Рэвью: Цаашид хэн зохиолч, хэн жүжигчин, бас хэн нь продакшн байх вэ?

Уран бүтээлчдэд өөрийн санаагаар юм хийх гэдэг айхтар том хүсэл бий. Өөрийн санаагаар л биш бол тэрийг уран бүтээл гэж нэрлэхэд ч хэцүүхэн эд болж хувирах вий. Уран бүтээлчид бүтээлчид дотроо харин жүжигчид бол бусдын зохиол дотор, өрөөлийн найруулга, тавилт дор багтаж ажиллах ёстой хүмүүс. Дүрийг өөрөө өөрөөсөө олж нээж, баяжуулж, дахин төрүүлж, тэгж амьдруулахаараа тэр нь жүжигчдийн хувьд өнөөх “өөрийн санаа” болдог байх. Гэхдээ тэгдэггүй жүжигчид гэж бас байна. Тэдний нэг бол “Хүний ээж” уран сайхны киноны зохиолыг бичсэн жүжигчин А.Ганчимэг. Энэ киног найруулсан жүжигчин Д.Ганцэцэг нар юм.
Өөрөөр хэлбэл хоёр Ганаа бусдын зохиол биш өөрийн зохиолыг, өрөөлийн найруулгыг биш өөрсдийн найруулгыг хүсэмжилсэн тийм уран бүтээлчид, бас тийм жүжигчид. Харин тэр нь амжилттай болох эсэх бол ёстой адармаатай асуулт руу аваачна. Асуулт нь (магадгүй шаардлага гэдэг үг зохино), “Жүжигчнээсээ давж гарч, задарч, үзэл санааны түвшинд, өөр талбарт урлан бүтээх боломжийн хэрийн зиндаанд яг гишгэсэн үү?” л юм.
“Аримун” продакшнд итгэх шалтгаан нь бас эргээд хоёр Ганаагийн жүжигчний мастерство байдаг. Театрт ажиллаж байсан намтар нь сэтгүүлчдийг сонины школа өргөдөг шиг л үйлчилдэг. Үнэхээр ч сайн жүжигчид. Дүрийг бүтээж чаддаг хүмүүс л дээ. Ялангуяа Д.Ганцэцэгийн хувьд чамгүй уншдаг хүн. Ф.Достоевскийн “Гэм зэм”-д тэр роман дотор байдаггүй улсын яллагчийн дүрд оноогдсондоо ил, далд шаралхаж байсан юм. Улсын яллагчийг, сүүлд “Шөнө буусан аадар”-т Энхээг бүтээхийн тулд тэр хэн хэний намтрыг судалж, ямар ямар бичлэг үзэж, орондоо орохдоо галзуу солиотой лайв харах маягаар судалгаагаа хийснээ хэлж байв. А.Ганчимэг бол цэгцтэй, ханашгүй, авьяаслаг жүжигчин. Шүүсийг нь шахахааргүй л бол бас хэрийн дүрийн саналыг хүлээж авдаггүй гэдгээ ч ил тод манай уншигчдад ярьсан.
Ингээд хүлээлт үүслээ. Гэхдээ эхний хүлээлт эргэлзэнгүй байсан учраас тэдний аль алинд нь ярилцлагын үеэр ижил асуулт тавьсан удаатай. “Та хоёр өөрсдийнхөө ертөнцөөр бүтээлээ хайрцаглах юм биш биз. Сайн зохиолч, сайн найруулагч, сайн жүжигчид нэгдвэл сайхан биш үү” гэж. Харин хариултууд сэтгэлээр унагаагүй. Тэд санал нэгдсэн. Д.Ганцэцэг энэ агуулгыг бодож явдгаа хэлж, илүү өөр оюун санаа, ондоо ондоо авьяасыг оруулж ирэхийг чухалчилж буйгаа хэлсэн. А.Ганчимэг цаашид илүү сурмаар, зохиол бичих гэж юу байдгийг номын дууг нь сонсож байж барагцаалмаар санагдаж яваагаа бас ярьсан. “Миний зохиолч гэж юу байх вэ, үнэн ичмээр” гэж хэлсэн нь санаанд орно.
Тэгэхээр, “Хүний ээж” киноны рэвью харамсалтай нь элдэв магтаалын үгсээр баяжихын боломжгүй байх нь. Кино хийе гэвэл зохиолыг зохиолч нь бичиж, найруулагч нь найруулж, жүжигчид нь жүжиглэдэг л байх ёстой гэсэн алтан зарчмыг дурдах шаардлагатай болж байна. Харин продакшн агуулгаа, санаагаа үүтгэх нь, бодит болгохын тулд чармайх нь дамжиггүй хэрэг. Тийм болохоор “Аримун” продакшны үүсгэн байгуулагчдынх нь хувьд тэдний киноны нийгэмд өгчилгөсөн санаа, зорилгыг гүнээ ойлгон хүндэтгэж байна.
Кинонд хоёр санаа байгаа. Нэг нь ээж бол ээж шиг, аав бол аав шиг л байх. Үндсэн хуулиар заагдсан гэх ээ байя гэхэд төрмөл гэмээр үүргээ хүн төрөлхтөн мэддэг, ухамсарладаг байя. Хүүхэд төрүүлсэн бол асарч халамжил. Хайраар дутуу гуцуу битгий өсгө. Ээж, аав гэдгээ ойлго гэсэн санаа.
Нөгөө нь бол тусгай хэрэгцээт хүмүүсийг бусдын л адил хүн гэдгийг ойлгож, хүлээж авах. Хүндлэх, хайрлах. Гол нь “Эд бол тусдаа хүмүүс” гэх бус, зүгээр л нэгэн ижил хүн гэдэг байр сууринаас харилцах.
Өөрөөр хэлбэл энд тусгай хэрэгцээт хүмүүсийн тухай, бас ээж аавдаа орхигдсон хүүхдүүдийн, бас ээж аавынхаа үүргийг ухамсарлаагүй насанд хүрэгчдийн тухай өгүүлнэ.
Энэ өгүүлэмжүүд үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндөж, их бага хэмжээгээр нэгийг бодуулж буй. Тэр утгаараа “Аримун” бас зорилгоо биелүүлж байгаа. Гэхдээ бас нэг талаар, энэ хоёр санааны нэгийг нь л авсан бол магадгүй кино илүү сайн болох байсан байж магадгүй.
Эхэнд дурдсан нь Д.Ганцэцэгийн, сүүлд дурдсан нь А.Ганчимэгийн санаа. Ингээд нийлүүлчихсэн.
Ингэж нийлээд, дээр нь мэргэжлийн зохиолч бус хүн зохиол бичихээрээ маш олон юмны замбараагүй бөөгнөрөл юм шиг бүхэл дүр зураг үүсгэснийг хэлэх хэрэгтэй. Маш хурдан эргэлтүүд, болхи ч гэмээр тайллууд, хангалттай их драма, зөрчил, огтлолцол. Их юм “чихээд” ирэхээр зарим нандин хэсгүүдэд ажиллагаа дутна. Ажиллагаа дутсан хэсэг их, бас хэтрүүлсэн тулгасан нь ч их. Энэ их, багын зөрчил гэхдээ эргээд бас л шүүс шахах ажиллагаа дутсаных байх.
Тэгээд бас, “Хүний ээж” киног дүрүүдийнх нь үүднээс авч үзэх юм бол, хоёр Ганаа биш бусад жүжигчид нь л чимж, аварч гарчээ.
Монголчууд өөрийн санаагаар бүхнээ хийх гэсэн хүсэлтэй хүмүүс. Бүх салбар, бүх давхаргад энэ хандлага ажиглагддаг. Яах аргагүй киноны үүдэл санаа, мессеж, утга агуулга гэдэг юм бол нэг хүний тархинд базагддаг. Гэхдээ мэргэжлийн түвшинд гишгэж, хангалттай задарч, утга агуулга бүтээдэг уран бүтээлчийн амьдралаар шаналж, зовж, бэтгэрч туршлага суусан хүний тархи илүү тохиромжтой ажилладаг.
Тэгээд онол, номын дуу гэдэг юм бий.
Цолгорсон авьяаст бол номын дуу гай болох нь ч бий. Их л бүтээлчээр уран бүтээлчид өөрсдийгөө үнэлж, цэгнэх хэрэгтэй.
Цаашид хэн нь жүжигчин, хэн нь зохиолч, хэн нь найруулагч, хэн нь продакшн байх вэ гэдэг асуултыг “Хүний ээж” бусад бүх уран бүтээлчдэд тавилаа. Бас кино зохиолчид зохиол бичдэг гэдгээ батлан харуулах ёстой ч цаг үе юм. Амбиц хэрэгтэй. Багшилж, ном сурах бичиг дээр ажилласан болоод суух биш гэх үү дээ. Ер нь манай улсад хойш суух биш алив юмны эхлэл шанг татах гэдэг илүү чухал агуулга юм шиг. Хэрэв тэгвэл араасаа зөв голдирлыг дагуулна шүү дээ.
Магадгүй хоёр Ганаа зөвхөн ээжийн, эсвэл зөвхөн тусгай хэрэгцээт хүний тухай санаагаа барьж авч, түүнийгээ хэт их драмаар биш асар энгийн, амьдралд ойр шугамаар хийсэн бол илүү үнэлэгдэх байсан байх. Тэд хэт сайн, хэт өөрсдийнхөөрөө байх гэж хичээж, бас өөрсдөдөө хэтийдүүлэн итгэжээ.
Одоо кино бол ерөөс эв энгийн юман дээр л босож ирж байна. Зүгээр л автобусны амьдрал. Зүгээр л өвөл утаатай гэр хорооллын амьдрал. Харин учир битүүлэг үхэл, хэзээ хойно ил болох нууц, цагдаа сэргийлэх, хүчин, гаж дон, сэтгэц мэдрэлийн асуудал, хайр дурлал, нэг хүний амьдралд олдмоор их адал явдал нэг дор базагдсан олон ангит солонгос драма хэлбэр бол энэ эрин цаг үеийнхээ чиг хандлагад ч бас нийцэхгүй юм.
Уран бүтээлч байх гэж хоёр Ганаа ихийг даван туулж, ихийг суралцаж, туршиж, бас итгэж, гол нь бодит бүтээл болгож чадаж буйд нь халуун баяр хүргэе. Дараагийн бүтээлд өөрчлөлт яаж гарахыг бас хүлээх хүлээлт асар хүчтэйгээр үүссэнээ тэмдэглэе.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ хоёрын зохиол , найруулга гэж хаашаа харсан юм байдаг юм .
M.TENGIST ZAHIALGA UGCH BICHUULSEN YM BAIHDAA. UURUUR Ene HOYORIIN JIJIGCHIN, ZOHIOLCH Gej YU BAISIIN CHAAVAAS DAA. ED NAR BUGD HULGAICHID, HUNII ZOHIOLIIG HUULBARLAGCHID, DUURIAM#LUUD.
Jujigchin Ganchimegiin erotic hesgiig uzeh gej Zereg tsetsegsiin hulemj kinog olon hun uzsen ternees bish uudtei zohiol uudtei kino eruusu boloogui
Энэ 2 жүжигчин яг үнэндээ муу жүжигчид ерөөсөө кино жүжгийн үзэх дургүй худлаа дүр эсгээд бааг нь харагдаад онцгүй.
Oligtoi kino baidgiimuu, yer ni? Tegeed hiigeed l bh yum, huurhii. Nairuulga, zohiol, jujiglelt bugd muu, sul bdag, yerduu setgeld uldsen sain buteel gantsiig ch sanahgui bn.