Top StoriesЭДИЙН ЗАСАГ

Сэргээгдэх эрчим хүчний талбарт бидний боломж, энэ талбарын тоглогчид

Өнөөдөр Монголын тэр дундаа Улаанбаатарын хоолойд тулсан том асуудал, зовлон нь утаа. Салъя гэж яриад түлшний олон талт хэрэглээг туршиж үзлээ. Засгийн газраас ипотекийн зээлийг мөн л өчнөөн хувилбараар ярьж хэрэглэж үзлээ. Гэсэн ч өнөөдөр нийслэлд яндан цөөрч байгаа бодит жишээ алга. Ингэхээр Монгол Улсын ойрын ирээдүйн хамгийн том шийдлүүдийн нэг бол яахын аргагүй сэргээгдэх эрчим хүч болоод буй нь үнэн.

Дэлхийн эрчим хүчний статистикийн тайланд дурдсанаар эрчим хүчний хэрэглээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үүсэлтэй давхар ислийн ялгарал сүүлийн жилүүдэд тогтмол өссөөр байна. Үүнээс үүдэж буй сөрөг нөлөөлөл нь мэдээж дэлхийн дулаарал. Дэлхий даяар сэргээгдэх эрчим хүч рүү хүчээ хаяж байгаа энэ цаг үед Монгол Улсад ч мөн энэ гарц руу урагшлахаас өөр замгүй. Сэргээгдэх эрчим хүч байгалийн өөрийн дуусашгүй эх үүсвэр болох

Нарны эрчим хүч буюу-Нарны гэрлийн тусгалыг цахилгаан эрчим хүч болгон хувиргах явц.

Салхины эрчим хүч – Салхины хөдөлгөөнийг цахилгаан эрчим хүч болгон хувиргах.

Усны эрчим хүч – Гидро цахилгаан станцууд нь усны урсгалаас эрчим хүч гарган авдаг.

Геотермаль эрчим хүч – Газрын гүний дулаан энергиэс эрчим хүч гаргаж авах.

Биомассын эрчим хүч – Ургамал, амьтдын гаралтай материалыг түлш болгон ашиглах зэрэг тасралтгүй эрчим хүч үйлдвэрлэх  боломжтойгоороо онцлог. Арван жилийн өмнө л гэхэд дэлхий дээр үйлдвэрлэсэн нийт эрчим хүчний 18 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авч байсан.

This image has an empty alt attribute; its file name is erchim-huchnii-tusluud-768x432.jpg

Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний салбарын төслүүд сүүлийн жилүүдэд идэвхтэй яригдаж байгаа ч төдийлөн том алхаж чадахгүй л байна. Бидэнд боломж, нөөц байхгүй биш, байгаа. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс нь хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар буюу 16.89 сая тонноор, үүнээс эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн салбарын хувьд 2030 оны түвшинд 8.34 сая тонноор бууруулах, дунд, урт хугацааны бодлого, зорилтуудыг тавьсан. Монгол улс дотоодын эрчим хүчний ердөө 18-хан хувийг л сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна. Монгол Улс Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг 2007 онд баталсан бөгөөд Эрчим хүчний зохицуулах хорооноос 10 жилийн хугацаанд 39 хуулийн этгээдэд нийт 1352.4 МВт чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл олгосон тоо бий.

Монголд сэргээгдэх эрчим хүчний салбарт хэрэгжсэн болон хэрэгжих төслүүд

Монгол Улсын хэмжээнд нийт 297 МВт-ын нар, салхи, усан цахилгаан станцууд ашиглалтад орсон. Үүнээс хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 90 МВт-ын нийлбэр чадалтай 6 нарны цахилгаан станц, 155 МВт-ын нийлбэр чадалтай 3 салхины цахилгаан станц ашиглалтад орж, нэгдсэн сүлжээнд холбогдон ажиллаж байна.

Тухайлбал,

Сайншандын 55 МВт хүчин чадалтай нарны станцыг 2017 оны 8 дугаар сард эхлүүлж, турбин тус бүр ойролцоогоор 2.2 МВт-ын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай 25 салхин турбинаас бүрдсэн бөгөөд 100 мянган айл өрхийн цахилгааны хэрэглээг хангах эрчим хүч үйлдвэрлэх чадалтай.

1965 оноос хойш яригдаж байгаа “алдарт” Эрдэнэбүрэнгийн УЦС, олон саадыг давж, улс төр, геополитикийн нөлөөлөлд автсаар 2015 онд л сая нэг төслийн нэгж нь байгуулагдаж байсан. 2018 онд Хятадын тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барихаар болсон бөгөөд мөн л Хятадын компани гүйцэтгэгчээр оролцохоор болж, энэ оны өнгөрсөн 11 дүгээр сард санхүүжилт нь шийдэгдэж, хөдлөхөөр болсон мега төсөл юм. Одоогийн байдлаар яригдаж байгаа хүчин чадал нь 90 МВт бөгөөд 1 кВт-ыг нь 40 орчим төгрөгөөр үйлдвэрлэнэ гэсэн тооцоо бий. Өөрөөр хэлбэл жилд 366 сая кВт/цаг цахилгаан үйлдвэрлэх хүчин чадлаар ажиллах ба эхний ээлжинд цахилгаан эрчим хүчээ импортоор буюу ОХУ-аас 70 хувь, БНХАУ-аас 4 хувь орчим авдаг аймгуудыг хангах зорилготой.

Дэлхийн банкны санхүүжилтээр Ховд аймгийн Мянгад суманд 10 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж 2022 онд ашиглалтад оруулсан.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд Завхан аймгийн Алдархаан суманд 5 МВт-ын нарны цахилгаан станц болон 3.6 МВт.ц-ын батарей хуримтлуурын системийг 2022 онд, Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг суманд 10 МВт-ын нарны цахилгаан станцыг 2023 онд, Алтай суманд 300 кВт-ын нарны цахилгаан станц болон хуримтлуурын системийг 2022 онд тус тус ашиглалтад оруулсан.

Хөвсгөл аймгийн Мөрөнд 10 МВт-ын нарны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг 2024 оны 5 сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд жилдээ 20 сая кВт/ цаг цахилгаан үйлдвэрлэж, 20 мянган хэрэглэгчдэд түгээнэ гэсэн тооцоо бий. Манай улс газар зүйн байршил, байгаль, цаг уурын нөхцөлийн хувьд 2600 гВт-аар үнэлэгдэх сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй бүс нутагт оршдог.

Гэх мэтчилэн манайд сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчний олон станцууд баригдаж, зарим нь бүтээн байгуулалтын процесстоо явж байна.

Сэргээгдэх эрчим хүчний зардал, тариф өндөр байгаа нь өрсөлдөөнгүй байгаагаас хамааралтай

Монгол Улсын эрчим хүчний систем нь дотооддоо горим тохируулгын түргэн ачаалал авах эх үүсвэргүйн улмаас ОХУ-тай холбогдсон 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч импортоор авч, горимын тохируулга хийдэг байна.

Нарны цахилгаан станц нь эрчим хүчний нэгдсэн сүлжээний өвлийн их ачаалалд оролцдоггүй, салхин станцын хувьд 2013-2022 онуудад 0.2-10.хувиар системийн оргил ачаалалд оролцжээ.

Эдгээр нарны цахилгаан станцуудаас төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 500-600 төгрөгөөр, салхин станцуудаас 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 328-330 төгрөгөөр тус тус худалдан авч байгаа нь дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэдэг дулааны цахилгаан станцуудын цахилгаан үйлдвэрлэлийн дундаж тариф 113 төгрөгөөс 3-5 дахин өндөр байгаа юм. Өртөг зардал өндөр байгаа нь мэдээж энэ талбарын бүтээн байгуулагч, өрсөлдөгч байхгүйтэй холбоотой. Оролцогчид нэмэгдэх тусам үнээр өрсөлдөж, бууруулах ирээдүйтэй талбар.

“Монголтой ижил нөхцөлтэй Узбекистан Улсад 100 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэгчийг өрсөлдөөний үндсэн дээр сонгон шалгаруулж нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг 2.67 цент болгосон. Мөн Камбож Улсад 100 МВт, Казакстан Улсад 20 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай нарны цахилгаан станцуудын төсөл хэрэгжүүлэгчийг өрсөлдөөний үндсэн дээр сонгон шалгаруулж нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг 3 цент болгож” байсан хэмээн салбарын сайд нь хэлж байв.

Уг нь сэргээгдэх эрчим хүчний талбар дээр өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зорилгоор хууль санаачилж, нэмэлт өөрчлөлт оруулсны дараа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн барилга байгууламж шинээр барих тусгай зөвшөөрөл авсан, 202 МВт-ын нийлбэр хүчин чадалтай 2 салхин цахилгаан станц, 110 МВт-ын нийлбэр хүчин чадалтай 4 нарны цахилгаан станц, нийт 312 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барих аж ахуйн нэгжүүд байгаа гэж байв. Мөн сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр бүтээн байгуулалт явуулах зөвшөөрлөө сэргээлгэхээр шүүхэд хандсан нийт 330 МВт-ын нийлбэр чадал бүхий есөн аж ахуй нэгж бий гэдэг.

Эдгээр нар, салхины эх үүсвэр барих тусгай зөвшөөрөл эзэмшигчдын хувьд тарифыг нарны станцын хувьд 10 цент, салхин станцын хувьд 8.5 цент болгон бууруулах шаардлагыг зөвшөөрсөн тохиолдолд зөвшөөрлийг нь ашиглуулах боломжтой гээд байдаг.Яагаад гэхээр анхнаасаа холбогдох яам, хороо нь өрсөлдөөнт байдлыг бий болгох, анхнаасаа үнийн доод босгыг тогтоохгүй бол өндөр үнэ манай улсад тохирохгүй.  

Монголын сэргээгдэх эрчим хүчний талбарын тоглогч болох хүсэлтэй улс орнууд цөөнгүй бий

Хятадын эрчим хүч, төмөр зам, нүүрсний томоохон групп “Чайна Энержи”-гийн удирдах түвшний ажилтан Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбар ч мөн сонирхолтой талбар хэмээн цухалзуулсан удаа бий. Өдгөө “Гашуунсухайт-Ганцмодны” боомтын төмөр замын хил холболтыг хийхээр болоод буй. Монгол Улсын хувьд нар, салхи, усны байгалийн нөөц боломж дээрээ тулгуурлаад сэргээгдэх эрчим хүчний зах зээлийг тэлэх өргөн боломжтой гэдэг.  

Хятадын “Хуавэй” компанийн зүгээс Монголын үүрэн телефоны оператор компаниудын бааз дээр нарны эх үүсвэртэй эрчим хүчний төслүүд хэрэгжүүлсэн байна. Нийт 400 гаруй 100 хувь нараар ажилладаг станцыг суурилуулжээ. Мөн Ховдын Мянгад суманд 10 МВт-ын төсөл хэрэгжүүлжээ.

Германы 28 жилийн туршлагатай, хуурай газрын салхин болон нарны цахилгаан станцын төсөл хэрэгжүүлдэг 31 оронд үйл ажиллагаа явуулдаг WPD компани тухайлбал Монголд салбараа нээж, Өмнөговийн Ханбогд суманд 120 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станцын хөгжүүлэлтийн судалгааг хийгээд байгаа.

АНУ-ын зүгээс манай сэргээгдэх эрчим хүчний талбар дээр голлох тоглогч болох хүсэл сонирхол өндөр бий. Хэд хэдэн нэр бүхий албан тушаалтнууд монголд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах санал тавьсан. Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ричард Л.Бунган ч мөн эдгээр саналуудыг дэмжиж буйгаа батлан “Монгол улс сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх тал дээр анхаарал тавьж, өндөр өртөгтэй нүүрсний цахилгаан станцуудаас татгалзаж, цаашид эрчим хүчний тогтвортой ирээдүйн төлөө зорих нь зүйтэй билээ. Монгол бол нар, салхи, усны нөөцөөр баялаг орон учраас энэ боломждоо түшиглэсэн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашиглах. Эрчим хүчний хараат байдлаас гарч, эрчим хүч экспортлогч орон болох боломж байна. АНУ-ын хөрөнгө оруулагч бизнесийнхэн, Монголын Засгийн газрын зүгээс энэ талбарт хамтран ажиллахаар хэлэлцээг эхлүүллээ” хэмээн мэдэгдсэн. АНУ манай улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт орж ирье гэдгээ ил шулуун хэлсэн нь нэг талдаа ОХУ, болон БНХАУ-ын зүгээс манай стратегийн ач холбогдол бүхий салбарт хамтын оролцоо нь хүрээгээ тэлж буйтай ч холбоотой байж болно.

Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон манай улсад айлчлах үеэрээ "Монгол Улсыг нүүрснээс аажим салахад тусална. Хөдөө аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, мөн хүнсний хараат бус болох, олон улсын байгууллагатай нягт уялдаа холбоотой байх зэрэгт дэмжихэд бэлэн байна. Эрчим хүчний шилжилтэд маш чухал бөгөөд байгаль орчныг хамгаалсан хөдөө аж ахуйн төсөл бий. Манайд нэн чухал металл нийлүүлснээр эрчим хүчний засаглалаа бэхжүүлэхэд Монгол Улсад туслахад бэлэн байна" хэмээсэн бөгөөд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтрах боломжтойгоо илэрхийлсэн.

Мөн Япон, БНСУ, Нидерланд болон Европын холбооны зарим улс, Олон улсын санхүүгийн байгууллагууд манай улсын сэргээгдэх эрчим хүчний талбарын нөөц боломж дээр орж ирэх сонирхлоо удаа дараа илэрхийлсээр байна.

Гол том саад нь төрийн бодлогын болон хууль эрх зүйн орчны тогтворгүй, уялдаагүй байдал нь өөрөө гадны хөрөнгө оруулалтыг бууруулах чухал шалтгаан болсоор. Тухайлбал, манайд гадны хөрөнгө оруулалттай компани салхин цахилгаан станцын төслөө боловсруулаад, судлаад дууссаны дараа холбогдох хуульд нь нэмэлт өөрчлөлт ороод дахиад шаардлагууд нь нэмэгдчихдэг. Ингэхээр зэрэг мөнгө зарж ТЭЗҮ, судалгаа хийсэн компанийн урт хугацааны ажил хөсөр хаягдаад, дахиж эхлэх шаардлага үүсэх жишээтэй. Гадны хөрөнгө оруулагчдын улиг болтол давтдаг зүйл нь ердөө л энэ.

Монгол Улс эрчим хүчний реформ хийнэ гэж том дуугарсан дээрээ сэргээгдэх эрчим хүчний зах зээлээ тэлье. Өрсөлдөөн бий болгож, эрчим хүчний хараат байдлаасаа гаръя гэдэг орчин үеийн хандлага, бодлоготой л болмоор байна.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 16, 2024 08:11

Сэргээгдэх эрчим хүч нэрийн дор мөнгө угаагсад их байна. Ард түмний нуруун дээр ачаа үүрүүлж Монгол улсыг сөхрүүлэх үйлдэл. Цахлгааны энгийн үнээс 3 дахин илүү өртөгөөр нийлүүлдэг шахаа шүү. Ар түмэн чихтэй нүдтэй харин нь Төр нь төмөр нүүртэй шүү..

Холбоотой мэдээ

Back to top button