Нийгэм ярилцлага

1200 хүний амь аварсан аврагч Г.Ганбаяр: Үүргээ гүйцэтгээд машиндаа суугаад буцах гайхалтай агшин

Монгол Улсад орчин цагийн Онцгой байдлын байгууллага үүсэж, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ой болж өнгөрлөө. Тус баярын өдрийг тохилдуулан нийслэлийн онцгой байдлын газрын харьяа аврах ажиллагааны техникч Г.Ганбаяртай ярилцлаа.

Шүхэрчин аврагчаар ажлын гараагаа эхэлсэн тэрбээр өдгөө Онцгой байдлын байгууллагад 18 дахь жилдээ ажиллаж байна.

-Анх ажилд томилогдоод дуудлагад гаргахад төсөөлж байснаас чинь хэр ялгаатай байсан бэ?

- Би багаасаа л цэргийн хүн болно гэж мөрөөддөг байсан. Тэгээд цэргийн жинхэнэ албаа хаачихаад өөрт тохирсон ажил хайж байгаад “ОБЕГ-ын харьяа одоогоор үндэсний аврах бригад буюу аврах тусгай ангид шүхэрчин авна” гэсэн зарын дагуу анх очиж бүртгүүлээд, шалгалт өгөөд тэнцсэн. Тухайн үед үндэсний аврах бригадын агаарын ажиллагааны салбараас “Шүхэрчин” гэдэг мэргэжлээр ажил амьдралын гараагаа эхлүүлж байлаа.

Анх ажилд ороход төсөөлж байснаас тэс өөр байсан. Тухайн үед маш олон хоногоор ой түймэрт явдаг, түймэр рүү хоосон явна, өлсөнө, ядрана. Энэ бүгдээс болоод шантрах үе нэлээд байсан. Гэхдээ шантарч байсан ч ухарч үзсэнгүй ээ.

-Шүхэрчин аврагчаар ажлын гараагаа эхэлж байсан бол одоо бүх төрлийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж байгаа. Ялгаа бий юу?

-Би Дорнод аймгийнх. Ажлын гараа маань ч аймгаасаа эхэлж байлаа. Онцгой байдлын байгууллагад ажилд орохоосоо өмнө Зэвсэгт хүчний 327 дугаар ангид гэрээт алба хаагчаар 3 жил ажилласан. Тэгээд 2008 онд хотод ажиллаж, амьдрахаар ирсэн. Тэр үед Аврах тусгай анги /одоогийн Үндэсний аврах бригад/-д шүхэрчин аврагч шалгаруулж байна гэж сонсоод очиж шалгаруулалтад орж байлаа. 50 гаруй залуус шалгалтад өгөөд 8 нь тэнцэж байсан ч шүхэрчин аврагчаар ганцаараа томилогдсон. Бусад нь өөр салбарт хуваарилагдсан юм. Түүнээс хойш шүхэрчнээр 8 жил үүрэг гүйцэтгэж байгаад  2017 онд Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт томилогдсон. Тэнд жил гаруй хугацаанд үүрэг гүйцэтгээд  2018 оноос хойш нийслэлийн Аврах анги 105-д ажиллаж байна.

Шүхэрчин аврагч байхдаа ой, хээрийн түймрийн голомтод үүрэг гүйцэтгэдэг байлаа. Аврах ангийн маань хувьд нийслэлийн хэмжээнд тохиолдож байгаа 20 гаруй төрлийн гамшиг, ослын дуудлагаар ажилладаг. Ялгаа бий, бий. Улирлаасаа шалтгаалаад дуудлага бүрийн онцлог өөр л дөө. Сүүлийн үед зам тээврийн осол, өндрөөс унах гэж байна гэсэн дуудлага зонхилж байна. Нийслэлд баригдаж байгаа барилга, байгууламжууд орчин үеийн шийдэлтэй, олон давхар болсон. Дуудлагагүй өдөр гэж байдаггүй. Дуудлага бүрийн дараа алдаа оноогоо ярилцаж дүгнэдэг. Тэр хэрээр суралцдаг, туршлагаждаг. Дуудлага бүр өөр болохоор аврах ажиллагааг ингэж явуулна гэсэн тогтсон арга барил байдаггүй. Тухайн үеийн нөхцөл байдлаас л шалтгаална шүү дээ. Ямар ч нөхцөлд очиж үүрэг гүйцэтгэж магадгүй учраас л бэлтгэл дахин бэлтгэл хэрэгтэй.

-Таны алба хэр баргийн аавын хүү ажиллахааргүй алба шүү дээ. Аврагчаар ажилласан энэ 18 жилийн хугацаанд хэр шантарч байв. Мэргэжлийн тань хамгийн сайхан, бас хэцүү нь юу вэ?

-Мэдээж хүн болгон өөрийн гэсэн харах өнцөгтэй. Манай мэргэжлийн хамгийн сайхан мэдрэмж бол ядарсан, зовсон, бэртэж гэмтсэн иргэний амь насыг аврах, тэр хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, тэр хүнд амьдрах итгэл хайрлах нь хамгийн сайхан мэдрэмж юм даа.

Ер нь бол гамшиг ослын дуудлага дээр манай аврах шуурхай бүлэг хамгийн сүүлд тухайн хүний хамгийн сүүлийн найдварыг тээж очдог гэж би хувьдаа боддог. Тэгээд л тэр найдварын итгэлийн найдварыг алдалгүй үүргээ амжилттай гүйцэтгээд бүлэг хамт олонтойгоо машиндаа суугаад буцөөд явах бол хамгийн гайхалтай агшин. Яг тэр цаг мөчид онцгой байдлын алба хаагч болсноороо баярлаж явдаг даа.

-Аврах ажиллааны хугацаа нь харилцан адилгүй. Хамгийн ихдээ хэдэн цагаар аврах ажиллагаа хийж байсан бэ?

-Гамшиг ослын дуудлага, ажиллагаа бүр өөрийн гэсэн онцлогтой. Түүндээ зохицоод цаг хугацаа хүртэл харилцан адилгүй. Хамгийн удаан үргэлжилдэг хэсэг бол ой хээрийн түймэр байдаг. Гэрээсээ гараад маш олон хоног, сараар явдаг. Харин одоогоор миний үүрэг гүйцэтгэж байгаа аврах 105 дугаар ангид хамгийн олон цагаар үүрэг гүйцэтгэдэг хэсэг бол их усны осол байдаг. Усанд осолдсон хүнийг хайх, олдохгүй бол олох хүртэл нь хайдаг учраас тухайн алба хаагчаас маш их тэсвэр тэвчээр шаарддаг.

-Аюулд орсон иргэнийг аварч амжихгүй гар дээрээ үхүүлэх л хамгийн хэцүү-

-Таны хувьд аврах ажиллагаа хийж байх үеүдээс хамгийн мартагддаггүй мөчөө хуваалцаач?

-Дуудлага болгон өөр өөрийн гэсэн онцлогтой, санаанаас гардаггүй. Хамгийн хүнд, хэцүү дуудлага гэвэл өндрөөс аврах ажиллагааны дуудлага байдаг. Тэр хүнтэй хамт яг нэг шугаман дээр аль тал руугаа явах вэ зааг дээр байж байдаг.

Хамгийн хэцүү, сэтгэл эмзэглүүлсэн дуудлага бол зам тээврийн ослын дуудлага байдаг. Түүн дээр ар гэрийнхэн нь эсвэл хамт зорчиж яваа хэн нэгэн осолдож эндсэн үед тэр хүнийг ар гэрийнхэнд нь мэдэгдэх хэсэг хамгийн хэцүү тэр дундаа бага насны хүүхэд осолдсон тохиолдол маш их сэтгэл эмзэглүүлдэг.  

Харин тэр чинээгээрээ авраад гараад ирсэн дуудлага бол маш олон тохиолдож байлаа. Яг тухайн хэцүү нөхцөл байдалд байсан иргэнийг авраад гарч ирэхэд “Баярлалаа” гэж хэлсэн ганцхан үг тухайн үед болж байсан хэцүү мөчүүдийг хэсэг хугацаанд ч гэсэн мартуулж чаддаг.

-Үхэл амьдралын зааг дээр тулж очсон удаа олон байх. “Ингээд үхэх нь дээ” гэж бодож байсан аврах ажиллагаа хэзээ байв? 

-Тулгамдаад сайн санахгүй байна. Түүнээс цөөнгүй удаа хэцүү, амь эрссэн аврах ажиллагаанд явж байлаа. Ялангуяа уснаас хүн аврах үеэр үхэлтэй нүүр тулна. Маш сайн бэлтгэж байж уснаас хүн аврахгүй бол аврах гэж байгаа хүнтэйгээ хамт эрсдэлд орох аюултай. Аврах ажиллагаа гэдэг чинь цаг ямагт багийн ажиллагаа шаарддаг. Дуудлага бүрээс туршлага сууна.

 -Аварсан хүн БАЯРЛАЛАА гэж хэлэх нь миний амьдралын хамгийн сайхан мөч-

-Та маш олон хүн аварч байсан гэлээ. Тэдгээр хүмүүсээс эргээд холбоо барьж байсан хүн байдаг уу?

-Зун завьт эргүүлд явж байх үед эсвэл өөр газруудаар ажилтай явж байх үед “Хэдэн жилийн өмнө та надад тусалж байсан даа. Танд их баярлалаа гэж хэлж чадаагүй. Таны хүчинд манай гэр бүл бүтэн байгаа” гэдэг. Нэгэн жишээ ярихад, “2019 онд манай аврах ангийн 50 жилийн ой болж байлаа. Тэрний өмнөх зун Туул гол дээр хөдөлгөөнт завины эргүүл хийж байх үед усанд хөл алдаад урсаад явж байсан охиныг аварч байсан юм. Тэгээд яг жилийн дараа хүндэтгэлийн арга хэмжээ болж байх өдөр би жижүүртэй байж таараад үүргээ гүйцэтгээд байж байтал нэг охин ээжтэйгээ цэцэг бариад талархсанаа илэрхийлээд яваад өгсөн. Тэр бол одоо хэр нь маш тод санагддаг.

Мөн түүнчлэн зөвхөн надад биш манай хамт олонд “Та бүхэнд маш их баярлалаа. Та бүхэн бүлгээрээ үнэхээр чадварлаг ажилласан шүү.” зэрэг талархлын үг хэлж холбогддог хүмүүс их шүү.

-Та бүхний хувьд их хүнд нөхцөлд ажилладаг шүү дээ. Алба хаагчид сэтгэлзүйгээ хэрхэн хянаж ажилладаг вэ?

-Манай аврах 105 дугаар анги сэтгэлзүйч, эмчтэй. Ер нь бол тодорхой хугацаанд ажиллачихсан болохоор сэтгэлзүйгээ бариад сурчихсан л даа.

Шинэ залуу алба хаагчид орж ирсээр байна. Тэд нарынхаа хажууд толгой гудайлгаад байж болохгүй. Тэд нартайгаа ярилцана, тэд нарыгаа дэмжинэ. Барагтай тохиолдолд сэтгэлзүйгээ бариад сурчихдаг. Сэтгэл санаагаар унаад эсвэл хямралд орох тохиолд бараг байхгүй. Яагаад гэвэл хувь хүнд туслах гэж байгаа алба хаагч өөрсдөө стрессдээд, сэтгэл зүйн байдал тогтворгүй байх юм бол нөгөө хүнээ давхар хямраах эрсдэлтэй.

Бид ганц найдвар нь байхад алдаа гаргаж болохгүй, ямар нэгэн байдлаар тогтворгүй байдал үүсгэж ер болохгүй. Тийм учраас сэтгэлзүйн хувьд асуудалтай бол тэр дор нь засаж, янзлуулах хэрэгтэй байдаг.

-Аврагч хүн хэзээд бэлэн байх үүрэгтэй. Гэртээ амарч байхдаа ч утсаа огт унтраадаггүй юм билээ. Энэ бүхэн заримдаа танд дарамттай санагддаг уу?

-Үгүй ээ. Харин ч эсрэгээрээ сайхан санагддаг. Миний амьдрал тэр хэрээр үнэ цэнэтэй, утга учиртай байдаг. Аврагчид амарч байхдаа утсаа унтраах, хотоос гарах эрхгүй. Хэзээд дуудахад бэлэн байх үүрэгтэй. Би 16 жил ажиллахдаа нэг ч удаа утсаа унтрааж, биеэсээ холдуулж үзээгүй. Зай нь дуусчих вий гээд үргэлж шалган, цэнэглэдэг.

-Сэтгэл, зүтгэлийн хослолоор аюулыг даваад гардаг байх. Энэ үг аврагч нарын мэргэжлийн онцлогийг тодорхойлох болов уу?

-Тийм шүү. Хэдийгээр тэсвэр, тэвчээр, зориг, ухаан шаарддаг ч сэтгэлгүй бол хэзээ ч амжилт олохгүй. Өөрөөр хэлбэл зорьсон зорилго, өргөсөн тангарагтаа эзэн нь байж, аврал эрсэн хэнд ч гэсэн чин сэтгэлээсээ туслах зориг зүрхтэй байх ёстой. Залуу хүний хувьд албандаа үүрэг гүйцэтгээд удаагүй байгаа аврагчийн хувьд ийм л дүрмийг баримталж ажиллахыг хичээдэг. Бусдад бид дахин амьдрал бэлэглэдэг. Үүнтэй адил миний амьдралд ч нэгэн шинэ түүх бичигдэж байгаа. Тийм болохоор юу юунаас илүү алба, ажлаа л гэдэг дээ.

-Ажил, албаа бахархал болгосон хүний зорилго мохохгүй байх аа?

-Баярлалаа. Нэг талаар өөрөө дурласан болохоор. Нөгөө талаар хүний төлөө гэсэн сэтгэл, зүтгэлийн хүмүүжлээр хувь хүн би өөрөө хөгждөг. Амьдралыг өөрөөр харах тийм боломжийг олгодог учраас бахархахгүй байхын аргагүй шүү дээ. Амьдралыг өөрөөр харна гэдэг нь хүн байхын л утга учир. Хийсэн, бүтээсэн гавьяа минь аварч, хамгаалсан хүн бүрийн ерөөлийн үгс  гэж ойлгодог учраас албаныхаа нэр төрийг өндөрт өргөсөн шилдэг аврагч болохын төлөө ажиллаж байна. Мөрөөдөөд, зориод албаныхаа нэг эд эс болсон. Эндээс ухрах зам үгүй шүү дээ. Тийм болохоор ах нарыхааа заасан зүйлийг нь хурдан сурч, байнгын бэлтгэл сургуулилт хийж, өөрийгөө бүх талаар хөгжүүлэхийг зорьж байна.

-Чөлөөт цагаараа спортоор хичээллэдэг. Бас танин мэдэхүйн ном унших дуртай-

-Тэгвэл амьдралын утга учрыг тодорхойлооч?

-Төрүүлж өсгөсөн аав, ээж, амьдралынхаа баяр бахдал, зовлон, жаргалыг хуваалцдаг хань ижил. Гэр бүл тогтвортой, бие биенээ ойлгодог, дэмждэг байвал ажлаа хийх хамгийн том тулгуур гэж ойлгодог.

-Ойр дотнын хүмүүс нь энэ мэргэжлийг сонгоход хэрхэн хүлээж авч байв?

-Намайг анх Шүхрийн ангид ороод гал түймрийн дуудлага, өндрөөс хүн аврах зэрэг ажиллагаанд явах үед санаа зовох асуудал их гарч байсан. Харин одоо бол аль хэдийн дасаад тэр их айдас нь арай багассан. Бүр байхгүй бол болоогүй. Мэдээж одоог хүртэл миний ойр дотнын хүмүүс “Эрсдэлтэй мэргэжил учраас сонор сэрэмжтэй байхыг” л сануулдаг даа.

Мөн манай гэрийнхний ихэнх нь цэргийн мөрдөстэй алба хаагчид байдаг. Төрийн бүх шатанд ажилладаг учраас ажил мэргэжлийг маань ойлгодог.

Манай анги нийслэл Улаанбаатар хот дотроо 20 гаруй төрлийн гамшиг ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэдэг. Тэр дундаас зохилон ирж байгаа дуудлага нь ахуй хүрээний ослын дуудлага, өндөр, зам тээвэр зэрэг багтдаг.

-Ойрын жилүүдэд Онцгой байдлын алба хаагчид харамсалтайгаар амиа алдсан. Үүнд хувцас, тоног төхөөрөмжийн дуталтай асуудал яригдаж байсан. Та бүгд үнэхээр тийм хэцүү нөхцөл байдалд гэж үү?

-Цахим сүлжээгээр энэ асуудал маш ихээр яригдаж байсан л даа. Сүүлийн жилүүдэд харьцуулаад үзэхэд аврагч, гал сөнөөгчийн нэг бүрийн багаж, тоног төхөөрөмжийн хангамж их сайжирсан байгаа.

Нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг ОБЕГ-ын бүх төлөөллийн хэрэгслийг иргэдэд нээлттэй танилцуулсан байгаа. Энэ бол тухайн анги, байгууллагуудад хүрэлцээтэй ашиглагддаг. Үүнийгээ ашиглах мэдлэг, дадлага, чадвар нь тухайн алба хаагчдад бүрэн дүүрэн хангагдсан. Дээрээс нь ОБГ шинээр орж ирж байгаа ахлагчийг МСҮТ-ээс бэлдээд томилогдоод ирдэг учраас алба хаагчдын мэргэжлийн ур чадвар их сайн хангагдсан байдаг.

-Ингэхэд таны хобби юу вэ. Цаг наргүй ажлын хажуугаар чөлөөт цаг гарч байна уу?

Хүн ер нь өөртөө л зав гаргаж, хоббигоо хөгжүүлнэ, ар гэртээ зав гаргана. Би хэд хэдэн спортын төрлөөр зав гархаараа хичээллэж, бэлтгэл хийдэг. Бас танин мэдэхүйн ном унших дуртай.

Одоо бас албандаа ажиллаад багагүй хугацаа зарцуулчихсан учраас ажил, амьдралаа зохицуулаад сурчихсан байна.

-18 жил энэ салбартаа ажиллачихсан байна. Шагнал урамшуулал бишгүй л их авсан байх?

-Энэ олон жилийн хугацаанд ажиллаж байхдаа төр засаг, мэргэжлийн байгууллагын удирдлагуудаас шат дараатайгаар төрийн одон медаль болон урамшууллыг авч ирсэн.

Яг үнэнийг хэлэхэд хамгийн анхны шагналаа сайн санахгүй байна. Харин тод үлдсэн шагналаасаа дурдвал цэргийн хүндэт гэж медаль байдаг. Энэ нь тухайн тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагадаа үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай, хийж бүтээсэн зүйлтэй мөрдөстэй алба хаагчдад олгодог шагналын нэг. Тэр шагналыг хоёр дахь удаагаа авсан минь юм байна.

Би өөрөө удам дамжсан цэргийн хүмүүс байдаг гэж хэлсэн. Өвөө минь мөн энэ салбарт ажиллаж байхдаа цэргийн хүндэт медалийг авч тэтгэвэртээ гарч байсан. Тэр ч утгаараа энэ шагналыг хоёр удаа авсан минь их баярламаар, бахархмаар санагдуулж байсан.

-Хүн болгон л өөрийн гэсэн зорилго бас мөрөөдөлтэй. Та ирээдүйд ажил мэргэжлийн тал дээр юуг зорьж мөрөөдөж байна вэ?

-Нийслэлийнхээ иргэдийг осол авааргүй, алдаа эндэгдэлгүй сайхан энх тунх байгаасай. Мөн онцгой байгууллагын алба хаагчид эгнээнийнхээ дундаас дахиж битгий нэгнийгээ явуулаасай гэж л хүсэж байна.

Залуучууд маань бүгд толгойдоо мэдлэгтэй, гартаа чадвартай тийм л аврагч байгаасай. Дээрх бүхний төлөө зориосой гэж хүсэж байна.

-Ярилцсанд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2024-05-17 08:26

ЭНЭ ХҮН ЭНД БИЧСЭН ШИГ 18 ЖИЛ ОНЦГОЙД АЖИЛЛААГҮЙ ЮМ БАЙНА. 2008 ОНООС АЖИЛЛАСАН ГЭХЭЭР 16 ЖИЛ БОЛЖЭЭ. НЭГ ХҮН ИЙМ ОЛОН ХҮНИЙГ АВАРСАН НЬ ҮНЭН БОЛ МОНГОЛ ЧИНЬ ГАМШИГИЙН ОРОН ЮМ БИШ ҮҮ ?

Зочин
Зочин
2024-05-17 21:05
Reply to  иргэн

Атаархуун бэ

Зочин
Зочин
2024-05-17 09:51

mundag2

Зочин
Зочин
2024-05-17 09:51

Гайх�##�тай

Зочин
Зочин
2024-05-17 09:52

Баярл�##�ааа таньд эрүүл энхийг хүсье

Зочин
Зочин
2024-05-17 09:52

Amjilt

Зочин
Зочин
2024-05-17 10:02

Мундаг з�##�уугаар үнэрээр бахархав баярл�##�аа

Зочин
Зочин
2024-05-17 10:02

Sain bnaaa iim humuus llon baih boltugai

Зочин
Зочин
2024-05-17 10:14

Улсын их хурлын ажлаа ингэж хийж болдоггүй пм байхдаа ингэж хийвэл ямар сайхан бэ чин сэтгэлээр

Зочин
Зочин
2024-05-17 11:04

Энэ хүмүүсийн гавьяаг үргэлж сайшаааж урам зориг өгч байх энэ хүмүүсийг ойлгож буй нэг илэрхийлэмж нь юм шүү

Зочин
Зочин
2024-05-17 11:05

Uneheeer ih baharhaj bna bayrlalaaa

Холбоотой мэдээ

Back to top button