Top StoriesУРЛАГЭнтертайнментЯрилцлага

О.Гэрэлсүх: Уран бүтээл бол хуйвалдаан. Хэрхэн хуйвалдсанаа “Тоглоомчид”-оороо тайзан дээрээ л задалъя

УДЭТ-ын уран бүтээлчид Оросын алдарт зохиолч Н.В.Гоголийн “Тоглоомчид” жүжгийг уржигдраас толилуулж эхэлсэн. Тус жүжгийг ОХУ-ын Театрын урлагийн сургуулийн төгсөгч, УДЭТ-ын найруулагч, өнөө жилийн шилдэг уран бүтээл, уран бүтээлч тодруулдаг “Мөнгөн мод” наадмын шилдэг найруулагч Э.Ёндоншарав найруулсан юм. Түүнчлэн эл уран бүтээлийн гол дүрд Б.Шинэбаяр бусад дүрд Н.Ялалт, О.Гэрэлсүх, Д.Мөнх-Од, Г.Мөнхжаргал, Ц.Жаргалсайхан, О.Майдарравжаа, Б.Ганзориг, Ц.Рагчаа, О.Долгор, И.Дашнамжил, Т.Анхзул нар тоглож буй. “Тоглоомчид” жүжгийн Кругелийн дүрд тоглож буй УДЭТ-ын жүжигчин О.Гэрэлсүхтэй ярилцлаа.

-Ярилцлагаа тайзны шинэ уран бүтээлийнх нь тухай асуултаар эхэлье. Танай хамт олон яагаад Н.В.Гоголийн “Тоглоомчид”-ыг сонгож үзэгчдэд хүргэхээр шийдсэн юм бол?

-“Тоглоомчид” жүжгийг манай театрынхан Монголын үзэгчдэд анхлан хүргэж байна. Хүн чанар хэрхэн соригдож, ёс суртахуун яаж ёроолд унаж буйг гашуунаар харуулсан зохиол. Энд өнгөц харахад хууран мэхлэлт, худал хуурмаг, хулгай зэлгийн тухай мэт боловчиг чанаддаа хүний үнэн төрхийг хурцаар тусгасан нь өнөөгийн бидний нийгэмтэй нийцэж буй.

-Тэгвэл таны тоглосон дүр өмнө нь тоглож байсан дүрүүдээс тань юугаараа онцгой вэ?

-Зохиолч амьдарч асан цаг үедээ болсон бодит үйл явдлаас сэдэвлэн эл зохиолоо бичсэн гэдэг дам яриа ч байдаг юм билээ. Жүжгийн дүрүүд амьдрал нь тэр чигтээ тоглоом болсон хэсэг бүлэг хүмүүс. Тэдний дунд хурандаа Кругель гэж нөхөр бий. Ерөнхийдөө л нэг тийм бөөрөнхийлөгч. Би эл дүрд тоглож байна.

-Долоо хоног бүр шинэ уран бүтээл үзэгчдэд хүргэх нь уран бүтээлчид бахтай сайхан санагддаг байх даа. Та энэ долоо хоногт “Тоглоомчид” жүжгээр, түрүү долоо хоногт “Хамба” фильмийн “Намаг” уран сайхны киногоор  үзэгчидтэй “уулзчихлаа”.

-Уран бүтээлээ нээнэ, хүргэнэ гэдэг уран бүтээлч хүний баярт үйл явдал.

-Тоглосон киногоо нээлтийн өдөр нь үзэгчидтэй хамт үзээд суух, шинэ жүжгийн дүрээр тайзан дээр гарч үзэгчдэд тоглох мэдрэмж мэдээж асар ялгаатай байх. Аль нь танд илүү их кайф мэдрүүлдэг вэ?

-Мэдээж мэдрэмж нь тэс өөр. Ихэнхдээ киноны зургандаа орчихоод л дараагийн эвлүүлэг, өнгө, дуу гэхчилэн пост продакшны ажлыг хэрхэн гүйцэтгэсэн, ямар болсныг үзээгүй, хараагүй байж байгаад нээлтийн өдөр үзэгчидтэй хамт үздэг. Нэг тийм таавар шиг санагддаг юм. Миний зургаа авахуулсан хэсгүүдээс аль нь орсон, аль нь хасагдсан бол гээд л догдлоод хүлээнэ. Ёстой л сюрприз шиг. Жүжгийн хувьд найруулагчаасаа заавар авахын зэрэгцээ “Намайг энэ, тэр хөдөлгөөн, үйлдлийг хийхэд хөгжим дуугарна. Ингэсний, тэгсний дараа гэрэл унтарна. Дараа нь ингэнэ, тэгнэ” гээд л бүх зүйлээ нарийн тооцож биеэр мэдэрдэг, ямар ямар хэсэгт хэчнээн удаа тайзан дээр гарахаа ч яг таг мэддэг учраас, бас үзэгчид яг өөдөөс хараад сууж байдаг болохоор илүү хариуцлагатай. Зарим үед түгшүүр ч мэдэрдэг. Жүжигт тоглох бүртээ шинэ зүйл сурч, өөртөө дүн тавина. “Энийг ингэх ёстой байж. Дараа нь тэгж хийнэ ээ. Би арай л дутуу хийчихэж. Тэгвэл буруу юм байна” гээд л.

-Та УДЭТ-ын анхны Ромео. У.Шекспирын “Ромео, Жульетта”-д тоглосноосоо хойш та хамаг л гоё, сайхан залуугийн дүрүүдийг “түүчихсэн”, бүр “симбол” ч болж явсан. Тэр үед та юу мэдэрдэг, хүмүүсийн, тэр дундаа охид, бүсгүйчүүдийн хандлага хэрхэн мэдрэгддэг байсан бол?

-Би Ромеод 1996 оноос хойш долоон жилийн турш нийт 200 гаруй удаа тоглосон. Хүмүүс “Сайхан залуу” гэхээр эвгүй, бие баригдаад л. “Миний гаднах төрхийг биш, тоглосон дүрийг л сайхан гэсэн байгаасай” л гэж боддог байв. Хэдийгээр 30 шахам жил өнгөрсөн ч гэлээ тухайн үед үзсэн хүмүүсийн санаанд одоо ч байдаг юм билээ. “Таны цав цагаан өмсгөлтэй, тайзан дээгүүр дүүлж байсныг санаж байна” гээд л ярьдаг юм. Түүнээс хойш “Тамын дурлал”, “Ричард III” гэхчилэн хамаг л жүжгийн гол дүрд тоглож байлаа. Тийм сайн, сайхан дүрүүдэд тоглочихоор хувь хүнийхээ хувьд амьдрал дээрээ үргэлж л сайн, сайхан, гэрэл гэгээтэй байх ёстой гэсэн хариуцлагад хүлэгдчихдэг. Гэхдээ нөгөө талаас өөрийнхөө амьдралаас тусдаа, хийсвэр ертөнцийг бодит мэтээр үзэгчдийн сэтгэлд тэгж урт удаан хугацаанд үлдээх нь уран бүтээлч хүний жаргал.

-Гэтэл залуудаа сайхан залуугийн “симбол” байсан та идэр үедээ хамгийн муу хүн болчихсон. “Ларьма”-гийн харгис нөхөр гээд л адлуулаад.

-Хүсмээр зүйл биш байна лээ. “Өө муу тэр, энэ” гээд л хялалзаад өнгөрөх нь энүүхэнд, хүмүүс. Тэгж муу хэлүүлээд эхлэнгүүт өнөө өмнөх сайхан залуугийн дүрүүдэд тоглож байсан үеэ “Сайхан байж дээ” гээд бодож байгаа юм. Заримдаа ч өөрт таагүй л санагддаг. Гэхдээ “За яах вэ, энэ чинь уран бүтээл, дүр. Амьдрал эрээнтэй бараантай гэдгийг уран бүтээлээрээ харуулах ёстой. Тэр барааныг би дүрээрээ харуулаа л биз. Энэ чинь миний ажил” гээд л өөрийгөө тайвшруулчихдаг.

-Гэхдээ үзэгчид тэгж хүлээж авч буй нь та ажлаа сайн хийсэн гэсэн үг биз дээ. Харин ч баярлах ёстой юм биш үү?

-Аливаа дүрд би сайн, муу тоглосон гэж хэлэх нь зохимжгүй. Учир нь уран бүтээл бол хамтынх. Миний тоглосон дүрийг үзэгчид сайн болжээ гэж харсан бол энэ нь манай баг гар нийлж, чамбай ажилласных. “Тааруухан байна лээ” гэвэл тэгж ойлголцож ажиллаж чадаагүй байх нь.

-Хэсэг хугацаанд та уран бүтээлээсээ хөндийрч, театрынхаа арын албыг хашсан. Харин Э.Оюуны “Би эндээс явахгүй”-н Дорлигт тоглосноосоо хойш уран бүтээлдээ ёстой л шуналтайгаар оров уу даа.

-1996 онд УДЭТ-ын босгыг давж хэсэг ажиллачихаад гадагшаа явсан. Хүний л амьдрал. Харин 2014 онд театртаа эргэн ирсэн. Дөрвөн жилд нь театрынхаа захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллалаа. Ёстой л нээрэн “Би эндээс явахгүй”-гээс хойшхи бараг бүх л жүжигт оролцоод явж байна.

-Ингэхэд та театрт ажилласан энэ хугацаандаа хүссэн дүрдээ тоглож чадсан уу?

-Жүжигчин хүн хүссэн дүрдээ тоглодог юм уу. Оногдсон дүрдээ л тоглодог шүү дээ. Яах вэ, хүсэж явсан дүрийг нь найруулагч оноосон азтай жүжигчид байдаг л байх. Би бол өнөөдрийг хүртэл оногдсон дүрүүддээ л тоглож яваа.

-Ромеод тоглохыг хүсэж байгаагүй гэж үү?

-Оногдсон дүр. Бүр оногдсон гэхээс илүүтэй санамсаргүй сонгогдсон гэхэд ч хаашаа юм, тулгаж тушаасан гэхэд ч хаашаа юм, тэгж л надад ирсэн дүр. Театр “Ромео, Жульетта”-г тавихаар болж, Ромеод тоглох боломжтой жүжигчдийг судалж байж. Харин Найдандорж (Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж) найруулагч “1995 онд СУИС-ийн кино драмын ангийг төгссөн Гэрэлсүх хаана байна” гээд намайг хайсан юм билээ. Миний сургуулиа төгсөөд Үндэсний телевизэд ажиллаж байсан үе. Тухайн үеийн театрын дарга Б.Зориг “Чамайг сайн оюутан байсныг мэдэх учраас жүжигт тоглож чадна гэж бодож байна. Ер нь чиний саналыг асуугаагүй. Жүжгийн ажил эхэлчихсэн. Ажилдаа ор. Мэргэжлийнхээ ажлыг хий. Театрт ирж суралц” гэснээр 1996 оны хоёрдугаар сард би театрт орж, зургаадугаар сард нь “Ромео, Жульетта”-д тоглож байлаа. Хувь заяа юм даа.

-Тэгээд л хувь заяагаараа театрт тэр чигтээ дурлачихсан юм аа даа.

-Тэгсэн.

-Оногдсон дүрдээ анхнаас нь тоглохоос гадна өөр хүний тоглож байсан дүрд нөхөж тоглох шаардлага жүжигчдэд тулгардаг. Энэ нь илүү ярвигтай юу. Үзэгчид өмнө нь тоглосон жүжигчинтэй харьцуулж хараад байдаг шиг санагддаг.

-Тийм байх. Оногдсон дүрдээ анхнаас нь тоглох мэдээж амар. Харин хэдийн тавигдчихсан жүжигт аль нэг жүжигчнийг нөхөж орж тоглох нь илүү хариуцлагатай. Эл уран бүтээл хэрхэн бүтсэн, ямар онцлогтойг бүгдийг нь нөхөж мэдэх, судлах шаардлагатай болно. Хэдийгээр тухайн дүр нь тодорхой хэдий ч өмнө нь тоглосон жүжигчнийг яг дуурайж тоглох нь утгагүй. Тэгэхээр өөрийн өнгө аясыг шингээнэ. Сүүлд гэхэд л Наранбаатар (Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар) найруулагч Л.Толстойн “Анна Каренина” жүжгийг хүргэхэд Аннагийн ах Стивагийн дүрд Дэмидээ (Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар агсан) анх тоглосон. Үнэхээр мундаг тоглосон. Түүний тоглож байхыг хардаг байлаа. Гэтэл түүнийг өөд болсны дараа би эл дүрд нөхөж тоглох шаардлагатай болсон. Хэцүү ч гэлээ хийх ёстой л ажил.

-Дэлгэцийн уран бүтээлийн санал танд хэр ирдэг вэ. Найруулагч нар ихэвчлэн эсрэг дүр санал болгоод байна уу даа, сүүлийн үед?

-Санал ирдэг ч театрын ажлынхаа хажуугаар амжуулах бас амаргүй. Нээрэн л сүүлийн үед найруулагч нар ихэвчлэн сөрөг дүрийн санал тавьж байна шүү. Нас ахиад ирэхээр тэгдэг юм болов уу ч гэж бодох шиг.

-Залуухан хархүүгээс идэр эр, нас тогтсон хижээл эрэгтэй, цаашлаад өвөөгийн дүрд тоглоно. Уран бүтээлч, тэр тусмаа жүжигчин хүнд нас ахих гунигтай санагддаг уу?

-Одоогоор энэ талаар бодогдох юм алга. Хөгшрөх, өтлөх нь хорвоогийн жам юм хойно элдэв юм бодоод л, гуниглаад ч яах юм билээ. Залуу сайхан үедээ тоглож үзээгүй биш үзсэн. Одоо ч яг л өөрийнхөө насанд тохирсон дүрүүддээ тоглоод л явж байна. Яваандаа өтөл дүрд тоглоно. У.Шекспирийн “Лир ван”-гийн дүр ямар гоё билээ. Тэр дүрд залуу жүжигчин тоглохгүй шүү дээ.

-Лир ванд тоглохыг хүсдэг байх нь ээ?

-Ер нь У.Шекспирийн жүжгийн зохиолуудад дуртай. “Лир ван” шилдэг таван бүтээлийнх нь нэг шүү дээ. Энэ хорвоогийн үнэн мөнийг харуулсан гайхамшигтай зохиол.

-Ярилцлагаа “Тоглоомчид” жүжгийн тухай асуултаар дуусгая. Эл жүжгийг үзээд гарахдаа үзэгч ядаж ойлговол уран бүтээлч та баярлах бол?

-Юу үзүүлэх нь уран бүтээлч бидний нууц. Мэдээж Н.В.Гоголь уншигчдыг нэг ч атугай зүйл ойлгоосой гэсэндээ энэ зохиолыг бичсэн байж таарна. Найруулагч Э.Ёндоншарав ч бас ямар нэг зүйл “хэлэх”-ийг хүссэн болоод л эл зохиолыг тайзнаа амилуулсан байж таарна. Үүнд нь жүжигчид ч оногдсон дүрээрээ хувь нэмрээ оруулж таарна. Харин уран бүтээлээ хэрхэн, яаж “хуйвалдаж” хийснээ тайзан дээрээ л задалмаар байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2023-04-22 17:02

Xairlaj xundelj yavdag jujigchindee uran buteeliin amjilt xusei olon saixan dur buteej uzegch olnoo bayasgaj yavaarai

Холбоотой мэдээ

Back to top button