НИЙГЭМ

Хурандаа Д.Цог-Эрдэнэ: “АРАВТ” бол морьтон дайчдын нөхөрлөлийн талбар

“Аравт-2022” олон улсын морин цэргийн уралдаан зохион байгуулах хорооны дарга, Ерөнхий шүүгч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэтэй ярилцлаа.

Тэрээр Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт бэлтгэлийн газрын Биеийн тамир, спортын тасгийн даргаар ажилладаг юм.

-“Аравт-2022” олон улсын морин цэргийн уралдааныг Монгол Улс хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Бэлтгэл ажил бүрэн хангагдав уу?

-Үүнээс өмнө “Аравт” уралдааны эхлэл, тавигдах шалтгааны талаар хэлэх нь зүйтэй болов уу. 2018 онд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Монгол Улсын Зэвсэгт хүчинд нэг санал тавьсан. Тэр нь “Олон улсын цэргийн наадам жил бүр өргөн хүрээнд олон төрлөөр явагдаж байна. Энэ наадамд байх ёстой нэг төрөл нь морин цэргийн уралдаан бөгөөд үүнийг морьтон ард түмэн та бүхэн л хийж чадна” гэсэн санал. Манай улс уг саналыг хүлээж аваад эхний ээлжид уралдаан зохион байгуулах зааврыг боловсруулж, Зэвсэгт хүчний 232, 032 дугаар ангиудын морьтон дайчдын дунд дотооддоо зохион байгуулсан. Амжилттай явагдсан.

Ингээд 2019 онд “Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд оролцогчоор Монгол Улс, ОХУ, Казахстан, Киргиз, ажиглагчаар БНХАУ, АНУ, Бүгд Найрамдах Зимбабве Улс, Вьетнам гэж нийтдээ найман орон оролцож, маш амжилттай зохион байгуулагдсан. “Олон улсын цэргийн наадам”-ын хаалтын ёслолоор “Энэ уралдааны сувд нь “Аравт” байлаа” гэж онцолсон гэхээр ямар түвшинд зохион байгуулагдсан нь илэрхийлэгдэж буй хэрэг.

-Энэ жилийн уралдааны онцлог юу вэ. Дүрэм, зааварт өөрчлөлт орсон уу?

-Байгалийн давагдашгүй хүчин зүйл буюу дэлхий нийтээр тархсан цар тахлын нөхцөл байдлын улмаас “Аравт” уралдаан 2020 онд өнжиж, 2021 онд ОХУ-д зохион байгуулагдсан. Манай улсын морьтон дайчид оролцож, мөнгөн медаль хүртснийг та бүхэн мэднэ. ОХУ-д зохион байгуулагдахад уралдааны зааварт алсын зайн маршийн явцад гүйцэтгэх хоёр дасгалыг шинээр нэмж оруулсан байсан, бид тэрхүү өөрчлөлтийг энэ жил хэвээр нь үргэлжлүүлнэ. Уралдааны заавар хэрэгцээ, шаардлагаа дагаад өөрчлөгдөх ёстой.

-Ямар өөрчлөлтүүд бол?

-Уралдаан алсын зайн болон ойрын зайн холимог буухиа гэсэн хоёр төрлөөр явагдана. Алсын зайн марш нь уул даваа, бартаа саад бүхий 130 гаруй км замыг хоёр өдөр, нэг шөнийн хугацаанд туулна. Тамирчид барианаас гарч, ус гатлалын цэгт очно. Энд ус гатлах, минэжүүлсэн талбайг туулах дасгалыг гүйцэтгээд цааш маршрутын дагуу явсаар морь сэлгэх цэгт морь бугуйлдаж, эмээллэж, уналгад бэлтгэнэ. Үүний дараа ОХУ-ын зүгээс зааварт нэмж оруулсан морин эргүүлийн шинэ цэгт очих ёстой. Энэ цэгт тодорхой байг илрүүлэх даалгавар гүйцэтгэнэ гэсэн үг. Ингээд хоноглолтын цэгт очиж, GPS хайгчийн тусламжтайгаар хоол, ус, түлээ түлшээ олж, оромжоо барьж амарна. Эцэст нь хоноглолтын цэгээс татан гаргалтын цэгт ирж, сум галт хэрэгслийг хөнөөлийн голомтоос зөөх, шархдагчийг морины нуруун дээр татах гаргах, усны хангалт буюу хээрийн нөхцөлд морио услах даалгаврыг биелүүлнэ.

ОХУ-ын зүгээс зааварт оруулсан хоёр дахь өөрчлөлт нь усны хангалт юм. Дээр дурдсанчлан алсын зайн маршийн үед таван цэгт үүрэг гүйцэтгэнэ. Цэг бүрийг манай Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын алба хаагчид тусгайлан төхөөрөмжилж, бэлтгэл ажлыг бүрэн хангасан.

-Аюулгүй байдлын зааварчилгааг хэрхэн мөрдүүлж байна вэ?

-Баг тамирчид дасгал бүрийг гүйцэтгэхдээ аюулгүй байдлын зааварчилгаатай танилцдаг, мөрддөг. Энэ бол тогтсон хатуу дүрэм. Хэн бүхэн баримтлах ёстой. Нөгөө талдаа энэ уралдаанд цэргийн алба хаагчаас гадна морь чухал үүрэг гүйцэтгэдгийг та бид мэднэ. Морь гэдэг хүний гараар засварлагддаг машин техник биш учраас баг тамирчид хүлгээ хайрлаж, урт замыг туулах ёстой. Энэ утгаар нь морийг гэмтээх, зүй бусаар харьцвал тухайн багийг уралдаанаас хасах хүртэл арга хэмжээ авна.

-Тэмцээнийг шударга явуулах тухайд?

-Шүүлтийн тогтолцоо бусдын нүдэнд ил тод, хуучин горимоороо явагдана. Уралдаанд оролцогч Монгол Улс, ОХУ, Узбекистан, Бүгд Найрамдах Зимбабве Улсын ахлах офицерууд олон улсын шүүгчээр ажиллаж, нэгэндээ хяналтаа тавиад явна.

Монгол Улсын цэргийн алба хаагчид алсын зайн маршид гарлаа гэхэд нөгөө гурван орны хэн нэг олон улсын шүүгч дагалдаад хянаад явна гэсэн үг. Дээрээс нь нэг багийг агтчин, малын эмч, хүний эмч, хяналтын шүүгч дагалдаж ажиллана. Цэгүүдэд мөн шүүгч нар бий. Тэдний оноо өгөлт, шударга байдалд олон улсын шүүгч нар хяналтаа тавиад явна. 2019 онд энэ зарчмаар уралдаан шударга явагдсан, тэр хэвээрээ.

-Цар тахлын дараа, улс төр, эдийн засгийн амаргүй үед зохион байгуулагдаж байна. Зоригтой шийдвэр гэж харж байна?

-Үнэхээр тийм. Зэвсэгт хүчний гол зорилго уралдааныг амжилттай сайхан зохион байгуулах явдал. Харин зохион байгуулах шийдвэрийг энэ амаргүй үед зоригтой гаргасан Монгол Улсын Засгийн газар, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагуудад гүн талархал илэрхийлье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-13 13:35

Батлан хамга�##�ах с�##�бар бол өнгөрсөн үеийн бүдүүлэн бадлаасаа с�##�ах болсоон. Орчин цагийн дайнд танк хүртэл хэрэггүй төмрийн хог болж одоо дрон оо б�##�ддаг үе шүү

Холбоотой мэдээ

Back to top button