О.Алтангэрэл: Хөрөнгө хураах хуулийг эсэргүүцэж, УИХ дээр унагаахаар бэлдэж байгаа

УИХ-ын гишүүн О.Алтангэрэлтэй ярилцлаа.
-Хүсвэл МАН 68 кнопоороо Ерөнхий сайдаа авч үлдэх л байсан. Тэгээгүй-
-МАН, АН-ыг “жийж” гаргаад хоёр жижиг намтай хамтарчихлаа. Ер нь ямар Засгийн газар байгуулагдчихлаа гэж бодож байна вэ?
-МАН дангаараа Засгийн газраа байгуулах болов уу гэсэн хүлээлт олон хүнд байсан ч зориг нь хүрсэнгүй. Дөнгөж саяхан засагт ажиллаж байсан хүний хувьд шинэ Засгийн газрыг сайн, муу гэж янз бүрээр дүгнэх нь зохимжгүй байна. Өмнөх сайд нарын хийж байсан ажлууд, Засгийн газрын төлөвлөгөөг өнөөдрийн эдийн засгийн нөхцөлд тохируулан яаж үргэлжлүүлэх вэ. Ямар арга хэмжээ авах бол гэдгээс хамаарч шинэ Засгийн газар хагас жилийн дотор тодорхой харагдана.
МАН-аас гарсан шийдвэр бол зүгээр шалтаг байсан. Бүдүүлэг жишээ татъя л даа. “Аав чинь тэгсэн. Ээж чинь ингэлээ” гэж гуравдагч этгээдийн үгээр үг хийж гомдоод үр хүүхдүүдээ өнчрүүлж салдаг гэр бүл шиг л зүйл болж өнгөрлөө. Хамгийн гол асуудал нь яг эдийн засгийн хүнд хэцүү мөчлөгийн босгон дээр, хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн гарах эгзэгтэй торгон мөчид ийм шийдвэр гарсанд харамсаж байна.
-Шалтаг гаргасан шалтгааныг та юу гэж бодов?
-Шалтгаан нь маш тодорхой. Хүсвэл МАН 68 кнопоороо Ерөнхий сайдаа авч үлдэх л байсан. Тэгсэнгүй. Дараа нь манай нам Засгийн газраас гарч МАН-ын гишүүд сайдын суудлаа нэмлээ. Эндээс улс төрийн эрх мэдэлд хүрэх гэсэн шалтгаан харагдсан. Дараагийн зургаан сар Засгийн газар яагаад байгуулагдсан нь тодорхой болно. Баялагийн төлөө, шударга ёсны төлөөх тэмцэл нь зогсож, хуульд өөрчлөлт орохгүй байвал МАН-ын хоёрдугаар ээлж хоолонд орох гэсэндээ ч биш. Өөрсдийн эрх ашгийг хамгаалах гэсэн маш олон том хүчнүүдийг ажил явж өнгөрсөн гэж ойлгож болно.
-Л.Мөнхбаатар сайд туршлагатай. Гэхдээ гал авч ажиллана гэдэг туршлага биш эр зоригийн асуудал-
-Өмнөх Засгийн газрын хамаг галтай төслүүдийг АН-ын сайд нар хариуцан ажиллаж байсан. Үүнээс хамгийн голлох ажлуудыг Аж, үйлдвэр эрдэс баялгийн яам, Хууль зүйн яам авсан. Гэтэл энэ яамдад бүр шинэ хүн сайдаар орж ирлээ. Ц.Тувааны оронд томилогдсон Г.Дамдинням, таны оронд томилогдсон Л.Мөнхбаатар нарыг хэр ажиллана гэсэн хүлээлттэй байна. Та бүхний хэрэгжүүлж байсан ажлыг үргэлжлүүлнэ гэж бодож байна уу?
-Ц.Туваан сайд маш олон жил гацсан төслүүдийг амжилттай урагшлуулж чадсан. Жишээ татаж 17 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төслийг дурдахгүй байх араггүй. Дээрээс нь уран, дачин тамсагтай холбоотой маш олон хүндрэл бэрхшээлийг туулсан. Харин ажлыг нь авсан Г.Дамдинням сайдыг би сайн мэдэхгүй.
Гэхдээ уул уурхайн сайдад нэг л том сорилт байдаг. Энэ салбарын хөрөнгө оруулалт, анхаарах ёстой тулгуур зүйлсийг салбарын боловсон хүчин нь хангалттай аваад явчихна. Гол нь байгалийн баялаг олон нийтэд хүртээлгүй олон жил үргэлжилж байгаа асуудлыг шийдвэрлэх нь сайдад ирэх хамгийн том сорилт болно. Баялагийн санд яаж орд газруудаас ард түмний эзэмшлийг авч төвлөрүүлэх вэ. Баялагийн эзэн болж суугаа орон нутгийн иргэдэд хэрэгжүүлсэн төслүүд ямар үр өгөөжтэй байх вэ. Монгол Улсын Засгийн газар эдгээр асуудал дээр ард түмнийг яаж төлөөлөн оролцох вэ гэдгийг Уул уурхайн сайд хариуцна.
Эдгээрийн хийвэл Г.Дамдинням сайд Ц.Тувааны адил гал авч, эрсдэлд орно. Нэр хүнд нь олон нийтийн дунд унахаас эхлээд олон зүйл тохиолдоно. Гол нь сайд өөрөө ашиг сонирхолгүй байвал ажил нь урагшилна. Тиймээс миний хувьд Г.Дамдинням сайдаас гол том ажлуудаа байнга шаардана.
Харин Л.Мөнхбаатар сайд салбартаа цоо шинэ хүн биш. Хууль зүйн яаманд олон жил ажилласан. Улсын бүртгэлийн дарга, Хууль зүйн байнгын хороонд байсан туршлагатай хүн очлоо гэж харж байгаа.
Гэхдээ гал барина гэдэг бол туршлагаас хамаардаг зүйл биш. Ард олны эрх ашгийн төлөө хүнд гүтгүүлж, доромжлуулах болон элдэв янзын халдлагуудыг үл тоомсорлож ажил хийхийг гал авна гээд байгаа юм. Энэ бол өөрийгөө золих чадвар, эр зоригийн асуудал.
Ухаа худаг ордын асуудал дээр улс төрийн оролцогч, нөлөөлөгч ихтэй. Элдвээр дайрч, гүтгэж, мушгидаг. Үүнийгээ олон нийт, хэвлэлээс гадна улс төрийн нөлөө бүхий хүмүүсээр дамжуулж хийдэг. Ил, далд заналхийлдэг байсан. Гал авч байгаа сайдын ажил ийм л байдаг юм байна лээ. Би шинэ сайд нарыг бас л аль болох гал авч ажиллаасай гэж хүсэж байгаа. Олон жил гацсан, хийж хэрэгжүүлэхэд саад ихтэй тэр хэцүү төслүүдийг урагшлуулаасай. Үр дүнд нь монголын ард түмэн хожоосой.
-Гурван нам хамтарсан Засгийн газар хэр тогтвортой, урт настай байх бол?
-Урт настай байгаасай гэж хүсэж байна. Өөрөө Засгийн газарт байсан хүний хувьд хийж хэрэгжүүлж байгаа бодлого тасалдах гэдэг сайн зүйл биш гэдгийг ойлгосон. Мөн дараагийн хүн ажилтайгаа танилцахад цаг хугацаа авна. Төрийн ажил тасалдана. Энэ процесс дахин явагдахыг хүсэхгүй байна.
-Танд сайдын хувьд амжуулж чадаагүй ажил юу байв. Юунд хамгийн их харамсаж байна?
-Манай яам авлигатай тэмцэх чиглэлээр олон улстай хамтарч маш том ажлууд хийж эхлүүлсэн. Энэ зургаадугаар сард бид Австрийн Венад томоохон эвент зохион байгуулсан. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар Авлигын конвенцод нэмэлт өөрчлөлт оруулах тогтоол батлуулах гэж байсан. Авлигын багц хуулиуд, тэр дундаа Нийтийн албан тушаалтны хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх хууль болон дагалдах авлигын багц хуулийг батлуулаад ирэх жил авлигын индексээ нэлээн бууруулах бодлоготой ажилласан. Яг энэ тэмцэл болон Тавантолгойн орд газартай холбоотой ажлын хэсгийн үр дүнг үзээгүйдээ би хамгийн их харамсаж байна. Манай яам олон хуулийн төсөл өргөн барьсан. Нэгэнт өргөн барьсан төслүүдээ бол батлуулна гэж бодож байгаа.
-АН бол УИХ-д сууж байгаа 42 кноп биш. Нэг үйл ажиллагаа эхлүүлэхэд орон даяарх 200 мянган гишүүн нь хэрэгжүүлдэг. ИЗНН-д энэ дэмжлэг байхүй-
-Засагт хамтарсан ИЗНН мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гээд байгаа. Тэгэхээр танай намын сайдын хэрэгжүүлж байсан төслүүд хэрхэх бол?
-Байгаль орчны чиглэлээр С.Одонтуяа сайд говийг усжуулах, олон жил гацсан Эгийн голын УЦС-ыг хөдөлгөх гээд хэд хэдэн ажлыг эхлүүлсэн. Энэ ажлууд АН-ын мөрийн хөтөлбөрт орсон байгаль орчинтой холбоотой зүйлс учир сайд олон удаа гадаадын төлөөлөгчидтэй уулзаж, хөшигний ард баггүй бэрхшээлийг туулж, уг төслүүдийн ард гарсан.
Харин одоо засагт хамтраад байгаа ИЗНН-д нэрнээс нь өөр ногоон юм байхгүй. Хэрэгжүүлэх гээд байгаа мөрийн хөтөлбөрт нь байгаль орчны зорилт харагдаагүй. Энэ нам цаашид байгаль орчинд хэрхэн анхаарах, өмнөх төслүүдийг үргэлжлүүлэх эсэх нь ч тодорхойгүй. Гэхдээ ямартай ч чиглэлээ бариад ажлууд хийх л байх. Юу байхыг нь хүлээж байна.
АН бол УИХ-д сууж байгаа 42 кноп биш. Манай нам 200 мянган гишүүнтэй. Нэг үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд аймаг, орон нутгийн салбар болгон нь дэмжээд ажилладаг бүтэцтэй. Өмнөх засагт ганц манай сайд нар юм хийгээд, яам нь хөдлөөд байсан юм биш. Монгол орны өнцөг булан бүрд АН-ын гишүүнгүй баг гэж байхгүй учраас бүх ажил хэргийг намаараа дэмжиж ажилласан. ИЗНН-д энэ дэмжлэг дутах байх.
-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 14 мега төслийг эхлүүлсэн. Шинэ Ерөнхий сайдад танай намын бүлгээс төслөө танах шаардлага хүргүүллээ. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Эдийн засгийн нөхцөл төсөөлж байснаас хүндэрсэн учир мега төслүүдийг танах шаардлага үүснэ. Гэхдээ гарцаагүй үргэлжлүүлэх ёстой төслүүд байна. Жишээлбэл, говийг усжуулах төслийг гарцаагүй хийх ёстой. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын ажлыг заавал дуусгах шаардлагатай.
Туулын хурдны зам гээд Улаанбаатар хотыг хөндлөн гарсан түгжрэлийг бууруулахад бодитой дэмжлэг үзүүлэхүйц маш том хурдны замын төсөл бий. Засгийн газар огцорсонтой холбоотойгоор энэ замыг барих тендерт шалгарсан компани нь больсон гэх мэдээлэл ирсэн. Тун харамсалтай.
Дотоодод олон ажил өрнөж байж эдийн засгийн хямралыг давдаг учраас энэ төслүүд явах ёстой. Харин хойш эрэмбэлэгдэж байгаа төслүүдийг танах нь одоогоор зөв.

-Ухаа худгийн эх гэрээ нь хүртэл Засгийн газрын архиваас алга болчихсон байсан. Сайд нар нэгдэж, Ерөнхий сайд туслаж баримтуудаа цуглуулсан. Энэ асуудал цааш хэрхэх бол гэдэг дээр санаа зовж байна-
-Та "Ухаа худаг" ордын асуудлаар хоёр ном гаргасан. УИХ-д тогтоолын төсөл хэлэлцүүлэхээр өргөн барьсан. Авч хэлэлцэхгүй байгаагаа "бичиг баримтын бүрдэл дутуу" гэдэг шалтгаан руу заасан. Бичиг, баримт дээрээ анхаараагүй юм уу. Яагаад одоо болтол УИХ хэлэлцэхгүй байгаа юм бэ?
-Засгийн газраас УИХ-д тогтоолын төсөл өргөн бариад хэлэлцэхгүй их удсан. Энэ хооронд Ухаа худаг 350 сая ам.долларын бонд босгосон. Хэрэв УИХ-аар тогтоолын төсөл хэлэлцэж байсан бол энэ мөнгө босохгүй байсан. Энэ хоёрын хооронд шалтгаан холбоо байна уу гэдэг нь цаг хугацааны явцад тодорхой болно.
Ер нь Ухаа худгийн тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцүүлдэггүй. Уг нь бичиг баримтын ямар ч асуудал байхгүй.
Одоо миний ганц найдаж байгаа зүйл П.Мөнхтулга гишүүнээр ахлуулсан УИХ-ын ажлын хэсэг. Бид ажлын хэсэгт бүх баримтуудаа өгсөн. Хүлээлгэсэн баримтад миний бэлтгэсэн хоёр эмхэтгэл ном болон 12 мянга гаруй хуудастай баримт багтсан.
-Гэхдээ байгуулагдсан ажлын хэсэг таг чиг болчихлоо. Яачхав?
-Энэ ажлын хэсгийн үйл ажиллагаа хэвийн явж, хуралдаж байгаа гэж ойлгосон. Удахгүй ямар нэг үр дүн гарах байх.
-Хоёр номонд өмнө нь дурдагдаж байгаагүй баримтууд олон бий. Зарим нь алга болчихсон гэж та хэлж байсан удаатай. Баримтуудыг олж авахад хүндрэлтэй байв уу?
-Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийг би ахалж байх үед Ерөнхий сайд маш их дэмжлэг үзүүлсэн. Миний эмхэтгэн гаргасан ном “Засгийн газрыг унагасан хоёр ном” гэж нэрлэгдэж, нэлээн дуулиан боллоо. Үүнээс гадна дээр дурдсан 10 гаруй мянган хуудас баримт бичгийг олох гэж маш их юм болсон. Манай ажлын хэсэгт төрийн яам толгойлж байгаа хүмүүс байсан хэр нь тэр цааснуудыг олох гэж маш их хөдөлмөрлөсөн. Эх гэрээ нь бүр Засгийн газрын архиваас алга болчихсон байсан. Тиймээс энэ асуудал цааш хэрхэх бол гэдэг дээр санаа зовж байна. Мэдээж би энэ асуудлыг орхихгүй. Байнга сануулна. Өөрөө бол ажлын хэсгийн үр дүнг л хүлээх үлдээд байна.
-Ажлын хэсгийг ахалж байхад ямар саад тулгарч байв. 18 жил дуншсан асуудал шүү дээ. Мөн энэ асуудал дээр ажиллаж байхдаа та жишээлбэл Ж.Оджаргал гэдэг хүнтэй нүүр тулж уулзаж үзсэн үү?
-Хамгийн түрүүнд энэ асуудлыг улс төрийн хүрээнд ярина, ярихгүй гэдэг дээр асуудал үүсдэг юм байна лээ. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд маш олон улс төрч Ухаа худгийн асуудалтай хутгалдсан байдаг. Бүх үеийн парламент, сайд нар энэ асуудалд ямар нэг ашиг сонирхолтой. Тиймээс улс төрийн нөлөөллийн хувьд саад учруулдаг. Энэ бол нэгдүгээр саад нь.
Хоёрдугаарт, баялгийн сан, орд газартай холбоотой асуудал яримагц хэвлэл мэдээллээр “Орд газруудыг дээрэмдэх гэлээ. Улсад авах гэж байна. Хувийн хэвшлүүдээ хамгаалъя” гэсэн өнцөгтэй мэдээлэл гардаг. Үүнээс гадна яг энэ компаниудын өөрсдийнх хөгжүүлсэн медианууд асуудал хөндөж байгаа хүмүүсийг харлуулж, гутаадаг. Айлгах маягийн үйл ажиллагаа явуулдаг.
Гуравдугаарт, яг өнөөгийн УИХ, Засгийн газар, сайд нарын түвшинд энэ асуудлыг явуулахгүй байх маш их сонирхол байна. Явуулахгүйн тулд төрөл бүрийн аргыг хэрэглэдэг юм байна. Жишээлбэл УИХ-ын чуулганаар гишүүд өөрсдөө энэ асуудлыг няцааж үг хэлдэг. Телевиз рүү гүйж очоод энэ буруу гэж яриа өгөх зэргээр эсэргүүцэл үзүүлнэ.
Мөн УИХ-ын одоогийн гишүүд болон хуучин улс төрчид “наадах чинь дэмий. Энэ асуудлаар одоо хуралдаж яадаг юм. Юунд хэрэгтэй юм. Залуу хүний хувьд чи дийлэхгүй дээ. Яах гэж ийм зүйлд хутгалдаг юм. Чи ирээдүйгүй болно” гэж утсаар болон уулзаж зөндөө хэлсэн.
Ж.Оджаргалын хувьд манай ажлын хэсэг “Энежри ресурс” ХХК-тай огт уулзаагүй. Бид тогтоолын төслөө өргөн барьчхаад албан ёсоор хэлцэл хийхээр хүлээж байсан юм. Би энэ зүйлийг маш тодорхой хэлж байгаа. ААН ашгийн төлөө явдаг шууд буруутгахад хэцүү. Тиймээс Монголын ард түмэнд ашиггүй гэрээ хэлцлийг байгуулсан тэр хүмүүстэй хариуцлага ярих ёстой. Асуудал ийм учир бид ААН-үүдийг зөвтгөхийн тулд хэлэлцэл хийхээр тохирсон. Хэлцэл гэдэг хоёр талдаа ашигтай байх ёстой шууд бүх юмыг чинь авна. Энэ бол хэлцэл гэж болохгүй шүү дээ.
Тиймд Ухаа худгийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхлэхээр эрхээ аваад хэлцлээ хийе гэж төлөвлөж байсан. Монголын төр “Энержи ресурс” ХХК-тай зайлшгүй хэлцэл хийж, хууль ёсны шаардлагуудаа тавих ёстой.
Энэ асуудал тухайн үед Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан хүн өөрийнхөө хамаарал бүхий компанид лиценз авснаас эхэлсэн. Дараа нь хэд хэд дамжиж Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн хүртэл лицензийг өөрийнхөө нэр дээр эзэмшиж байсан. Ингэж явсаар лиценз “Энержи ресурс” ХХК-д очиж, УИХ-аар хэлэлцүүлэлгүй гэрээ хийгээд явчихсан. Тиймээс бид одоо процессоо зөвтгөж, тус компанитай хэлцэл хийх хэрэгтэй.
Хамгийн гол нь Ухаа худгийн асуудлыг өнөөг хүртэл бид Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдын манлайлал дор хэлэлцэж ирсэн. Бид асуудлыг хөндөж, Ерөнхий сайд захирамжаа байгуулж, түүний тасралтгүй дэмжлэгийн доор гал авсан асуудлууд урагшилж байсан.
Тиймээс би Г.Занданшатар Ерөнхий сайдыг томилогдох үеэр эдгээр асуудалд ямар байр суурьтай байхыг нь асуухад, “явуулна” гэсэн. Одоо биелэлтийг нь харна.
-Ерөнхий сайдын манлайлал тодорхой зүйл дээр чухал байдаг юм байна гэдгийг Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаас харсан-
-Ерөнхий сайдын дэмжлэг гэж их ярилаа. Ер нь энэ мэт зүйлсээс болж таныг “Ерөнхий сайдын хүн” гэх яриа гарчхав уу?
-Тийм. Намайг Л.Оюун-Эрдэнийн даалгавраар юм хийлээ гэхчлэн элдэв янзаар хэлсэн. Ер нь зөндөө олон хүнтэй холбож байсан. Гэхдээ 40 гарсан эр хүн мөнчигөрөөрөө зүтгэж иргэдээсээ итгэл авч гарчхаад хэн нэгний үгээр гар, хөл нь болж хөдөлнө гэж төсөөлж байгааг би гайхдаг. Хэн нэгнээс мөнгөний эсвэл үйл ажиллагааны хамааралтай байсан бол холбож болох байх. Гэвч надад тийм зүйл байхгүй.
Сая өнгөрсөн засагт байсан хэдэн сайд нар амь нэгтэй тэмцсэн. Энэ хугацаанд би Ерөнхий сайдын манлайлал тодорхой зүйл дээр чухал байдаг юм байна гэдгийг Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаас харсан.
-Та "Г.Занданшатар Ерөнхий сайдыг харна" гэлээ. Ерөнхий сайдаар томилогдох үедээ “Төгрөг нуурын асуудлыг орхихгүй" гэсэн хэрнээ Ухаа худаг, Онтре дээр дугараагүй. Эндээс Х.Баттулгыг шалгах юм байна. Онтре, Ухаа худаг бол ахихгүй юм байна гэж ойлгогдсон.
-Төгрөг нуур гэдэг бол миний ойлгож байгаагаар ердийн хүрэн нүүрсний орд юм байна лээ. Тэр ордыг зарсан, үрсэнтэй холбоотой шалгах ажиллаагаа явдаг л юм байгаа биз. Агуулга, үнэ цэнэ, ач холбогдлоороо энэ бол Тавантолгойн хаана нь хүрэхгүй өчүүхэн жижиг орд. Тэгэхээр бид хар үгээр бол ядарсан нэгнээ зодчихоод атаманаас нь айгаад байж болохгүй. Бүгдэд тэгш үйлчилдэг болохоор хууль хүчтэй байдаг. Өөрийг нь хамгаалдаг болохоор хуулийг хүмүүс хайрладаг. Тиймээс баялгаас ард түмэнд оногдох хувийг нь үлдээх ёстой тэмцэл ойрын үедээ улс төрчдийн хийх ёстой гол ажил, чиг шугам нь байх ёстой. Энэ жанжин шугам дээр байж чадах эсэхээс Г.Занданшатар гэдэг улс төрчийн цаашдын хувь заяа шалтгаална.
-Хөрөнгө хураах хуулийн төслийг манай, танайх ялгаагүй анхнаас нь эсэргүүцсэн. Улс төрчидөөс утсаар болон уулзаж олон сүрдүүлэг, шахалт ирсэн-
-Хөрөнгө хураах хуулийн төслөө Засгийн газар унахтай зэрэгцээд өргөн барьсан. Энэ хуульд олон нийтийн хүлээлт өндөр байгаа. Чуулганаар яагаад орж ирэхгүй байгаа вэ, аль шатанд гацчихав?
-Уг нь энэ хуулийн төслийг аль нэгдүгээр сард УИХ-д өгсөн ч аваагүй. Тиймээс хэсэг байж байгаад Засгийн газар саяхан дахин өргөн барьсан. Хүлээж авсан. Энэ хууль ТББХ-оор ороод хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн гэж ойлгож байгаа. Одоо УИХ-аар хэлэлцэх эсэх нь орж ирнэ. Бүх талаас нь харахад намрын чуулганаар л яригдах болов уу гэсэн хүлээлттэй байна.
-Энэ төслийг боловсруулахад таньд ашиг сонирхлын зөрчил болон янз бүрийн шахалт дарамт ирсэн үү?
-Хуулийг төслийг санаачлаад, явж эхэлмэгц манай зарим гишүүд “ийм хууль байгаа, хэрэггүй, худлаа попорлоо” гэх асуудлыг ярьж эхэлсэн. Яг үнэндээ өнөөдөр манай улсад 10 жилийн өмнө баяжсан хүний хөрөнгийг хураах ямар ч хуулийн зохицуулалт байхгүй. 2012 онд Эрүүгийн хуульд Хууль бусаар хөрөнгөжих гэдэг зүйл анги орж, сүүлд Үндэслэлгүй хөрөнгөжих болсноос хойш ердөө 11 иргэн шүүхээр орсон гэдэг статистик байгаа юм. Гэхдээ бодит байдал дээр төрд байсан хүмүүс хэдэн мянгаараа баяжсан. Авлигын эсрэг хууль дээр Үндэслэлгүй хөрөнгөжихтэй холбоотой заалт байдаг болов ч процесс нь байхгүй.
Үндэслэлгүй хөрөнгөжих гээд бид зүгээр нэг зохиогоод байгаа юм биш. Би өөрөө хэдэн жил судалгааны ажил хийсэн. Манайхан туршлага судлахаар гадагшаа явсан. Сингапур, Германаас мэргэжилтнүүд ирсэн. Тэр байтугай авлигын индекс гаргадаг Transparency International байгууллагын удирдах зөвлөлөөс нь хүмүүс ирж, “Хууль бус хөрөнгийг заавал хураах хэрэгтэй. Энэ бол авлигатай тэмцэх гол үндэс шүү” гэж зөвлөөд явсан. Мөн АНУ-ын хуульчид манай улсад ирж “Хууль бус хөрөнгийг хураахгүйгээр та нар авлигатай тэмцэл хийхгүй” гэх зөвлөгөөг өгсөн. Ингээд маш их судалгаа хийсний үндсэн дээр энэ хуулийн төслийг өргөн барьсан.
Энэ хуулийг ярих болсон цагаас эхлээд манай, танай ялгаагүй улс төрчид эсэргүүцэж эхэлсэн. Тухайлбал, манай намын хуульч нэртэй нөхөд “Ийм хууль байх ёсгүй. Хууль эрхзүйн орчин бий” гэж ярьсан. МАН-ын УИХ-ын гишүүнээр олон сонгогдож байсан ахмад хуульч нар “Энэ хуулийг батлуулж болохгүй шүү. Энэ ёстой баларсан хууль болно” гэж суртал ухаалга хийж намынхаа гишүүдээр тойрч явсан. Ерөнхий сайд дээр орж “энэ хуулийг батлуулж болохгүй шүү” гэж хэлсэн. Ер нь өнгөрсөн хугацаанд улс төрд байсан хүн болгон л энэ хуульд дургүй байгаа. Яагаад гэвэл өөрсдөө шалгуулна.
Эсэргүүцэгчдийн гол ярьдаг зүйл нь “хэлмэгдүүлнэ” гэх хаалт үг. Хүнийг хэлмэгдүүлж, шоронд хорьдог кейсүүд өнгөрсөнд байсан. Энэ зүйлийг харсан учраас бид процессыг маш нарийн хийсэн. Ерөөсөө л хөрөнгөтэй л холбоотой зүйл ярина. “Чи тайлбарлаж чадахгүй бол тэрийгээ өгчих, тайлбарлаж, татвар төлсөн орлого байвал хөрөнгийг чинь оролдохгүй” гэж байгаа юм.
Одоо ч УИХ дотор энэ хуулийн төслийг орж ирэхэд эсэргүүцэхээр бэлдсэн гишүүд бий. Удахгүй хэн авлигатай тэмцэхийг хүсэж, хэн хүсэхгүй байна гэдгийг монголын ард түмэн харах байх. Энэ хууль батлагдсанаар дагалдаж олон хуульд өөрчлөлт орно. Яг энэ байгаагаараа батлагдчихвал олон үр дүн гарна. Батлах эр зоригийг л гишүүд одоо гаргах хэрэгтэй. Хууль хэрэгжиж эхэлбэл дахиж хүмүүс мөнгө олох гэж улс төрд орохоо болино.
-Ил цагаан дэмжиж байгаа гишүүд бий юу?
-Яг дэмжих байр сууриа албан ёсоор илэрхийлсэн гишүүд байгаа. М.Нарантуяа-Нара гишүүн дэмжиж байгаа. Манай хангайн бүсээс П.Мөнхтулга, Д.Жаргалсайхан гишүүн. МАН-аас Ц.Идэрбат, Б.Бат-Эрдэнэ гээд нэлээд олон гишүүд дэмжиж байгаа. Удахгүй хуулийн төсөл орж ирэхээр маш их тархи угаалт явагдана. Бүхэл бүтэн Хууль зүйн яам боловсруулсан төслийг эсрэг байр сууринаас яаж ч шүүмжлээд өөрчилж чадахгүй.
-Монгол Улс "Рио тинто"-гийн маргаанд ялагвал 1 их наядын өрөнд орж, ард түмэн Оюу толгойгоос дахин ашиг хүртэхгүй болно-
-"Рио тинто"-гийн шүүхийн маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ. Засгийн газраас шалтгаалах зүйл олон бий. Наанадаж шүүхдээ бэлдэж байгаа болов уу. Та энэ асуудалд хяналт тавих боломж бий юу?
-Засгийн газрын өмнө байгаа хамгийн том сорилтуудын нэг нь одоо "Онтре" ХХК буюу "Оюу толгой" бүлэг ордод хамаарах асуудал. "Рио тинто", "Онтре" ХХК хамтраад арбитрын шийдвэр гаргуулсан ээдрээтэй нөхцөл байдалтай байгаа. "Онтре" ХХК дээр монголын ард түмний баялгийг дахиад "Оюу толгой" шиг эцэс төгсгөлгүй маргаан руу оруулах уу, үгүй юу гэдэг том сорилт одоо Засгийн газрын нэгдүгээр анхаарах асуудал болоод байна.
Хоёрдугаарт есдүгээр сард болох арбитрын маргаан. Арбитрын маргаан хариуцсан ажлын хэсгийг би ахалж байсан. Мөн Сангийн яам бас оролцоотой ажилласан. Бид нэлээд сайн гаргалгаатай, төлөвлөөд Ерөнхий сайдад танилцуулж хэрэгжүүлэхээр болсон байсан. Харамсалтай нь Засгийн газар унасан. Одоо энэ ажлыг үргэлжлүүлж Оюу толгойн арбитрын маргааныг Монголд ашигтайгаар шийдэж чадах уу. Арбитрын маргаанд их наядаар тоологдож байгаа өрөнд улсаа оруулахгүй байж чадах уу гэдэг асуудал шинэ Засгийн газрын өмнө ирээд байна. Энэ дээр өдөр, шөнөгүй цаг наргүй ажиллах ёстой. Одоогоор ажиллаж байгаа эсэх мэдээлэл алга.
-Манайх арбитр дээр ялагдвал яах вэ?
-Монгол Улс ялагдвал бид дахиж Оюу толгойгоос татвар хураамжаа бүрэн авах боломжгүй болно. Дээрээс нь 1 их наяд гаруй төгрөгийн өрөнд орно. Ер нь маш хүнд байдалд орно. Монголын ард түмний хүртэх ёстой ашиг дахиад байхгүй болно.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗА АЛТАНГЭРЭЛЭЭ АВЛИГАЛ АВСАН НӨХДИЙНХЭЭ БҮХ ХӨРӨНГИЙГ ХУРААХААР ХУУЛЬ БАТЛУУЛ. ТҮҮНЭЭС ӨӨР ХҮМҮҮСИЙН ХӨРӨНГӨ ХУРААНА ГЭЖ ЮУ БАЙХАВ. МАНАЙХ ХОЙТ СОЛОНГОС ШИГ БОЛОХ НЬ ҮҮ
Mash Zov ene uls avilagaas salj baij hogjinin.
Алтангэрэл маш сайн ажилсан. Нам харг�##�захгүй улс орноо өөд нь татах гэж Оюун-Эрдэнэтэй гар нийлж ажилсан. Ганц Алтангэрэл гэлтгүй АН-аас Хамтарсан засагт орж ажилсан сайдууд бүгд сайн ажилсан. МАН- хан тэгнэгтсэн. Сайд болох амбицтай нөхдүүдийн аманд орсон. Одоо хардаа дангаараа засаглаж чадахгүй хоёр хэнч мэдэхгүй “жа�##�ууп”-тай айл гэр болж тоголж байна. Одоо ийм засаг удахгүй .
Хамгийн зоригтой шубрхай хөдөлсөн хууль зүйн сайд байсан. Даанч олигархууд хөрөнгөө �##�дахаас, баялагийн санд хувиа өгөхөөс татг�##�заж ЗГ-г унагасан, харамсаад барашгүй. Дахин ийм түүхэн зурвас үе тохиохгүй бх даа
өмнө нь хуульд ийм за�##�т байгаа ш дэ хэрэггжүүлж чадахгүй байж худлаа попороод
Алтангэрэл хүний өөрийн олон хулгайчуудын эрх ашгийг хөндсөн учраас ЗГ огцорсон Одоо Занданшатар энийг хэрэгжүүлнэ гэж горьдоод ч хэрэгггүй Хүүк СҮ, Оджарг�##�ын карманд байгаа
Одоо мөрдөж бгаа хуулиудад хууль бусаар олсон хөрөн гийг хураах тухай заа лтууд ханг�##�ттай бий ш дээ ! Алтангэрэлийн энэ хууль батлагдв�##� харин олигархиуд ад хуулийн коридор болж өгч тэднийг хариуцлагаас мултлах да лд зорилоготой юм шүү !!!
О.Алтангэрэл урвагч Женькогийн атганд орсонд харам�####�г. Женькогийн гол дайсан Оджарг�##�ыг устгах гэж МСS-ийн харуул генер�##�ыг муйхраар баривчилж, Нооргийн багачуудыг Оджарг�##�тай холбож баатар болох гэж хөглөсөн. О.Алтангэрэл Женькогийн да�##�гаврыг биелүүлж чадаагүйдээ харамсаж яваа. Дараа дэлгэрэнгүй бичье.
Dargaa Jenkogiin asuudliiig yah be? Bas Huuchin erunhii said maani orlogoo notolson bolov uu?
Ан нам гэж хоорондооо гугаатсаа булаац�##�дсаар ман жиигддэг л�##�рууд
Алтангэрэлийн ажлыг хийлгэх байсан юм даа. Монгол төрд ойрд харагдаагүй юм хийж бүтээх гэсэн сэтгэлтэй хувийн ашиг сонирхлоо хойш тавьсан удирдагч хийчих хүн гэж бодож дэмжиж явдаг.
Женкогийн хөрөнгийг эхлээд хураачих, 27 чингэлэг спирт, Сайншанд АҮП, төмөр зам г.м. маш олон хулгай байгаа
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Архивт байгаа чух�##�ын чух�##� баримтыг �##�га болгож бгаа Архивын ажилтанд арга хэм аваачээ мэдээж тэд л хахууль авч өгсөн бж таарах бишүү