УРЛАГ

ДОТООД ТҮРЛЭГ | Аавуудын баяраар хуваалцах шүлгүүд

Өнөөдөр аавуудын өдөр ажээ. Эл өдөр дотроос минь түрэн гарсан аавын тухай шүлгүүдээ таны өмнө дэлгэж байна. Ихэнх нь он саргүй л. Ямартай ч хамгийн эхнийх нь 18-тайдаа бичиж байсан шүлэг байна.

Арван наймтын зүрхийг чагна...


Тогтуун бус

Адуу үүрссэн талд нэг л хүн дутаад

Амьд мэндийн тухай шувууд сэм шивнэлдээд

Уулс хүртэл гунигийн харцаар ширтэлцээд

Уйланхай жаал шиг тэнгэр ганц нэгээр дусагнаад

Эх орон минь тогтуун бус байна

Энд хэн нэгэн ирж жаргалын цуур эгшиглүүлээч.

Инээд цалгисан гэрийн хоймор эзгүйрээд

Ижий хар шөнөөр хананы нүд тоолж санаашраад

Өвөл нь дуусахгүй, зун нь ирж өгөхгүй санагдаад

Өнчирсөн зүрхнүүд гадаа хөлийн чимээ чагнаад

Эх нутгийн минь тэнгэр дор

Энд хэн нэгний сэтгэл  тогтуун бус байна.

Үүр цайтал уйлсан дүүгийн нулимсыг

Өдөржин  бурхан чөтгөр хоёр хундага харшуулж уугаад

Өчигдөрхөн л надад зориулж эсгэсэн баярын дээл

Өдөр өдрөөр багадаад, өнгө нь бас гандаад

Цаг хугацаа хүртэл

Цаг агаар шиг тогтуун бус байна.

Үзээгүй ертөнцийн тасалбарыг үлдээгээд алсын алсыг зорьсон

Өр зүрхний минь аргамж аав та минь эзгүй болохоор

Дэлхий хүртэл дайвалзаад л...


Хамгийн дулаахан шороон дор

Хамтдаа аавыг минь өлгийдсөн

Арваннэгдүгээр сарын салхи аа.

Уулс хэчнээн дүнсгэр царай муутай харагдана вэ?

Угтаа тэдний сүүдэрт өвснүүд галбираа гээж, бас олж

Шувууд нь амраглангаа тэнгэрт нисэх хүслээ тасчиж хаяад

Яс зурж өнгөрдөг ихийн их  хүйтнийг туулж

Яруу найраг, эсвэл орон гэрээ санаж алхах уйт их ганцаардагчийг

Шоовдор хүн гэж итгээд шоолж суудаг л байх.

Дүнгэнэн буй моддын дэргэд

Дүлий мэтээр сууж

Дөлөөд одсон хамгийн ойрын хүмүүсээ

Санан ганцаарднам, арван нэгэн сараа...

Хэсэг цагаан үүл

Хэн нэгнийг чандлаад

Хэсэгтээ л үл задарч сарнинам

Орь хүйтэнд хавирган завсраар салхи сийгэж

Цэл залуухнаараа даарч, жиндэхийн учигт

Чамайг л бодож алхнам

Хамгийн ойрын садан, арван нэгэн сарын салхи аа.


Бүргэдийн үүр шиг төрсөн гэртээ

Бүгтхэн ханиасаар аав минь ороод ирвэл

Бурханы өмнөх зул зураг хоёрыг

Бид хааш нь нуух билээ.

Галын дэргэд зогсоод хөшиж орхисон ээжийгээ

Гайхан зогсохыг хараад

Галын дэргэд зогсоо бидэн ч

Гал халуун нулимс унагах байх даа

Гал халуун нулимсандаа согтоод

Гар гараасаа хөтлөлцөөд дуулалдах л байх даа.

Нэг л өдөр гэгээ татуулаад ороод ирэх юм шиг

Нээрэн хүлээсээр байвал уулзах ч юм шиг

Нэг өдөр гэдэг нь маргааш ч байж болох юм шиг ээ.

Хойд уулыг шөнөжин бороо угааж

Хоолойд тээглэсэн үгс нулимс болж зангираад

Хонь малын бэлчээрт дуу тань бүдэгхэн сонстоод

Хаалга үүдээр гэнэтхэн л

Хаврын салхи адил ороод ирэх юм шиг санагдна.

Бүргэдийн үүр шиг төрсөн гэртээ

Бүгтхэн ханиасаар та минь ороод ирвэл

Бидний амьдралд өөр юу ч хэрэггүй ээ...


Хайлж буй цасны амтыг

Харцаараа мэдэрч

Амьсгалынхаа бүлээнийг

Агаарт худалдан зогсоно би...

Аавд минь дулаан хөнжил

Ахиухан хүнс болж мэднэ!

Хуйсарч буй тэнгэрийн дор

Хувцастай ч нүв нүцгэн зүрх минь

Чулуун хөшөөтэй ярилцаж

Цурхиран уйлна, уртаар санаашрана.

Эртийн хагацал ужиг өвчин болж

Энхэр бие минь гунигийн үүр болсон ч

Эмнэлгийн хаалга татахгүй!

Энэ өдөр гагц аавыгаа л дурсаж

Эдгэрэх учиртай...


Үймэгч намар

Аавыгаа хаана нутаглуулсаныг ч мэдэхгүй

Нутаглуулсан газар нь зориод очих ч зориггүй

Арван естэй ч амьдралаас уйдсан

Уйдсандаа уйлж үзсэн...

Эмтэрч дуусдаггүй чулуун зүрхтэй байж магад би!

Хүргэндээ өгнө гэж ижийн хадгалсаар л буй

Хөөрөгний даалимбин дотор нь бөндийж хэвтсэн нар

Хөөрхий эцгийн минь нулимс шиг бүлээн санагдаад

Хүрч үзье гэтэл салхи зүүн чихэнд

Хүний юм гэж хоёронтоо шивнэлээ!

...үүлс нүүсээр зүрхэн тушаа хунгарлах шиг

Үгс гэдэг будаа шиг олуул ажээ.


СалхилахУЙ

Цасан дээр үг бичиглэх хуруу

Даарах нь ч яамай гэж бодлоо.

"Санаж байна, түргэхэн ир!" хэмээх

Сайхан үгсийг би тэндээс үсэглэн зогсов.

Дөхөж очоод л харин түргэхэн нүдээ анилаа

Дүүрэн гуниг цээжин цаана далайн чимээтэй...

Дурсан санахад ойрхон атал

Дуслах нулимсны чимээг үл сонсох

Бээрч буй гарнаас ч үл атгах

Биднийг бүтээсэн баатар эзгүй.


Амьсгал хураахын өмнө та

Хэнийг бодсон бэ?

Ард үлдэж байгаа амьдрал

Амьдралд дадаагүй үрсээ

Яаж шуухан амьдрах бол

Ямар хүнтэй ханилах бол гэж

Бодож амжсан уу?

Эсвэл....

Анхны шөнөө нэхэн дурсаж

Аав болсон мөчөө санагалзан

Анх хэлд орсон өдрийг минь

Аньсгандаа тэвэрсээр одсон уу?

Хариулаач дээ ааваа!

Амьсгал хураахын өмнө хүн

Яг юу боддог юм бэ

Амрагаа юу, үрсээ юү

Алдаагаа юу?

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2022-08-09 00:15

Болор Цом дээр ч байдаггүй чансаатай шүлгүүд юм биш үү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button