НийгмийнСурвалжилга, НийтлэлЭнтертайнмент

ЯПОН ДАХЬ МОНГОЛЧУУД 08| Токиогийн Монгол караоке төгрөгөөр тооцоо хийдэг - #ZALUUS

Нэг ч Монгол хүнгүй, Японы буйдхан арал хотод анх амьдрахаар ирж байв. 47 мянга гаруйхан хүн амтай энэ хотынхоо байранд унтахаар хэвтэхэд гадаа мэлхий “дуулалдаж”, хааяа Монголын хээр хөдөө унтаж байгаа шиг ногоо, чийгний үнэр хамар цоргиулдаг сан. Амьдардаг байр маань орон сууцны гурван давхарт мөртлөө л тагтан дээр нь гүрвэл гүйлдэж, элдэв янзын хорхой шавьж шатан дээр хөлхөлдөцгөөнө. Ямарсайндаа ковид19 эхлээд удаагүй, Солонгос Япон хоёр улс өвчлөлийн тоогоороо дэлхийн анхаарлын төвд байхад манай тэр хотод нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байв. Токиод маск олдохгүйн улмаас хүмүүс ажилдаа явахын өмнө, үүрээр гарч дэлгүүрийн үүдэнд дугаарлаж байна гээд л үлгэр шиг мэдээ зурагтаар үзэж сууна. Ажил, дэлгүүр, цэцэрлэг рүү хэд хэдэн уул даваад л, алхана, дугуйгаараа жийнэ. “Өглөө эрт ажил руугаа дугуйгаараа жийж явтал замын хажуугаас баавгай гарч ирж хүн айлгаж гэнэ” ч гэх шиг тийм л буйдхан, зэлүүд сууринд бид гурван сар амьдраад дараа нь Токиогоос цаг гаруй зайд орших Сайтама муж дахь одоогийн энэ гэртээ ирж суурьшсан билээ. Хаашаа ч харсан огт танихгүй, төстэй хувцастай, төстэй үсний засалт, төстэй цүнхтэй, төстэй гуталтай хүмүүсийн урсгал дунд, тэдний нэг болж урсаад нэг мэдэхэд жил хагасын хугацаа өнгөрчихөж.

Олон Монгол хүн энэ хавьд амьдардаг гэж сонсоод л анх метрогоор явахдаа “Энэ олон дунд монгол хүн байгаа болов уу” гэж хулгайн нүдээр харж, горьдонгуй сонсож явдаг байснаа сүүлдээ ч шантарч орхив. Ядаж л Японы метро, автобусанд утсаар ярих нь бүү хэл, хоорондоо ярих нь ч ховор. Бусдын амгалан тайван байдлыг алагдуулахгүй гэж тэр. Өнөөх өвсөн дотроос зүү эрэх гэдэг шиг хэдэн сая хүний урсгалаас монгол хүн хайна гэдэг цагийн гарз. Үнэндээ эрж эрж оллоо гэхэд “Сайн уу” гэж дуугарах зориг хүрэхгүй ч байж мэднэ. Барааг нь харахад л хань болох юм уу даа. Ай даа, “хүний бараа” гэдэг шиг “монгол хүний бараа” гэж... Ийм л нэг Монгол хүнээр дутагдаж явах үедээ гэнэт л олон олон Монголчуудын дунд яваад орчих нь тэр. Жил хагасын дараа. Эгээ л замбараагүй олон шуудай үр тарианаас шигшиж, шигшиж тав, зургааханыг гаргаад ирчихсэн шиг яг тэр жижиг өрөөнд Монголчууд л ирээд суучихаж. Улаанбаатарын аль нэг гудманд, магадгүй 3,4-р хороолол, “Хүүхдийн 100”-ийн ч юмуу даруухан мухлагт тухлаж байх шиг тэд өөр өөрсдийн ширээнд толгой нийлүүлэн ярилцан суух нь эгээ л эх орондоо очсон шиг, дотрыг баяр хөөрөөр дүүргэсэн билээ. Энэ газар бол Токиогийн яг төвд байрлах, залуухан монгол эзэнтэй “Залуус” нэртэй караоке юм.

Нэмэлт: Үэно бол Токиогийн үндэсний музей, Үндэсний “Өмнөдийн урлагийн музей”, Токиогийн Урлагийн их сургууль болон Токиогийн хамгийн том амьтны хүрээлэн зэрэг соёлын өндөр ач холбогдолтой газрууд байрладаг, жуулчдын урсгалаараа дээгүүрт тооцогддог газар юм. Энэ өртөө нь Японы олон яруу найрагч, уран бүтээлчдийн дуу шүлэгт дурдагддаг гэдгээрээ ч мөн алдартай. Энд бизнес эрхэлнэ гэдэг Монгол хүнд бүү хэл Япон хүнд ч сорил болдог нь гарцаагүй. Өдөртөө л сая сая гаруй хүн хөлхөлдөж өнгөрдөг энэ том өртөөнөөс 10 минут алхаад л “Залуус” караокед очино. Харин Юүшима газар доогуурх шугамын буудлаас буугаад 15 секунд алхаад тэдний хаалган дээр ирчихдэг аж.

ЯПОНД ИРЭХ ЕРӨӨЛ, УЧРАЛ

Токиогийн энэ хүний хөл хөшилдсөн газраас 10 жилийн өмнөх Улаанбаатар руу, эндэхээс дутаад байхааргүй олны хөлд дарагдсан Багшийн дээдийн гудам руу эргэн хөрвөцгөөе. МУИС, МУБИС-ийн хэд хэдэн сургууль байрлахын зэрэгцээ, оюутны байрнууд шил шилээ даран байдаг энэ орчны гудмыг “Дүлийгийн гудам” гэж хошигнодог байсан нь санагдана. Хүн, машин нь нэг л замаар учраа ололцон явдаг бөгөөд яарч, адгасан жолоочид урд алхах оюутнуудыг замаас холдуулах гэхдээ дуут дохиогоо тасралтгүй хангинуулсан ч үхэр мэт хээв нэг зам дээрээ тайван алхаж байдаг болохоор нь “Дүлийгийн гудам” гэдэг болж л дээ. Энэ гудмаар хот хөдөөгийн олон оюутнууд өөр өөрийн “гутлыг өмсөн”, өөр өөрийн “ачааг” үүрэн хөлхөлдөх бөгөөд тэдний дунд алхаж яваа нэгэн охины түүхийг бид энд өгүүлэх болно.

Садангийн эгч нь Японд байдаг гэнэ. Үлгэр домгийн юм шиг л газар байдаг бололтой. Тийшээ л явж байвал амьдрал сайхан болчих шиг санагдаж. Их сургуулиа төгсүүт ажил төрөл хийхийн оронд Япон явна гэж л зориг шулуудан алхаж яваа нь энэ. Яаж явах юм, ямар ажил хийх юм, яаж сурах юм, ямар хэлээр ярьдаг юм, юу ч мэдэхгүй ч “Японд л сурна” гэсэн зорилготой жаахан охин. Ингэж явахдаа л тэр цаашдын амьдралд нь тохиох олон олон сонихон учрал, тохиолуудынхаа эхнийхтэй нь таарсан юм. Багшийн дээдийн тэр эмх замбараагүй олон байшингуудын нэгнийх нь дээрх “Япон хэлний сургалтын төв” гэсэн бичиг азаар ч юмуу, тавилангаар ч юм уу бүү мэд нүдэнд нь тусаж, ямар ч найдлага тавилгүй, зүгээр л, янз нь хөлөндөө хөтлөгдөөд тэр танил дотно бус газар руу яваад орчихсон нь 2012 онд мөрөөдлийн Япон улс руугаа явах гарц нь болжээ.

- “Tayo Bridge”-ийн Цээгий эгч шүү дээ, танина биз дээ? гэж нийтлэлийн минь гол дүр над руу нүдээ томруулан, ихэд найдлага тавин асуув. Эгээ л “Майкл Жэйксон шүү дээ” гэх шиг итгэл төгс асуусныг бодоход олон олон хүүхэд, залуусыг мөрөөдөлтэй нь холбож өгсөн ачтай, буянтай, олон хүний итгэл хайрыг хүлээсэн хүн бололтой гэж би дотроо бодолхийлэв.

Тухайн үе нь 2012 он гэхээр Япон улс сонингийн тэтгэлэгээр эмэгтэй хүүхэд төдийлөн авдаггүй үе таарч л дээ. Харанхуй шөнөөр, тэгээд өдөр бүр амралтгүй ажилладаг, олон зуун хүнд сонинг дугуйн дээр ачаад явна гэхээр эмэгтэйчүүдэд ахадсан ажил гэж боддог байсан үе юм болов уу. Азтай ганц нэг эмэгтэй хүүхэд сонингийн тэтгэлэгээр Японд ирэх ч ихэвчлэн эрэгтэй хүүхдүүд л авах эрмэлзэлтэй байсан үе юмсанж. Тиймээс сонингийн хөтөлбөрөөр Японд ирэх зорилго нь биелэх эсэх нь эргэлзээтэй. “Азтай бол долдугаар сард, чадахгүй бол есдүгээр сард, энэ хоёр бүтэхгүй бол явж чадахгүй шүү” гэдгийг Цээгий эгч түүнд ойлгуулжээ. Одоо харин сонингийн хөтөлбөрөөр ирсэн охид, бүсгүйчүүдийн тоо олширсон гэж дуулсан.

ХАРАНХУЙД ШИДЭГДЧИХСЭН”

2012 оны есдүгээр сар. Япон улсад хэлний бэлтгэлийн шинэ элсэлтээр оюутан болж ирлээ. Азтай учралаар тэр сонингийн хөтөлбөрт тэнцсэн цөөхөн охидын нэг болж чадсан юм. Одоо мөрөөдөл биелэчихсэн юм шиг санагдаж хүсэн хүлээсэн газраа хүрээд ирчихсэн шиг болно. Гэвч…

Тэр шөнө нэг жаахан Монгол охин амьдралдаа анх удаа л харж байгаа, дотно биш хийцтэй, хав харанхуй, чив чивээгүй байшингуудын дунд цор ганцаар, нэг ч танилгүй, нэг ч найз нөхөргүй, хэл ус ч үгүй, өчигдөрхөн унаж сурсан дугуйндаа уул овоо шиг их сонин аччихсан, хаанаас юунаас эхлэхээ мэдэхгүй, аагим халуунд бас харанхуйд уусан алдан зогсож байв. Хүмүүс ид унтаж байх үед тэр ажиллана. Шөнийнх бүү хэл өдрийн ч ажил хийж үзээгүй “цагаан гартай” хүүхэд гэнэт л энэ зах хязгааргүй харанхуйд шидэгдчих шиг хоёр өдөржин, шөнөжин уйлав. Нулимс нь цаанаасаа л урсаад л, урсаад л, уйлаад л, уйлаад л байж.

Тэгээд гурав дахь өдрөөсөө гэнэт уйлахаа больчихсон. Ерөөсөө яг л өргөс авчихсан шиг. Бүх зүйлдээ дассан, бүх зүйлийг байгаагаар нь хүлээн авч, ард нь гарч эхэлсэн. Эсрэгээрээ хүмүүстэй хурдан танилцаж, олон найзтай болж, шинэ зүйлсийг нээж олж, ямар гоё газар ирсэн юм бэ, яасан сайхан хүмүүс вэ гэж бодож эхлэв. Тэр хоёр өдрөөс хойш ахиж уйлаагүй, гэрээ санаагүй, хэцүү санагдаагүй, өнөөдрийг хүртэл. Ийм л хурдан Японд дасчих гэж үү.

Тэгж байтал сонингийн ажилдаа ч гаршлаа. Анхандаа хэцүү ч хийгээд сурчихвал ямар хялбар ажил болохыг төдөлгүй ойлгочихоод бүр хэвлэлийн үйлдвэрт давхар ажил хүртэл хийх болов. Яг тодорхой цагтай, цагтаа юмаа хийгээд дуусгачихвал гэртээ хариад амарчихна. Өглөө нь эртлэн хичээлдээ яваад, өдөр нь өөр ажил, тарж ирээд хэсэг унтан, шөнөдөө ажилдаа гарна. Цагаа зөв зарцуулаад, сахилга баттай байвал цалингаа ч авчихна, сургалтын төлбөрөө ч төлчихнө. Сонингийн ажлаас сурсан энэ нарийн тооцоо, яг таг цаг барьдаг зуршил нь өнөөдрийн түүнийг бүтээсэн гэж тэр бардам хэлэв. 300, 400 гаруй айл тус бүрт өөр өөр сонин тараах ёстой учир андуурч, эндүүрч тараавал хариуцлага хүлээнэ. Гэхдээ тэр сонингийн ажил хийсэн нэг жил хагасын хугацаанд нэг ч алдаа гаргасангүй. Бүр уйлаад явж байсан эхний хоёр өдрөө ч алдаа хийсэнгүй. “Алдаа гаргаагүй жил хагас болсон анхны гадаад оюутан” гэж Япон хүмүүс түүнийг урамшуулна. Алдаа гаргаагүй хүүхдэд сар бүр гурван сэн иэн буюу монгол төгрөгөөр 100 гаруй мянгыг урамшуулал болгон өгнө.Өдөр бүр хичээсний шан гэж тэр бодно.

“Салхитай бороотой цастай, зуны хар халуунд толгой эргэн унатал явах, төсөөлснөөс бэрх ч сонингийн ажил минь хувь хүний төлөвшил, санхүүд дэмтэй болохоор одоо ч заримдаа хиймээр санагддаг шүү” гэж нийтлэлийн маань эзэн хэлээд инээмсэглэв.

Сонингийн ажлын талаар ДЭЛГЭРЭНГҮЙ НИЙТЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ уншаарай.

ХОЁР МОНГОЛООС ХОРИН МОНГОЛ

Гадаад улсад ажил хөдөлмөр эрхлэхдээ хариуцлагатай ажиллаж байвал дараа дараагийн Монгол хүмүүстээ “том үүд хаалга” болж өгдөг нь бичигдээгүй хууль. Тэр л хуулиар жил хагасын хугацаанд нэг ч алдаа гаргаагүй, хоцроогүй, таслаагүй тэдний араас Монголчууд цуварсаар, нэмэгдэн ирсээр л байв. Тэд гэдэг нь анх Японд ирэхэд нэг Монгол ах хүү хамт ирж, бас л аз болж хариуцлагатай нэгэн байсан тулдаа тэр сонингийн газрын хоёр монгол даруйхан хорин Монгол болж үржигдэж л дээ. Хэрэв эхний хоёр Монгол ажлаа тааруухан хийсэн бол Японд ажил хайсан Вьетнам, Хятад оюутнуудаас их хүн байхгүй. Сонингийн ажлаасаа гараад ресторанд ажиллах үед ч ялгаагүй гурван Монгол жилийн дараа найм болж “үржигдсэн” байх жишээтэй.

Ресторанд ажилласан тухай нэгэнт ам алдчихсан учир, одоо хэлний бэлтгэлээ төгсөн шинэ ажил, шинэ сургуульд суралцах болсон тухай жил хагасын дараах амьдрал руу хөрвөцгөөе.

Төгсөлт

Симон буюу мэргэжлийн сургуульд элсэн орж, Монголд эзэмшсэн санхүүгийн удирдлагын мэргэжлээ гүнзгийрүүлэн суралцахаар шийдлээ. Тиймээс сургуулиа даган гэрээ нүүлгэх, ажлаа солихоос эхлээд асуудлууд ундрав. 2014 оны үе болохоор фэйсбүүк одоогийнх шиг хөгжөөгүй, байсан ч ажлын зар нийтлээд л нэгдэл, холбоо үүсгээд явдаггүй байсан үе байж. Энэ үед Монголчууд ажлыг ам ам дамжуулж, эрэл сурал хийж явсаар олно, олсон ажлаа голж шилэх эрхгүй, бушуухан орж авч санаа амарна. Ажилгүй удвал амьдралгүй, буцахаас өөр аргагүй. Ашгүй хамт Японд ирсэн найз нь Япон хоолны газар ажиллаж байна гэсэн холын сураг дуулдаж, тэнд нь очоод бушуухан ороод авав. Тэгээд тэндээ тогооч, зөөгчөөр дөрвөн жил ажиллав. Яёоикэн нэртэй энэ хоолны газарт өдөр нь ажиллаж, шөнөдөө Японы хамгийн том хүргэлтийн компаниудын нэг Яматод давхар ажиллана. Жил хагасын хугацаанд Яматогийн шөнийн ажлыг хийсний дараа энэ ажлаа болиод Монгол караокед зөөгчөөр гурван жил ажилласан юм.

“Миний цагийн ажлын түүх ердөө л энэ. Арав гаруй жилийн турш таван ажлыг хоёр хоёроор нь хослуулан хийсэн. Цагийн ажил байсан ч би аль болох тогтвортой ажиллахын хичээдэг” гэж тэр нухацтайхан нэмж хэлэв.

НЭГ ӨДӨР” 30 ЦАГААР АЖИЛЛАЖ ЭХЛЭВ

Би ер нь дандаа хоёр ажил давхар хийдэг байсан. Бид яагаад ингэж хоёр ажил хийдэг вэ гэвэл нэгийг нь тэр чигт нь төлбөртөө өгөөд, нөгөөг нь амьдралынхаа ерөнхий өртөгт зориулдаг юм шүү дээ. Хэрэв төлбөр нь ар гэрээс нь ирчихдэг хүүхэд байвал ганцхан ажил хийгээд, үлдсэн цагаа хичээлээ давтахад зарцуулах боломжтой. Тэр үед заримдаа би гурван ажил ч хийх үе гардаг байлаа. Ийм өдрүүдэд унтахгүйгээр ажиллана. Ихэвчлэн 30 гаруй цаг хичээллэж ажиллаад дунд нь нэг цаг унтаад, ахиад шинэ өдөр эхэлнэ. Ихдээ л хагас өдөр амрахаас биш бүтэн өдрийн амралт гэж байгаагүй. Энэ хугацаанд ажлаас ажлын хооронд метрон дотор, шөнийн ажлаа тараад шууд сургууль руугаа очиход арай эрт очсон бол жаал жуул нүдний хор гаргана. Одоо дүү нартаа би 30 гаруй цаг нойргүй яваад нэг цаг унтаад ахиад 30 гаруй цаг нойргүй явдаг байсан гэхээр “Битгий худлаа яриад бай” гэдэг юм. Эхний хагас жил учраа олох гээд ачаалал бага явсан. Дараагийн хоёр жил яг дээрх хэмнэлээр хоёроос гурван ажил ээлж дараалан хийж, хажуугаар нь хичээлээ амжуулж явсан. Хичнээн ийм байсан ч хичээлээ хэзээ ч тасалж байгаагүй. Японы сургалтын системийн хамгийн гол зүйл бол ирц, онц сурлаа ч ирц муу бол дараагийн улиралд дэвшин суралцах боломжгүй. Ийн би, бид шөнө унтах болгонд л шөрмөс татаж босдог цаг үеийг туулсан тулдаа төлбөрөө төлж, хоёр идэхгүй хоосон хонохгүй өдрүүдийн ард гарч сургуулиа төгсөцгөөсөн. Энэ зөвхөн миний түүх биш, Японд суралцахаар ирсэн олон оюутан залуусын адил түүх юм шүү”

Нэг өдрийн 30 цагтай ийм амьдралынхаа ард нь гарч одоо л нөгөө нэг магистрын сургуульдаа элсэн орох боломжтой боллоо. Гэхдээ ахиад л төлбөрөө олно, хэд хэдэн ажил давхар хийж, сурч, судалж, уншина. Олон жил ингээд явчихсан болохоор “угаасаа л ийм” гээд айхтар хүнд хэцүү ч санагдахаа больчихож. Сургуулиа ч “нүдэлж”, бичиг баримтаа ч бүрдүүлж дуусгав. Ахин нэг амьсгаа дээгүүр “аялал”-д гарахад тэр бэлэн болжээ. Гэсэн ч сургуулийн бүртгэл хараахан эхлээгүй байсан тул найзуудтайгаа арай өөр “аялал” төлөвлөн Солонгос улсыг зорьцгоов. Хэдхэн хоногийн энэ аялал нь харин түүнийг төлөвлөсөн газраас нь тэс өөр газар руу хөтлөх юм гэж хэрхэн санах билээ…

Солонгос яваад ирэх хооронд сургуулийн бүртгэл болоод өнгөрчихжээ. Гэнэтийн мэдээ цочролд оруулав. Бүх төлөвлөсөн зүйл, алсын хараа, ирээдүйн төлөвлөгөө нь эгээ л тээр дээрх тэнгэр дээрээс энэ шалан дээр палхийтэл унаад ороод ирчих шиг. Ёстой л тэнгэр хөмрөөд авах гэдэг нь болов. Нэг жил ахиад хүлээе гэсэн ч сургуульдаа орж чадаагүй учир виз нь сунгагдахгүй. Ингээд монгол буцахдаа туллаа.

ИНГЭЖ Л ӨРНӨХ ЁСТОЙ БАЙЖ

Сургуулиасаа хоцорчихоод л харамсаж, өөрийгөө зүхэж, зугаалахаа л бодож явсан, өдийг хүртэл юуны төлөө зүтгэсэн билээ гэж гутарч, хичнээн ч удаан өөрийгөө буруутгав. Гэхдээ, одоо бодож суухад энэ бүхэн ингэж л өрнөх ёстой байж, бурхан надад өгсөн зөв зам нь энэ байсан юм шиг санагдсан”

...арга барагдахдаа Японд өөрийн гэсэн компаниа байгуулсан найзаасаа нэг жилийн виза өгөхийг хүсэв. Амаргүй хүсэлт шүү, нэг ажилтныг нэр дээрээ жил байлгана гэдэг татвар тайлангаас эхлээд асуудал ихтэй. Гэхдээ л тэр найз нь тусалжээ. Энэ нэг жилийн виза дуусахын алдад манай бүсгүй өөрийн компаниа албан ёсоор байгуулан, хүсэл мөрөөдлийн караокегоо нээж, одоо харин өөрийн компани дээрээ визээ авч, өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

Сургуульдаа бүртгүүлж чадаагүй тэр өдрөөс хойш хөөцөлдөж явсаар компани байгуулах хүртэл хагас жил орчмын хугацаа зарцууллаа. Цагийн ажлуудынхаа хажуугаар бичиг баримтуудаа бүрдүүлж байсан учир тэгтлээ ч яарсангүй. Гэхдээ бичиг баримт бүрдүүлэхэд үнэхээр асуудалтай байлаа. Япон улсад компани байгуулахын тулд гадаад улсаас 50 ман иэнийг Япон улсад хөрөнгө оруулж буй гэх утгаар авбал гадаад хүнд компани байгуулах эрх олгодог. Тэгэхээр тэр мөнгийг заавал Монголоос өөрийн Япон дансандаа авах ёстой болсон. Гэтэл өдөр шөнөгүй ажилласан цагийн ажлуудынхаа хөлсийг нэгийг нь төлбөрт, нөгөөг нь амьдрах зардалд арай чүү зарцуулан хүргэж байсан түүнд тэр их мөнгө хаана байх билээ. Тухайн үед 500 ман иэн гэдэг 250 сая орчим төгрөг гэж үзэн Монголд тал талаас цуглуулан босгох их ажилд ханцуй шамлан орлоо. Энэ мөнгөө “босгож” чадлаа гэсэн ч асуудал эцэслэчихгүй. Ийм их мөнгө гэнэт л нэг хүний дансанд ороод ирэхээр Монгол банкуудад энэ мөнгөнийхөө эх үүсвэрийг батлан, хууль бус орлого биш гэдгээ нотлох шаардлагатай болсон. Энэ 200 сая төгрөгийг тэрнээс зээлсэн, харин тэр хүн энэ мөнгөө тэгж олсон гээд л давхар давхар батлагаатай байж гэмээнэ гадаад улс руу гүйлгээ хийх боломжтой болж байгаа юм. Яг үүнийг л батлах гэж ихэнх хугацаагаа зарцуулж орхив. Учир нь энэ их мөнгийг ганцхан хүнээс биш гарын арван хуруунаас хэтийдсэн олон хүнээс цуглуулан босгож байгаа шүү дээ, тэгтэл тэр бүх хүмүүсээ нэг бүрчлэн батлах шаардлагатай болсон гэж үзвэл ямар их хөдөлмөр орсон нь харагдана. Энэ бүхний ард гараад мөнгөний асуудал шийдэгдчихвэл Японд бичиг цаасны ажлаа бүрдүүлээд өгөхөд сарын дотор л компанийн бичиг баримт гараад ирдэг аж.

Энэ мэт олон хүний дэмжлэгээр анхны гараагаа хийж чадсан. Хэцүү байсан уу гэж асуувал, тиймээ гэж хариулна. Ар гэрийнхэн маань их сайн дэмжсэн. Найз нөхөд маань ч их дэмжсэн. Тийм болохоороо л хийж чадсан”.

ЯАГААД КАРАОКЕ ГЭЖ

Монголд, оюутан байх үе. Найз охидын маань нэгнийх нь ах караокетой байлаа. Бид хичээлээ тарчихаад л караоке руу нь уралдан гүйж туслана. Хааяа нэг өрөөнд нь орж хамтдаа хичээлээ давтаад л, хааяа дуулж хуурдан, хааяа хөзөрдөөд суучихна. Оюутан байх энэ л үеэсээ караокед дуртай болчихсон. Японд ирээд мөн л Япон караокед ажиллаж үзэх хүслээр дүүрэн, багц багцаар нь сонингийн зар ухаж, гүйсэн. Гэвч хэлний түвшин муу хангалтгүй шалтгаанаар хүссэн ажилдаа орж чадаагүй юм.

Харин тэр өдөр... Найзынхаа төрсөн өдрөөр. Санамсаргүй яваад Монгол караокед орохдоо караокений эзэгтэйгээс “Манайд ажиллах уу” гэдэг санал хүлээж авсан юм. “Гэнэтийн энэ саналыг би үнэн гэж бодоогүй, намайг огт танихгүй энэ эмэгтэй яагаад надад ийм санал тавьсан юм бол гэж гайхангуй бодоод мартагдсан байв. Харин сар гаруй хугацааны дараа мөнөөх эзэгтэй надтай ахин холбогдож, удалгүй би шинэ ажилдаа орсон юм. Киншичогийн Улаанбаатар нэртэй энэ караокед би Япон уух юмыг хийж, найруулж, үйлчилгээний соёлд нь суралцсан. Караокед өөрөө дуртай учраас суралцаж, хичээж явсаар нэг мэдэхэд гурван жилийн ард гарчихсан байв. Тэр үед л Япон дахь олон монголчуудыг таньдаг болохын зэрэгцээ ажлаа сайн сурж, өөрөө ч аз жаргалтай өдрүүдийг үдэж байлаа”

Япон караокед ажиллахыг хүсэж байсан нь учиртай гэв. Япон караокений стандарт, соёлыг сайтар судалж, суралцаад түүнийг монголд тэр чигээр нь оруулна гэсэн зорилго түүнд байв. Япон караоке монголынхоос тэс өөр. Гэтэл гэнэт л мөрөөдөл нь 180 хэм эргэж, эсрэгээрээ Японд Монгол системтэй караоке байгуулъя гэдэг бодол түүнд зурсхийв. Өөрийгөө чадна гэдгийг тэр дотроо баттай мэдрэв. Эхлэл хөрөнгөгүй, эсрэгээрээ сургалтын төлбөрийн өртэй. Гэхдээ чин сэтгэлээсээ хүссэн зорьсон юм биелэдэг л юм билээ.

2019 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 01. Энэ өдөр Токиогийн Үэнод “Залуус” караоке бэлгэдэл болгон үүд хаалгаа нээв. Хараахан дуусгаагүй зарим ажлаа амжуулаад, харин анхны үйчлүүлэгчдээ гуравдугаар сарын 07-нд авахаар зар тараасан юм. “Өнөөдөр ч хүн ирэхгүй дээ, хүмүүст төдийлөн танигдаагүй болохоор” гэсэн бодолтой бүсгүй тэйкнийхээ ард санаашрангуй зогстол хаалга цэлийтэл нээгдэн анхны үйлчлүүлэгчид орж ирэх нь тэр. Хундага, стакан, аяга, таваг хоёрыг, гурвыг бэлдээрэй, “Менюгээ өгөөрэй” гээд л өчигдөрхөн үйлчлүүлэгч ирэх үгүй нь мэдэгдэхгүй, хоосон байсан өрөөнд одоо “амьдрал буцалж” байна. Жил хүрэхгүйн өмнө хаачихаа, яахаа мэдэхгүй самгардан зогсож байсан, долоон жилийн өмнө Багшийн дээдийн гудмаар юу хийхээ ойлгохгүй гуниглан алхаж явсан мөнөөх охин одоо мөрөөдөл нь биелэчихсэн, Токио дахь өөрийнхөө караокед өөрөө үйлчлээд завгүй инээмсэглэнэ. Үлгэрийн юм шиг л. Удалгүй бүр ахиад ч хүмүүс нэмэгдэж ирэн, төрсөн өдрийн баяр хүртэл болж харагдана. “Бэлэг дэмбэрэлтэй тэр үйл явдлын орлогоосоо дээж болгон авч, одоог хүртэл хадгалдаг юм. Сонин сайхан учралуудын минь нэг гэж боддог. Энэ өдрөөс хойш манайх үйлчлүүлэгчээр тасраагүй ээ, Улаанбаатар караоке дахь үйлчлүүлэгчдээс эхлээд, ах дүү найз нөхөд, сонирхсон олны хөлд дарагдаж, хааяа үйлчлүүлэгчид минь багтахгүй буцах шаардлага ч гардаг байсан” гэж тэр сэтгэл догдлон өгүүллээ.

НАЙЗ АА, НААШ ИР, ГАНЦААРАА ЯВЖ БАЙГАА БОЛ ЭНД ИРЭЭД СУУ”

Хаана хайртай хүмүүс минь байна, тэнд гэр минь буй гэдэг шиг хаана Монголчууд байна, тэнд эх орон минь байгаа шиг санагдана. Хэл, соёл тэс өөр үй олон танихгүй хүмүүсийн урсгал дунд урсаж урсаж яваад ирцгээсэн юм болохоор Монголчууд энд ирээд биенээ танихгүй ч танил нь мэт, эх орон нь мэт дотно. Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэр минь шүү дээ, өндөр хөгжилтэй улсад, сайн сайхан байлаа ч ходоодныхоо мухраас бэтгэрсэн улсад ядаж л эх хэлээрээ ярина гэдэг ямар их тайвшрал, эдгэрэл болохыг хэлж мэдэхгүй. Зарим нь энд ирээд ганцаараа олон жил амьдарч, монгол хүмүүстэй төдийлөн ярьж уулзахгүй явсаар монгол хэлэндээ муу болчихсон ч байх нь бий. Гэхдээ хаа газраас Монгол хүмүүсийг зориод ганцаараа ч болов ирчихээд сууж байгаа нь алсуураа юу эсийг өгүүлэх вэ.

Энд харин бүгд л монголоор ярилцаж, монголоороо дуулж, хоорондоо танилцаж, хамт сууж, хамт идэж, хамтдаа хөгжилдэж, хамтдаа ярилцан, хамт бүжиглэнэ, уйлна, стрессээ тайлна. Юу эс болох вэ. Тэр үед л баяр жаргалаар бялхаж байгаа эдгээр хүмүүсийг хараад “Би зөв зүйл хийж дээ” гэсэн дүүрэн мэдрэмж бүсгүйн цээжийг дүүргэдэг билээ. Ялангуяа баяраар илүү их мэдрэгдэнэ. Бүгдээрээ нэг дууг хамт дуулаад л, хамтдаа босож зогсоод л, бүгдээрээ хундага тулгаад л, танихгүй ч гэсэн “Өө найзаа, нааш ир, ганцаараа явж байгаа бол энд ирээд суу” гэж биенээ дотночилно.

Ганцаараа гуниглангуй орж ирээд ганц хундага татаж суусан хүн буцахдаа баяр жаргалаар дүүрэн болоод инээмсэглээд гарахыг харах дуртай. Тэр хүмүүсийн алсад байгаа ар гэрийнхнийг нь бид нөхөж чадахгүй ч цээжин дэх хөндий хоосон зайг нь дүүргэдэгтээ дуртай”.

Үүнээс гадна Монголд алдартай хүмүүс эднийхийг зорин ирэхэд Энхсайхан дуртай. Нэр төрийн хэрэг гэж чамбайлан бэлдэнэ. Монголоос тоглолтоор энд ирээд Японы нүд хужирлам түүх, соёлын үнэт зүйлсийн хажуугаар эндэхийг зорин ирэх нь хамгийн сайхан гэнэ. Караокений ханан дээр Никитон хамтлагийн дуучин Батчулуун, Хакүхо аварга, Харүмафүжи аварга гээд л сүмод барилдаж байгаа Монгол бөхчүүд, Монголд төдийгүй Япон даяар нэр алдар нь дуурссан хүмүүс яг л энэ хүрэн улаан буйдан дээр суухаар, энэ буйдхан газрыг зориод ирнэ гэдэг хичнээн сайхан бэ.

"Залуус" караоке фэйсбүүк хуудсаас авч ашиглав

Заримдаа Монголчуудаас гадна гадаад хүмүүс ч ирнэ. Цагаан сар, наадмаар Монгол соёлоо тэдэнд чадах чинээгээрээ сурталчлаад авна. Эдний цахим хуудаст цагаан сараар зассан идээний аруулаас нь халбагаар амсаж байгаа Япон үйлчлүүлэгчийн зураг нийтлэгдэж, их л инээлдэж билээ бид. Монгол хоолны амтанд “орсон” Япон үйлчлүүлэгч ч бий. “Монгол хоолоо идье ээ” гээд л ороод ирдэг Япон өвөөгийн талаар тэр онцгойлон ярив. Анх нээгдсэн цагаас л Монгол хоол идэж, монгол дуу сонсоод гардаг энэ өвөө “Өө нөгөө тэр дуу байна шүү дээ” гээд дагаж дуулах нь ч бий. Сүүлийн үед Орос, Казак, Солонгос, Хятад хүмүүс ч зорьж ирдэг болсон нь гайхмаар. Төдийлөн элбэг биш Казак дууны сантай эднийхийг зорьж ирсэн оросуудаас сураг дууллаа гэсээр ирдэг Казак хүмүүс их болсон гэнэ. Угаас Монгол, Орос, Хятад, Англи, Солонгос, Япон, Казак гээд долоон хэл дээр дуулах боломжтой учраас гадаад хүмүүс ирсэн ч ямар ч асуудалгүй үйлчилж чадна. Гэхдээ энэ караокег анхнаас нь Монгол хүмүүст зориулж, эх орноосоо хол байгаа тэднийхээ элгийг дэвтээх гэж эхлүүлсэн болохоор тэр чигт илүү тэлэх сонирхол бага ч эх орныхоо соёл, хоол хүнс, дуу хөгжим, хэл усыг таниулж, дэлгэрүүлж буй гэж үзэн ор тас орхиж бас чаддаггүй гэвээ.

МОНГОЛ ИРЖ ОЧИХ ТАСАЛБАРЫН ШАГНАЛТАЙ ДУУНЫ ТЭМЦЭЭН

Япон улсад оюутан болж зургаан жил гаруй суралцахдаа жил болгон л “Монгол явах юмсан, ээждээ очихсон” гэж хүснэ. Хоёр, гурван ажил зэрэг хийдэг ч үнэндээ Япон дахь оюутнууд ганц сар л Монгол яваад ирэхэд амьдралын хэмнэл, ажлын урсгал, төсөв санхүү доголдчихдог. Эзгүй орхисон байр, ус цахилгаан, утасны төлбөр бүгд л амьдарч байсан юм шиг бодогдож гардаг учир амьдралын зардал эдгээр өдрүүдэд хоёр дахин үржигдэнэ. Эргээд хэвийн болох гэж хэдэн сарыг зарцуулна. Тиймээс л нэг ч болов хүний амьдралыг доголдуулчихгүйхэн гэртээ хариад ирэх боломжийг бэлэглэхсэн гэсэн хүслээрээ тэр тэмцээнийхээ хамгийн том шагналын санааг боджээ.

Улаанбаатар караокед гурван жил ажиллах хугацаандаа захирлуудаасаа зөвшөөрөл авч, санаачлан дууны тэмцээн зохиосон удаатай ч дотроо хүсэж байсан энэ шагналаа тэдэнд өгч чадаагүй. Өөрөө хүссэн ч захирал тэрийг батлаад, зөвшөөрөхгүй бол мянга хэлж, хүсээд чадахгүй шүү дээ. Дээр нь Монгол яваад ирэх хоёр талын онгоцны билет гэдэг тийм ч хямд бишээ. Тиймээс өөрийн хүслээ бусдад бий болгож бэлэглэх мөрөөдлөө дуугүйхэн тээж явсаар ажлаасаа гарчихсан.

Караокегоо нээгээд удалгүй л олон жил бодсон мөрөөдлөө биелүүлэхээр Япон дахь Монголчуудын дунд дууны тэмцээнээ зохиолоо. Энэ үеэр Япон дахь Монгол оюутан залуус тал талд л энэ тэмцээний талаар ярилцаж, орох нэг нь бэлдэж, дуу шуу болж байсан билээ. Чимээгүйхэн л цаг наргүйгээр урдах урдах ажлаа хийж явсан залуус гэнэт л авьяасаа “илчилж”, олон олон залуусыг ямар сайхан дуулж, хөгжимддөг болохыг энэ тэмцээнээр найз нөхөд нь хүртэл мэдэж авсан билээ. Ганцхан удаа тэмцээн зохиогоод энэ шагналаа өгчихнө гэхээр нэг л “дулимаг”. Ажил төрөл, хичээл сургуулиасаа болоод өдөр нь таараагүй олон хүмүүсийг бодолцож үзээд таван өөр өдөр, таван удаа тэмцээнээ зохион, тус бүрийн таван ялагчаас ахин нэг супер ялагчийг тодруулахаар шийдэв. Нэг тэмцээнд 7-10 хүн оролцож, дуунд дуртай хайртай 50 гаруй хүнээс нэг хүнд Монгол ирж буцах тасалбараа бэлэг болгон гардуулсан билээ. Ялагч нь гурван жилийн турш эх орондоо харилгүй суралцаж хөдөлмөрлөж байсан залуу байсанд бүр ч нүдээ олсон санагдаж, анх удаа өөрөөрөө ихээ бахархах мэдрэмж аван, баярлан бахадсан тухайгаа тэр харамгүй хуваалцсан билээ.

Монгол явах, ирэх тасалбараар шагнуулсан ялагч

КОВИД БА УНАЛТ

Ковид19 гарснаас хойш Япон улс уушийн газруудыг 20 цагаас хойш ажиллахгүй байхыг хүсэж байлаа. Хоолны газруудад зарагддаг шар айраг, виног хориглож Токио төдийгүй түүнийг тойрсон гурван том мужид энэ хөл хорио бараг хоёр жил үйлчилсэн юм. Ресторан, уушийн газруудын орлогын гол эх үүсвэр болсон бүтээгдэхүүнүүдэд хориг тавьснаар Японы олон бизнесүүд хөл дээрээ тогтоход бэрх болсон билээ. Хөл хорио тавигдсан ч ганц сар болов уу үгүй юу эргээд л хатуу хорионд орж, олон ч газар “хаалгаа барьсан” харамсалтай жилүүд байв. “Залуус” ч ялгаагүй байгуулагдаад жил болж, олонд дөнгөж танигдан, хөл дээрээ босдогийн даваан дээр бусдын адил хөл хорионы горимд шилжив. Зарлагаа дийлэхгүй саруудтай нүүр тулж, өрийг өрөөр дарсан өдрүүдийн ард гарсаар л байлаа. Ажлын цаг дууссаны дараа л ид хөдөлгөөнд ордог энэ салбарын хувьд 20 цаг хүртэл л ажиллана гэдэг нэг ёсондоо тэг зогсолтоос ялгаагүй.

Гэхдээ Япон улсын засгийн газраас бизнес эрхлэгчдийг маш их харж үзсэн шийдвэрүүд гаргаж байсан нь эцэг, эх шиг л өмөг түшиг болж байлаа. Тухайлбал, цагаа сайн барьж ажилласан газруудад мөнгөн тэтгэлэг сар бүр олгож байсан бөгөөд энэ тэтгэлэгээр бизнесүүд бүх урсгал зардал, татвар, тайлангуудаа давж гарч байв. Татвар өндөртэй энэ оронд орлого байхгүй ч бизнесээ хаачихгүй хэмжээнд барьж байх боломжоор хангана. Дээр нь дүрмийн дагуу, хууль зөрчихгүй л ажиллаж байвал дуртай нэг цагдаа, байцаагч орж ирээд л, шалгалт шүүлэг хийгээд байх дарамтгүй нь давуу тал болж байлаа. Тиймээс үүний хажуугаар яг зориод ирсэн эсвэл захиалга өгч, найз нөхдөөрөө цуглаж буй Монголчуудаа долоо хоногтоо 2-3 өдөр хүлээн авч бусад жижиг зардлуудаа нөхөж аргацаана. Энэ л журмаар өнгөрсөн хоёр жилийн ард гарч чадсан. Гэхдээ энэ хэцүү өдрүүдэд нэг ч удаа шантраагүй. Дараагийн сарын түрээсийн мөнгө байхгүй мөртлөө л инээгээд хэвтээд байх юм гэж найз нь хүртэл гайхна. “Тэнэгийн дотор уужуу юм болов уу” гэж тэр хариу хэлээд, тайван инээмсэглэнэ.

Түрээсийн мөнгөө эргэн тойрныхоо хүмүүсээс зээлнэ, дараа сарын түрээсийн мөнгө нэхэгдэхэд өмнөх сарынхаа зээлсэн мөнгийг төлж амжаагүй л байдаг. Гэхдээ “надад их боломж байгаа” гэдгийг харчихсан учраас өөртөө их итгэлтэй байсан. Нөгөөтээгүүр, хатуужилтай, хатуу эмх журамтай, чанга байж сургасан гэрийн хүмүүжил ч нөлөөлж байлаа. Би бага сургуульд байхдаа л өглөөнийхөө хичээлд зориулан орой бүр өмсөх хувцас, өмд, цамцаа орныхоо хөлд яг таг бэлдээд унтдаг байсан. Аав минь бага байхад өөд болсон болохоор эгч бид хоёрыг өсгөх гэж ганцаар гүрийж байсан ээжийгээ хараад илүү хатуужсан. Эцэг эх нь хамт байгаа амьдрал нэг өөр, хэн нэг нь дутуу байгаа амьдрал бас арай өөр шүү дээ. Би л хичээхгүй бол хамаг мөнгөө зарцуулж, итгэл найдвар тавиад явуулсан ээжийнхээ итгэлийг нь алдах вий гэхээс шантрах эрх байгаагүй, байгаагүй ч гэж шантрах тухай бодогддогчгүй байсан”

Гурван жил болсоор харин “Залуус” эхлэл хөрөнгө болон бусад зардлуудаа бага багаар нөхсөөр саяхан ард нь гарчээ. Одоо л нэг энэ шавилхан бүсгүйн нуруун дээрээс өөрөөс нь хэд дахин том ачааг нь аваад хаячихсан шиг гэрэлтсэн нүдээр инээмсэглэв. Тэгээд “Хэцүү үеийг тэсэж гарсан туршлага, мэдлэгээрээ одоо бүр их зүйлсийг хийж бүтээх урам зоригоор бялхаж байгаа. Ахин нэг шинэ эхлэл гэж харж байна” гэж тэр хэлэв.

БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ӨГӨХ ГУРВАН ЗӨВЛӨГӨӨ

НЭГ. УГТАЖ, МЭНДЭЛЖ, ҮДЭЖ СУР

Япон үйлчилгээний стандарт бол үйлчлүүлэгчийг “хаан” мэт угтаж, хүндэлж, үдэж өгдөг. (Жич: хаан гэдэг нь бяцхан хэтрүүлэг) Зөвхөн хувийн хэвшилд бус төрийн байгууллагуудад ч мөн угтах, үдэх ёсыг санаа зовнитол хийнэ. Тиймээс Япон үйлчилгээг байнга авдаг Монгол хүмүүст үйлчлэхийн тулд Японд үйлчилгээнд дөхөж очихыг чармайх нь зөв. Угтаж авч байна, үдэж гаргаж байна уу, харилцаа хандлага нь ямар байв аа, инээж байна уу, мэндэлж байна уу гэдгийг өөрийн эрхгүй л хардаг болчихдог. Монгол газар орлоо л бол бид Монголчууд, би эзэн нь гэсэн шиг “тэйк”-ийхээ ард бохь зажлаад л, утсаа ухаад л, юм яриад л, дуугарч ядаад л байж байхыг хүсдэггүй. Тийм газрууд бий. Бид бол тэгэхийг хүсдэггүй. үйлчлүүлэгч ирсэн байхад хэзээ ч тэйкнийхээ ард ийм үйлдлүүдийг хийдэггүй, бас ажилладаг хүүхдүүдээ ч үүнийг хатуу дүрэм болгон захидаг.

ХОЁР. ЦАГАА БАРИХ

Үйлчлүүлэгчийг хамгийн их бухимдуулдаг зүйл бол цагаа барихгүй байх явдал. Хаа холоос мөнгөө, цагаа зарцуулаад иртэл цагийн хуваариасаа өөр ажиллаж байвал тэр газарт ахиж итгэхгүй.

ГУРАВ. ЦЭВЭР ЦЭМЦГЭР БАЙДАЛ

Үйлчлүүлэгчээ угтаж авах газар хамгийн гоё цэвэр байх ёстой. Ялангуяа энэ ковидийн үед жижиг деталь дээр хүртэл ач холбогдол өгөх нь бизнесээ аварч үлдэх бас нэг чухал түлхүүр. “Залуус” цэвэр байдлаараа үргэлж үлгэр жишээ байхыг хүсэж, цаг тутамд хаалганы бариулуудаа ариутгаж, микрофоныхоо толгойг сольж, арчиж байхыг эрхэмлэдэг. Зарим Япон газруудад ч ийм үйлчилгээ үзүүлж чаддаггүй байхад тэд аль болох сайн газруудын жишгээр явахыг хичээнэ. Ажиллаж байгаа хүүхдүүдийг өлсөж цангах юм бол тэйкнийхээ ард биш гал тогооныхоо өрөөнд орж цай, усаа уух, хоол идсэн бол зайлшгүй амаа угаах зэргийг шаарддаг. Үйлчлүүлэгч дээр очоод ярилцахад амнаас нь хоол үнэртээд байж болохгүй. Тиймээс хувцас хунараа цэвэр сайхан цэгцтэй өмсөөрэй, үсээ сайхан боогоорой, оо сойзоо ойрхон байлгаарай гээд л жижиг гэлтгүй ач холбогдол өгч хичээдэг гэв.

САЙН ҮЙЛСИЙН ГАЦУУРХАН

Хүн боломжтой болсон цагтаа хүнд туслана” гэж хойшлуулаад байдаг. Гэтэл боломжийг бий болгож л хүнд туслах юм байна гэдгийг сүүлд ойлгосон. “Би завгүй, би өртэй” гэхээ болиод нийгэм рүү хандсан халамжийн ажилд идэвхтэй оролцож эхлээд байгаа.

Нэг - Батсүмбэр. Өнгөрсөн намар бүсгүй Монголдоо очоод иржээ. Долоон жилийн өмнө зурагтын нэвтрүүлгээр харсан хэдэн хөгшчүүлийн төрх сэтгэлд нь нуугдчихаад үе үе ил гарч өвтгөдөг болохоор энэ удаа Монголыг зорьсон нь энгийн ч нэг аялал биш байв. Үр хүүхэд шиг нь урдаас нь харж суугаад хэдхэн минут ярилцахсан гэсэн эгэлхэн бодол өвөртөлнө. Есдүгээр сарын 23-нд болох төрсөн өдрөө есдүгээр сарын эхэн болгож “өөрчлөв”. Дур мэдэн төрсөн өдрөө нааш цааш хөдөлгөх учир нь монгол явахаасаа өмнө найзуудаасаа төрсөн өдрийн хандив босгон, өндөр настануудад туслах байв. “Та нар надад бэлэг сэлт битгий авч ирээрэй, харин ирээд орлого оруулаад өгөөч, тэр орлого чинь асрамжийн газарт очиход хандив болж очино шүү” гэж найзууд руугаа хэл дуулгав. Төрсөн өдрийнхөө орлого дээрээ мөнгө нэмж цааш нь хийчихээд бяцхан судалгаа явууллаа. Батсүмбэрийн асрамжийн газарт 160 орчим настан байдаг. Үүний 60 орчим хүн нь хүнд, хэвтэрийн болон суумгай байдалтай байдаг аж. Бүгдэд нь хүрч чадахгүйгээс хойш ядаж энэ хэвтэрт байдаг хүмүүст хэвтрийн хүний живх, дотуур хувцас, таяг, нурууны цоорлоос сэргийлэх гудас зэрэг яг хэрэгцээт зүйлсийг тодорхой болгов. Үүнээс гадна дөрвөн ч том тэргэнцэр худалдан авч очжээ. Харамсалтай нь ковидоос үүдэн өндөр эрсдэлтэй бүлэг болох настай хүмүүстэйгээ уулзаж чадалгүй, үүднээс нь буцсан болохоор дараа дахиад бэлгээ аваад л, уулзаж ярилцахаар очно.

Хоёр - Гацуурхан. Шинэ жилийн уур амьсгал оруулахаар зассан гацууран дээр нь нэг өдөр хэн ч юм бэ 1000 иэн тавьчихсан байх нь тэр. “Хүүе яах гэж мөнгө тавьсан юм болоо, би одоо энэ мөнгөөр чихэр авч идэх юм байхдаа” гэж тоомжиргүйхэн бодоод өнгөртөл нэг мөнгө нь хоёр, хоёр нь гурав болж үржсээр нэг мэдэхэд чамгүй их мөнгө цуглараад ирэв. Тоомжиргүйхэн тоглоом шоглоом болгож байсан бүсгүй гэнэт л бодов. Хүмүүс сайн сайхныг бодож тавьсан энэ мөнгийг нь яг тэр сэтгэл шиг нь сайн үйлсийн аянд зориулъя гэж шийдэв. Цугларсан 700 гаруй мянган төгрөг дээр орлогоосоо нэмээд Монголд байдаг нурууны мурийлттай аав охин хоёрт зориулан илгээв. Харин 2021 оны 12 дугаар сард бүр “Цугларсан мөнгийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулна” гэсэн уриатайгаар албан ёсоор гацуураа зассан. Цугласан мөнгө дээр мөн тодорхой хэмжээний мөнгө нэмээд 1-2 хүүхдэд тэргэнцэр авч өгөхөөр судалгаа хийж байгаа аж.

Энэ мэтээр түүний сайхан сэтгэлийн ажлуудыг үргэлжлүүлэн дурьдаж болох юм.

ТООЦООГОО МОНГОЛ ТӨГРӨГӨӨР ХИЙЖ БОЛОХ УУ

-Болно оо

-Заавал дансаар шилжүүлэх үү? Бэлэн 25 мянган төгрөг л байна

-Бэлэн мөнгө байсан ч болно оо… гээд л хаа байсан Япон улсад монгол төгрөгөөр худалдан авалт хийхээр хүмүүс ярилцаж байгаа нь энэ. Угтаа бол монгол төгрөг гадаадад гарч ирээд сувинер маягийн л зүйл болчихдог, монгол төгрөгийг худалдаж авах банк Японд ховор доо, ховор. Тиймээс Монголоос аль нэг хувцасны минь халаасанд “тулайчлаад” ирчихсэн 60 гаруй мянган төгрөгийг яахаа мэдэхгүй, хоёр жил хадгалаад саяхан Монгол руу өгч явуулсан билээ. Хааяа нэг халаас хоосрох үед мөнөөх мөнгөө гаргаж ирээд, энд солиулж болдог сон бол гэж эргүүлж тойруулж хараад буцаагаад далд хийхээс өөргүй.

Над шиг ийм хүмүүст л зориулаад “Залуус” маань тооцоогоо монгол төгрөгөөр хийх боломжийг нээжээ. Дансаар, бэлэн мөнгөөр аль алинаар нь байж болно. Үйлчлүүлэгчдийнхээ гаргасан санаа, эрэлт дээр тулгуурлан саяханаас энэ үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд анхны үйлчлүүлэгч нь бэлэн 25 мянган төгрөгөөр нэг шар айраг авсан гэсэн. Үйлчлүүлэгчдээ хүрч ажиллаж, тэдний хүсэлд нийцүүлэх гэсэн хичээл зүтгэл, алхамуудын минь л нэг гэж тэр тайлбарлав. “Учир нь байнга зориод ирж байгаа үйлчлүүлэгчдийнхээ ачаар л бид оршин тогтнож байгаа шүү дээ. Тиймээс биднийг гээд ирдэг Монголчууддаа бүгдэд нь маш их баярлалаа. Итгэлийг нь алдахгүй хамгийн цэвэр цэмцгэрээрээ хүлээн авч үйлчилж, илүү их шинэ зүйлийг сэдэж хийх болно. Чин сэтгэлээсээ та бүхэнд баярлалаа” гэж ахин дахин цохон тэмдэглэв, тэр.

2019 онд анх удаа Монголчуудын дунд зохиогддог "Хаврын баяр"-т оролцсон ч түүнээс хойш хоёр жил ковид19 цар тахлын улмаас оролцож чадаагүй билээ.

Тэгээд ковидын хөл хорионоос үүдэн хоёр жил завсарлаад, удахгүй болох гэж байгаа Монголчуудын “Хаврын баяр”-т оролцохоор хэрхэн амьсгаа дээгүүр гүйж байгаагаа ярив. Бид үргэлжлүүлэн түүний Ховдод төрж, хот руу нүүсэн тухай бага нас, Налайхад суралцаж, ахлах ангидаа шилжсэн тухай, Отгонтэнгэр их сургуульд Санхүүгийн удирдлагын анги төгсөн, ахынхаа үл хөдлөх хөрөнгийн компанид жил хүрэхгүй нягтлан хийж үзэж байсан тухай, тэгснээ бүр тэс хөндлөн эргэж, караокедоо зохиодог хоолны өдөрлөгүүдийн тухай, наадмаар хуушуур хайж ирдэг монголчуудынхоо тухай, өглөө тэднийг ирэхийг хүлээн догдлон суудаг тухайгаа, баяр наадмын нээлтийн шууд дамжуулалт зурагтууд дээрээ тавьчихаад л хөөрцөглөн хүлээдэг тухай нь ярилцав. Тэгэнгээ түүний караокедоо зардаг гарын буузыг нь хүртэж, сүүтэй цайг нь оочлов. Тэгээд тэднийхээс гараад мөнөөх их “хүн гол”-ынхоо урсгалд явж орлоо. “Ахин ирэхдээ окякүсама болж ирээрэй” гээд тэр үүдэн дээрээсээ хагас бөхийн биднийг үдэв. Окякүсама гэдэг нь окякү буюу үйлчлүүлэгч, хэрэглэгч, “сама” буюу харилцагчаа өөрөөс нэг түвшин дээш өргөмжлөн хэлэх залгаврын нийлбэр юм. Сама гэх хүндэтгэлийг бурхан, хаад зэрэг үгийн араас өргөмжлөн хүндэтгэж ашигладаг билээ.

НИЙТЛЭЛ ХЭРХЭН БҮТСЭН БИЧЛЭГИЙГ ЭНД ДАРЖ ҮЗЭЭРЭЙ

ӨМНӨХ КОНТЕНТ:

ЯПОН ДАХЬ МОНГОЛЧУУД 07 | Монгол инженерийн НЭГ ӨДӨР

Дэлгэрэнгүйг энд дарж уншаарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 2, 2022 08:54

Амжилт, хичээнгүй сайхан бүсгүй байна. Эх орны мөнгөн тэмдэгтийг хайрлаж байгаа нь т�##�архууштай.

Зочин
Зочин
5 сар 2, 2022 11:46

Хөөрхөн юм өө, мөрөөдлийнхөө төлөө тууштай чин сэтгэлээсээ зүтгэвэл биелүүлж болдог гэдгийг харуулж э

Зочин
Зочин
5 сар 3, 2022 18:41

Дүүгээ амжилттай явааг хараад баярлаж байна улам их амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button