Ярилцлага

ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Дэлгэцийн хамаарлаас хүүхдээ хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Таны хүүхэд ямар авьяастай вэ эсвэл аль спортод илүү сонирхолтой вэ? Түүний хамгийн сайн найзыг та мэдэх үү? Хэзээ хамгийн сүүлд хүүхэдтэйгээ дотно яриа өрнүүлсэн бэ? Та эдгээр асуултад бүрэн итгэлтэй хариулж чадахгүй байна уу? Тийм бол та биш дэлгэц таны хүүхэдтэй илүү дотно байдаг юм биш биз?

Сүүлийн 5-6 жилийн хугацаанд дэлгэцийн хэт хамаарал, донтолтын шалтгаанаар СЭМҮТ-ийг зорьж зөвлөгөө авах, хэвтэн эмчлүүлэгчдийн тоо өссөн талаар судалгаа гарсан байна. Тиймээс манай сурвалжлах баг дэлгэцийн хэт хамаарал, донтолтын талаар ойлголт, сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор СЭМҮТ-ийн Хүүхэд өсвөрийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгортой уулзаж, ярилцлага бэлтгэлээ.

-ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДЭЭ ТООХГҮЙ, БАЙГАА БАЙХГҮЙ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ӨСГӨХ НЬ БУРУУ-

-Ямар шалтгааны улмаас дэлгэцийн хэт хамааралд өртдөг вэ?

-Бид энэ талаар олон талаас нь судалж байгаа. Судалгааны үзүүлэлтийг авч үзэхэд маш олон шалтгаанаас үүдэлтэй байна. Нэгдүгээрт, тухайн хүүхдийн өөрийнх нь онцлогоос хамааралтай. Аливаа зүйлийг амархан сурдаг,түүндээ амархан дасаж донтдог гэх мэт хүүхдүүд байна. Үүнээс гадна хүмүүжил их чухал. Хэт эрх танхил өсөөд байна уу, хэт дураараа өсөөд байна уу,эсвэл хараа хяналт муутай өсөөд байна уу зэрэг асуудлууд нөлөөлдөг.

Манайд хэвтэн эмчилгээ хийлгэсэн хүүхдүүдийн дунд хийгдсэн судалгаа байдаг. Энэ судалгаанаас авч үзэхэд нийт хүүхдүүдийн 82,3 хувь нь хэт эрх дураараа өссөн болон хэт хараа хяналт сул хүүхдүүд байна. Эцэг эхчүүд хүүхдээ тоохгүй, байгаа байхгүй нь мэдэгдэхгүй өсгөж байна.

-Дэлгэцийн хэт хамааралд орсон хүүхдийн зан төлөв,харилцааны хувьд ямар өөрчлөлт гардаг вэ?

-Зан төлөвт нь нэлээд их өөрчлөлт гардаг. Тухайлбал, худлаа ярьж, хулгай хийх, бүр цаашлаад бүлэглэн дээрэм хийх зэрэг гэмт хэргийн шинж чанартай үйлдлүүд гаргаж байна. Мөн өөрийгөө хөгжүүлэх сонирхол, хоббиноосоо татгалзаж, зугтах, сурлагын амжилт нь буурах, хичээлээ тасалж гэрээсээ дайжих, эцэг эхтэйгээ хүндлэлгүй харьцаж, маргалдах , бэр бүлдээ зарцуулах цаг нь багасах, ганцаараа байхыг илүүд үзэж зожигрох зэрэг үйлдлүүд илэрдэг.

-Дэлгэцийн хамааралд хүүхдүүд их өртөж байгаа нь ямар учиртай юм? 

-Судалгааны үр дүнгээр шийдвэр гаргах чадвар султай, тийм, үгүй гэх шийдвэрийг гаргаж чаддаггүй, найз нөхөд нь тоглоё гэж уриалахад тэгье гээд л дагаад явчихдаг, өөрөө өөртөө эзэн болж чадаагүй хүүхдүүд илүүтэйгээр өртөж байна. Энэ нь насны онцлогоос бас их хамаарч байна. 

-Дэлгэцийн хамааралд орсон хүүхдүүдтэй ямар арга барилаар хэрхэн ажиллах ёстой вэ?

-Сэтгэл заслын эмчилгээ хийх нь чухал байдаг.Ямар шалтгааны улмаас дэлгэцийн хамааралтай болсон гэх шалтгааныг нь тодруулаад, одоо гаргаад буй зан төлөвт нь танин мэдэхүйн сэтгэл заслын үйлчилгээг тууштай хийх шаардлагатай. Мөн шинж тэмдгийн өөрчлөлтүүдэд нь тохирсон эмийн эмчилгээ хийж болно. Хэрвээ хүүхэд их ядарч, мэдрэлийн ядаргаанд орсон бол түүнд витамин болон физик эмчилгээ хийгдэнэ. Тэдгээр хүүхдүүдэд нойргүйдэл хамгийн их илэрдэг учир нойргүйдлийн эсрэг эмчилгээ буюу түүнийг нь засах эмчилгээ хийдэг.

-БУЛЧИН ТАТГАНАХ, НҮДЭЭ АНИВЧИХ, МӨРӨӨ ХАВЧИХ, НУСАА БАЙН БАЙН ТАТАХ ЗЭРЭГ ЭМГЭГҮҮДЭЭР ИЛЭРНЭ-

-Дэлгэцийн хэт хамаарал, донтолт нь бие махбодод хэрхэн нөлөөлдөг вэ? Ямар шинж тэмдгээр илрэх вэ?

-Бага насны хүүхдийн хувьд мэдрэлийн ядаргаатай холбоотойгоор булчин татганах, нүдээ анивчих, мөрөө хавчих, нусаа байн байн татах зэрэг зуршмал хөдөлгөөн хийх эмгэгүүд биед нь илэрдэг. Мөн дэлгэцийн хэт хамаарал, донтолтоос үүдэн орондоо шээх эмгэгтэй болох тохиолдол ч байдаг.

-Хэдий хугацаанд эмчлэгдэх боломжтой вэ?

-Тухайн хүүхдийн донтолт ямар төвшинд байгаагаас шалтгаалан хамаардаг. Дөнгөж тоглож эхэлж байгаа хүүхдүүд хурдан хугацаанд буюу 10-14 хоногийн эмийн болон сэтгэл заслын эмчилгээнд хамраад явахад хязгаартай тоглох хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоод авчихдаг. Мөн эцэг эхэд нь сургалт явуулснаар хүүхдэдээ анхаарал халамж тавих нь нэмэгддэг. Ингэснээр хүүхэд сайн засал авдаг.

Харин гүнзгий өөрчлөлт буюу зан үйлд нь өөрчлөлт орчихсон хүүхдийн хувьд нилээд удаан хугацааны эмчилгээ шаардлагатай болдог л доо. Багадаа 3-6 сар, цаашлаад нэг жил ч эмчилгээ үргэлжилдэг. Эмнэлгээс эмчилгээ хийгдээд гарсан ч гэсэн эргэх холбоотойгоор долоо хоногт нэгээс хоёр удаа уулзаж ярилцлага, танин мэдэхүйн сургалт хийх зэргээр эмчилгээгээ үргэлжлүүлэх шаардлагатай байдаг. Гэвч хэвтэн эмчлүүлэх хугацаа дууссаны дараа хяналт, эмчилгээндээ ирэхгүй  тэр чигтээ яваад өгөх тохиолдлууд гардаг. Энэ үед ар гэрийн хараа хяналт сул байх юм бол хүүхдийн тоглох зуршил нь сэдрээд, илүү гүнзгий буюу олон хоногоор тоглох гээд байдаг юм шүү дээ.

-Одоогийн байдлаар хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа хүүхдүүд хэр олон байна вэ? Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өөрчлөлт байна уу?

-Буурах төлөв ажиглагдаж байна. 2013-2017 онуудад эдгээр хүүхдүүдийн тоо өмнөх жилүүдээс гурав дахин нэмэгдсэн үзүүлэлт гарсан. Харин 2018 онд бага зэрэг буурах хандлага илэрсэн. Энэ нь Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд сайн мэдээлж, сөрөг нөлөөг нь сурталчилсантай холбоотой. Ингэснээр эцэг эхийн анхаарал халамж нэмэгдсэн. Үүнийгээ дагаад дээрх асуудалтай хүүхдийн тоо харьцангуй буурсан гэж үзэж байгаа.

-Дэлгэцийн хамааралтай болоход нөлөөлдөг голлох шалтгаанд тухайн хүүхдийн хүмүүжил нөлөөлдөг гэж яриандаа дурдлаа. Тэгвэл эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцахад юуг анхаарах ёстой байдаг вэ?

-Эцэг эхийн хараа хяналт болон хүмүүжүүлэх арга барил их дутмаг байна. Энэ байдал нь хүүхэд-эцэг эх хоорондын харилцаа холбоонд саад болдог юм л даа. Мөн хүүхэд маш их ганцаардмал болж өөрт тулгараад буй асуудлаа эцэг эхдээ огт хэлэхгүй, тэдэнтэй харилцах хүсэлгүй болж үргэж муудалцаж, нэгнээ үл хүндлэх болдог. Энэ асуудал  даамжирвал гэрээсээ дайжих нөхцөл үүсдэг.

Энэ бүгд өнөөх эцэг эх нь багаас нь хүүхдээ сонсдоггүй, ойлгодоггүй, дэмждэггүй, алдаа дутагдал хийсэн үед нь шууд шүүмжилдэг, түүнээс бурууг хайдагтай холбоотой.  Хүн бүрд алдаа дутагдал байдаг. Тэр үед нь асуудлыг эерэгээр шийдээгүйгээс болоод хүмүүжлийн доголдолтой хүүхдийг бий болгоод байна. Тиймээс хүүхэд өөрийг нь ойлгодог хүмүүс буюу найз нөхөдтэйгөө илүү их цагийг өнгөрүүлэх хүсэл сонирхолтой болно. Энэ хүсэл сонирхол нь өнөөх ПС тоглоомын газар луу хөтөлдөг.

-ДОНТОЛТЫГ ШУУД ЭСЭРГҮҮЦВЭЛ УЛАМ НУУЦ БАЙДАЛД ОРУУЛАХ ЭРСДЭЛТЭЙ-

-Эдгээр асуудал нь найз нөхөдтэйгөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх газар хомс байгаатай холбогдох байх л даа.

-Тэгэлгүй яахав, Монголд хүүхдүүд хамтдаа цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар дутмаг байна. Энэ нь эргээд пс тоглоомын газар элбэг болох нөхцөлийг бүрдүүлээд байгаа юм. Олон цагийг тэнд өнгөрүүлээд байхаар тэр нь хүссэн хүсээгүй зуршил болчихдог. Тэгээд яваандаа донтох эрсдэлийг бий болгодог. Тиймээс эцэг эх, нийслэлийн хот төлөвлөлт, хүүхэд гээд хэн хэнээс нь хамааралтай.

Тэдгээр хүүхдүүдэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөл боломжийг хэн хангах ёстой вэ? Сургуулийн орчин боломжтой шүү дээ. Сургуулиас хүүхдүүдэд спортоор хичээллэж тоглох, хичээл номоо давтах өрөө танхим бэлдээд өгчихвөл энэ байдал буурах боломжтой гэж үзэж байгаа.

-Ийм шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хамгийн түрүүнд хэнд хандах ёстой вэ? Эцэг эхчүүдийг ажиглаад байхад ширүүн аргаар харьцаж, шууд эсэргүүцэж, загнаж зандрах хандлага илэрдэг шүү дээ.

-Үнэхээр хэтрүүлэн хэрэглээ ажиглагдвал мэргэжлийн сэтгэлзүйчид үзүүлээд зөвлөгөө авч болно. Хамгийн гол нь хүүхэдтэйгээ эвээр харьцаж ойлгуулж, ярилцаж  бага багаар цагийг нь багасгах хэрэгтэй. Даалгавраа хийгээд гэрийн ажилдаа тусалсан юм чинь миний хүүхэд 30 минут хүүхэлдэйн кино үзэж болно эсвэл 15минут л утсаар тоглоно шүү гэдэг ч юм уу. Хяналт тавиад сургачих юм бол хүүхэд аливаа юм хэмжээ хязгаартай байдаг юм байна. Эхлээд чухал зүйлсээ хийх ёстой юм байна, дэлгэцийн хэрэглээг зөвхөн чөлөөт цагаараа тодорхой хугацаатай хэрэглэх юм байна гэх ойлголт, хэвшмэл байдалд суралцана. 

Ингэж сурсан хүүхэд насанд хүрээд ч ажлын төлөвлөлтөө зөв зохицуулах, зохион байгуулалттай амьдралд суралцах бүрэн боломж нээгдэж байгаа юм. Багаас нь аливаа зүйлд хязгаар тавилгүй дураар нь өсгөчхөөд, хожим сүүлд нь гэнэт л хүүхдийг хорихоор яагаад ингээд байгаа юм бол оо, урьд нь зүгээр байсан шүү дээ гэх үл ойлголт, гайхшралыг төрүүлдэг. Шууд эсэргүүцэх юм бол эсрэгээрээ улам нууц байдалд оруулах эрсдэлтэй байдаг юм шүү. Жишээлбэл худлаа хэлэх, зөвшөөрөлгүй эцэг эхээсээ  мөнгө авах гэх мэт.

-Урьдчилах сэргийлэх заавар зөвлөмжийг эцэг эхчүүдэд хүргэвэл?

-Урьдчилан сэргийлэлт гэдэг бол аливаа зүйлд хамгийн чухал байдаг юм шүү. Ингэхийн тулд эцэг эхчүүд өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Та гэртээ утсаар оролддоггүй, зурагтыг тодорхой цаг хугацаатай хэрэглэдэг, хязгаартай байх хэрэгтэй. Хүүхэд таныг  дуурайж танаас л суралцдаг шүү дээ. Мөн үзэж буй контент нь хүүхэд болон эцэг эхийн хэн хэнийх нь насанд тохирсон байх шаардлагатай. Хамгийн гол нь хүүхдэдээ цаг зав зарцуулж ярилцаж байх юм. Хүүхдийнхээ авьяас чадварыг нь мэддэг, түүнийг дэмждэг байснаар таны хүүхэд дэлгэцийн хамааралд орохоос урьдчилан сэргийлэх нэг хэлбэр болно.

Э.ОЮУН-ЭРДЭНЭ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Т.ХҮЧИТБААТАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button