Ярилцлага

Л.Төр-Од: Улс төрийн намуудыг "шилэн" болгох хуулийг Ерөнхийлөгчөөс хүлээж байна

"Транспаренси интернешнл Монгол" ТББ-ын тэргүүн Л.Төр-Одтой Монгол Улс авлигын индексээр ухарсан шалтгаан, улстөрийн намуудын санхүүжилтийг яагаад шилэн болгох шаардлагатай, ингэхийн тулд ямар хуульд өөрчлөлт оруулах вэ зэрэг асуудлуудын хүрээнд ярилцлаа.

-Монгол Улсын төсвийн, хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын, шүүх эрх мэдлийн тэгээд улстөрийн намын авлигын үзүүлэлтүүдээр ухарч, оноо алдсан-

-"Авлигын индексээр ухарлаа" гээд бид нэг хэсэг шуурцгаав. Гурван жил тогтвортой байж байгаад өнгөрсөн оны дүнгээр буурсан гол шалтгаан юу вэ?

-2022 оны авлигын төсөөллийн буюу түвшний индекст 179 орон оролцсоноос манай улсын оноо буурсан. Өмнөх гурван жилд тогтвортой буюу оноо буураагүй байлаа. Энэхүү индексийг дундаж оноогоор нь үнэлдэг. Энэ нь оноог гаргаж буй судалгааны байгууллагын үнэлгээтэй шууд холбоотой. Дэлхийн банк, Өрсөлдөх чадварын олон улсын хүрээлэн, Эрх зүйт ёсны индексийг гаргадаг байгууллагууд гэхчлэн Монгол Улсад тусгайлан үнэлгээ өгдөг.

Нэгдүгээрт, дотоодын буюу манай улсын судлаачдын өөрсдийнх нь үнэлгээ. Хоёрдугаарт, хувийн хэвшлийн захирлуудын үнэлгээ. Тиймээс үүнийг хараат бус хөндлөнгийн гэж үзэж болно.

-Шилэн нам буюу улстөрийн авлига голчлон нөлөөлсөн шалтгааныг тайлбарлавал?

-Дэлхий нийтэд 13 эх сурвалж бий. Монгол улсад найм нь хамаардгийн нэг нь "Олон улсын ардчиллын олон янзын байдал" гэх индекс. Энэ индекс 40 багцтай, тэр нь задраад 113 болдог. Үүний хоёр гол үндсэн индекс, шалгуур үзүүлэлт бий.

Нэгдүгээрт, улс төрийн авлига. Энэ нь өөрөө дөрвөн дэд шалгуур үзүүлэлттэй болон задардаг.

  • Нэгт, Монгол Улсын төсвийн байгууллагын авлига
  • Хоёрт, хууль тогтоох байгууллагын авлига,
  • Гуравт, гүйцэтгэх засаглал буюу Засгийн газрын авлига,
  • Дөрөвт, шүүх эрх мэдлийн авлига.

Хоёрдугаарт, улс төрийн намын институтчлал буюу байгуулалтын индексээр үнэлж байгаа.

Эдгээр үзүүлэлтүүдээр ухарч, хамгийн их оноо алдсан. Тиймээс нотолгоо, судалгаа шинжилгээнд суурилсан үнэлгээ гэж хэлэх бүрэн боломжтой.

-Тэгэхээр манайд намын санхүүжилтийг яалт ч үгүй шилэн болгох хэрэгцээ байна гэсэн үг үү. Энэ шинэтгэлийг хаанаас нь хэрхэн эхлүүлэх ёстой байдаг вэ?

-Тийм. 170 орны 70 хувийнх нь авлигын индекс буурсан. Үүний гол хүчин зүйл нь мэдээж улст өрийн авлига.

"Трансперенси интернейшнл" байгууллагын хувьд зөвхөн улстөрийн намын гэхгүйгээр өргөн утгаар нь сонгуулийн, кампанит ажлын санхүүжилт олон нийтэд нээлттэй, ил тод байх зарчмыг хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа.

Гурван жилийн өмнө иргэний нийгмийн 8, 9 байгууллагын судлаачид хамтран "Шилэн нам" эвсэл байгуулаад судалгаа хийж үзсэн. Улмаар улстөрийн шилэн нам гэдэг асуудлын хүрээнд УИХ-д суудалтай гурван намтай санамж бичиг байгуулсан. Үүний хүрээнд улс төрийн нам болон намын санхүүжилтийн шинэтгэл, реформ хийх үйл ажиллагааг эхлүүлж байлаа.

2019 онд Үндсэн хуульд 19-ийн штрик 1-ээр гурван заалт бүхий бүр цоо шинэ нэмэлт өөрчлөлт хийсэн . Энэ нь нэгдүгээрт улстөрийн нам нь улсын буюу үндэсний хэмжээнд бодлого явуулах, намуудын дотоод зохион байгуулалт нь ардчилсан байх, намын санхүүжилт, хөрөнгө нээлттэй ил тод байх, түүнийгээ олон нийтэд тайлагнадаг байх. Түүнээс гадна УИХ-д суудалгүй намуудыг санхүүжүүлэх зохицуулалтыг хуулиар бий болгоё гэсэн цоо шинэ зохицуулалт оруулж ирсэн явдал.

-Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг Ерөнхийлөгч өргөн барина гэсэн хүлээлттэй байгаа-

-Намуудын санхүүжилтийг шилэн болгох хүрээнд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт хангалттай гэж үзэж байна уу. Нэмээд бас ямар хуулиудад өөрчлөлт оруулах шаардлага байгаа юм бэ?

-Үндсэн хуульд орсон дээрх багц өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх үүднээс 2020 оны нэгдүгээр сард УИХ хоёрдугаар тогтоолоороо дагаж мөрдөх хууль тогтоомжид нийцүүлэх хуваарь гаргасан. Үүнд парламентын ардчиллыг бэхжүүлэх, улстөрийн намын засаглал төлөвшлийг сайжруулах хоёр хуулийг шинэчлэн найруулахаар заасан.

-Ямар хоёр хууль?

-Эхнийх нь одоо үйлчилж буй 2005 оны улстөрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулахыг удаах нь анхдагч хуулийн төслөөр улстөрийн намын санхүүжилтийн тухай хуулийг тусгайлан боловсруулж батлуулахаар заасан байдаг.

Үүний дагуу 2021 оны наймдугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатар ажлын хэсэг байгуулсан. Эл ажлын хэсгийг Ц.Мөнхцэцэг гишүүн ахалж хараат бус хөндлөнгийн гурван судлаачтай хамтран төслийг боловсруулсан байдаг. Ингээд Ерөнхийлөгчийн сонгуультай золгож байсан үе. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт энэ асуудал туссан учраас Ерөнхийлөгч өргөн барихаар тусгайлан бэлтгэж байгаа гэж ойлгож болно.

-Хаврын чуулганаар Ерөнхийлөгч өргөн бариасай, оруулаад ирээсэй гэсэн хүлээлтийн цэг дээрээ зогсчихсон байгаа байх нь ээ?

-Тийм. Энэ хаврын чуулганаар өргөн баригдчихвал сонгуулийн тухай шинэтгэл багцаар орж ирэх ёстой. Сонгуулийн кампанит ажлын санхүүжилт улстөрийн намын нэг бүрэлдэхүүн хэсэг. Цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл сонгуулийн тухай хуулийг олонх буюу мажоритар системийг пропорциональ буюу хувь тэнцүүлэх системтэй хосолсон байдлаар өөрчлөх хэрэгтэй. Ингэснээр иргэдийн парламентад төлөөлөх чадавх нэмэгдэнэ гэсэн хүлээлт бий.

-Авлигааа бууруулж чадвал иргэдийн орлого бодитоор нэмэгдэнэ-

-Улс төрийн намынхаа санхүүжилтийг шилэн болгосноор наад зах нь ямар өөрчлөлтүүд гарч болох вэ?

-Дэлхийн 179 орны авлигын гол эх үүсвэрийг улстөрийн санхүүжилт гэж үзэж байгаа. Учир нь улстөрийн нам, эвсэл засаг барьж байгаа тохиолдолд төрийн албан тушаалтны авлига намын санхүүжилт хүйн холбоотой байна.

Авлигын индексээ сайжруулсан, улс төрийн авлигаа бууруулсан улс орнууд гадагшаа хулгайлуулж буй хөрөнгөө эх орныхоо хөгжилд зориулж, иргэдийнхээ орлогыг сайжруулж чадсан гэж үзэж байгаа. Уялдаа холбоог Харьцуулсан судалгааг "Трансперенси интернейшнл" компани гаргасан.

-Авлига бол иргэдийн гар дээр очих орлогыг булааж буй хэлбэр биз дээ?

-Авлигыг хэр бууруулсан нь иргэдийнх орлогын нэмэгдэж буй байдлаас шууд харагдаж байх жишээтэй. Дэлхийн банкны судалгаагаар Монгол Улсын иргэд дунджаас бага орлоготой гэж тодорхойлогддог. Авлигаа бууруулж чадвал иргэдийн орлого бодитоор нэмэгдэнэ. Баялгийн тэгш хуваарилалт гэдэг зүйлийг бид цогцоор нь шийдвэрлэх ёстой.

Эсрэгээрээ авлига багатай улс орнууд ардчилсан тогтолцоотой, намууд нь дотоод ардчилалтай байдаг. Тиймээс улстөр, эдийн засгийн авлигыг цогцоор нь шийдвэрлэх шаардлага бидэнд бий.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-23 10:34

Намууд нь арай замбараагүй байна аа

Холбоотой мэдээ

Back to top button