УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Бонд босгох “бор шувуу”

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот маань “Амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй ухаалаг хот” болно гэж “Алсын хараа-2050”-д тусгажээ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот 2050 он гэхэд орчин цагийн метрополитан болж, дагуул хотуудтай хаяа зэрэгцэн нийлж, эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн дэд бүтэц эрс шинэчлэгдсэн, эдийн засгийн хувьд бие даасан нийслэл болохоор зорьж байна.

Тэгвэл Нийслэлийн Монгол Ардын Нам 2020 оны орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Алсын хараа-2050” хөтөлбөрийг бодит ажил хэрэг болгох хүрээнд хотын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн байна. Ингэхдээ Улаанбаатар хотын эрх зүйн байдлыг дээрдүүлж, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулж, эдийн засгийн томоохон “эрх мэдэл”-ийг өөртөө төвлөрүүлэхээр зэхэж байна. Энэхүү хуулийн өөрчлөлтөөр Улаанбаатар хот бонд босгож, нийгэм-эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлж, урт хугацаандаа эдийн засгийн хувьд бие даасан тогтолцоотой болох юм.

Улаанбаатар хот үнэт цаас гаргаж, хөрөнгө оруулалт босгох замаар Эмээлтийн Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк, Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв, Багахангай  дүүрэгт  Хөнгөн  үйлдвэрийн  үйлдвэрлэл,  технологийн  парк, Багануурын үйлдвэр, технологийн парк болон Налайхын барилгын материал, үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулж, хотын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.

Улаанбаатар хот үнэт цаас гаргаж, эдийн засгийн хувьд бие даасан болох асуудал сүүлийн 10 гаруй жилийн турш яригдаж, шийдлээ олж чадаагүй юм. 2013 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Дэлхийн банктай хамтран анх удаа бонд гаргах ажлыг эхлүүлсэн байдаг. Жил гаруйн хугацаанд тооцоо судалгаа хийж, 2014 онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар бонд гаргах журмыг баталсан.

Бонд нь хүү өндөртэй, төлөх хугацаа богино байдаг учраас нийслэлийн бондын хөрөнгийг Налайхын аж үйлдвэрийн парк, Ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах, хуучин орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах гэх мэт хурдан хугацаанд эргэн төлөгдөх боломжтой төсөлд зарцуулахаар журамд тусгаж байсан юм. Тухайн үед Дэлхийн банкнаас 347 тэрбум төгрөгийн бонд гаргах боломжтой гэсэн тооцоо гаргасан ч бодит ажил болоогүй бөгөөд бүр 2016 онд Өрийн удирдлагын тухай хуулиар нийслэл үнэт цаас гаргах эрх нь бүрэн хаагдсан юм. Харин 2019 онд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлээд байна. Энэхүү хууль батлагдсанаар Улаанбаатар хот бонд босгож, Нийслэлийн Монгол Ардын Нам 2020 оны орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.

Магадгүй бонд гаргаж, улсын өрийн таазыг нэмэгдүүлэх нь хэмээн шүүмжлэх хүмүүс багагүй гарах байх. Гэвч улс болон орон нутгийн төсвөөс нийслэлд хийгдэж буй хөрөнгө оруулалт маш бага бөгөөд эдийн засгийн өндөр үр ашигтай дээрх төслүүдийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй юм.

Тэгээд ч олон улсад томоохон хотууд бонд гаргах замаар хөрөнгө босгож, ирээдүйд үр ашгаа өгөх томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хөдөлгөж, амжилттай яваа туршлага цөөнгүй бий. 2018 байдлаар дэлхийн хот болон мужийн бондын зах зээл нийт 3.8 их наяд ам.доллараар хэмжигдэж буй тухай “Investopedia” тэмдэглэжээ. Төсвийн хөрөнгө оруулалт хязгаарлагдмал нөхцөлд зах зээл дээр бонд гаргах замаар хөрөнгө босгож, хөгжлийн хөтөлбөрүүдээ санхүүжүүлдэг жишиг дэлхийн бүхий л улс орнуудад бий.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button