Үдийн хоол: Ахлах, дунд ангийнханд өгч эхэлнэ, хоолны мөнгийг 2500 төгрөг болгох шаардлагатай

Ахлах болон дунд ангийнханд сургуулиас үдийн хоол өгөх нь чухал ач холбогдолтой. Энэ нь боловролоос гадна тэдний эрүүл мэндэд хийж буй төрийн чухал хөрөнгө оруулалт байх ёстой. Угаас манай улс бүх сурагчдадаа үдийн хоол өгөх хэрэгцээ шаардлага үүсээд буй. Өөрөөр хэлбэл нийгмийн хүлээлт болж хувираад байгаа гэх хэлж болно. Хуулиндаа ч бүх хүүхдийг тэгш хамруулна хэмээн заасан байдаг. Энэ асуудалтай холбогдуулж хоол зүйч, Доктор, Дэд профессор М.Пүрэвжавтай ярилцлаа.
-Төсөв мөнгөө барж, багтааж ядсандаа бүх хүүхдэд үдийн хоол өгөх гээд байгаа юм биш-

-Сургуулийн зүгээс ахлах болон дунд ангийн хүүхдэд үдийн хоол өгөх нь яагаад чухал вэ гэдгээс эхэлье?
-18 хүртэлх насны хүүхдийн хооллолтын асуудал гэдэг бол цаашдын насан туршийн эрүүл мэндийг тодорхойлох нэг хөшүүрэг, суурь нь болдог. Тийм учраас нэн чухал асуудалд тооцогддог. Тухайлбал, НҮБ-ын хүнс хөдөө аж ахуйн байгууллага, ДЭМБ-аас хүний амьдралын хоёр чухал мөчлөгийн талаар ярьж байгаа.
Нэгдүгээрт, хүн насан туршдаа эрүүл буюу халдварын бус өвчлөлөөс ангид байх эсэх нь хооллолттой шууд холбоотой байна гэж үздэг. Хоёрдугаарт, эхийн хэвлийд бий болсон цагаас хойших 1000 хоног буюу хоёр нас хүртэлх хугацаа чухал байна. Өөрөөр хэлбэл тухайн хүүхдийг хоёр ой хүртэл нь буруу хооллосноор шим тэжээлийн дутагдалд орсон тохиолдолд буцаад хэвийн болгох, эмчлэхэд хэцүү. Дараагийн нас бол амьдралын эхний 7000 хоног буюу эхийн хэвлийд бий болсноос хойш 18 нас хүртэлх хугацаа. Энэ хугацаанд хүүхдийг маш сайн шим тэжээлтэй, эрүүл зөв хооллолтоор хооллох юм бол насанд хүрээд өвчлөлд бага өртдөг буюу өвчлөх магадлал буурдаг. Хүн эрүүл байна гэдэг чинь улс орны эдийн засаг, нийгмийн хувьд маш эерэг өөрчлөлтийг авчирдаг. Өөрөөр хэлбэл улс орон хөгжихийн гол үндэс нь иргэн эрүүл байхаас эхэлнэ. Жишээлбэл, мянга мөнгө байлаа гээд хүн байхгүй бол барилга баригдахгүйтэй адил. Иймд 18 нас хүртэлх хүүхдийн хооллолтын асуудал чухлаар яригдах ёстой юм.
-Цэцэрлэгийн болон бага ангийн хүүхдүүдээс онцлон үзэж буй шалтгааны тухайд?
-Бага ангийн болон цэцэрлэгийн насны хүүхдүүдийнхээс илүү дунд ахлах ангийнхны хоолны асуудлыг анхаарах хэрэгцээ бий болоод байгаа.
Эдгээр хүүхдүүдийн бие махбодод хоногт шаардлагатай болдог шим тэжээлийн бодисын хэрэгцээ бусад настай харьцуулахад энэ насанд хамгийн өндөр хэрэгцээ шаардлагатай үе юм. Тиймээс яг энэ үед нь л өгөхгүй бол насанд хүрээд, цаг хугацаа явахын хэрээр өвчлөмтгий болдог.
Ийм учраас дэлхийн 168 орон 18 нас хүртэлх хүүхдийг сургуульд нь хооллож байна. Энэ нь төсөв мөнгөө багтааж ядсан, баян таргандаа биш юм. Харин манай орны хувьд хүүхдийн хоолны асуудлыг чухалчилж үздэггүй. Хоёрдугаарт, эцэг эхчүүд яагаад хүүхдийг хооллох ёстой вэ гэдгийг ойлгодоггүй. Үүнд үдийн цай хөтөлбөрийн үр дүнгүй муу хэрэгжилт бас нөлөөлсөн байх.
Бид ирээдүйн иргэдээ эрүүл саруул, өвчин зовлонгүй төлөвшүүлж, хөгжил дэвшлийн төлөө авч явъя гэвэл хүүхэд байхаас нь эхлээд зөв хооллолттой байлгах хэрэгтэй. Ийм учраас 2019 онд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг баталсан. Дээр дурдсан орнуудын 40-50 нь яг ийм хуулийн зохицуулалтаар явдаг. Хуульчилна гэдэг хэн нэгэн хүнээс хамаарахгүй, нэг дарга солигдлоо гэхэд түүнийг дагаад болихгүй байх давуу байдлыг бий болгож өгдөг, тиймээс чухал.
Манай улс дэлхий дээр хүүхдийн хоолны тухай хууль анх батлагдсанаас 73 жилийн дараа ийм төрлийн хуультай болсон. Энэхүү хуулийн дагуу бүх насны хүүхэд хоол иднэ гэдэг заалт бий. Ковидын шалтгаанаар хуулийн хэрэгжилтийг хойш татаагүй бол энэ намар дунд ангийн хүүхдүүд, ирэх намар ахлах ангийн хүүхдүүд үдийн хоол хөтөлбөрт хамрагдаад эхэлчих байсан.
-Хүүхдийн хоолны мөнгийг 2500 төгрөг болгохоор төсөвт суулгасан ч батлаж өгөөгүй. Дунд, ахлах ангийнханд үдийн хоол өгч эхэлвэл заавал нэмэх шаардлага үүснэ-

-Хүүхдийн хэвийн бус буюу илүүдэл болон дутуу жинтэй байх асуудал үүгээр шийдэгдэх боломжтой юу. Сургуулийн хоол гэдэг бол хамгийн зөв, эрүүл хэвшилд дадуулах үүрэг бүхий шүү дээ?
-Таргална гэдэг хоол шим тэжээл сайтай байна гэсэн үг биш, хоолны буруу хэрэглээтэй байна гэсэн үг. Бодисын солилцоо нь хямраад, бодисын солилцооны анхдагч шинж тэмдгүүд илэрч байна гэсэн үг л дээ. Иймд илүүдэл жинтэй ч бай тураалтай ч бай хоол тэжээлтэй холбоотойгоор анхаарах ёстой чухал асуудал гэж үзнэ.
Нэгдүгээрт, сургууль болон цэцэрлэгийн хоол тухайн хүүхдэд боловсрол олгож буй хэлбэр болдог. Энэ нь зөв дадал, зуршилтай болгож буй хэрэг. Ингэснээр насанд хүрсний дараа наад зах нь юуг, ямар хэмжээтэй идвэл зохих зэрэг зүйлсээ өөрөө зөв зохицуулчих хэмжээний мэдлэгтэй болсон байх болно.
Хамгийн чухал нь эдгээр хүүхдүүд аав ээж болоод өөрийн хүүхдээ өөртэйгөө адил хэмжээнд яг ийм зөв дадлаар хооллож сургаж, төлөвшүүлнэ. Ийм зөв циклд оруулах маш чухал байгаа.
-Дунд болон ахлах ангийнханыг үдийн хоолонд хамруулж эхэлснээр нэг хүүхдийн хоолны мөнгийг 1500 төгрөгөөс нэмэгдүүлэх шаардлага үүсэх байх?
Нийтийн хоол хоёр том системтэй. Нэг нь арилжааны хоол үйлдвэрлэх. Жишээлбэл хуушуур байлаа гэж бодоход түүнд 20-иод төрлийн зардал шингэдэг онцлогтой. Хоёрт арилжааны бус хоол үйлдвэрлэл гэж бий. Энэ нь зөвхөн түүхий эдийн зардлаар тооцогдох бөгөөд бусад зардлыг ямар нэгэн эх үүсвэрээс гаргадаг. Үүнд сургуулийн хүүхдийн хоол багтдаг. Төрөөс энэ зардлыг даах үүрэг хүлээдэг учир бүх зардлыг улсаас гаргадаг.
Одоо хэрэгжиж нэг хүүхдийн 1500 төгрөг гэдэг бол зөвхөн түүхий эдийн зардал. Үүнд ямар ч нэмэгдсэн өртөг шингээгүй. Ковидын өмнө 900 басныг нэмж 1500 төгрөг болгосон. Тэр үедээ боломжийн, тооцоололд нийцэж байсан. Харин ковидын дараа тооцоолохын аргагүйгээр хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа тул энэ нөхцөлд 1500 төгрөг хүрэлцээгүй болчихоод байгаа юм. Иймд цэцэрлэгийн болон хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Ингэхдээ 2500 төгрөгт хүргэх саналыг салбарын яамнаас 2023 оны төсөвт оруулсан ч батлаж өгөөгүй.
-Батлаж өгөөгүй шалтгаан юу байв?
-Шуудхан хэлэхэд хүүхдэд хоол өгөх асуудал чухал гэдгийг дээдчүүл ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл шийдвэр гаргах түвшний хүмүүс. Гадны жишгээр бол улс орон ямар ч хэцүү нөхцөлд байсан хүүхдийн асуудлыг нэгдүгээрт авч үзэж шийдвэрлэдэг. Тэр дундаа хүүхдийн хоолны асуудлыг. Гэтэл манайд эсрэгээрээ.
-Хурдан хугацаанд хэрэгжиж эхлэхгүй байгаа шалтгааны нэг нь сургуулиудын гал тогооны хүчин чадал, стандартын асуудал-
-Бүх хүүхдэд үдийн хоол өгдөг болоод эхлэвэл сургуулиудын гал тогоо, хүчин чадлын асуудал хөндөгдөх нь ойлгомжтой. Одоогийн нөхцөлд хэр боломжтой гэж харж байна вэ?
-Гал тогооны стандарт мөрдөгдөхгүй ч гэдэг юм уу шалтгаанаар хүүхдэд хоол өгөх боломжгүй гэдэг асуудал байж болохгүй. Өнөөдрийн нөхцөлд сургуулийн бүх сурагч үдийн цайнд хамрагдаад эхэллээ гэж бодоход тийм хүчин чадлаар ажиллах боломжтой гал тогоотой сургууль маш бага хувийг эзэлж байгаа. Энэ нь ахлах, дунд ангийнханы үдийн хоолны асуудал шийдэгдэхгүй удаж байгаад мөн нөлөө үзүүлж байгаа нэг хүчин зүйл нь гэж хэлж болно.
Үүнийг дагаад сургуулиудын гал тогоог өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал хөндөгдөж байгаа ч төсвийг хаанаас ямар байдлаар гаргаж зохицуулах вэ гэдэг нь өөрөө асуудал. Өөрөөр хэлбэл хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээс илүү сургуулиудын гал тогоог өргөтгөх зардлыг шийдүүлэх нь хэцүү асуудал болж хувираад байгаа. Мөн манай улсад сургуулийн гал тогооны стандарт гэдэг зүйл байхгүй, батлагдаагүй. Энэ тухайд хэд хэдэн хувилбар боловсруулаад ажиллаж байна.
-Үдийн хоолтой холбоотойгоор хүүхдийнхээ 100 мянган төгрөгийг энэ чиглэлд зарцуулах бодол байгаа эсэх агуулгаар зарим сургуулиудаар асуулга хийгээд байгаа юм байна лээ. Энэ шийдэл мөн үү?
-Албан ёсны зүйл байхгүй. Зүгээр энэ чиглэлд гарц гаргалгаа шийдэл хайж буй хүмүүс зарим нэгэн хувилбар дэвшүүлж асуулгын хүрээнд эцэг эхчүүдээс санаа бодлыг нь сонсож байгаа байх. Учир нь хүүхдийн мөнгө хүүхдэдээ бүрэн зарцуулагддаг эсэх нь манайд бүрхэг шүү дээ. Хүүхдийнхээ мөнгөөр амьдардаг, өөр буруу зүйлд зарцуулчихдаг зэрэг буруу хэвшлүүдээс салгаад хүүхдэд өөрт нь 100 хувь зарцулдаг байвал гэсэн л санаа. Төр ийм л бодлогоор хүүхдийн мөнгийг олгож байгаа.
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд сурагчдыг үдийн хоолонд "тэгш хамруулна" гэж заажээ
-Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль-
5.1.Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд Хүнсний тухай хуулийн 4 дүгээр зүйл, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаас гадна дараах зарчмыг баримтална:
5.1.1.суралцагчийг тэгш хамруулах
5.1.2.эрүүл, аюулгүй, шим тэжээллэг хоол, хүнсээр хүртээмжтэй хангах
5.1.3.эцэг, эх, асран хамгаалагчийн оролцоог хангах
5.1.4.стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн байр, тоног төхөөрөмж, хүний нөөцийг зүй зохистой зохион байгуулах
5.1.5.орон нутгийн болон үндэсний үйлдвэрлэлийн түүхий эд, бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх
Ахлах болон дунд ангийнханд үдийн хоол өгдөг болох саналыг иргэд дэмжиж байна
Бид доорх асуулгаар иргэдээс санал авахад нийт 1400 хүн оролцов. Үүнээс 1000 хүн дэмжиж 360 хүн дэмжихгүй гэдэг саналыг өгчээ. Үүнээс ахлах болон дунд ангийн сурагчдад өдийн хоол өгөх саналыг иргэд дэмжих хандлагатай байгааг харж болохоор байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чанартай, хүртээмжтэй хоол өгөх зөв. Харин хоолны мөнгийг эцэг эх, асран хамга�##�агч бид төлөх үүрэгтэй.
ЭНЭ МАШ ЗӨВ. ХООЛГҮЙ АХЛАХ ДУНД АНГИЙНХАН ОЙР ХАВИЙН МУХЛАГ ХЭСЭЖ ХҮЙТЭН, АРИУН ЦЭВРИЙН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ЗАВААН ЗҮЙЛ АРГАГҮЙН ЭРХЭНД ӨЛСӨХДӨӨ ИДЭЖ ӨВЧИН ТУСАЖ БАЙНА СУРАГЧДЫГ НИЙТЭД НЬ ҮДИЙН ХООЛТОЙ БОЛГООЧ
Сургуульд г�##� тогоогуй, нэгдсэн хоол уйлдвэрлэлээс тарааж байв�##� чанар эруул ахуй сайжирна шуудээ хэмнэлттэйч болох биз гол нь чанар .
Соц нийгмийн үед ч цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг төлдөг байсан шүү дээ.