Сурвалжилга, НийтлэлЭРҮҮЛ МЭНД

45 насандаа НЭГДҮГЭЭР АНГИД дахин сурна

-Таны Япон хэлний түвшин хэд вэ?

-Сүүлд харин шалгалт өгөөд үзсэн чинь N4 гайгүйхэн аваад гараад ирсэн шүү. Давраад N3 өгч үздэг юм билүү гэж бодоод амжсан. Япон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд их ээлтэй болохоор охиноо аваад тэнд амьдардаг юм билүү гэж бодож байсан юм.

-Тэгвэл Солонгост магистрт суралцахдаа ямар хэлээр хичээлээ үзсэн юм бэ?

-Солонгосоор л үзсэн дээ. 40 насанд шинэ хэл сурах жаахан бэрх л юм билээ.

-Одоо Энэтхэгт очоод Англи хэлтэй хөтөч бий юу?

-Өвчний талаар орчуулах орчуулагч бий. Гэхдээ өдөр тутмын амьдралд үйлчлэхгүй шүү дээ. “Хау аюү”, “Хаи, аэм фроом Монголиа” гээд явж байтал болох байлгүй хө.

-Багш аа, та ингэхэд охиныхоо төлөө хэдэн хэл сурахаар байна даа?

-Аа, ер нь их л олон болох шинжтэй байна шүү гээд бид инээлдэв. Багш нээрэн, амьдралын баяр баясгалан нь халгиж цалгиж, хавь ойрынхоо хүмүүсийг өег дулаан мэдрэмжээрээ бүрхээд л авчихдаг, ёстой ховор хүн шүү гэж тэрхэн зуур бодоод амжив. Тэгэхдээ багшийн нөгөө өег дулаахан нөөлөгт хэдийнэ орчихсон сууж байгаагаа анзаарав.

… “37 насандаа одонгийн хүүхдээ өлгийдөн авсан Нараа багшийн минь бага охин өвдөж гэнэ” гэсэн яриа шавь нарынх нь дунд яригдах болов. Удалгүй “Багш Сувд охиныхоо төлөө 1000 ширхэг утасны дугаар шүрээр хэлхэж зараад охиноо эмчлүүлэх гэж байгаа гэнэ” гэж дуулдав. Энэ тухай “Шөнө бүр нэг л айлын гэрэл асаалттай, тэр гэрэлтэй цонхны цаана охиноо эрүүл саруул болгох гэсэн нэгэн ээж шүр, сувдаар дугаар хэлхэн байна” гэж эхэлдэг сурвалжлага долоон жилийн өмнөх юм. Эхний зургаан сард хөхөөрөө хооллоод л, бүх товлолт вакциндаа бүрэн хамрагдаад явсан Сувд охин зургаан сартайдаа ханиад хүрч, дөнгөж сулхан дааж байсан толгойгоо бүр дааж чадахаа больсон болохоор нарийн мэргэжлийн эмчид үзүүлэн, анх тархины саажилттай гэсэн оношоо сонссон билээ.

-Багш аа, долоон жилийн өмнө та 1000 дугаар шүрээр хэлхэж дуусгасан шүү дээ. Зорилгодоо хүрч чадсан уу?

-Саажилттай хүүхэд оношоо зөв тогтоолгож, шалтгаан нь юу юм гэдгийг мэдэх хамгийн чухал. Хавсарсан нийлмэл, хоёрдогч, гуравдагч хүндрэлүүд бий юу, сонсголын болон харааны бэрхшээлтэй юу, оюуны хоцрогдол бий юу гэдгийг мэдэж авбал түүнээс шалтгаалан эмчилгээнүүдээ хийдэг. Иймд иж бүрэн үзлэгт орж, охин бид хоёр яг “хаана зогсож байгаагаа” мэдээд, дараа нь “хаашаа явах вэ” гэдгээ шийдэх хэрэгтэй болсон. Анх саажилтын эмчилгээгээр тэргүүлдэг Герман улс руу явна гэж зорьсон ч 21 мянган евро шаардлагатай болсон болохоор тоймгүй тэр их мөнгийг хаанаас олох билээ. Ингэж 1000 дугаар шүрээр хэлхэх хандивын аянаа эхлүүлсэн дээ.

Долоон жилийн өмнө...

Багш ихэнх шөнө ганцаараа, заримдаа шавь нартайгаа бяцхан шүрнүүдийг эвлүүлэн, цуглуулан, хэлхээд л байж хэлхээд л байж. Өдөр шөнийг умартан хэлхсээр 1000 дугаар хэлхэж, борлуулжээ. Хотын гудамд хэлхээ сувдан дугаартай машинууд зөрж өнгөрөхөд л багшийн улаа бутарсан, нүүр дүүрэн инээмсэглэсэн царай нүдэнд харагдана. Охиныхоо төлөө үгийн сөхөөгүй төвлөрчихсөн суугаа багш төсөөлөгдөж хайр хүрнэ. “Хүнээс зүгээр мөнгийг нь авмааргүй байна өө” гээд инээгээд хэлж байгаа нь сонсогдоно. “Унасан ч гэсэн ухрах замгүй, ээжийгээ илүү сайн хүн болгох гэж ирсэн юм болохоор хичээнэ дээ” гэж багш ярина. Энэ хандивт олон хүн ч тусалж, гар бие оролцож байлаа. 1000 дугаар хэлхэхэд 10 сая төгрөг болох тооцоо байсан ч материал болон хүргэлтийн зардлыг хасаж тооцоод түүндээ хараахан хүрч чадаагүй гэсэн. Гэхдээ энэ мөнгөө хандивын тоглолт зохион байгуулан хэд дахин өсгөөд авъя гэж шавь нартайгаа шийдэн хөдөлсөн ч тоглолтыг хүн бараг л үзээгүй болохоор дампуурчихаж.

СОЛОНГОСТ СУРАЛЦАХААР ЯВСАН НЬ

Сая л 1000 дугаар хэлхээд охиноо бүрэн оношлуулах зардал олчих юм шиг байсан ч санаснаар болсонгүй. Гэхдээ Нараа багш юм чинь юу гэж шантрах вэ, бушуухан дараагийн төлөвлөгөөндөө оров. Солонгост ажиллахаар эсвэл суралцахаар очвол эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт гэр бүлд нь ч мөн үйлчилж 70 саяын эмчилгээг бүр 30 саяар ч хийлгэдэг гэсэн “жиг жуг” сонсов. Хамт олон, танил нөхөд, шавь нарын хандивласан нийт 16 сая төгрөгийг шууд л Солонгост суралцахад зарцуулахаар шийдэж, багш маань 39 насандаа ахин оюутан боллоо.

-Багшаа, та Солонгост хэдэн жил болсон юм бэ?

-Дөрвөн жил болсон шүү, эхний хоёр жилд ганцаараа, сүүлийн хоёр жилд охинтойгоо хамт.

Эхний хоёр жил хэлний бэлтгэл болохоор гэр бүлээ татан авах боломжгүй визний төрөл байлаа. Багш энэ хооронд тэсгэл алдахдаа охиноо аялалын визээр нэг авах гэж үзсэн ч татгалзсан хариу сонсоодохов. Тиймээс дараагийн удаад “бат араанд” нь хийхээр шийдэж, хэлний бэлтгэлээ төгсөж, магистрын эхний улиралд дүнгээ гаргаж дуустлаа гүрийхээр сэтгэл шулуудлаа.

“Охингүй хоёр жил зовсон. Би чинь уг нь их амьдралын баяр баясгалантай хүн шүү дээ. Гэхдээ тэр хоёр жил ёстой миний амьдралын хамгийн гунигтай, уйлсан хоёр жил байсан. Чемоданаа чирээд л охин руугаа явчихмаар байвч хүмүүсийн хандивласан мөнгийг цацчихаад ингээд харих юм уу, ядаж тэр мөнгө минь гэрт байсан бол охиноо аваад Хөх хот ч болтугай явчих байсан юм, одоо харих нүүр надад байхгүй гээд л юу эсийг бодох вэ”.

Тэгээд л багш өглөө нь хичээлдээ, өдөр нь ажилдаа, шөнөжин ахин хичээлээ нухаад л, 40 насандаа шинэ хэлэнд шамдаад л, шинэ мэргэжил харь хэл дээр эзэмшихээр гүрийж байгаа юм. Эхний улиралуудад Солонгос хэл юу ч мэдэхгүй болохоор анги дээрээ “хөвөөд л, хөвөөд л” байна. “Багш хичээл заагаад л би наана нь үүлтэй тэнгэрийн доогуур, үзүүртэй модны дээгүүр гэгчээр юу ч ойлгохгүй, тэр дээгүүр л явдаг байлаа шүү дээ” гээд хөхрөв. Харин орой нь ажлаа тарж очоод өдөр сонссон зүйлсээ үг, өгүүлбэр бүрчлэн толь бичгээр уйгагүй хөрвүүлнэ. Үүнийхээ хүчинд гуравдугаар улирал гэхэд багш зарим асуултад хариулдаг болж, дараа нэг улиралд бүр дүнгээр тэргүүлэн “Монгол улсын иргэн” гэж ирээд л нэрээ дуудуулан шагнуулав. Багш хэлний бэлтгэлийнхээ хамгийн ахмад нь, тэр бүү хэл багш нар нь хүртэл багшаас залуухан байсан гээд боддоо. Хичээлээ тасалвал, дүнгээ муу гаргавал анх авсан төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт цуцлагдах учраас багш өдөр бүр, өглөө бүр, шөнө бүр, цаг минутаар хичээж байлаа. Зорилго нь Хунам их сургуульд сэтгэл судлалаар магистр хамгаалах, бүүр чинадын зорилго нь бушуухан их сургуульд ороод охиноо авч ирэх. Гэхдээ хичээлүүд бүгд Солонгос хэлээр, дээр нь шинжлэх ухааны нарийн хэллэгтэй мэргэжил учир гадаад хүн бүү хэл Солонгос хүн суралцахад бэрх салбар гэсэн. Гэхдээ багш хичээсээр 41 настайдаа охиныхоо төлөө, жил гаруйн дотор сурсан шинэ хэлээрээ их сургуульд элсэн орж чадлаа.

ПУСАНЫ БУУДАЛ ДЭЭРХ БЯЦХАН ОХИН

2018 оны 11 сарын 01. Багш яг хоёр жил, хоёр сарын дараа охинтойгоо уулзахаар Пусаны нисэх онгоцны буудал дээр зогсоно.

БНСУ-д ээж охин хоёр сакүра дэлгэрэх цагаар

-Та уйлсан уу?

-Охиноо хараад л чухам их уйлах юм болов уу гэсэн эсрэгээрээ, цаанаасаа их баяр хөөр төрөөд харин ч их инээсэн шүү.

Ингэж л багш зорилгодоо хүрсэн юм. Солонгост амьдарсан хоёр жилийн хугацаанд тэд өнгөрсөн бүх хугацаанд хүсэж, мөрөөдөж байсан бүх оношилгоо, үзлэгт хамрагдаж “бидний биеийн байдал яг ямар байгаа вэ” гэдгээ итгэл төгс, эргэлзэх зүйлгүйгээр мэдэж авсан юм. Хариу нь Сувд охинд хоёрдогч хүндрэл огт байхгүй бөгөөд танин мэдэхүйн хувьд жирийн хүн шиг хөгжих бүрэн боломжтой гэсэн мэдээ байв. Багш шууд л “Одоо тэгвэл охиныхоо толгойтой нь ажиллах ёстой юм байна” гэж ойлгож шийдэв. Энэ хоёр жилийн хугацаанд Сувд охин Солонгост физик эмчилгээнд хамрагдан өдөр өдрөөр илааршиж байсан авч дэлхийн нийтийг коронавирусын цар тахал эхэлж, ээж охин хоёр айдаст автах нь тэр.

Тухайн үед мэдээлэл дутуугаас ковид гэдэг өвчин чинь аймшигтай санагдаж байсан үе. Охиноо хүний нутагт өвчин тусгаад алдчих вий гэж их айсан учраас бушуухан гэртээ харих хүсэл болж, охинтойгоо чартер нислэгийн хуваарьт багтах гэж хичнээн удаа өнжиж байж эх орондоо ирж байлаа. Намайг ирэхэд Монголд коронавирусын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байлаа шүү дээ. Гэтэл жилийн дараа бид өөрсдөө дэлхийг айлгачихна гэж хэрхэн мэдэх билээ”

ОХИНОО УНШИЖ СУРГАХ ДАРААГИЙН АЯЛАЛ

“Охиноо жирийн сургуульд сургана аа. Саажилттай залуусын ярилцлагыг сонсоход тэд бүгд л “Анхнаасаа жирийн сургуульд сурах байсан юм” гэдэг. Тиймээс охиноо заавал жирийн сургуульд өгнө гээд тархиндаа бичээд авчихсан” гэж багш хэлэв.

Гэхдээ хүндрэлтэй хүүхэд учраас охиноо жирийн сургуульд явуулна гэж ямар ч үндэслэл, бэлтгэлгүй зүтгээд л, бүх ачааг ангийнх нь багшийн нуруун дээр муйхраар тохчих хүн багш бишээ. Охиноо жирийн сургуульд явуулахын тулд багш өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн ажлаа хүлээлгэн өглөө. Тэгээд охиндоо гэрээр үсэг зааж, нэгдүгээр ангид ороход нь уншуулж сургасан байхыг зорив.

“Одоогоор миний охины гар өөртөө тусалж чадахгүй. Сургуульд ороод А үсгээ бичиж чадахгүй болохоор сэтгэлзүйн хувьд дарамтанд орж магадгүй гэж үзэн унших хөтөлбөр эхлүүлсэн. Одоо унших хөтөлбөрийнхөө дагуу эхний 200 үг, 25 холбоо үгээ уншаад сурчихсан байгаа. Дараа нь богино өгүүлбэрийн ном, удаах нь нь урт өгүүлбэрийн ном, үргэлжлүүлэн жирийн үлгэрийн номууд унших байдлаар суралцана. Энэ бол Гленн Доман гэх АНУ-ын эрдэмтэний гаргасан тархины гэмтэлтэй хүүхдүүд буюу аутизм, даун, уналт таталт, саажилт, хоцрогдол, хэт хөтөлгөөнших эмгэгтэй хүүхдүүдэд хүртэл уншиж сурах боломжийг нээсэн арга юм. Гол нь хүүхдүүд ээжтэйгээ тоглож байна гэж бодонгоо суралцаж байдагт энэ аргын гайхамшиг оршдог”

Ээж охин хоёр хичээлээ хийж буй нь

Гленн Доман гэж эрдэмтэн тархины гэмтэлтэй хүүхдүүд уншиж сурахад зөвхөн оюун ухаан хөгжөөд зогсохгүй бие эрхтэний хувьд ч хөгжил явагдаж байгааг анзаарчээ. Солонгост байхад ч хүүхдүүдэд хөдөлгөөн засал хийхдээ бие эрхтэнийг нь барьж, базлахаас түрүүлэн хүүхдийн тархитай маш их ажиллаж байгааг багш анзаарчихсан байв. Хүүхдийн итгэлийг олж, ярилцаж, харилцаа үүсгэсний дараа хүүхэд эмчээс айхгүй, уйлахгүй учир булчин ч чангарахгүй, эмчилгээ үр дүнгээ өгдөг гэж үздэг. Энэ аргыг ч багш өөртөө шингээн авчээ. Токио дахь онцгой хүүхдүүдийн хөдөлгөөн заслын багш ч бас энэ тухай дурьдаж байсан билээ.

Дэлгэрэнгүй нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу.

МӨРӨӨДЛӨӨ БИЙ БОЛГОСОН НЬ

Багш, Сувдаа хоёр Сувиллын цэцэрлэг, яслын 10 дугаар цогцолбор нэртэй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэгт суралцаж байсан билээ. Энэ цэцэрлэгээс багш охинтойгоо харилцах, хамтрах их зүйлсийг суралцаж авсны нэг нь хүүхэдтэйгээ хамт мөрөөдлөө бий болгох аялал байв. Нэг сургалт дээр “Хүүхдүүддээ зорилго, мөрөөдлийг эцэг эхчүүд нь өөрсдөө бий болгоод өгчих. Ээж нь ганцаараа зорилго тавьчихаад байдаг, хүүхэд нь хөдлөхгүй бол үр дүн гарахгүй. Харин хүүхэд өөрөө хүсэж мөрөөдвөл түүнийхээ төлөө ээжээсээ хоёр дахин их хичээдэг. Тиймээс ээж нь хүүхдээ зорилготой, мөрөөдөлтэй болгож өгөөд хамтдаа тэр зорилгынхоо төлөө тэмүүлээрэй” гэж. Багш энэ үгийг дотроо бодон бодсоор, охиндоо мөрөөдөл бий болгохоор шийдлээ. Үзэж байгаа кино нэвтрүүлгүүдийг нь ажиглав, анзаарав, түүнд ямар чадвар, авьяас илүү байна вэ? Удалгүй л Сувд минь хөгжмийн хэмнэлийг маш сайн мэдэрдэг, хурдан тогтоодог гэдгийг нь багш ядах юмгүй мэдээд авав.

-Чи ийм сайн сонсголтой дээр нь ийм гоё сүмбэн хуруутай юм чинь хөгжимчин болвол ямар вэ. Чи хөгжимд дуртай юу?

-Дуртай

-Ямар хөгжимд дуртай вэ? Хийл хөгжим гоё юм бишүү

-Үгүй, би хийл дарахгүй

-Тэгвэл лимбэ даръя л даа

-Үгүй ээ

-Тэгвэл төгөлдөр хуур ямар вэ гэвэл Сувд харин баяртайгаар толгой дохих нь тэр. Ингээд тэд бяцхан сүмбэн хуруунуудаараа хаан хөгжмийг уяраах, төгөлдөр хуурч болох мөрөөдлөө үүсгэсэн юм.

ОХИНЫХОО АЧААР АХИАД НЭГДҮГЭЭР АНГИД СУРАЛЦАЖ ҮЗЭХ НЬ

Сувд охин ирэх есдүгээр сард сурагч болно. Хичээлийн шинэ жилээр тэргэнцэртэйгээ ороод харин хавар төгсөхдөө тэргэнцэрээ түрээд босоод ирнэ гэж багш итгэж байгаа. Үүний төлөө бүхнийг хийнэ гэж тэр инээмсэглэн хэлэв. Багш охиноо уншуулж сургахаар ажлаасаа гарсан, үргэлжлүүлээд гурван жилийн турш охинтойгоо хамт ЕБС-д суралцана. “Хувьтай хүн чинь шал өөр юм өө, 45 насандаа ахиад нэгдүгээр ангид сурах нь байна шүү дээ гэж би хүмүүсийг инээлгэдэг юм. Сургуульд суралцаж байх үед нь бүх өдөр, бүх цаг минутад охиныхоо хажууд байж, ууя гэхэд нь уулгаад, шээе гэхэд нь шээлгээд л, ядарлаа гэхэд нь амраагаад л эхний гурван жилд яг дагаж явна гэж төлөвлөөд бие сэтгэл бүх юмаа бэлдээд жин тан болгочихсон. Гэр бүлийн хурал хийгээд, санхүүгийн хувьд хүндрэлтэй байх ч бүгд тэсэж, ард нь гарна гээд ам нийлцгээсэн” гэв.

Ийн байгаа бүхэндээ талархаж, бүгдийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч, ирээдүйн зорилго, төлөвлөгөөгөө тавьсан нэгэн гэр бүл. Саяхан харин сонсоход итгэмгүй, гэнэтийн нэгэн мэдээ ирсэн нь Сувд охин эв эрүүл, сав саруул болж, өөрөө алхаж, өөрөө бүгдийг хийж, бий болгосон мөрөөдөлдөө хүрэх бүрэн дүүрэн боломжтой гэдэг мэдээ байв.

ТАНЫ ОХИН АХИЖ ХЭЗЭЭ Ч ӨВДӨХГҮЙ”

Энэтхэг улсад тархины саажилтын оношоос хамааран бүрэн эдгэрэх боломжтой хагалгаа хийдэг тухай мэдээ багшийн сонорт хүрэв. Ковид гарахаас өмнөхөн 13 настай, доод мөч нь саажилттай, суумгай болчихсон охиноо аваад Энэтхэг улсыг зорьсон ээж “Одоо охин минь 15 настай, хөлд орчихсон, ганцаараа хичээлдээ явдаг болсон” гэж. Багш бушуухан л тэр хагалгааны талаар Англи хэл дээр мэдээллүүд эрж хайлган уншуулахад үнэхээр л боломжтой гэдэг нь алхам тутамд батлагдаж эхлэх нь тэр. 1990-ээд оноос эхлэн хийж эхэлсэн энэ түгээмэл хагалгааг дэлхийн хэд хэдэн улсад хийдэг ч хамгийн ойрын хугацаанд, хамгийн бага зардлаар хийлгэх боломжтой газар нь Энэтхэг байв. Өдийг хүртэл Солонгос, Япон, Хятад гээд л Азийн орнуудынхаа эмчилгээг л судлаад байж шүү дээ. Тэр дор нь Энэтхэг рүү материалаа илгээж, Солонгост өгсөн шинжилгээний хариу, зураг, бичлэгүүдээ хавсаргав.

ХАРИУ НЬ: “Танай хүүхэд саажилтын хамгийн хүнд хэлбэр буюу дөрвөн мөч нь чангаралтай ч хагалгааны маргаашаас л дөрвөн мөчний өвчин ор сураггүй алга болно. Ахиж хэзээ ч тэгж өвдөхгүй” гэв.

“Энэ үгнийх нь төлөө л бид хагалгаанд ороход бэлэн. Бүхнээ зориулна.Бидний шөрмөс татахад өвддөг тэр өвдөлтийг охин минь өдөр бүр мэдэрч байдаг. Харин энэ өвдөлтийг хагалгаа хийлгэсний дараа мэдрэхээ болино гээд боддоо. Гайхамшиг биш гэж үү. Гэхдээ миний охин бусад хүүхдүүд шиг хагалгааны дараачаас шууд хөлд орчихгүй. Долоон жил хэвтэрт байсан учир булчин, булчингийн масс, өөх гэх юм юу ч байхгүй. Үүнээс цааш хөдөлгөөн засалд уйгагүй явж, ээж нь хичээж чадах юм бол хөлд орох боломжтой гэсэн. Энэ л гайхамшиг шүү дээ. Нэгхэн хувийн боломж байхад бид түүнийг 100 хувийн боломж болгох боломжтой. Тиймээс үлдсэн 99 хувьд нь хичээнэ. Мөнгөтэй байгаад БОЛОМЖГҮЙ гэсэн хариу сонсохын оронд мөнгөгүй байгаад БОЛОМЖТОЙ гэсэн хариу сонсох чинь хавь илүү. Тиймээс л би мөнгөгүй байсан ч боломжтой гэсэн хариу горьдож, залбирч үзүүлсэн дээ”

ЭЭЖИЙГЭЭ ИЛҮҮ САЙН ХҮН БОЛГОХ ГЭЖ ИРСЭН ЮМ

Багш хүний нутагт, огт мэдэхгүй байсан хэлээрээ гэнэт л шинжлэх ухааны нарийн хэллэг ашиглагддаг сэтгэлзүйн салбар шинжлэх ухаанаар суралцах болсон шалтгаан нь бас л Сувдхан нь. “Охины бие насан туршдаа өвдөх нь тодорхой боллоо, би үүнд төдийлөн тусалж чадахгүй юм байна. Харин ядаж сэтгэлийг нь эрүүл байлгахад туслаж чадах юм шиг байна” гэж багш бодов. Хүндхэн хар ажлыг хөлсөө дуслуулан хийхийн хажуугаар шинэ хэл суралцаж, тэр хэлээрээ ийм мэргэжлийг ийм насанд сурах амар байгаагүй. Гэхдээ охиныхоо төлөө тэр суралцсаар л байлаа.

“Охин минь миний 37 насанд төрж, 38 настайдаа би охиныхоо оношийг сонсож байсан. Тэр оношийг эмчийн өрөөнд сонсоод уйлж суусан Нарааг бодоход одоо үнэхээр хэцүү. Гэтэл би 38 настай, амьдрал тогтчихсон, дөрөв дэх хүүхэд минь ийм оноштой. Би эрүүл саруул хүүхэд өсгөөд үзчихсэн, эрэгтэй эмэгтэй хүүхэд өсгөөд үзчихсэн, ийм ээжид ийм хүнд цохилт болж байгаа юм чинь дөнгөж амьдрал зохиож байгаа, залуу хүүхдүүд, анхных нь хүүхэд ийм онош сонсвол үнэхээр хүнд цохилт болох юм байна гэдгийг ойлгосон. Тийм болохоор өөрөөрөө дамжуулаад, охиноороо дамжуулаад хүмүүст урам зориг өгье, нэг ч гэсэн хүний сэтгэлд гал бадраая, нүдэнд нь оч асаая гэж чин сэтгэлээсээ хүссэн. Ийм настай эгч ингэж ингэж хичээж байгаа юм чинь би ч гэсэн хичээе, нээрээ ингээд хичээвэл хүүхэд минь хөгжих юм байна гэж бодоосой гэж хүссэн. Би чинь 20 гаруйхан настай хүүхдүүдийн хувьд “Настай хүн” шүү дээ гээд тэр бас л инээлээ.

Охиныхоо эмчилгээнд явж ирээд дараа нь ахиад нэг мөрөөдөл түүнд бий. Буйдхан газарт өөрийн гэсэн кофе шоп нээчхээд л, жирийн хүнд ч үйлчлээд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй эцэг эхчүүдэд ч үйлчлээд л, сэргээн засах хүүхэд хөгжлийн өрөөтэй, тэндээ хоорондоо туршлагаа солилцоод л, эсвэл эцэг эхчүүд надтай ярилцаж сэтгэлээ уутлаад л, хүсвэл хамт уйлаад л, бүр эсвэл тэнд ирээд чив чимээгүй суусан ч болно гээд л багш ирээдүйн кофе шопоо нүдэндээ төсөөлж байгаа бололтой, харц нь тээр тэнд алс хол аялаж байснаа, “Тэр болтол хичээнэ дээ” гэж шийдэмгий үргэлжлүүлэв.

НЭГ АСУУЛТАНД ХАРИУЛТ ХАЙЖ ЯВНА

Тархины гэмтэлтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бага насандаа сайтар ухамсарлахгүй ч өсвөр насанд хүрээд ээж ааваасаа хүндхэн нэг асуултыг асуудаг тухай 10 дугаар цэцэрлэгийн багш хэлэв. “Нэгэнт л би ийм байхад та намайг яах гэж өдий болтол амьд байлгасан юм бэ” гэх асуулт. Багш тэр асуултад шуудхан хариулж чадсангүй. Хариулт нь зүрх сэтгэлд нь бэлхэн байгаа ч хамгийн оновтойгоор илэрхийлэн гаргахын тулд, хамгийн оновчтой хариултыг олохын тулд сэтгэл судлалыг сонгосон. Тохирсон хариултаа олоогүй ч асуух өдөр ирвэл халуун дулаан, үнэн сэтгэлийн хариултаа олно гэдэгт багш итгэж байгаа.

“Охиныхоо оношийг сонссон өдрөөсөө эхлээд л би нээлттэй байсан. Хэзээ ч охиноо бусдаас өөр, бусдаас нууя гэж бодоогүй. Миний төрүүлсэн бусад хүүхдүүдтэй л адил миний хайртай эрхэм хүмүүсийн нэг. “Бид хамтдаа зүтгэж өнөөдрийг хүрлээ. Хэзээ ч чи орхигдсон, хаягдсан нэгэн байгаагүй. Чи бидэнтэй адил. Хамгийн эрхэм чухал хүмүүсийн минь нэг” гэдгийг зөвөөр ойлгуулах нь төгс хариулт болох байх”.

-“Миний охин чинь ээжийнхээ юу билээ”

-Бэлэг

-Тийм шүү дээ, бурхан ээжид нь хайртай болохоор ийм хөөрхөн охин заяасан байхгүй юу. Би ёстой яаж ч харсан, чамайг харах болгонд л ахин дурладагшдээ

-Мммм

-Чи ямар хөөрхөн юм бэ

-Харин тиймээ гээд л тэдний хайр дүүрэн яриа өрнөнө.

Том охин Сакура нь “Ээж та Сувдын өөртөө итгэх итгэлийг 200 хувь болгочих юмаа” гэж хошуугаа унжуулан, тэд ахин инээлдэнэ.

Эдний өнөр өтгөн гэр бүл Сувдыг өсгөхөд бүгд өөр өөрийн чухал үүрэгтэй. Сайн хань, сайхан үр хүүхдүүд нь байгаагүй бол өдий зэрэгтэй явах үгүйг мэдэхгүй гэж Нараа багш хэлэв. Үгүй тэр бүү хэл, амьдардаг хотхоны хүмүүс хүртэл Сувдыг өсгөлцөхөд тусалдаг, охинтойгоо хамт явж байхад цүнх тортой юмыг нь өргөлцөөд өгнө гэдэг чинь л хамгийн том тус байхгүй юу гэж багш хэлэв. Хотхоноосоо гараад автобусанд суухад хүртэл хүмүүсийн хандлага тус болно. Нэг үеэ бодвол нийгэм, хүмүүсийн хандлага илүү эерэг болсон учир яах аргагүй бас нэгэн тус гэж тэр талархана.

“Солонгос явахын өмнө охинтойгоо цуг автобусанд суухад хүмүүс их харна аа. Би охиноо уйдаахгүй гэж дуу дуулна, шүлэг уншина, янз бүр болно. Хүмүүс тэгэхээр яг л “Өө энэ нэг мэдрэл муутай хүүхэн мэдрэл муутай хүүхэдтэйгээ суучихаж” л гэж хардаг байсан. Ингээд дөрвөн жилийн дараа Солонгосоос буцаж ирээд охинтойгоо гадуур явахад нийгмийн хандлага ямар өөр болсныг харсан. Саажилттай хүүхдүүдийг ихэнх хүн мэдрэл муутай гэж хардаг шиг байна лээ. Хүний нүдэнд эвтэй харагдахгүй л дээ. Татсан, чангарсан, мушгирсан болохоор тэр. Булчингийн хэт чангарлаас болоод зарим үг нь тод сонсогдохгүй учир ойлгогдохгүй. Тайвшраад булчин нь суларсан байхад яривал хүн болгон ойлгохоор ярьдаг байхгүй юу” гэж багш үнэн голоосоо учирлан тайлбарлав.

....Багш 10 жилийн өмнө сургуулийн коридорт алхаж явахдаа ч нүүр дүүрэн инээмсэглэсэн энэ л хэвээрээ байсан. Багш нарын өрөөнд орж ирэхэд нь нар мандах шиг л цангинасан хоолойгоороо бусдад инээд бэлэглэж байна. Хичээл заахдаа бас л шавь нарыгаа инээлгэж, цаашлуулж, урамшуулна. Охин нь хүндхэн зүйлтэй нүүр тулсан ч яг л энэ хэвээр. Хүнд хэцүү бүхэн багшийн гэрэл гэгээ цацруулдаг зан чанарыг дийлээгүй гэж хэлж болохоор. “Охиноо харахаар уйлах биш харин ч бүр их хайрлаж, инээмээр санагддаг” гэж хэлсэн нь түүний дотоод ертөнцийн яг илрэл нь болохоор багшид бид хайртай байдаг. Бурхандаа өглөө бүр залбираад суудаг багшийн минь мөрөөдөл биелэж, охинтойгоо хамт хоёулаа нар гийтэл инээн алхах өдөр удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Энэтхэг улсад тархины саажилтыг эмчлэх буюу нугасны мэдрэлийн ёзоор таслах хагалгаанд ороход эхний ээлжинд 70 сая төгрөг шаардлагатай болж хандивын аян өрнүүлж эхлээд байна. “Сувд охины төгөлдөр хуурч болох мөрөөдлийг хамтдаа бүтээцгээе” хандивын аянд нэгдэхийг хүсвэл:

ХААН БАНК: 5021494986 /ээж М.Наранмандах/ дансаар хандив илгээх эсвэл 86882441 дугаарын утсаар холбогдох боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-04 09:36

Ээж охин хоёрт чин сэтгэлээсээ сайн сайхан бүхнийг хүсье.

Зочин
Зочин
2022-06-04 10:01

Ямар хөөрхөн юм бэ

Зочин
Зочин
2022-06-04 17:25

Ойрд ийм сайхан сэтгэл хөдөлгөсөн нийтлэл уншаагүй сэтгэл их хөдлөв. Эх хүн бүр ийм хүчтэй, Итгэл дүүрэн баых болтугай

Зочин
Зочин
2022-06-04 18:31

хоёр сайхан аз жаргсл хүсий

Холбоотой мэдээ

Back to top button