг хөрөнгө мөнгө, эд баялгаар биш сэтгэлээрээ л ивээж чадна шүү дээ.
-Аав, ээж тань урлагт авьяастай хүмүүс байсан уу? Хэнээс хөгжим тоглохыг сурч байв?
-Аав минь хөгжимчин, ээж минь их сайхан дуулдаг хүн байсан юм. Аав ээжийнхээ сайхан авьяасыг өвлөж авсан байх даа. Бурхан надад аав ээжээр минь дамжуулж багахан авьяас билэг хайрласан. Муугүй дуулчихдаг, бас хөгжим тоглочихно. Би мундаг хүн биш ээ, өчүүхэн нэгэн. Гэхдээ авьяастай төрсөндөө үргэлж талархаж явдаг. Үүгээрээ л өнөөдөр хоосон хонохгүй, хоёр идэхгүй л гудамжид хоночихгүй явна даа.
-Дуучид тань дээр ирдэг гэж сонссон?
-Над дээр зохиолын дуучид дууны ая авах гэж ирнэ ээ, ирнэ. Хэд хэдэн хөгжмийн зохиолоо өгчихсөн, удахгүй дуу нь бэлэн болно. Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд зөвлөгөө авахаар их ирдэг. Ах аа энэ нь болохгүй байна, дээшээ яаж дуугарах вэ гээд л олон зүйл асууна. Тэр бүрд нь төвөгшөөлгүй зааж зөвлөдөг юм. Заримд нь зөвхөн дуулаачийн “школ” биш амьдралын тухай өөрийнхөө алдааг давтаж болохгүй юм шүү гээд олон зүйл ярьж өгдөг байхгүй юу.

-ЯДАРСАН ЗҮДЭРСЭН, ГУДАМЖИНД ХОНОГЛОДОГ ХҮМҮҮСТ ХООЛ, ТАМХИ АВЧ ӨГДӨГ-
-Та хүсэл мөрөөдлийнхөө талаар хуваалцаач?
-Хэдий би энд дуулаад сууж байгаа ч хүмүүст тус болохыг маш их хүсдэг. Ядарсан зүдэрсэн, гудамжинд хоноглодог хүмүүст боломжтой үедээ хоол, тамхи аваад өгнө. Гудамжинд хонуулчихгүй юм шүү гээд зочид буудалд хонуулахыг хичээдэг. Яг л над шиг ядарч яваа хүмүүс шүү дээ, хөөрхий.
Орон гэргүй тэдгээр хүмүүст нэг гэр ч хамаагүй бариад, тэднийг байрлуулж бурхны номлол сургаж өөд нь татах сан гэж бодож явдаг. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэж үг бий. Эхлээд би өөрийгөө засаад тэдгээр хүмүүст үлгэр дуурайлал болох ёстой. Би өөрөө тэр бүхний утга учир, түүчээ болох болно.
Хүний сайхан сэтгэл гэдэг ямар сайхан гээч.Гэтэл манай нийгэмд хүн хүнээ хайрлах сэтгэл дутаад байна уу даа гэж их боддог. Үнэхээр дутмаг байна. Өнөөдөр Монголчууд хүн хүнээ хайрлаад, дэмжээд явах юм бол атгасан шагай шиг байж, эх орон минь хөгжинө шүү дээ. Хүн орчлонд нүцгэн ирээд, нүцгэн буцдаг. Би мянга хөрөнгө мөнгө хураасан байлаа гээд яах юм бэ? Нүцгэн л буцна.
Энэ төрд гарсан эрхмүүд бүгд хувиа хичээсэн зантай юм шиг санагддаг. Тэд амин хувиа хичээж олсон хөрөнгө мөнгөө авсандаа аваад орох юм уу, үгүй. Магадгүй үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх байх. Гэхдээ яагаад ядарсан иргэдээ дэмжихгүй байгаа юм бэ? Биднийг бодохгүй л байгаа биз дээ. Амиа бодож явахынхаа оронд бидэнд бага ч гэсэн туслаасай гэж хүсдэг юм.
-Ажилд орох бодол бий юу?
-Тийм ээ, миний хамгийн түрүүнд бодож байгаа зүйл бол ажилд орох. Надад маш их боломж бололцоо байсан. Би тэнэг хүн шиг явсан болохоор өөрт буй боломжоосоо зугтчихдаг байсан юм. Жаргалтай газар хүн тогтохгүй, өвстэй газар мал тогтохгүй гэдэг шиг.
Одоогоос дөрвөн жилийн өмнө миний найз намайг байр, хөгжим, техник хэрэгслээр хангаад арван гуравдугаар хороололд Төгөлдөр хуур, гитар, дууны дугуйлан явуулж байсан юм. Гэвч өнөөх архиа санаад нэг л өдөр гараад явсан ахиад тийшээ очоогүй. Тэр бол үнэхээр миний буруу. Надад тэгж их тусалж байхад гомдоосонд уучлаарай гэж хэлмээр байна. Тэр бол заавал уучлал гуйх ёстой хүн байгаа юм.
Харин одоо надад ажилд орох боломж нөхцөл бүрдвэл, бүрдвэл ч биш өөрөө бүрдүүлж, түүнийгээ ашиглаад сайхан амьдрах сан гэж хүсдэг. Хүн хэзээ ч ганцаараа дээшээ босдоггүй юм. Хүнд заавал тусалж, дэмжих хэн нэгэн хэрэгтэй байдаг байхгүй юу. Би ганцаархнаа мянга бодоод, хүсээд яах юм бэ? Бодсоор явна гэвэл мөрөөдөл төдий болоод л үлдэнэ шүү дээ. Надад одоо хажуугаас минь тусалж дэмжих хүн үнэхээр хэрэгтэй санагддаг. Өнөөдөр бид бүгд хэд наслахаа мэдэхгүй шүү дээ. Нэг л өдөр энэ хорвоог орхиод яваад өгнө. Тиймээс хүн хүнээ хайрлаасай, хүн хүндээ тус дэм болж яваасай гэж маш их хүсдэг юм даа.
Хүн мянга уруу дорой явсан ч гэсэн хүн чанраа гээж болохгүй гэж боддог. Энэ хорвоо бол үдлээд буцах дэн буудал гэж би хэлэх их дуртай. Энэ сайхан эх орноо хайрлаж, хүн хүнээ хүндэлж яваасай гэж би хойч үеийнхээ залууст захимаар байна.
ЯРИЛЦАГЧ: Э.ОЮУН-ЭРДЭНЭ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Т.ХҮЧИТБААТАР
ВИДЕО БИЧЛЭГИЙГ: Ч.ОТГОНБАЯР
ЭВЛҮҮЛЭГЧ: Б.АРИУНБОЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.