ЯРИЛЦЛАГА

Г.Мандахнаран: Энэ миний барилдах сүүлийн жилүүд. Гэхдээ зовсон ч, жаргасан ч би ӨӨРИЙНХӨӨРӨӨ

Саяхан одсон 2020 оны арванхоёрдугаар сард ДАШТ-ий хошой хүрэл медальт, Монгол Улсын Гавъяат тамирчин Г.Мандахнарантай уулзахаар Төв аймгийг үдшийн бүрий нөмөрсөн хойно зорьсон юм. Ярилцах гэж бус, өөр хэргээр л дээ. Гэвч түүний Рио-2016 олимпын дэвжээн дээр баярлан дэвэлсзэн хэдхэн агшин нүдэнд харагдаад болдоггүй. Барилдаан дууссан хойно шүүгчид ялалтыг өрсөлдөгчид нь өгч, манай дасгалжуулагч нар хувцсаа тайлан шидэж, эсэргүүцсэн тэр явдлыг уншигчид саяхан мэт л санаж байгаа.

Бид явсаар оройн 23.00 цагт түүний гэрийн гадаа ирсэн билээ. Ингэж оройтсон ч тэр биднийг дотночлон угтаж, эхнэр нь халуун хоол цайгаар дайлав. Г.Мандахнаран бэлтгэл хийж байхдаа гэмтчихсэн гээд юм түшин явж байна. Ингэж бид анх удаа уулзав.

Зорьсон ажлаа бүтээхийн хажуугаар 00.00 цаг өнгөртөл ярилцлагын ширээний ард сууж амжсанаа уншигчдад хүргэе.


-Төв аймагт ирэхэд цэвэр агаар нь илт ялгарч, самалдаг сэнхийж байна шүү.  Энэ байшинд таныг сайхан гэр бүлтэйгээ ажин түжин, жаргал дүүрэн амьдардаг юм шиг тийм сэтгэгдэл шууд угтлаа.

-Хүний амьдралд нэг их зүйл хэрэггүй шүү дээ. Аз жаргал гэдэг ер хувь хүнээс, өөрөөс нь хамаардаг ойлголт. Өөрийгөө зовоож, их зүйлд шунаад байвал аз жаргал улам холдоод л байна. Би бол өөрийгөө аз жаргалтай амьдарч байна л гэж боддог. Өнөөдөр хүсэж, мөрөөддөг байсан амьдралаараа амьдарч байна. Ийм сайхан гэр бүл, хань ижил минь байна. Хамгийн гол нь би эрүүл байна. Тийм учраас аз жаргалтай л гэж боддог.

-Нааш ирэх замдаа таныг 2016 оны олимпын талаар олон хүнд залхтлаа ярьсан байх гэж бодож явлаа. Эргэж ярихад хэр таатай сэдэв болж үлдсэн бэ?

-Тэр бол мэдээж ганц сэтгүүлчдэд гэхгүй хаана ч явсан, хэнтэй ч таарсан яригддаг сэдэв юм даа. Хүн бүхэн л надаас асуудаг, яриулдаг. Би тэдэнд яг нэг л зүйлээ ярьж байгаа ч хүн, хүний ойлгож, хүлээж авах нь бас өөр, өөр. Спортыг ойлгодог хүн байна, ойлгодоггүй хүн байна. Тийм учраас маш олон талаас нь маш олон удаа ярьж байсан /инээв, Сурв/.

-Өнөөдөр хоёул энэ тухай мэдээж ярих байх, гэхдээ хоёр гуравхан асуултаас хэтрүүлэхгүй ээ.

-Тийм үү. Ер нь зарим үед яримааргүй байх нь бий л дээ. Гэхдээ нэгэнт туулаад өнгөрсөн явдал хойно энэ миний мартах гэж хичээдэг зүйл биш. Тэртэй тэргүй цаг хугацаа үүнийг, мартагдах, эдгэрэх ажлыг хийнэ. Зах зухаас нь ярихад болохгүй гэх зүйл юу байх вэ дээ, тийм ээ?

-Риогийн олимпоос хойш дөрвөн жил өнгөрчээ. Харагдах байдлын хувьд та өөрчлөгдөж, илүү буурь суусан шиг. Хувь хүний хувьд хэр өөрчлөлт авчирсан жилүүд байв?

-Хүн ер нь нас нэмэхийн хэрээр аливааг илүү гүнзгий тунгаадаг болдог болов уу. Тэр үүднээс мэдээж өөрчлөлт гаралгүй яах вэ. Сэтгэлээр унах, өөртөө дүгнэлт хийх, уйлах уурлах, янз бүрийн мөч энэ хугацаанд тохиосон. Яах ч аргагүй нэг момент үүсчхэж байгаа юм л даа, тэр 2016 онд. Тэр моментоос хойш зарим хүний урам өгөх, зарим хүний гутаан доромжлох, маш олон зүйлсийг амсаж үзсэн болохоор нэлээд өөрчлөгдөлгүй яах вэ.

-Спортын хүмүүс бүдүүн, хадуун л гэж ойлгогддог. Харин та аливааг ер нь зүрхэндээ ойрхон мэдэрдэг, гүн мэдрэмжтэй хүн шиг надад санагдсан. Риогоос ирэхэд яруу найрагч Б.Лхагвасүрэн агсан таны сэтгэлийг онгойтол нэг үг хэлсэн гэж уншсан юм. Тэр ямар үг байсан юм бэ?

-Б.Лхагвасүрэн гуайтай хүндэлж явдаг хүний хувиар олимпод явахаасаа өмнө нэг уулзсан. Буурлаасаа үг сонсож, захиас аваад явсан. Харин тийм үйл явдал болоод ирсний дараа дахиад нэг уулзахад “За, энэ бол миний дүүгийн ялалт биш юм. Ялагдал ч бас биш. Улс орон маань л дэлхийн түвшинд ямархуу байгааг харуулж өгсөн үйл явдал боллоо” гэж хэлсэн. Тэр үед өөртөө буруу өгөх, эргээд зөвтгөх гээд л, аягүй олон талаас нь мэтгэж, бодож байсан л даа. Харин хамгийн сүүлд нь тэр мундаг буурлын үгийг сонсоод “Монгол Улс минь дэлхийд ингэж л үнэлэгдэж байгаа нь энэ юм даа” гэж ойлгосон.

-Таныг их тайтгаруулсан байх. Монголд ирэн иртлээ эсрэг тэсрэг бодолд тэлэгдэж байсан болов уу. Дэвжээн дээр дэрвэж гүйсэн тэр мөч одоо хүний амьдралын хэдэн хормын хэсэг юм бэ?

-За, нэг сүүлийн гурав, дөрөвхөн секунд юм даа. Энэ тухай нойргүй хонон бодож байсан өдрүүдээ бол тоолж байгаагүй юм байна. Учир нь тамирчин хүн маргааш ялахын тулд өнөөдрийн ялагдлыг хурдан март гэсэн зарчим баримталдаг. Өнгөрсөндөө амьдраад л, шаналаад байвал хэзээ ч өсөж дэвжихгүй шүү дээ. Ганц тамирчин ч биш ер хувь хүний амьдрал ийм л зарчмаар урагшилдаг болов уу гэж боддог.

-Энд та бэлтгэлээ хаана хийдэг юм?

-Би багаасаа Төв аймагт төрж, өссөн хүн шүү дээ. Спорт хорооны зааландаа бүр багаас л бэлтгэлээ хийж, өдий зэрэгтэй болсон. Харин одоо коронагийн энэ үед Спорт хорооны зааланд олуул орж болохгүй, хориотой байна. Яаж ийгээд ганцаараа ч хамаагүй орж, олимпынхоо бэлтгэлийг таслалгүй, нутаг орныхоо нэрийг гаргачих юм сан гэсэн сэтгэлтэй зүтгээд л байна. Ойрд гэрээс нэг их гарахгүй байгаа болохоор үс толгой хүртэл ургаад, энэ хар…

-Энэ удаагийн олимп бас л нэг сонин цаг үетэй давхцжээ дээ. Ер нь зодог тайлъя гэдэг бодол таны толгойд орж ирж байв уу?

-Зодог тайлна гэдэг бол… Яг үнэндээ Монгол Улсын Үндэсний шигшээ багт хамгийн ахмад тамирчин нь би байгаа байх. Он гараад 35 нас хүрнэ гэдэг бол ахмад тамирчны тоонд орж буй хэрэг. Гэхдээ их спорт гэдэг шударга л байх ёстой. Хэрэв би дүү нараа барилдаж, дийлэхээ байгаад ирвэл, энд байгаад байх шаардлагагүй. Та нарын замнал эхэлжээ гээд зодог тайлж болох юм. Хэрэв намайг хожихгүй бол би байна. Ингэснээрээ дүү нар арай болоогүй байна, дахиад жаахан бэлд гэсэн санамж, үлгэр дуурайл болж байна л гэж боддог юм шүү дээ. Намайг хөгширчихлөө, зодог тайлаасай гэж боддог хүмүүс байдаг л байх.

-Тэгж хэлж байсан хүн бий юу?

-Өө, байж л байна. Миний амьдрал бол миний л амьдрал хойно.

-Та бол барилдана аа л гэдэг юм байна.

-Барилдахаас гадна байна шүү дээ, улс орны хөгжилд хүн чаддаг юмаа хийж л хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Тэс өөр төрлийн бизнес хийх гээд ч юм уу, улс төрч болох гээд үсчиж явахаар чаддаг юмаа л сайн хийж явбал улс хөгжинө гэж боддог. Миний чаддаг юм бол барилдах. Үндсэндээ 20 гаруй жил, хэдэн настайгаасаа хичээллэж эхэлснээ мартталаа барилдаж дээ.

-Хувь хүн гэхээс илүү улс орон гэдэг агуулга ойрхон давтагдчихлаа. Улсдаа медаль авчирч чадаагүй гэсэн дутуу, үүрэг хүлээсэн мэт мэдрэмж танд байдаг юм болов уу?

-Ерөөс миний дотор бүр багаас л амжилт гаргана гэдэг хувь хүний гэхээс илүү Монголын далбааг дэлхийн тавцанд гаргаж, мандуулж буй хэрэг гэдэг утгаар бат суучихсан. Багаасаа л зүрх сэтгэлдээ ингээд бүр автчихсан. Цаанаасаа л суучихсан гэх юм уу. Тэгэхээр дахин давтаж яриад байж магадгүй.

-Ийм зүйл төсөөлөхөд огшдог уу?

-Огшилгүй яах вэ. Бодох бүрд, ярих бүрд огшино. Зарим хүмүүс хэнхэглэчихсэн худлаа гар байна, хүн өөрөө өөрийнхөө төлөө л амжилт гаргадаг гэж хэлэх байх л даа.

-Та хэр нулимс ойртой хүн бэ?

-Аа, их ойртой шүү. Мэдрэх юмаа мэдэрдэг, харин бусдаас өөр зүйл надад юу ч байхгүй. Одоо ч хуучны  монгол ч юм уу ямар нэг кино үзэж байгаад уйлчихдаг. Хүүхдүүдийнхээ, гаднын хүмүүсийн дэргэд ингэж уйлахаасаа жаал санаа зовно. Заримдаа нулимсаа дотогш залгина, заримдаа ч өөрийн мэдэлгүй уйлчихсан сууж байдаг юм. Энэ бол юмыг маш их сэтгэлээсээ мэдэрдэг гэх юм уу, миний нэг тийм чанар байх.

-Гэхдээ таны үнэтэй, давуу чанар байх аа.

-Мэдэхгүй, одоо. Байгаа минь л энэ /инээв, Сурв/.

-Ойрын хэдэн жил шүлэг бичив үү?

-Би чинь нэг их айхтар бичдэг хүн биш шүү дээ. Зүгээр л унших, сонсох дуртай. Үгийн цаадах утгыг таньж ойлгох гэж бодох дуртай л хүн. Бичихээс илүү уншлаа. Яруу найргийн цаг гэж нэвтрүүлэг Фэйсбүүкээр явдаг болсон байна билээ. Тэр бүрийг үзэж, сонсож байна. Яруу найраг чинь одоо урлаг юм уу, яг юу юм мэдэхгүй. Урлагт суралцах гэж, сэхээтэн хүмүүсээс суралцах гэж л хичээж байна гэж хэлмээр юм уу даа /инээв, Сурв/.

-Эдгээр бүх сэдэв таны бага насны хүмүүжлийг сөхөх байх. Таны аав, ээж хоёр ямар салбарын хүмүүс юм бэ?

-Тэд маань барилгын салбарын хүмүүс шүү дээ. Аав бол ихэвчлэн гэртээ л байж байдаг, гар урлал хийдэг, хэцүү цагт аж ахуй эрхэлж ч үзсэн хүн. Тэр хоёрын нэг их ном уншиж байсныг нь би сайн санахгүй байна. Би ч багадаа ном уншиж байснаа мэдэхгүй юм.

-Таныг спорт руу чиглүүлсэн үү, та өөрөө чиглэсэн үү?

-Өөрөө л чиглэсэн дээ. Гэхдээ ингэж хэлж байгаа боловч, мэдээж аав, ээж хоёр тодорхой нөлөөлөл өгсөн байгаа л даа. Тэр хоёр маань тас эсэргүүцсэн бол тэгээд л дуусаа. Ялагдаад ирэхэд нь урам өгөөд, ялаад ирэхэд нь шагнаж урамшуулаад явсан учраас тэр чигтээ спортын хүн болсон байж таарна.

-Эрэгтэй хүүхэд ер нь ээждээ илүү ойр байдаг гэдэг. Та хэнтэй нь илүү дотно байсан бэ?

-Тийм үү. Би ер нь аавдаа л байсан даа. Аав гэртээ байдаг байсан болоод ч тэр үү.

-Энэ хоёр давхар байшинд өрнөдөг таны гэр бүлийн амьдралын зах зухаас, өдөр тутмын дүр зургаас уншигчдад сонирхуулмаар байна?

-Өө, ёстой л жинхэнэ амьдрал өрнөнө шүү дээ /инээв, Сурв/. Одоо коронагийн үеийн амьдрал яг л байшин дотроо өрнөж байна. Эхнэр маань аль болох гадуур гарахгүйгээр гэртээ боорцгоо хийж, талх тариагаа барьж байна. Гарч байгаа нь би л байна. Очиж бэлтгэл хийчхээд л. Зарим өглөө хойд сэрүүн уул руугаа алхана.

-Таны эхнэр хоол сайн хийх үү?

-Үгүй, нээрэн… /Инээв, Сурв/. Эр хүнийг ходоодоор нь гэдэг шүү дээ. Хоол сайн хийдэг учраас татагдаад л энэ байлгүй дээ. Хүүхдүүдийн тухайд бол өдөржин л хичээлийн зодоон болж байна. Өмнө нь хичээл дээр гар утас авчирч болохгүй гэдэг байсан бол одоо утасгүйгээр хичээл явахаа байчхаж ээ.

-Хамгийн том нь хэдэн настай билээ?

-10 настай.

-Ямар мэргэжлийн хүн болох тухайгаа тэд нь ярьж эхэлсэн үү?

-Үгүй одоо ярьж л байдаг юм. Тэр бүр дээр нь нэг их ач холбогдол өгдөггүй юм аа. Бага насны гэнэн хөнгөн бодлыг аав, ээж хоёр нь нэг их гүнзгий хүлээж авч үзээд байх хэрэггүй шиг. Мэдээж хүүхэд өөрөө гүн гүнзгий бодсон бол тэр мэргэжлийнхээ хүн яаж ийгээд л болно шүү дээ. Хүүхдүүд барилдах бол дуртай. Байнга л ноцолдоно. Энэ байшинг барьснаас хойш хэд ч нураав. Байнгын л засвартай шүү дээ.

-Нээрэн та эхнэртэйгээ үнэхээр амттай хоол хийдэгт нь болоод татагдчихсан юм уу?

-Манай эхнэр бид хоёр 10 жилийн нэг ангийн сурагчид л даа. Анх эхнэр минь спорт ойлгодоггүй талдаа байсан санагдана. Би ч бардам залуу байсан юм уу, “Гавъяатын эхнэр болно оо” гэхээр “Юун гавъяат мавъяат, өөртэй чинь суугаа ч уу, үгүй ч үү” гэж тоглож наргисаар нэг мэдэхэд ёстой л гавъяатын эхнэр, бид гурван сайхан хүүхдийн эцэг, эх болчихсон явж байна шүү дээ.

Их сургуулийн дөрвөн жил дуусгаад л гэр бүл болцгоосон. Эхнэр маань Дарханд, би МУИС-ийн Мэдээлэл, технологийн сургуульд тус, тусдаа суралцсан юм.

-Тэр ангийг та дүүргэсэн үү?

-90 кредит үзээд л ер нь орхисон л доо.

-Спорт мэдээж илүү татсан байж таарна.

-Золиос шаардана.

-Сургуулиа хаях бол зөв замаа олсон хүмүүст байдаг л зүйл. Гэхдээ яагаад мэдээлэл, технологийн ангийг сонгосон тань сонин юм байна?

-Тэр үед мэдээллийн технологи ид гарч ирж, хүмүүс хэрэгцээ шаардлагыг нь ойлгож байсан үе л дээ. Нөгөө талд аав маань намайг биеийн тамирын багш бол гэж байв. Би бас “Тамирын багш болмооргүй байна шүү дээ. Сурч чадаж байгаа юм чинь арай өөр салбар сонирхож үзье л дээ” гээд энэ хуваарийг авсан. Гэтэл гурван жилийн дараа эцэг, эхийн зөв болоод л, багш дасгалжуулагчийн сургууль төгсчхөөд сууж байгаа байхгүй юу.

-Хичээлдээ муугүй хүү байжээ?

-Сайн байсан болохоор л МУИС-ийн хуваарь авсан байх даа /инээв, Сурв/.

-Тэгээд дээрээс нь тамирын багш болмооргүй байна гэж байсныг бодоход дажгүй амбицтай ч байж?

-Тийм юм шиг байгаа юм, би бас бодоод байдаг. Орсон хойноо их сургууль төгсөөд мэргэжлээрээ ажиллаад сарын хэдэн төгрөгийн цалин авч, түүгээрээ яаж амьдрал, ахуйгаа авч явах тухайгаа бодож үзсэн л дээ. Тэгээд үнэхээр бөхөөр явбал монгол түмэн хайрладаг юм байна, дэмжлэг урамшуулал байдаг юм байна, тодорхой нэр хүндтэй ч болдог юм байна гээд сонгосон. Болохгүй бол 30 нас хүрээд дахиад сураад, дахиад амьдралаа эхлүүлнэ биз гээд л спорт руугаа эргэлт буцалтгүй бие, сэтгэлээ өгчихсөн.

-Зөв гаргалгаа санагдаж байна. Одоо 30 гаруй нас, хөгшин биш шүү дээ. Дөнгөж зүгширдэг.

-Тэгэлгүй яах вэ. Харин их спортын хувьд бол сүүлийн жилүүд юм даа. Одоо Н.Түвшинбаяр аварга надаас хоёр ах, тэр нэг олимпод барилдвал барилдах байх. Өөр ч олимпод үзэхүйц бидний насныхан ховор шүү.

-Тэгэхээр Токиогийн олимпоос цааш олимпын наадмын гэрэл бол унтарч байгаа юм байна.

-Тийм, түүнээс цааш бол олимп гэж байхгүй. Ер нь яг үнэндээ 2016 оны олимпыг эхний бөгөөд сүүлийнх гэж бодож очсон. 30 настай байсан гэхээр хөнгөн жингийн тамирчны хувьд ч өндөр талдаа нас байв. Тэгээд тийм зүйл болчихоор мэдээж шар, хор буцална.

-Гэхдээ таныг медаль аваад ирснээс илүү азтай, ховор хувь тохиолын эзэн юм гэж би хувьдаа хардаг юм?

-Тийм ч байж болох юм. Гэхдээ аз гэхээс эз ч юм бил үү. Ер нь бол тэр зүйл болоод л өнгөрсөн. Өнгөрсөн хойно нь азтай байсан, азгүй байсан гээд ямар ч аргагүй шүү дээ /инээв, Сурв/.

-Яг үнэнийг хэлэхэд Токиогийн олимпоос та хэр их зүйл хүлээж байна вэ?

-Яг үнэнийг хэлэхэд чадах бүхнээ л хийнэ.

-Сэтгэл зүй бол маш их бэлтгэгдсэн байх.

-Тэр бол тодорхой. Үүнээс илүү ялагдал гэж юу байх вэ. Тэгэхээр өөрийгөө хангалттай бэлдэнэ, тэнд чадах бүхнээ гаргана.

-Барилдах насны хувьд хэвийж байгаа талаар та ярилаа. Харин түүнээс цааших амьдралаа хэрхэн зураглаж байгаа вэ?

-Түүнээс цааших амьдрал уу.

-Тийм. Төлөвлөгөө бий юу?

-Түрүүн ярьж байсан, монгол хүн бүр өөрсдийнхөө хамгийн сайн чаддаг зүйлсийг л хийгээсэй. Спортын хүн спортын салбартаа ажиллаасай гэхчлэн. Би яг энэ зарчмаар, спортын ертөнцдөө л амьдарна гэж боддог. Энэ бол нийгмийн хөгжил.

Өнөөдөр хүн бүхэн эрүүл мэндээ хаяад мөнгөний араас явдаг болчихсон цаг шүү дээ. Хувь би хэдийгээр эрүүл агаарт, дасгал хөдөлгөөнтэй амьдарч байгаа ч нийт монголчууд маань тийм биш. Тэгэхээр наад зах нь монголчуудыгаа эрүүл амьдралын, спортлог хэв маягт уриалах нөлөөллийн ажил хийх ч юм уу, эсвэл өөр спортод хөл тавих ч юм уу, их өргөн хүрээнд ярьж болно л доо. Ямартай ч одоо миний урд өөр зорилго байна. Ондоо зүйл бодож бодлоо сарниулах хэрэггүй. Гэхдээ ямар ч тохиолдолд хаа хамаагүй улс төр гэж явж, дарга сайд болохгүй.  

-Ихэнх хүмүүсийн дотор биелүүлж амждаггүй нэг хүсэл байдаг даа. Спортоос гадна тийм хүсэл танд бий юу?

-Надад бол… байхгүй л гэж хэлнэ дээ.

-“Мандахнаран” гэдэг цэцэрлэг байгуулж байсан. Тэр тухайгаа сонирхуулна уу?

-Цэцэрлэгүүд маань хоёр нас хүртэлх хүүхдүүдийг авдаггүй шүү дээ. Тэгэхээр 0-2 нас хүртэлх хүүхэд авдаг ийм цэцэрлэг нээж, цөөн ч гэсэн залуустаа ажиллаж, хөдөлмөрлөх боломж олгоё, бас жаахан буяны юм хийе гээд хоёр жил гаран явсан хэрэг. Би спортын хүн болохоос менежер биш, сургуулийн өмнөх боловсролын хүн биш учраас үүнийг залж явах мэдлэг, чадвар үнэнхээр дутсан. Сэтгэл байгаад, багтаад хийсэн ч жаахан хүүхдүүд өвчлөл ихтэй, эрсдэлтэй. Тэгж байтал коронавирусийн ч сураг дуулдаж, эрсдэлээс сэргийлээд болиулсан. Тийм ч учраас л би хүн чаддаг, чаддаг юмаа хийх хэрэгтэй гэж хэлээд байгаа юм л даа.

-Таны эхнэр ямар байр суурьтай байх бол. Барилдахаа больсны дараах таны амьдралд?

-Бид хоёр хоорондоо ярьдаг юм аа. Их амархан. Хамтдаа л байвал юу ч байсан туулаад, туучаад гарна. Тэр минь намайг бүх л зүйлд дэмжиж, тусалж ирсэн.

-Энэ л жинхэнэ хайр болов уу. Нэг нэгэнтэйгээ тохиролцож, төлөөс хариу эрж, нэхэж амьдралаа залдаг гэр бүлүүд цөөнгүй бий.

-Мэдэхгүй, бид хоёр тийм гэр бүлүүдийг ойлохгүй, мэдэхгүй юм. Хамтдаа л байвал ямар ч хэрүүл, уруул байсан даваад л гардаг онцлогтой. Муудалцлаа ч орой нэг орондоо орж унтаад, өглөө нүүр нүүрээ харж сэрж байгаа нөхцөлд ойлголцохгүй байхын аргагүй шүү дээ.

-Хайрын тухай та хэр боддог вэ?

-Хайрын тухай юу. Хайр гэдэг чинь одоо… Олон ч юмнаас үзсэн, олон ч юмнаас сонссон, өөрөө ч бас үзсэн гэдэг шиг хэлэхэд /инээв, Сурв/, хүнээс юм нэхэхгүйгээр юм өгөхийг л хайр гэж ойлгодог. Хүнд юм өгөх гэхээр заавал эд өлгийн зүйл биш, сэтгэлийн дэм ч байж болно. Жишээлбэл хүүхдүүддээ бид жинхэнэ хайртай байгаа байхгүй юу. Биднийг хайрлаач гэж тэд минь шаардаагүй байхад, эргээд бид мөн тэднээс хариу нэхэхгүйгээр хайрлаж байдаг. Үүнийг л хайр гэх байх даа.

-Дурлалын хайрын тухайд…Арай өөр болох уу?

-Үндсэн зарчим бол адилхан үүн дээр нэгдэж байгаа. Харин цаашлаад гэр бүлийн ариун байдал гэдгээс эхлээд олон нарийн нандин зүйл нэмэгдэх байх л даа. Ер нь юм гэдэг чинь нэг өнцгөөс хараад байж ер болохгүй эд. Өөр оронд маш олон эхнэртэй, мөртлөө хайртай гээд явж л байна. Яг аль нь зөв, яг аль нь хайр юм гэдгийг хэн ч оноож хэлэх аргагүй мэт. Миний хувьд зөв гэдгээрээ, энэ миний хайр гэдгээрээ л амьдарч явна даа.

-Харин аавын тухайд, та хүүхдүүддээ яаж нөлөөлж, ямар сургааль барьж өсгөдөг вэ?

-Мэдээж аав хүн бол айл гэрийн ноён нуруу л байх ёстой. Тэр айлд эрэгтэй хүн байхгүй бол цаанаа нэг юм дутаад явчихдаг. Тэгэхээр нэн тэргүүнд би өөрөө эдэнтэйгээ хамт байх нь л чухал. Амьд байх нь чухал гэдэг шиг. Би өөрөө үүнийг биеэрээ туулж мэдэрсэн. Түүнээс миний өссөн, тэдний өсөж буй нийгэм, үзэж харж буй зүйл, эдгээр бүгд бол өөр. Иймд ийм тийм мэргэжил эзэмш, тэгвэл гоё амьдарна гэхчлэн сурталчлах ямар ч утгагүй. Хүүхдүүд өөрөө өөрсдийгөө олох нь зөв байх гэж боддог. Хүн яаж ч жаргасан өөрийнхөөрөө, яаж ч зовсон бас өөрийнхөөрөө л байх ёстой.

-Ярилцлагынхаа эхэнд хөндсөн аз жаргалтай амьдралын тухай сэдэв рүүгээ эргэж ороод дуусах нь ээ. Хамгийн сүүлд нь асуухад, та өөрийгөө юуны төлөө амьдардаг гэж хэлэх вэ?

-Би Монгол Улсын нэгээхэн хэсэг болоод, бахираад, “чарлаж орилоод” явж байна. Энэ л өөрөө асар чухал. Хүн төрөлхтний, Монгол Улсын нэг хэсэг нь болоод амьдарч байгаа нь л чухал ойлголт. Мөн амьдарч буй энэ цаг хугацаандаа өөрийн гэсэн дурсагдах орон зайг үлдээх юм сан гэж боддог. Аав, ээжийнхээ нэр хүндийг өндөрт өргөж явах. Бас надаас үргэлжлэх миний хүүхдүүд байна, тэднийхээ төлөө амьдарна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

15 Сэтгэгдэл

  1. мандахнаран одоо больсон нь дээргүй юу з####уу үедээ зайгаа тавьж өгсөн нь дээр 35 нас их спортод хөнгөн жинд барахгүй дээ монголдоо з####уучуудыг ялж болох л юм гадагшаа гараад нэмэргүй дээ бүх юм цаг хугацаатай чи хийдэгээ хийсэн спортын жам нь ийм юм

  2. Я####тчгүй ясны тамирчин хүн амжилт хүсэе дүүдээ үлдсэн жаахан хугацаагаа үр дүнтэй амжилттай өнгөрөөгээрэй дэмжиж явдаг шүү

  3. Solongos tamirchid hun orhoodoi uudag ydardgui huch tamirtai baidag mandahnaran yg sain hun orhoodou olimp boltol uuval zugeer bh mgldaa ylval yvad ylagdval uldene biz

  4. хатуу хөл хорио гээд та хэд хэдүүлээ төв аймагт ирсэн бэ х####двар тараагаад явсан бол хариуцлагаа хүлээгээрэй уок-н ажил нэг иймэрхүү

  5. Шударга, сайн з####уу санагдлаа. Зөв л бодолтой явдаг юм байна. Үнэхээр бяртай, чад####тай байв#### барилдах л хэрэгтэй. З####уучууд дийлэхгүй бол … яах ч аргагүй.

  6. энэ хүн барилдах гэж л төрсө сайн з####уу энэ муулаад байгаа хүмүүс өөрсдөө хөлс гаргаад үз дэвжээнд гараад үз шээх байлгүй дээ эсвэл ухаанаа ####дах биз нэг олимпод үзнэ шүү харж байгаа

  7. ЗАЛУУ ҮЕ НЬ ЭНИЙГ ДИЙЛЭХГҮЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ. МАНДАХ БОЛ ЯСНЫ БӨХ ХҮН. ОЛОН ЖИЛ БАРИЛДААРАЙ. ЖИНХЭНЭ ОД ШҮҮ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button