НийгмийнСПОРТСУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

Аваргын энтэй хүчит арслан

Б.Түвдэндорж, Д.Дамдин, Ш.Батсуурь, Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, С.Цэрэн, Ч.Бээжин аварга, Б.Жамъяандорж, Г.Дэмүүл, Ж.Чойжилсүрэн, Ө.Эрдэнэ-Очир, П.Дагвасүрэн зэрэг аваргын энтэй арслангуудтай нэгэн үе барилдан, уран хурц, дайчин барилдаанаараа шагшигдаж явсан хүчтэн бол Төв аймгийн Баянбараат (1974 онд татан буугдаж, Баян-Өнжүүлтэй нийлсэн) сумын харьяат, улсын арслан Лувсанчимэдийн Сосорбарам билээ. 

Шуу, цээжиндээ их тэнхээтэй түүнийг амлахаас дархан аваргууд хүртэл жийрхдэг байсан гэдэг. Төрийн наадамд 50 гаруй жил барилдахдаа тавхан удаа амлуулсан нь үүний илрэл. Жудагтай бөх, сайхан эрийн төлөөлөл байж, олон түмэнд хүндлэгдсээр ирсэн тэрбээр улсын наадамд 13 удаа шөвгөрсөн. 1959 онд Төрийн наадамд хоёр дахь удаагаа барилдахдаа зургаа даван, өсөх идэр начин цол хүртжээ. Эл барилдаантай зэрэг зохион байгуулсан Монголын оюутан, залуучуудын анхдугаар их наадамд 37 бөхөөс 32 давж, улсын заан болсон юм. 21 насандаа хоёр өөр барилдаанаас нэг өдөр улсын начин, заан цол авсан нь яах аргагүй ховор амжилт.

Монголын бүх ард түмний II спартакиадад 28 хүчтэнээс ганц ч уналгүй манлайлж, улсын арслан цол хүртсэн тэрбээр Цагаан сарын барилдаанд түрүүлж (1965), үзүүрлэсэн (1976) бөх. Гавьяат дасгалжуулагч Л.Сосорбарам Монголын самбо, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн анхны тамирчдын нэг. Олон улсын тэмцээнээс медаль хүртсэн анхны монгол жүдоч, долдугаар дантай тэрбээр чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий цөөнгүй медальтай, Х.Баянмөнх, Ж.Мөнхбат аваргатай өрсөлдөж явсан хүчтэн. 

Боловсролын салбарт 50 гаруй жил ажиллан, сэхээтэн бэлтгэсэн Л.Сосорбарам арслан өнгөрсөн жил Цагаан сарын босгон дээр Ардын багш болсон юм. Тэрбээр 83 настай гэхэд итгэмээргүй, хөнгөн шингэн гэж жигтэйхэн.

АРАВДУГААР АНГИД БАЙХДАА УЛСЫН АРСЛАН С.ОРГОДОЛЫГ ДАВСАНДАА ИХ УРАМШЖЭЭ

Л.Сосорбарам арслан багаасаа бөхийн спортод хорхойссон, бүтэн хувцастай явж үзээгүй гэнэ. Зав л гарвал барилдана. Дээл, гутал тэсгээдэггүй байж. Үеийнхэнтэйгээ, насаар ах хүмүүстэй гээд хэнтэй ч хамаагүй хүч үзнэ. Тэрбээр аравдугаар анги төгсөх жилээ (1958 онд) сумынхаа наадамд улсын арслан С.Оргодолыг өвдөг шороодуулан, түрүүлсэндээ ихэд урамшжээ. Тэр жилээ ХААИС-д малын их эмч мэргэжлээр элссэн. Тухайн үед тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Ц.Жамъяанжав, Гавьяат багш Ч.Ишдорж нар “Заавал бөх болоорой” гэж түүнд зөвлөжээ.

Л.Сосорбарам арслан бөх болсон тухайгаа “Улсын арслан Ж.Чойжилсүрэн бид хоёр ХААИС-ийн оюутан байлаа, нэг оны төгсөгч. Бидний үед бөхийн дасгалжуулагч. Нутгийн олон минь намайг бөх болгосон юм шүү дээ. “Сайн бөх болох ирээдүйтэй” гэж магтсан урмын үг нь надад жигүүр ургуулсан. Манай нутагт Ичинхорол, Чүлтэм, Сэтэв, Лодой гэдэг гэлэн байлаа. Зарим нь намайг бөх болгох сонирхолтой. Цөөнгүй нь малчин, эсвэл лам болгох хүсэлтэй. 

“Малд нүдтэй, гярхай, тусархуу хүүхэд” гэж намайг магтана. Баянбараат сумд цэргийн заан Лүндэн, Гүнд гэдэг бөх байлаа. Гүнд гуай улсын наадамд ажрахгүй гурав давчихдаг байсан л даа. Тийм хүн хөдөө ховор. Зургадугаар ангид байхдаа айлын найран дээр түүнтэй барилдахдаа давалцаагүй. Одоо Гүнд гуай “Сайн бөх болох нь багаасаа мэдэгдсэн” гэдэг юм. 

Манайх олон малтай айл байлаа. Нэгдэлжих үед 800 гаруй адуу улсад тушаасан. Суурь адуу л даа. Би өглөө бүр 17 азарга адуу хураана. Нэг азарга нь цөөндөө 50 гаруй адуутай. Аав минь нуруулаг хүн байсан. 90 гаруй настай байхад нь би ааваас намхан байсан шүү дээ. Багаас минь намайг бөх болгох сонирхолтой байсан. Гадаадад тэмцээнд оролцоод ирэхэд ээж “Хүү яаж барилдав гэж аав чинь үргэлж асуух юм. Эсэн мэнд ирэх нь л надад сайхан” гээд суудаг сан. Үүнд нөлөөлсөн нэг явдал бий.

Нэг удаа ээж Лодой гэлэнтэй уулзахдаа “Хүү минь үндэсний бөхөөр барилддаг болсон” гэхэд нь “Ээ, хайран хүүхэд” хэмээн дуу алдсан гэнэ лээ. Амьхандаа ерөөлийн үг хүлээж суусан ээж минь гайхаж, нүүр нь хувьсхийсэн гэдэг. Тэгэхэд нь угийн ажигч Лодой гуай “Бөх гэдэг мянган хүний бах, нэг хүний хохь” гэж бурхны номд бичсэн байдаг юм” гэж учирлаж. Түүний үг ээжийг тэгж бодоход нөлөөлсөн юм билээ. Эмэгтэй хүн хүүхдээ барилдахыг үзэх муу гээд наадам ер үзээгүй, ээж минь. Аав жил бүр Улаанбаатарт ирж, наадам үзэнгээ миний дээлийн захыг мушгисан. Би эцэг, эхийнхээ ачийг хариулж чадаагүй. Аавынхаа, сумынхаа нэрийг наадмын дэвжээнд олон удаа дуудуулсан. Түүнээс өөр ачийг нь хариулах гавьтай амжилт гаргаагүй, олигтой зүйл хийгээгүй” гэж дурсав.

НЭГ ӨДӨР ХОЁР ӨӨР БАРИЛДААНААС УЛСЫН НАЧИН, ЗААН ЦОЛ ХҮРТСЭН

Л.Сосорбарам арслан 21 настай, нэгдүгээр дамжааны оюутан байхдаа нэг өдөр хоёр өөр барилдаанаас улсын начин, заан цол хүртсэн ховор амжилтын эзэн. Тэр жил улсын наадамд хоёр дахь удаагаа зодоглосон юм. Энэ тухайгаа  “Би тэр жил улсын цол авах гэж шунаагүй, тийм бодол ч байгаагүй. Тухайн үеийн бөхчүүд улсын цолд шунадаггүй байлаа. Нутагтаа ирэхэд “Овоо барилдлаа” гэж ярихаас “Цол авлаа” гэж ер хэлэхгүй. Улсын цол хүртлээ гэж ярин, найр хийнэ гэвэл хүмүүс гайхдаг байлаа” гэсэн.

Тэр жил улсын наадам, Монголын оюутан, залуучуудын анхдугаар наадам зэрэг болсон. Нэг нь Төв цэнгэлдэхэд долдугаар сарын 11-нд, нөгөө нь Бага цэнгэлдэхэд 9-нд эхэлж, Л.Сосорбарам арслан хоёуланд нь зэрэг барилджээ. Оюутан, залуучуудын наадмын эхний өдөр улсын цолтой 17 бөхийг давж. Тэр өдөр хоёр бөх ганц ч унаагүй нэг нь тэр, нөгөө нь Д.Дамдин аварга. Наадамчин олон заавал хэн нэгнийг нь давуулъя гэсээр Спортын төв ордны гадна тэднийг барилдуулахад Д.Дамдин аварга давжээ.

Нөгөөдөр нь улсын наадам эхэлсэн. Л.Сосорбарам арслан тавын даваанд улсын арслан Д.Жамцыг, удаахад нь А.Нагнайдорж начныг өвдөг шороодуулан, улсын өсөх идэр начин болов. Харцага цолны даваанд Ж.Чойжилсүрэнд унасан. Тэгээд л Монголын оюутан, залуучуудын наадамд барилдахаар Бага цэнгэлдэх рүү алхчихаж. Тэгж үргэлжлүүлэн барилдахдаа 37 бөхөөс 32 давж, хүрэл медаль авчээ. Тус барилдаанд Д.Дамдин аварга түрүүлж, Бээжин аварга мөнгөн медалиар энгэрээ мялаан, Ч.Бээжин аварга, Б.Жамъяандорж арслан, Л.Сосорбарам гуай гурван улсын заан болсон юм.

 “ХОЁР МӨНХ”-ИЙГ ӨВДӨГ ШОРООДУУЛЖ ЯВСАН УДААТАЙ

Л.Сосорбарам арслан барилдахад нь хамгийн эвгүй бөх “Цахилгаан” хэмээх Мөнхөө арслан байсан гэж тодотгосон. Тэрбээр нэгэн барилдаанд Д.Дамдин, Ж.Мөнхбат аваргыг унагааж байсан удаатай. Тэрбээр шуурхай барилдаанаараа бусад хүчтэнээс ялгардаг байсан. Улсын арслан болдог жил 78 кг жинтэй байж. Бие жижиг ч түүнийгээ хурдан хөдөлгөөн, хурц, шуурхай барилдаанаар нөхдөг байжээ.

Монголын бүх ард түмний II спартакиадад ганц ч уналгүй түрүүлж, улсын арслан болохдоо Х.Баянмөнх аваргыг өвдөг шороодуулсан. Тэр жил би 28 бөхөөс ганц ч уналгүй түрүүлж, Х.Баянмөнх аварга үзүүрлэсэн. 1962 онд улсын аварга шалгаруулах барилдаанд Л.Сосорбарам арслан түрүүлж, Х.Мөнхбат аварга үзүүрлэсэн удаатай. Энэ бүхэн цагийг эзэлсэн хоёр Мөнх аваргатай эн тэнцүү барилдаж явсныг нь илтгэнэ.

УЛСЫН НААДАМД 50 ГАРУЙ ЖИЛ БАРИЛДАХДАА ТАВХАН УДАА АМЛУУЛСАН

Хэдийгээр залуудаа цахиур хагалж, олон жил дээгүүр даваанд барилдсан ч улсын наадамд түрүүлж, үзүүрлэж чадаагүйдээ харамсдаг уу гэж түүнээс асуухад “Надад ер нь тийм атаа жөтөө, ааг омог байдаггүй. Улсын наадамд түрүүлж, үзүүрлээгүйдээ харамсдаггүй. Харин шатар тоглоход л шар хөдөлдөг шүү. Түүнээс биш тэгж, ингэж барилддаг байж хэмээн харамсаж, тийм, ийм шагнал авах сан гэж ер шунадаггүй. Жил бүхэн түрүү бөхийн таамагт багтсан ч санаснаар болоогүй. 

Улсын наадамд түрүүлж, үзүүрлэх боломжтой байсан барилдааныг алийг тэр гэх вэ. 1961, 1962 онд би их өнгөтэй, ид гялалзаж явсан шүү дээ. 1961 онд Төрийн наадамд улсын заан Д.Барамсайтай барилдахдаа зэрэг унав. Гэтэл түүний гар мултарчихаар нь “Бэртэлтэй хүнтэй дахиж хүч сорихгүй” гээд өрсөлдөөгүй.

Дараа жил нь дутуу унаад өндөр даваанд барилдаж чадаагүй. Би долоогийн даваанд улсын арслан Д.Жамцтай учраа таарав. Уг нь би түүнийг давсан юм. Гэтэл хөлийн цэцүүд намайг түрүүлж унасан гээд өвдөг шороодсонд тооцсон. Тэр жил Д.Жамц улсын наадамд түрүүлсэн. За, тэгээд аль алдаж, онохыг тэр гэх вэ дээ.

Намайг ид барилдаж явах үед улсын наадамд түрүүлж мэдэх 26 бөх байлаа. С.Цэрэн аварга “Эвээ л олоогүй болохоос бидний үед хэчнээн ч аварга төрж мэдэх байж” гэсэн нь үнэн л дээ. 

Би дунд шөвөгт найман удаа шалгарсан. Аварга болох бөх тусгай төрдөг. Хүссэн бүхэн үүнд хүрч чадахгүй. Зарим хүн намайг “Азгүй бөх” гэдэг. Би тэдэнтэй санал нийлэхгүй. Улсын арслан цолдоо хайртай. Ёстой сайхан цол шүү дээ, базарваань. Үндэсний бөхийн хоёр дахь том цолыг чамлавал алдас болно. Би БНМАУ-ын арслан гэж цоллуулах их дуртай. Залуудаа улсын цолтон болсон, аваргууд жийрхээд ч тэр үү, үргэлж л тунадаг байсан. 

Бөхчүүд аль давах магадлалтай өрсөлдөгчөө амладаг. Тиймээс амлуулахгүй, тунах сайхан. Намайг улсын наадамд 50 гаруй жил барилдахад тавхан бөх амласан нь дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Ш.Батсуурь, улсын арслан У.Мижиддорж, улсын начин А.Нагнайдорж нар. Би улсын наадамд цолоо дөрвөн удаа дуудуулсан” гэсэн.

“БИ УЛСЫН ЗЭРЭГТЭЙ Л ХҮН”

Аварга болоход та юугаараа дутуу байв хэмээн түүнээс лавлахад “Бусдаас нэг их дутуу, илүү юм надад байхгүй. Би гаргах боломжтой байсан амжилтынхаа 80 хувьд хүрсэн. Хүн ер нь амжилт, нийгэмд эзлэх байр сууриараа зэрэг дугаартай байдаг. Жишээлбэл, дэлхийн, улс гүрний, орон нутгийн гэсэн зэрэгтэй. Бүгд тус бүртээ дээд, дунд, доод гэсэн гурван хэсэгтэй. Нутагтаа алдартай, нэр хүндтэй, олны хүндлэлийг хүлээсэн хүн орон нутгийн зэрэгтэйд хамаарагдана. Эх орондоо тод мөртэй яваа хүн улс гүрний зэрэгт багтана. Дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн алдартан, олимп, ДАШТ-ий медальтай тамирчид дэлхийнхэд харьяалагдана.

-Та аль зэрэгт нь багтана гэж өөрийгөө боддог вэ?

-Би яах вэ, улсын зэрэгтэй л хүн. Ерөнхийлөгчийн зарлигаар төрөөс гурван том шагнал хүртэн, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч, улсын арслан болсон тул түүнийхээ дээд зэрэгт багтах байх.

ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС МЕДАЛЬ ХҮРТСЭН АНХНЫ МОНГОЛ ЖҮДОЧ

Монголын жүдо, самбо бөхийн анхны шигшээ багийн тамирчдын нэг нь Л.Сосорбарам гуай. Бас олон улсын тэмцээнээс медаль авсан анхны монгол жүдоч. Тэрбээр спортын мастер болсон анхны монгол самбоч, жүдогийн долдугаар дантай. Долдугаар дантай бөх Монголд хуруу дарам.

1971 онд БНАСАУ-д болсон ах дүү армиудын олон улсын тэмцээнд Монголоос долоон бөх оролцон, нэг тамирчин медаль авсан нь, Л.Сосорбарам арслан. Тэгэхэд хүрэл медалиар энгэрээ мялаажээ. Тэрбээр тэмцээний үеэр өрөөсөн хөлөө бэртээн, эх орондоо таяг тулаад ирсэн гэдэг. Л.Сосорбарам арслан жүдо, самбо бөхийн УАШТ-ий цөөнгүй алтан медальтай. Ж.Мөнхбат, Х.Баянмөнх аваргатай нэг жинд барилддаг байсан болохоор чөлөөт бөхийн УАШТ-д түрүүлж чадаагүй. Мөнгө, хүрэл медаль түүнд олон бий.

ХААИС-Д 50 ГАРУЙ ЖИЛ БАГШИЛСАН

-2007 онд Гавьяат дасгалжуулагч болсон тэрбээр Хөдөө аж ахуйн их сургуульд 50 гаруй жил багшилсан. Өөр газар ер ажиллаагүй. Тэрбээр сургуульдаа 1958 онд элсэн, таван жил сурч төгсөөд багшлахаар үлджээ. Өнгөрсөн жил Ардын багш болоход нь Ерөнхийлөгч шагнал гардуулахдаа “Сосорбарам гуай үндэсний бөх, их спортын төдийгүй боловсролын салбарт олон арван шавь бэлтгэсэн гавьяатан. Түүнийг хүчит арслан, мундаг дасгалжуулагч гэдгээр нь хүмүүс илүү мэднэ.

Боловсролын салбарт оруулсан хувь нэмэр нь ч их жин дарна” гэж онцолсон. Улсын цолтой 30 гаруй бөх түүний шавь. Мөн УИХ-ын дарга асан Ж.Уртнасан, Байнгын хорооны дарга асан Норовсамбуу, УИХ-ын гишүүн Я.Санжмятав нарын төр түшиж яваа олон шавь бий.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

8 Сэтгэгдэл

  1. Урт наслаж удаан жаргаарай. Сайхан үлгэр дуурайл#### Монгол эр хүн, бөх хүний ховордсон сайхан дүр.

  2. АХСБА гэж ярьдаг заадаг хошууч цолтой иргэний хамга####ахын багш байлаа. Багшдаа урт нас####ж удаан жаргаахыг хүсье

  3. avarga-n daitai gene u bitii iim teneg ym bicheldee… hoyor monhiig davj blaa l gene tgd ygd avarga boloogu ym be… unendee iim ym harahaar durgu hureh ym…

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button