
Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Батсайханы Батцэцэглэнтэй ярилцлаа. Монголын уртын болон ардын дууны өнөө цагийн өнгийг тодорхойлж, түмний сонорыг мялаасан цөөнгүй уран бүтээлээрээ олны талархлыг хүлээгээд буй тэрбээр бэлтгэлийнхээ дараа бидэнтэй уулзсан юм.
“Хүмүүс намайг Соёлын тэргүүний ажилтан цолтой гэж андуурдаг. Би СТА болоогүй байгаа. Зарим тоглолтон дээр хөтлөгч “Соёлын тэргүүний ажилтан Батцэцэглэн” гээд зарлахад нь санаа зовдог. Удахгүй СТА болох нь гээд бэлгэшээдэг” хэмээн инээмсэглэсээр яриагаа эхлүүлсэн юм. Үнэндээ түүнийг СТА болоогүй гэхэд гайхах хүн олон. Учир нь Монголын үндэсний урлагийн охь болсон театрт дуулахын сацуу ардын урлагаа хөгжүүлэхийн төлөө бүтээсэн гавьяа, зүтгэл, хөдөлмөр нь ихээхэн жин дарна. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харьяат Б.Батцэцэглэн “Марко Поло” кинонд “Зээргэнэтийн шил” дууг дуулан дүрээ мөнхлөхийн сацуу уртын дуугаа дэлхийд сурталчилсан гавьяатан юм.
ТОГЛОЛТЫН БЭЛТГЭЛИЙН ХЭСГЭЭС ЦАХИМ ХУУДСАНДАА НИЙТЭЛСЭН НЬ ОЛНЫ АНХААРЛЫГ ТАТЛАА
-Та саяхан бэлтгэлийн бичлэгээ цахим хуудсандаа тавьсан нь олны анхаарлыг ихэд татлаа. “Алтан үеийн дуунууд” тоглолтын бэлтгэл байсан уу?
-Юуны өмнө “Eguur.mn” сайтын уншигч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Ер нь тоглолтоос шалтгаалж, манай театрын уран бүтээлчдийн бэлтгэлийн хуваарь өөр өөр. Үндэсний урлагийн их театрын түүхт 70 жилийн ой энэ онд тохиож байгаа. Энэ хэрээр залуучууд бидэнд их том үүрэг, хариуцлага ноогдож байна.
Хуучнаар Ардын дуу, бүжгийн чуулга гэж байхад тухайн цаг үеийнхээ сор болсон уран бүтээлчид манайд байсан. Н.Норовбанзад, Г.Түмэндэмбэрэл, П.Адарсүрэн, Д.Банзрагч гуай зэрэг олон мундаг ахмадуудынхаа үйл хэргийг залуус бид хэрхэн үргэлжлүүлж яваагаа “Алтан үеийн дуунууд” тоглолтоор харууллаа. Тухайн тоглолтын бэлтгэлийн хэсгээс цахим хуудсандаа нийтэлсэн юм. Үүнийг анзаарч харсан та бүхэнд баярлалаа.
-Клипний зураг авалт, тоглолтын бэлтгэлээ цахим хуудастаа тогтмол нийтэлдэг үү?
-Ер нь сүүлийн үед нэлээд идэвхтэй оруулдаг болчихоод байгаа. Цахим ертөнц бол уран бүтээлээ, ардын урлагаа үзэгчдэд, монгол түмэндээ хүргэх, сурталчлах том боломж. Өөрийнхөө хэмжээнд жижиг бичлэг цахим хуудастаа нийтэлдэг болоод байна.
МИНИЙ ДУУЛСАН ХУВИЛБАР ҮҮГЭЭРЭЭ ӨВӨРМӨЦ, ИЙМ ОНЦЛОГТОЙ ГЭХ ДЭМИЙ

-Г.Түмэндэмбэрэл агсны “Усны тунгалаг Тамирын гол” дууг олон уран бүтээлч амилуулсан. Таны дуулсан хувилбар олны сэтгэлд их хүрлээ. Б.Батцэцэглэнгийн хувилбар бусдаасаа юугаараа өвөрмөц, онцлогтой вэ?
-Минийх үүгээрээ өвөрмөц, ийм онцлогтой гээд ярих дэмий. Би Монголын дуучдаас бүдүүн, өтгөн хоолойтой нь. Тиймээс өтгөн дуугаралтаараа бусдаас өөр байх. Мэдээж Б.Батцэцэглэнгийн ертөнцөөр амилсан болохоор миний л дуугаралт гарна шүү дээ.
Үндэсний урлагийн их театрын бүх уран бүтээлч үнэхээр авьяастай, мэдрэмжтэй. Энэ олон шүүлтүүртэй чихэнд зөв сонгогдоод, таашаалд нь нийцсэний дараа л уран бүтээлээ үзэгчдэд хүргэдэг. Манай театрын уран бүтээлчдийн бүтээл чанартай, даацтай байдгийн, олны талархлыг хүлээдгийн нэгээхэн шалтгаан нь энэ. Энэ том айлын нэг эд, эс нь би учраас тааруу уран бүтээл гаргах эрх надад байхгүй. Г.Түмэндэмбэрэл гуайн урын сангаас энэ дууг дуулах боломж олгосон театрынхаа удирдлагуудад баярлалаа.
Г.Түмэндэмбэрэл гуай өөрийн гэсэн хэв маягтай, онцгой дуучин. Ийм мундаг дуучны уран бүтээлийг илүү дуулах боломжгүй. Тиймээс өөрийн гэсэн хэв маяг, онцлогийг шингээж дуулахыг хичээлээ. Б.Батцэцэглэнгийн ертөнцөөр “Усны тунгалаг тамирын гол” дууг “амилууллаа”. Манай чуулга жилийн өмнө “Алтан үеийн дуунууд” тоглолтыг хийхэд би “Дуу минь” дууг дуулсан. Мөн бэлтгэлийнхээ үеийн бичлэгээ нийтлэсэн маань их хандалт авч билээ.
-“Алтан үеийн дуунууд” тоглолтод энэ дууг дуулахад үзэгчдийн сэтгэгдэл, хандлага ямар байв?
-Олонд өмнө хүрчихсэн, тэр тусмаа Г.Түмэндэмбэрэл гуай амилуулсан дууг илүү дуулах боломжгүй. Тэр ч битгий хэл олны таашаалд хүргэх амаргүй. Тийм өндөр босго тогтоосон уран бүтээл л дээ. Г.Түмэндэмбэрэл гуайн дуулснаар энэ дууг хүн бүхэн мэднэ, чихэнд нь уянгалж байгаа. Энэ дууны хэв маяг, онцлогийг алдагдуулалгүйгээр өөрийнхөөрөө дуулах чухал.
-“Усны тунгалаг Тамирын гол”-ыг сонсохоор сэтгэл их тайвширдаг. Энэ дууг дуулахад танд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Их сайхан санагддаг. Г.Түмэндэмбэрэл гуай энэ дууг дуулахын тулд хоёр жил бэлдсэн гэдэг. “Усны тунгалаг Тамирын гол”-ын эхлэл их удаан хэмнэлтэй. Анх тийм байгаагүй юм билээ. Г.Түмэндэмбэрэл гуай бэлдэх явцдаа ийм болгох санааг гаргасан гэнэ лээ.
Түүний дууг онцлон дуулах шалтгаан надад олон бий. Юуны өмнө тийм мундаг хүний уран бүтээлийг дуулна гэдэг нэр төрийн хэрэг. Нөгөө талаар миний хоолойнд тохирдог. Бид хоёрын хоолойны ерөнхий тембр төстэй.
Ингэж хэлээд Б.Батцэцэглэн “Усны тунгалаг Тамирын гол” дууг “Eguur.mn” сайтын уншигчдад зориулан дуулж өгөв. Зураглаач бид хоёр өөрийн эрхгүй нүдээ анин, чих тавин сонсож суулаа. Яг л ус мяралзан урсаж, зөөлөн давалгаалж байгаа мэт санагдав. Дуу ийм хүчтэй, шидтэй. Б.Батцэцэглэн дуулж дууссаныхаа дараа “Сая арай доогуур дуулчихлаа. Арай дээд өнгөнөөс дахиад нэг дуулаад өгье” гэв. Ингээд дахин сонсох завшаан бидэнд тохиов.
ДУУ БОЛ ТӨСӨӨЛЛИЙН УРЛАГ ЮМ ШИГ САНАГДДАГ

-Ятгын аянд дуулдаг болохоор сая ая, хэмнэл нь “сонсогдоод” байлаа.
-Баярлалаа. Ямар гоё юм бэ. Үнэхээр их сэтгэл хөдөллөө. Зураглаач бид хоёр их азтай явна?
-(Инээв). Энэ дууг дуулж байхдаа би голын урсгалын талаар боддог. Намуухан, мэлтэлзээд урсдаг шүү дээ. Би Тамирын голыг үзээгүй. Тиймээс Хэрлэн голын урсгалаар төсөөлдөг. Холоос мяралзан мяралзсаар ирж буй давалгааг дагуулж харахад ямар санагддаг билээ. Эхний удаан хэмнэлтэй хэсэг дээр надад яг тийм мэдрэмж төрдөг. Дуу, авиа хүртэл нэг наашлаад, нэг цаашлахаар хүмүүст тааламжтай санагддаг юм билээ. Би дотроо тэгж төсөөлдөг. Дуу бол төсөөллийн урлаг юм шиг надад санагддаг.
ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТРТ АЖИЛЛАЖ БУЙГААРАА БАХАРХДАГ
-Үндэсний урлагийн их театрын сор болсон уран бүтээлчдийн нэг нь Та. Монголын үндэсний урлагийн охь болсон энэ байгууллагатай амьдралаа хэрхэн холбож байв?
-Ардын, уртын дуучин, ардын урлаг чиглэлээр мэргэжлийн сургууль төгссөн уран бүтээлч бүхэн Үндэсний урлагийн их театрт ажиллахыг мөрөөддөг. Минийх ч мөн тийм байлаа. Би СУИС-ийг 2013 онд Гавьяат жүжигчин Батболд багшийнхаа удирдлагад төгсөөд театртаа шууд орж байлаа. Хүссэн бүхэн гэр бүлийнх нь гишүүн болж чаддаггүй, өндөр босготой байгууллага. Нэлээд өндөр шалгуурыг давж, хэд хэдэн удаа жинхлэх эсэхээ хэлэлцүүлэн байж энэ сайхан байгууллагын дуучин болж байлаа.
-Тэгэхээр оюутан байхдаа ҮУИТ-ын уран бүтээлчдийн, мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж, танигдаад амжжээ дээ?
-Намайг ерөнхий боловсролын сургуульд сурч байхад “Ардын дуу дуулаачдын улсын уралдаан” болсон юм. “Ардын дуу дуулаачдын холбооноос тус уралдааныг санаачлан, Үндэсний урлагийн их театртай хамтарсан юм билээ. Тэр уралдааны үеэр ҮУИТ-ын уран бүтээлчид намайг тоож анзаарсан нь их аз. Үүнд би одоо ч их баярлаж, олзуурхаж явдаг. Манай театрынхан намайг одоо ч сурагч байснаар минь төсөөлдөг гэнэ лээ. “Хөөрхөн жаахан охин байсан” гээд өхөөрдөхөд нь их баярладаг, надад гоё санагддаг.
Н.АМГАЛАН БАГШААСАА БИ ҮРГЭЛЖ СУРАЛЦСААР ЯВАА

-СУИС төгсөөд ҮУИТ-т хөл тавьсан Б.Батцэцэглэн, одоо миний урд сууж буй Б.Батцэцэглэн хоёрын хооронд хэр ялгаа байгаа вэ. Уран бүтээлийн чанар, ур чадвар тань ахисан өөрчлөлт нэлээд гарсан нь мэдээж?
-СУИС-д номыг нь үзэн, ногоотой шөлийг нь идээд төгссөн ч ажлын талбар, практик дээр бүхнийг шинээр эхлүүлдэг шүү дээ. Энэ тал дээр манай театр залуу, шинэ уран бүтээлчдээ их дэмждэг. Шинээр орсон уран бүтээлчдэд туршлагатай багш хуваарилж өгдөг. Тухайн багш нь дууны дуугаралт, сонголт, тайзан дээр төдийгүй амьдрал дээр биеэ хэрхэн зөв авч явахаас авхуулаад бүхнийг заадаг. Надад энэ бүхнийг зааж, сургасаар яваа хүн бол Гавьяат жүжигчин Н.Амгалан багш минь. Миний ардын дууны багш гэж хэлж болно. Намайг төрсөн хүүхэд шигээ хайрлаж, санаа тавьдаг. Би одоо ч багшаасаа суралцсаар байгаа. Цаашид ч багшаасаа сурах юм их бий.
УРАН БҮТЭЭЛЭЭ ТООЛДОГГҮЙ
-Та одоогоор хэдэн уран бүтээлтэй болоод байгаа вэ?
-2012 онд “Учирласан дуу”-г дуулсан маань миний анхны уран бүтээл. Их гоё үгтэй дуу. Түүнээс хойш хоёр цомог гаргасан. Үүний сацуу кино, концерт, ҮУИТ-т тавигдаж буй дуулалт жүжгүүдэд тоглосоор ирлээ.
-Тэдэн уран бүтээлтэй гэх багцаа танд бий юү?
-Байхгүй. Тоог нь гаргаж байгаагүй, уран бүтээлээ тоолдоггүй.
МИНИЙ УРАН БҮТЭЭЛИЙН СОР НЬ “ҮЛЭМЖИЙН ЧАНАР”
-Таны олон уран бүтээл монгол түмний сэтгэлд хүрсэн. Б.Батцэцэглэнг шинээр нээсэн, “Овоо дуу хийчихлээ” гэж өөрийгөө үнэлсэн уран бүтээл аль нь вэ?
-Мэдээж бүх уран бүтээлдээ дуртай, хайртай. Миний амьдралд, уран бүтээлч болоход хамгийн их нөлөөлсөн хүн бол Дулдуйтын Данзанравжаа. Амьдралд минь тохиолдсон олон зүйл энэ мундаг хүнтэй салшгүй холбоотой. Говийн догшин хутагтын нутагт төрж, өссөн, уран бүтээлийг нь олонд хүргэж яваагаараа бахархдаг. Би уран бүтээлүүд дундаасаа “Үлэмжийн чанар”-т илүү хайртай, сор нь. Дуулахдаа их судалсан, клипийг нь хийхийн тулд нэлээд хөдөлмөр зарцуулсан. Тэр бүхнийг даваад “Үлэмжийн чанар”-ыг клипжүүлэн гаргахдаа их бахархсан.
-Та цахим хуудсаараа дамжуулан ардын дууны домог, үүсэл, хөгжлийн талаар ярилцдаг, санал бодлоо хуваалцдаг. Тэгэх санаа хэрхэн төрөв?
-Анхандаа дэлгэц хараад ярихаар их эвгүй байж билээ. Ганцаараа яриад байгаа юм шиг. Одоо дасчихсан. Аливаа дууны түүх домгийг яриад, дараа нь дуулахаар хүмүүст их хүрдэг юм билээ. Би ч дууныхаа домгийг улам судлах хүсэл тэмүүлэлтэй болоод байгаа. Тэр хэрээр миний мэдлэг нэмэгддэг. Зөвхөн би сонссон, судалсан зүйлсээсээ хуваалцахын сацуу бусдаас их суралцдаг.
-Судалгаандаа тулгуурлан ном гаргах бодол бий юү?
-Байгаа. Миний өмнөх үеийн мундаг уран бүтээлчид өөрийнхөө уран бүтээлээр ном гаргасан байдаг. Би ч мөн адил өөрийнхөө дуулсан хувилбараа нотлоод, үгийг нь, үүссэн домгийнх нь хамт бичээд үлдээвэл зүгээр санагддаг. Мэргэжлийн сургууль төгссөн залуу уран бүтээлчид, миний дууг сонсох дуртай хүмүүст хэрэгтэй зүйл болж үлдэх байх. Мэдээж нас жаахан ахихаар ном гаргана.
“АРДЫН ДУУЧИН” ГЭЖ ТОДОТГОВОЛ НАДАД ИЛҮҮ ОЙР

-“Уртын дуучин”, “Ардын дуучин” гэдэг тодотгол таныг үргэлж дагадаг. Та алинд нь илүү дуртай вэ?
-Харин тийм ээ. Би энэ талаар их боддог. Би өөрийгөө “Ардын дуучин”, “Уртын дуучин” гэж ангилах сонирхол надад байхгүй. Зүгээр л “Дуучин” гэвэл эвтэйхэн санагддаг. Яах вэ, сүүлийн үед ардын дуу түлхүү дуулж байна. Энэ утгаараа “Ардын дуучин” гэвэл надад илүү ойр. Яагаад гэвэл уртын дуугаар клипжүүлээд гаргасан уран бүтээл надад байхгүй учраас.
-Ер нь ардын, уртын хэчнээн дууг бүтэн мэдэх вэ?
-За, ёстой тоолж байгаагүй юм байна. Ардын дуу лав илүү олон бий. Одоо улам баяжуулсаар байгаа. Ямар нэгэн дууг сонсоод сурахдаа шууд нотлоод, хадгалдаг. Тэгж байж Б.Батцэцэглэнгийн дуулснаар мөнхөрч үлдэнэ. Тэгэхгүй бол би өөрөө хүртэл мартчихна шүү дээ.
-Сүүлийн үед Б.Алтанжаргал та хоёрын дуулснаар ардын дууг хүмүүс илүү сонсож байгаа нь анзаарагддаг.
-Баярлалаа (инээв).
ХӨДӨӨ НУТАГТ, МОНГОЛ АХУЙТАЙГАА ОЙР ӨССӨН БОЛОХООР “МАРКО ПОЛО”-Д ТОГЛОХОД ИЛҮҮ ОЙР БАЙСАН

-Та Говь нутагт төрж, өссөн хүн. Монголын уламжлалт ахуй уран бүтээлчийг бий болгодог юм шиг надад санагддаг. Орон зайд захирагдахгүй, малынхаа дэргэд дуулж өсдөг шүү дээ. Өнөөгийн Б.Батцэцэглэнг мөн адил Монголын ахуй бий болгов уу?
-Яг тэгсэн. Говь нутгийн дуучны дуулах арга барил, нугалаа өөр. Хангайнх арай өөр. Хөдөө нутагт мэндэлж, монгол ахуйтайгаа ойр өссөн би их азтай хүн. Өнөөдөр зарим хүн хот, хөдөөгийн гэх ялгаа гаргадаг. Тийм хүмүүст хөдөөгийн сайхан амьдралын зах зухаас мэдрүүлж, монгол ахуйтай нь ойртуулах юм сан. Би хөдөө өссөнөөрөө бахархдаг. Хөдөө өссөн гээд би бүдүүлэг, соёлгүй гэсэн үг биш. Зохиолын дуу, ардын дуу дуулж яваа нэгнийг хөдөөгийн, хуучинсаг гээд шууд дүгнэх нь өрөөсгөл.
Би 2015 онд “Марко Поло” кинонд “Зээргэнэтийн шил” уртын дууг дуулсан. Тэгж тус кинонд дүрээ мөнхлөхдөө үнэхээр бахархсан. Яагаад гэвэл монгол ахуйд, өв соёл, уламжлалаа мэдэрч, дээдэлж өссөн болохоор “Марко Поло”-д дүрээ мөнхлөхөд надад илүү ойр байсан. Надаас шууд монгол “ханхалсан”.
-“Марко Поло” кинонд тоглох боломж хэрхэн олдов?
-“Марко Поло” киноны Монгол дахь төлөөлөгчөөр Оргил ах ажилласан юм. Тухайн үед “Хубилай хааны хүүхдийн найрны хэсгийн зураг авалт дээр дуулах уртын дуучны сонгон шалгаруулалт болж байна. Шалгуулаад үзээч” гэдэг санал тавьсан юм. Тэгэхээр нь би бичлэгээ явууллаа. Кино багийнхан үзээд намайг тэнцүүлж, сонгосон. Миний дуулсан хэсэг хоёрдугаар бүлгийн нэгдүгээр анги дээр нь гардаг.
Уртын дуугаа дэлхийд сурталчлахын сацуу “Марко Поло”-д тоглохдоо дуучин болсноороо үнэхээр бахархсан. Би СУИС-ийг төгсөөд хэдхэн жил болоод байсан үе. Тухайн үед ямар нэгэн алдаа гаргах вий гэж үргэлж эмээдэг, санаа зовдог байв. Монголын уртын дуучин гээд намайг их хүндлэхэд нь ардынхаа урлагаар их бахархсан.
ЭРТНИЙ ТҮҮХТЭЙ, ӨДГӨӨ БҮТЭН ДУУЛАГДАЖ БУЙ ХОЁРХОН ДУУНЫ НЭГ НЬ “ЗЭЭРГЭНЭТИЙН ШИЛ”
-Ийм том уран бүтээлд ямар дуу дуулах нь нэлээд өндөр шалгууртай байсан нь мэдээж. “Зээргэнэтийн шил” дууг яагаад сонгов?
-Монголын эртний түүхтэй уртын дуунуудаас одоо бүтэн дуулагдаж буй хоёрхон уран бүтээлийн нэг нь “Зээргэнэтийн шил”, нөгөө нь “Эртний сайхан”. Энэ хоёроос өмнө үүсээд дутуу дуулагдаж буй уртын дуу байхыг үгүйсгэхгүй. Чингис хааны үеийн Монголын төрт ёсны дуу бол “Эртний сайхан”. “Марко Поло” киноны Хубилай хааны хүүхдийн найрны хэсэгт ямар дуу дуулбал зүгээр вэ гэж нэлээд бодсон. Тэгээд “Зээргэнэтийн шил”-ийг сонгов. Чингис хааны эр хоёр загалыг магтан дуулсан уран бүтээл. Тийм учраас илүү тохирох болов уу гэж бодсон юм.
Энэ үеэр Б.Батцэцэглэн “Зээргэнэтийн шил” дууны түүхийг сонирхуулан, дуулж өгөв. Энэ тухай ярилцагын видео хувилбараас үзэх боломжтой.
ГАДААДЫНХАН УРТЫН ДУУ, УРТЫН ДУУЧДЫГ НАДААР ТӨСӨӨЛЖ, ҮНЭЛЭХ БАЙСАН ТУЛ АЛДАХ ЭРХ НАДАД БАЙГААГҮЙ

-Энэхүү дууг хэрхэн дуулснаар тань Монголын уртын дуучин, уртын дууны урлагийг дэлхий даяар хүлээж авна, төсөөлнө гэж бодохоор танд үнэхээр том үүрэг, хариуцлага ноогдсон. Та зорилгынхоо хэдэн хувьд нь хүрсэн бэ?
-Ёстой тэгсэн шүү. Дуулангаа дүр бүтээх нь давхар авьяас надаас шаардсан. Би “Зээргэнэтийн шил”-ийг хэрхэн дуулахаас гадаадынхан уртын дууг, уртын дуучдыг төсөөлнө гэж бодохоор сүрдмээр, алдах эрх надад байгаагүй. Би хийх ёстой зүйлээ 100 хувь гүйцэтгэнэ гэж зорьсон. Ямар ч байсан 80 хувьд нь хүрсэн гэж өөрийгөө үнэлдэг.
Дуулах үед олны хэсэгт тоглож буй монголчууд л нутгаа санаад сэтгэл нь хөдлөх байх гэж бодсон. Гэтэл бусад орны уран бүтээлчид, гадаадынхны сэтгэл хөдлөөд уйлахыг хараад их сайхан санагдсан. Монголын уртын дуу хүний сэтгэлд тэгж их хүрдгийн илрэл. Ийм сайхан урлагийн зах зухаас мэдрээд, үүнээс хүртэж яваадаа хязгааргүй баярладаг.
Хүнд өндөр үүрэг, хариуцлага оноох тусам нэр төртэй давахын тулд өөрийгөө улам дайчилдаг юм билээ. Энэ жил улсын наадмын нээлтэд Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан ахтай дуулахдаа үүнийг илүү их мэдэрлээ. Би үнэхээр бүжиглэх эвсэлгүй. Өнөө жил улсын наадмын нээлтэд дуулангаа биелэх шаардлага гарав. Яг тэгээд тулгачихаар өөрийгөө шахаад, дайчлаад сурчихдаг юм билээ. Одоо ардынхаа биелгээг их сонирхож байгаа. “Журай гэлдэн”-г дуулахдаа өөрийнхөө хэмжээнд биелэхийг хичээдэг болсон. Улам сайн сурахын тулд одоо биелгээний сургалтад явж байгаа.
КИНОНД ТОГЛУУЛАХ САНАЛ НАДАД ҮРГЭЛЖ ИРДЭГ
-“Марко Поло” гэснээс та МҮОНРТ-ийн олон ангит “Эрт нахиалсан сарнай” кинонд тоглосон. Одоо ер нь кинонд тоглуулах санал танд хэр их ирдэг вэ?
-Надад тийм санал үргэлж ирдэг. Одоо ч ирсээр байгаа. Кинонд тоглох хэцүү. Би сайн жүжиглэж чадаа ч уу, үгүй ч үү. Ер нь түүхэн кинонд тоглох бодол надад бий. Би “Эрт нахиалсан сарнай” кинонд эсрэг дүр бүтээсэн. Хүмүүс “Уг нь хөөрхөн охин мөртлөө яасан муухай хүний дүр бүтээгээ вэ” гэдэг.
-Тэгж байна гэдэг нь та дүрээ сайн амилуулсан, хүмүүст хүргэж чадсаны илрэл.
-Хичээсээн, хичээсэн.
ӨӨРСДИЙН ГЭСЭН ТЕАТРГҮЙ, ТАЙЗГҮЙ ТУЛ МАРГААШ ЮУ ХИЙХЭЭ УРЬДЧИЛАН ТӨЛӨВЛӨХ БОЛОМЖ БИДЭНД БАЙДАГГҮЙ
-Драмын театр дотор Үндэсний урлагийн их театр байрладаг. ҮУИТ-ын шинэ байр барих сураг гараад байгаа. Ер нь та бүхнийг, танай театрыг улсаас хэр дэмждэг вэ?
-Гадна, дотны бүхий л том арга хэмжээ, хүндэтгэлийн тоглолтын бүх ачааг манай театр нуруун дээрээ авч явдаг. Шинэ байрны сураг гараад л байгаа. Газар нь шийдэгдсэн гэнэ лээ. Биднийг өөрсдийн гэсэн театртай, тайзтай болгохгүй бол манай хамт олон маргааш хэдэн цагаас цуглах, бэлтгэл хийх эсэхээ урьдчилан төлөвлөх боломжгүй сууж байна. Яагаад гэхээр Драмын театртай тайзаа хуваадаг, ээлжилдэг. Драмын театр тайзаа чөлөөлж өгсөн үед л бид бэлтгэл, тоглолт хийдэг. Өнөөдөр надаас хэн нэгэн “Маргааш завтай юу” гэж асуухад би юу гэж хариулахаа хэлэх боломжгүй. Тийм л нөхцөлд бид ажиллаж байна.
Тоглолт хэдхэн өдөр болоод өнгөрнө. Гол нь тоглолтын тэр тусмаа олон хүний хүч хөдөлмөрөөр бүтдэг дуулалт жүжгийн бэлтгэл их нүсэр. Драмын театрын тоглолт, бэлтгэлтэй давхацвал хүлээхээс, хийхээр төлөвлөсөн бүхнээ хойшлуулахаас өөр аргагүй байдаг.

“Хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэн гуай нэг удаа “Ардын дууны үгтэй дүйцэх үгтэй дуу хийчхээд өөд болох юм сан” гэж билээ. Ийм сайхан урлагтай амьдралаа холбоод, одоо дуулж яваа минь их хувь” гэж онцолсон Б.Батцэцэглэн ярилцлагынхаа төгсгөлд манай уншигчдад зориулан “Хайлуур мөрөн”-г дуулж өгөв.
Ярилцлага авахаар очсон жирийн нэгэн сэтгүүлч, зураглаач хоёрт зориулан, уншигчдыг нь хүндлээд гурвын гурван дуу дуулаад өгчих сэтгэлтэй уран бүтээлч өнөө цагт хэд билээ. Монголын орчин цагийн ардын, уртын дууны сор болсон дуучин Б.Батцэцэглэн хэр энгийн, байгаагаараа уран бүтээлч болохын нэгээхэн илрэл нь энэ. Нөгөө талаар дуучид ам барьдаг, ориг хоолойгоороо дуулж чаддаггүй гэж шүүмжлүүлэх болсон өнөө цагт ямар ч ая, хөгжимгүйгээр гурван дуу дуулчих тэгээд бүр бичлэг хэлбэрээр цацуулчих уран бүтээлч хуруу дарам. Б.Батцэцэглэн коронавирусийн халдварын нөхцөл байдал нааштай байвал 2021 оны нэгдүгээр сард бие даасан анхны тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа гэнэ.
ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш хатуу дуулж байна уянгын дуу зохихгуй дуучин байна Таиирын голыг та нар битгий ингэж гутаа зугээо л орхи
Ямар их хөдөлмөрч бүсгүй вэ. Дуу дуулах нь өөрт заяасан өгөгдөл болохоор тээргүй байдаг байх�##�даа. Уртын дуу,ардын дуунд ийм уха�##�аг мэдрэмжтэй дууяин заяасанд бурхан тэнгэртээ байр�##�лаа
Umhii a l hend heregtein
Сайхан дуулдаг бүсгүй байна. Жинхэнэ монгол төрх. Амжилт хүсье!