Танилц: Амралтын өдрүүдэд болох томоохон барилдаанууд
Монголын үндэсний бөхийн холбооноос орон нутаг дахь бөхийн салбар холбоодтой хамтран аймгуудад томоохон барилдаан зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл ирэх амралтын өдрүүдэд Архангай, Дархан-Уул, Говь-Алтай аймгуудад барилдаан болох гэж байна.
Тодруулбал, Дархан хот байгуулагдсаны 65 жилийн ойн нэрэмжит Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан маргааш буюу энэ сарын 17-нд болно. Энэхүү уламжлалт барилдааныг Дархан хотод гурав дахь удаагаа зохион байгуулах гэж буй нь энэ юм.
Түүнчлэн Архангай аймгийн Цэцэрлэг хотод өсвөрийн 63, залуучуудын 16 дахь удаагийн үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Тэмцээнд 2006-2010 онд төрсөн 21 аймаг, есөн дүүрэг, спорт хороод, спортын сургуулиудын өсвөрийн 16, 17, 18 нас, залуучуудын 19-20 насныхан маргаашаас эхлэн хоёр өдрийн турш аваргаа тодруулах аж.
Мөн энэ сарын 18-ны ням гарагт Говь-Алтай аймгийн Алтай хотод “Алтайн хүлэг” морин спорт, уяачдын холбооны түүхт 30 жилийн ой, Баруун бүсийн уяачдын зөвлөгөөнд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 128 бөхийн барилдааныг зохион байгуулах аж. Тус барилдаанд түрүүлсэн бөх 10 сая төгрөг гардах юм.
Б.САНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.