Нийгэм ярилцлага

Малын эмч О.Чойжоо: Гүзээн дэх ашигтай бактери багасахад мал стресстэж, дархлаа нь унаж туйлддаг

Малын эмч О.Чойжоо мэргэжлээрээ 11 дэх жилдээ, эрчимжсэн МАА чиглэлээр 8 дахь жилдээ ажиллаж буй. Тэрбээр Австрали улсад махны чиглэлийн аж ахуй болоод саалийн үнээний фермерүүд дээр дуудлага үйлчилгээ үзүүлж, Франц, Канад улсад туршлага судлан сургалтуудад хамрагдаж ХАА-н салбарыг шимтэн суралцаж яваа залуу мэргэжилтэн юм.

-Өнөөдөр үүсээд байгаа цаг агаарын зуд турханы нөхцөл байдалд мал хэрхэн стесстдэг сэдвээр ярилцмаар байна...?

-Малд үзүүлж болох орчны маш олон төрлийн стресс бий. Айдас хүйдэс, чанга ширүүн туух, ачилт тээвэрлэлтийн үед стресс авч байдаг. Яг өнөөдөр бол зуд болоод хүйтний, өлсгөлөнгийн стресст нэрвэгдэж байна. Зудыг би өлсгөлөн гэж харж байгаа. Өнөөдөр мал ямар нэг өвчнөөр бус зүгээр л хоол тэжээлийн дутагдлаар үхэж байгаа. Тэгэхээр хоолгүй болчхоор өлсгөлөнгийн стресс гэж үүснэ. Дээрээс нь цангах, усны хомстол шингэний дутмагшил маш их байгаа. Өвөл мал эрчимтэй турдаг бас нэг шалтгаан нь хангалттай хэмжээний усаа авч чаддаггүйгээс болдог. Мөн хэвтэр, хашаа хороо тав тухгүй байвал хүйтнээс стрессдэнэ. Энэ мэтээр малд маш их стресс байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд эрдэмтэд тусгайлан судалж байгаа.

Малд үзүүлж байгаа стресс бодисын солилцоог хямрааж, дархлааг унагааж, тэсвэр чанарыг бууруулж байдаг хор хөнөөлтэй.

-Стресстэй холбоотой судалгааны талаар танд ямар мэдээлэл байна вэ?

-Тодорхой албан ёсны судалгаа бол хийгээгүй. Ажлын хүрээнд мэргэжилтэн хүний нүдээр харахад стресс тухайн малын ашиг шимтэй шууд хамааралтай. Жишээ нь, ачилт тээвэрлэлтийн дараа маш их ядарч доройтдог. Эрчимжүүлэн ажиллаж байгаа мах сүүний аж ахуй малаа яаж бага стресстүүлэх вэ гэдэг менежментээр ажиллаж байж боломжит ашиг шимийг авч чаддаг. Ялангуяа саалийн үнээ бол тухайн өдөр тавгүй байсан бол өдрийн сүүний гарц нь огцом унадаг. Энэ сэдэв бол цаашид маш сайн судлах ёстой чухал зүйл. Дэлхий даяар мал амьтны тавлаг байдлын олон улсын журам, зааварчилгаанууд байдаг.

Мал өлсөх ёсгүй, цангах ёсгүй, өвдөх ёсгүй, айдас хүйдэсгүй, аюулгүй орчинд байж өөрийгөө аюулгүй байгаа гэдэг мэдрэмжээ байнга авч байх ёстой. Хэт их даарахгүй, хэт их халахгүй байх гэх мэтээр маш олон дүрэм бий.

-Бэлчээрийн МАА бол хамгийн стрессгүй технологи мөн-

Мал амьтны тавлаг байдлыг хангах дүрмийн дагуу ачилт тээвэрлэлт, арчилгаа маллагаа, нядлах үйлдвэртээ оруулахдаа хүртэл стрессгүй тавлаг хүнлэг байлгаж харьцдаг нэгдсэн ойлголт дэлхий даяар мөрддөг. Манай бэлчээрийн МАА соёлынхоо хүрээнд мал амьтны тавлаг байдлыг харьцангуй эрхэмлэдэг. Задгай талбайд өөрийнхөө тааваар бэлчээд явж байна гэдэг бол үнэхээр стрессгүй маллагааны технологи мөн. Хэцүү талаас нь харвал өнөөдөр бидэнд нүүрлээд байгаа байгалийн давагдашгүй хүчин зүйл зуд байна. Ер нь бол монгол улс өндөрлөг, цаг агаар эрс тэс, жилийн хур тунадас тогтвортой биш учраас байгалийн гамшигтай нүүр тулах магадлал өндөр. Тиймээс цаашдаа урт хугацаандаа малчид ч, фермерүүд ч гэсэн аль болох л урдаас төлөвлөсөн, төлөвлөгөөтэй мал аж ахуйг хийдэг байгаасай гэж боддог.

Хүмүүс сүүлийн үед уламжлалт МАА-гаа халаад эрчимжсэн МАА руу шилжих цаг болжээ гэж байна. Үүнтэй 100 хувь санал нийлэхгүй байгаа. Нүүдэлчин уламжлалт МАА бол тийм муу загварчлал биш. Ядаж л тодорхой хэмжээний багахан техник технологийг нэмээд өгчихвэл арай өөр болно.

-Энэ сүргийн бүтэцтэйгээ жаахан технологи нэмээд шилжих боломжтой гэж та үзэж байна уу?

-Миний хэлж байгаа технологи нэг их хол зүйл биш. Малчид маань нэг үеэ бодвол бүгд интернэт, гар утас, угаалгын машин, хөлдөөгч ашиглаж, тодорхой хэмжээнд технологижсон. Үүнтэйгээ адилхан яг энэ МАА-даа зориулаад жаахан хөрөнгө оруулалт хийчих хэрэгтэй. Өнөөдөр хүрзнээс өөр цас цэвэрлэх багажгүй л байна. Манайхаас өөр оронд айл болгон бага, том оврын квош, трактортой байдаг. Квош гэдэг техник тийм үнэтэй хүн авч чадахааргүй, эсвэл олддоггүй ховрын юм биш шүү дээ. Малчид маань ядаж л нэг авсаархан ковштой болчихвол цасыг түрээд  замаа гаргачихдаг. Бэлчээр нь дарагдчихвал түрээд малаа идүүлчихнэ. Ер нь л манай малчид хадлан авчихдаг хураалтын техниктэй болчихвол зудын эрсдлийг бүрэн хааж чадахгүй ч тодорхой хэмжээнд буулгах боломжтой.

-Зудын нөхцөл байдал хүндэрснээс хойш уламжлалт МАА баталгаагүй хөрөнгө юм байна, шилжих хэрэгтэй л гэж байгаа. Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаад өгөөч гэвэл?

-Шууд шилжинэ гэвэл цаг хугацаа нь арай болоогүй гэж хардаг. Өнөөдөр ХАА-н бүтээгдэхүүний үнэ бага байна. Дэлхий дээр мах бол тийм хямд хүнс биш шүү дээ. Азаар бид мал ихтэй хувьтай сайхан ард түмэн учраас хямд үнээр мах авч иддэг. Нөгөө талаас бүтээгдэхүүний үнэ нь ийм хямд байгаа нөхцөлд эрчимжүүллээ гэхэд эдийн засгийн үр өгөөж муу. Тийм учраас өнөөдөр бүгдээрээ фермер больё гэхэд амаргүй. Томоохон компаниуд дэлхий дээр байдаг загварчлалаар үхэр бордож байгаа. Гэвч энэ чиглэлээр хүн болгон хийнэ гэдэг өнөөдөртөө амаргүй ээ. Хувь  хүний хөрөнгө, хөрөнгө оруулалт, ажиллах хүч, менежмент дутагдана.

Дэлхий дээр бэлчээрийн МАА ганцхан Монголд байгаа юм биш. Маш олон оронд малыг бэлчээрийн байдлаар малладаг. Хойд бүслүүрийн нутаг Хойд Америк, Канад, Орос гээд л зөндөө. Тэнд хүйтэн, цас их унадаг. Надад арай ойрхон очоод үзчихсэн мэдээлэл солилцож сургалт зөвлөгөө авч байсан Канадад -43, -47 хүртэл хүйтэрч 80 см-ээс 1метр цас ордог. Тийм нөхцөлд бэлчээрээр малаа өвөлжүүлж болж байгаа.

-Арга шийдэл нь...?

-Өөрийн эзэмшлийн бэлчээртээ олон наст тэжээлийн үрийг тариалдаг. Нэг нэгжээс гарах ургамлын гарцыг сайжруулах шаардлагатай бол гахай, тахиа, шувууныхаа сангасаар бордчихно. Энэ бүхнээр бэлчээрээ арчлаад жил бүр улам сайжруулаад хэсэгхэн газрынх нь өвс их өндөр өтгөн ургадаг. Тэгээд өвөл цас унасан ч гэсэн мал нь тэрийг ухаад идээд сурчихсан. Шаардлагатай бол техникээр зам гаргадаг. Тэндхийн нэг давуу тал нь ХАА-н мах махан бүтээгдэхүүн нь үнэтэй учраас фермер хүн төлбөрийн чадамж сайтай. Өвлийн улиралд үхрийг гадаа задгай өвөлжүүлж байгаа туршлага Канад улсад маш их.

-Яг л манай бэлчээрийн үхэр шиг л гэсэн үг үү?

-Манайхаас өөр зүйл нь фермер айл үхрээ худалдаалдаг. Залуу үхрийг бяруунд нь борлуулж үхэр бордох аж ахуйнууд нь дуудлага худалдаагаар авдаг. Ингээд бэлчээрээр нэг, хоёр жил явж байж авах тарга хүчийг нь 3-4 сарын хугацаанд шим тэжээл сайтай, хүчтэй үр тариагаар бордоод зах зээл дээр богино хугацаанд тарган сайхан махыг гаргаад явчихдаг.

Харамсалтай нь манайд энэ тогтолцоо өнөөдөр албан ёсоор үндэс суурьтай хөгжиж амжаагүй байгаа учраас малчид тухайн малаа зах зээлд гаргахын тулд олон жил маллах шаардлагатай болчхоод байгаа. Үхрийг л гэхэд 2-4 жил маллаж байж бүтээгдэхүүн болгоод Дэнжийн 1000-ын зах эсвэл ченжүүд рүү өгдөг. Нөгөө талаас монгол малын генетикийн хэв шинж нь сүүлийн хэдэн жил бэлчээрийн доройтлоос улбаалаад алдагдах, амьдын жин багасах, давжаарах байдал давамгайлж эхэлсэн. Энэ нөхцөлд нөгөө малаа илүү олон жил маллаж байж зах зээлд гаргана. Дээрээс нь жилд 5-10 хувийн үхэл хорогдлын эрсдэл байдаг гэж үзвэл энэ алдагдлаас 3 жилийн дараа зарах бүтээгдэхүүн нь цөөрнө. Харахад их л олон үхэр, малтай, гэвч жилдээ нийт сүргийн 12-18 хувийг л худалдаалж байна уу гэж харагддаг.  

-Монголын төр малыг экспортлохгүй, махны үнийг тогтоон барина гэх мэтээр зах зээлийн жам ёсны үзэгдлийг хүчээр хааж боодог-

-Малчид нарийн тоо толгой хөөж хүрэлцээгүй бэлчээрт чанаргүй сүрэгтэй орж зудад илүү нэрвэгдлээ гэж байгаа. Нөгөө талаас малчид өөрсдөө түүхий эд ашиг шим бага учраас малаа өсгөхөөс өөр арга алга гэдэг. Та энэ тухайд ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Монгол улсын газар нутаг хонин толгойд шилжүүлэх юмбол 50 сая хонины даац бүхий бэлчээртэй. Өнгөрсөн намрын тооноос харвал хонин толгойгоор 150 сая орчим мал байна. Таван бод нэг бодтой тэнцэнэ гэж хувиргадаг шүү дээ. Тэгэхээр бэлчээрийн даац хүнд асуудал болсон нь үнэн. Үүнээсээ болоод малын бие давжаарч байна. Харин малчин талаасаа харах юмбол малынхаа тоог л нэмэхгүй бол амьжиргаанд цөөн малаар явах боломжгүй болчхоод байгаа. Үүний гарц гаргалгаа бол ерөөсөө л бид нар ХАА-н бүтээгдэхүүнийхээ эрүүлийг баталгаажуулж, яаралтай экспортод л гаргах. Гурван сая хүнтэй манай улсын гол хэрэглэгч нь болох сая 500 хэрэглэгчийн хэрэглээнээс хамаарч махны үнэ тодорхойлогдож байгаа. 70 сая малтай улс 2 сая хэрэглэгчтэй байхад эдийн засгийнхаа хуулиар мал махны үнэ өндөр байх боломжгүй. Жилдээ өвлийн адаг сараас хаврын эхэн саруудад Улаанбаатар хотыг чиглэх шинэ нойтон махны эрэлт буураад ирэхээр махны үнэ жаахан өсдөг.

-Гэтэл нөгөө сая 500 мянган хэрэглэгч нь мах үнэтэй байна гэдэг шүү дээ...?

-Харин тэгэхээр гарц нь бид яаралтай экспортдоо мал махан бүтээгдэхүүнээ гаргах хэрэгтэй. Ийм арга замаар махны үнэ сайжраад ирвэл малчид цөөн тооны мал зараад хангалттай ашиг олох боломжтой болчихвол олон тооны мал маллахыг угаасаа тэд хүсэхгүй байгаа. Энэ чинь маш хүнд хөдөлмөр шүү дээ. Мах нь боломжийн үнэтэй бол өвөл нь ч хамаагүй тэжээгээд тарган цөөн тооны үхэр, хонио зах зээлд борлуулаад явчих боломжтой. Нөгөө талаас энд манай төр засгийн бодлого тогтворгүй. Малыг экспортлохгүй, махны үнийг тогтоон барина гэх мэтээр зах зээлийн жам ёсны үзэгдлийг хүчээр хааж боохоор дандаа сөрөг үр дагавар ирдэг. Муугаар ярья. Энэ жил олон тооны мал хорогдохоор ирэх жил зах зээл дээр орж ирэх махны хэмжээ цөөрч эдийн засгийн хуулиар үнэ өсөх л байх. Малчид малаа эрчимжүүлэх гэхээсээ илүүтэй ашиг шимтэй сүрэг рүү шилжүүлэх сонирхол зөндөө бий.

-Тэгэхээр энэ ирээдүйг хэн гардаж хийх вэ?

-Монголын МАА салбарт уналтад ороод хаягдсан үеийн хор уршиг өнөөдөр гарч ирсээр байгаа. Энэ салбарт сонгон суралцдаг мэргэжилтнүүдийн тоо цөөрсөн, 70 сая малтай монгол улс 2000 малын эмчтэй. Ферм, эрчимжсэн МАА сонгомол сайн хөгжиж чадаагүй, ХАА-н энэ үнэ цэнэ, хоршоолол хөгжөөгүй. Бид нарт МАА-н салбарт хийгдэх маш олон ажил, сэдэх хөгжүүлэх зүйлс их байна. Гэхдээ үүнийг хөдөөний малчин өвөө эмээ хоёроос эхэлнэ гэж харахад хэцүү. Илүү мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүд ажиллах ёстой. Азаар сүүлийн жилүүдэд бизнесийн компаниуд энэ салбар руу орж ирж байгаа нь хөгжихэд нэлээд ахиц дэвшил өгч байна уу гэж хардаг.

-Энд бас малын эрүүл мэндийн асуудал бас байгаа. Малчид өөрсдөө л дур мэдэн тарьдаг, эмчилдэг. Малын эмч хүрэлцээгүйгээс болж байна уу?

-Манай монгол мал эрүүл. Харин олон улсад эрүүл гэдгээ баталгаажуулахад цаг хугацаа амаргүй байх шиг байгаа юм. Нөгөө талаас 100 хувь эрүүл юмуу гэхээр гоц халдварт болон халдварт өвчнүүд бий. Яалт ч үгүй хагас зэрлэг гэж хэлж болохуйц зэрлэг амьтантайгаа нэг бэлчээрт байж мал амьтнаас бие биедээ халдварладаг болон хил дамжсан өвчнүүд байна. Эдгээр өвчлөлтэй тэмцэх хялбар ажил биш.

Хуулиндаа монгол улсын төр малаа хамгаална гэсэн заалттай учраас төр өөрөө бүхнийг шийдэх гээд байдаг. Энэ нь нэг талаасаа зөв ч, хувийн өмчийг төр хамгаална гэдэг нь сонин өнцөг. Малчин хүн өөрөө хариуцлагагүй байхад төрөөс хүн очоод эрүүлжүүлээд явна гэдэг утгагүй. Энэ мэтээр бүх нийтээрээ ойлголтоо өөрчлөх ажил бас бий. Вакцинжуулалт гэдэг халдварт өвчинтэй тэмцэх дэлхий дээр хэрэглэгдэж байгаа хамгийн сонгомол арга. Малын эмч нар жил бүрийн хавар, намар вакцинжуулалтын ажилд явдаг. Малчдын зарим хэсэг их идэвхгүй, тариулахгүй, малаа хашихгүй, хашаа хороо хүн хүч муутай гэх зэргээр цааргалдаг. Уг нь улсаас үнэ төлбөргүй хийж байгаа ажил шүү дээ. Энэ бол маш харамсалтай. Нэг хэсэг айлын мал шүлхийгээр өвчилбөл тухайн бүс нутагт уг өвчин дэгдсэн гээд олон улсад бүртгэдэг. Гэтэл бид наад зах нь шүлхий өвчнөөсөө салж байж олон улсад бүтээгдэхүүнээ гаргах шаардлага хангагдана. Тэгэхээр хувийн өмчийг төр хамгаална гэдэг тогтолцоо чөлөөт эдийн засагтай хэр уялдах вэ гэдгийг хаана хаанаа бодох л хэрэгтэй.

-Төр хамгаална гэсэн учраас хайнгадуу хандаад вакцин үйлчилгээ энэ тэрийг үл ойшоогоод байна гэсэн үг үү?

-Малчин уг нь өөрөө өөрийнхөө малын эрүүл мэндийг сахин хамгаалж, онцгойлон анхаарал тавибал илүү хурдан хөгжинө. Гэтэл малчид зөв сайн хэрэглэх аргаа олохгүй, мэргэжлийнхээ малын эмч хүнээ хөлсөлж үйлчилгээг авахгүй өөрсдөө угаалга, туулгаа хийнэ, өвдсөн малаа эмчилнэ гээд үзээд байдаг.

Нөгөө талаас малын эмч дуудаад үйлчилгээ авья гэхээр 100, 200 мянган малтай суманд 1-2 малын эмч ажилладаг. Бүр нөгөө нэг талаас нь харвал 150 мянган төгрөгийн үнэтэй мал өвдөөд малын эмч дуудлаа. Дуудлагын хөлс, бензин шатахуун, эм тариа бусад хэрэгслийн төлбөр нийлээд 200 мянга болчихвол эдийн засгийн хувьд их сонин үзэгдэл.

-Монгол улсад мал үнэтэй болчихвол малчид үүндээ хөрөнгө оруулалт хийдэг болно-

-800 мянган төгрөгийн үнэтэй үхэр дээр малын эмч дуудлагаар бензин тосоо гаргаж очоод, үзлэг, эмчилгээ мэс засал хийгээд төлбөр нь 700 мянган төгрөгийн зардал гарвал малчинд төлөх үү, үхүүлэх үү гэсэн сонголт бий болно. Монголд мал ийм үнэ цэнэгүй хямдхан байгаа. Магадгүй монгол үхрийн үнэ 4-5 сая төгрөг хүрчихвэл малчин хүн тэр малыг үхүүлэхийг хүсэхгүй учраас малын эмчид 500 мянгаас сая төгрөг өгөөд үйлчилгээ авахад асуудалгүй болно.

Одоо монголд фермерүүд чадварлаг сайн малын эмчтэй тогтмол хамтран ажиллаж, зөвлөгөө мэдээлэл авч, малаа эрүүлжүүлэхийг хүсдэг. Зарим малчдад бол энэ холын ойлголт л доо. Өөрсдөө эмчлэх гэж үзнэ. Гэтэл эмийн бодисын зохистой хэрэглээ гээд том асуудал байна. Гэвч оношоо мэдэхгүй, ямар нэг тариа багцаалдаад хийгээд үзнэ. Эмчлэгдэх нь үгүй юу гэдэг бас эргэлзээтэй. Тэгээд үүнийгээ хүнсэнд явуулчихдаг байхын үгүйсгэхгүй. Улаанбаатар хотод антибиотекийн үлдэгдэлтэй мах орж ирлээ гэж яригддаг асуудал энэ шүү дээ. Мал эмнэлгийн ерөнхий газар гарал үүслийн системийг ашиглаад харьцангуй жигдэрч байгаа ч бүрэн сайн хяналт болж чадахгүй байгаа. Тэгэхээр монгол улсад мах үнэтэй байгаад мал нь үнэ цэнэтэй болчихвол малчид үүндээ илүү их хөрөнгө оруулалт хийх болно. Мэргэжлийн хүнээ дуудна. Улмаар залуус малын эмч гэдэг мэргэжил цалин өндөртэй юм байна гээд сонгон суралцаж эхэлнэ. Малчид цөөн тооны чанартай малаа өвөлд өнтэй оруулахын тулд зах зээлээс тэжээлийг торохгүй худалдаж аваад сайхан тэжээчих боломжтой.

-Малын эмч хүний хувьд зудын нөхцөл байдлыг хэрхэн хохирол багатай даван туулах талаас зөвлөгөө өгөөч?

-Эндээс суугаад зөвлөхөд хүмүүст хэр наалдах юм бол. Зайнаас номчирхоод суугаад байгаа юмшиг, нөгөө талаас хүртээмж муутай юмшиг санагддаг. Гэхдээ яахав боломжоороо зөвлөе. Ялангуяа хивэгч мал маш ихээр хоргодож байгаа. Адуу ч гэсэн үхэж л байгаа л дээ. Гэхдээ хивэгч мал зуданд илүү эмзэг. Учир нь хивэгч малын бие физиолого бол ондоо байдаг. Малын гүзээн дотор нь олон тэрбум, их наяд хоол тэжээлийг задалж байдаг ашигтай бактери байдаг. Бид нар тэгэхээр яг үнэндээ малтай биш бактериудтай хамтарч ажиллаж байж малаа дордуулахгүй явна.

Салхи шуурганы дараа мал яагаад огцом мууддаг вэ гэхээр тухайн мал бэлчээртээ гарч өвс тэжээлээ идэж чадахгүй 1-2 хонохоор хоол тэжээлийг нь задалдаг бактериуд олон саяараа үхэж эхэлнэ. Тодорхой хэлбэл гүзээн дэх бактери 12 дахь цагаасаа хойш хоол тэжээлийн дутагдалд орж, дараагийн тэжээлээ нэхээд эхэлдэг. Мал маань тэжээл иддэг юмшиг харагдаж байгаа боловч доторх бичил биетнүүд түүгээр хооллодог. Ингээд хоол тэжээлийн дутагдалд орсон бичил биетүүд 18, 24 дэх цагаасаа тоо толгой нь цөөрнө. Гүзээн дэх ашигтай бичил биетний тоо хэдий чинээ их хэмжээгээр цөөрнө төдий чинээгээр мал стресст орж, дархлаа нь унаж, бодис солилцоо нь хямардаг. Маш амархан ядарч туйлддаг. Тэгээд богино хугацаанд энергийн дутагдалд оронгуут эрчимтэй өөх задрал явагдана.

Цусан дахь гетофын тоо өсч энергийн сөрөг баланс үүснэ. Энергийн дутагдалд орно. Тэр нь бие махбодид хордлогын шинж тэмдгийг үзүүлнэ. Өөх тосны солилцооны хямрал, уургийн солилцооны хямрал, дархлаа унахаар мал өвдөнө.

Өвлийн цагт чанарын өлсгөлөн гэж аймаар юм байна. Мал өвс тэжээл идээд байгаа боловч 8-9 сараас өвс шарлаад эхлэхээр ургамалд агуулагдаж байгаа эрдэс бодис, витамин, уураг, эрдсийн дутмагшилд ороод бие махбодийн хувьд тэсвэр чанар унасан байдаг. Тийм үед 1, 2, 3 хоног тэжээл идэж чадахгүй болохоор эрчимтэй хямардаг. Тэгээд ийм салхи шуурга ойр ойрхон давтагдаад эхлэхээр мал хорогдоод эхэлж байгаа юм.

Гэрэл зургийг О.Улсболд

Тэгэхээр миний зүгээс юу гэж зөвлөмөөр байна вэ гэхээр хашчихсан байгаа үед нь гэдэс алдуулахгүй гүзээн дэх бичил биетнүүдийг нь үхүүлэхгүйгээр жаахан ч гэсэн өвс тэжээл өгчих. Байгалийн давагдашгүй хүчин зүйл бол хэцүү. Ярьж байгаа шиг амархан биш. Гэхдээ л малыг ийм үед өдөрт заавал их бага хэмжээгээр тэжээх хэрэгтэй.

Дундуур идэш дулаан хэвтэр гээд манай малчид ярьдаг шүү дээ. Ингээд явахад эрсдэл хамаагүй буурна.

-Өвөл мал хангалттай хэмжээний ус ууж байж, хүйтнийг даван туулдаг-

-Тэжээл гэдгийг энэ зудны нөхцөл байдалд маш олон янзаар тайлбарлаж байна. Хэрхэн зохистой ойлгох ёстой юм бол?

-Тэжээл гэдэг нь өөрөө бие даасан том ойлголт. Тэжээл дотор уураг, нүүрс ус, ислэг, ус, эрдэс витамин байна. Хамгийн үнэ цэнэтэй тэжээл бол ус байдаг юм шүү. Ер нь эдгээрийн аль нэг нь дутагдвал тэжээл хангалтгүй болж эхэлнэ. Аль нэг нь дутагдсан орон зайд сөрөг үр дагавар заавал гарч ирдэг. Өвөл болохоор гадаргын бүх ус хөлдчихдөг учраас манайхан малаа 2-3, заримдаа 4-5 хоноод услаад цасаараа болчихно ч гэж үздэг. Гэтэл өвлийн хүйтэнд мал хангалттай хэмжээний ус ууж байж цусыг шингэн байна. Бодисын солилцоог хэвийн явна. Цусны эргэлт сайн байвал биеийн дулаан тогтворжиж хүйтнийг илүү сайн давна. Биемахбодид ус дутагдаад байвал өөхөө шатааж байж жаахан шингэн гаргаж авч ус болгон ашигладаг. Тийм аймаар хүйтрээгүй байсан ч, зуд болоогүй байсан ч ус дутагдаад байвал мал маш хурдан турж эцдэг.

Уургийн агууламжтай тэжээлийн эх үүсвэр манай монголд их ховор байдаг. Багахан ч гэсэн уургийн агууламжтай хорголжин тэжээл, хивэгийг нэмэлтээр өгвөл бүр сайн. Тэгэх юмбол өвлийг илүү өнтэй давахад дөхөм шүү. Дээрээс нь манай монголд  төдийлөн ажиглагдаггүй ч бусад оронд өвлийн улиралд тасралтгүй өгдөг нэг зүйл нь эрдэс байдаг. Эрдэс дотор давс нь ч орно, хужир нь ч орно. Манайхан давс өгчихлөө, бүх юмаа болгочихлоо гэдэг. Бод малд өдөрт 40-50 грамм, бог малд 20 грамм давсны хэрэгцээ байна. Үүний зэрэгцээ зэс, селен, цайр, йод, кальци, фосфор, магни, тосонд уусдаг А Д Е витаминууд маш их хэрэгтэй.

Энгийн минамил зөвлөгөө өгөхөд малдаа жаахан олон найрлагатай эрдэс бодис агуулсан долоодос тавиад өгчих. Чадахгүй бол давсаа тавиад өгөөч, хүйтэн салхи шуургатай өдөр малаа хашсан бол тэр өдөр жаахан тэжээгээрэй. Боломжтой бол тугалах төллөх малаа өвөл жаахан нэмэгдэл тэжээлтэй явуулчих.

Нэмэгдэл тэжээл гэдэг бас тийм энгийн амархан ойлголт биш. Нэгэнт өгч байгаа бол байнга өгөх шаардлагатай. Дунд нь таслаад байж болдоггүй юм. Тэр тэжээлийг чинь мал задалж бие махбодидоо шим тэжээл болгох гэж 14-27 хоног шаарддаг. Өнөөдөр малаа тэжээгээд маргааш босоод ирнэ гэж байхгүй. Тэгэхээр өнөөдөр тэжээсэн шигээ тасралтгүй өгч байж гэдсэн дэх ашигтай бактери нь тэжээлээ задалж таньдаг.

-Тогтмол тэжээхгүй бол үр дүнгүй гэсэн үг үү?

-Бэлчээрийн мал өмнө идэж үзээгүй тэжээлийг эхний удаад 100 хувь биедээ шим тэжээл болгож чаддаггүй магадгүй 10 хувийг нь ашиглаад 90 хувь нь баасаар гарна. Харин тогтмол өгөөд гүзээний бичил биетүүд түүнийг задлаад, ашиглаад сурчих юмбол 65-70 хувь болж маш сайн шим тэжээл болно.  Тийм л учраас нэг ч өдөр таслахгүйгээр өгдөг байгаарай. Заавал их  байх албагүй. 1, 2 дугаар сараас бог малд 200-300 гр, бод малд 1-2 кг-ыг мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваад тэжээгээд явахад хавар болтол эрсдэл гайгүй дээ. Үхсэн малынхаа үнийн дүнг тэжээл авах зардалтайгаа харьцуулах юмбол бас л юм бодмоор л тоо гарна.

Ер нь малчид мэргэжлийнхээ хүмүүстэй ойрхон байж жаахан ч гэсэн зөвлөгөө аваад өвөлжилтийн төлөвлөгөөтэй байдаг байгаасай. Боломжоороо өвс тэжээл нөөцөлдөг байгаасай гэж захимаар байна.  200-300 боодол тэжээл гэдэн хангалттай тоо биш. Та тухайн жилд мал аж ахуйгаасаа тодорхой хэмжээний ашиг олсон бол заавал тодорхой хувийг нь буцаагаад малдаа хөрөнгө оруулалт оруулаарай. Тэжээл, ковш, туулах чадвар сайтай машин, цахилгааны үүсгүүр худалдан авч, худаг усны хүртээмж, хашаа саравчаа сайжруулаарай. Хашаа өвөлжөөний маш олон загвар байгаа шүү дээ. 100 хувь хамгаалахгүй ч ямартай ч бага эрсдэлтэй давж болох байхаа.

Өнөөдөр монгол даяар хэцүү цаг үе үүсээд байгаа ч хоргодол багатай мал нь давгүй байгаа айлууд зөндөө байна. Нэг талаасаа цаг агаарын хүндрэл нөхцөл хэцүү ч айлуудаасаа шалтгаалж байгаа тохиолдлууд ч бас ажиглагдаж байна.

-Өмнө тэжээл дээр ярьсан зүйлсээс тодруулж асууя. Цасанд найдаад услахгүй байна гэж ойлгож болох уу?

-Цасаар малын бүх хэрэгцээт шингэнийг нөхнө гэдэг бол худлаа. Хүйтэн цасыг мал бүлээцүүлж биедээ шингээн авахад өөрөөсөө маш их энерги шаарддаг. Заавал халуун бүлээн болгох боломжгүй байж болно, тиймээс худгийн ус ч гэсэн хангалттай. Газрын гүнээс  6, 7 градустай гарч ирдэг. Тийм усаараа өдөр болгон услаач. Бүлээн байвал яахав илүү сайн ууна. Хүйтэн байвал хага ташаад сайн уухгүй ч өдөржин цас мэрж явснаас дээр.  Ус бол маш чухал. Малаа яаж сайн услах вэ гэдэг нөхцөлийг малчид маань маш сайн судлах хэрэгтэй.  Хүн ойлгохгүй хэцүү зүйл биш. Би үхэр борддог хүн. 24 цаг тасралтгүй устай байлгадаг. Хэзээ ч илүүддэггүй. Малчин хүн бэлэн байлгах нь чухал.

-Мал маш их стресстэж байгааг малчин хүн хараад мэдрэх боломжтой юу?

-Магадгүй хашир сайн малчинд анзаарагдах байх. Ер нь стресс бие махбодь, бодис солилцоонд хүчтэй сөрөг нөлөө үзүүлдэг хүчин зүйл. Тэжээл идэх дуршил буурна. Бид нар малд хэрэгцээтэй бүх зүйлийг хангаж чадахгүй дутуу л байгаа бол тэр нь заавал үхэл хоргодлоор юмуу, өвчилж байж нүдэнд харагдаж эхэлдэг. Нүдэнд харагдтал явна гэдэг 100 хувьтай зүйл 15 хувьтай болтлоо унажээ гэсэн үг. Бид нар малыг ядарчиж гээд өргүүлж эхэллээ гэх үед мал аль хэдийн тамир тэнхээгээ алдаж, хугацаа алдсан байдаг. Өнөөдөр ядраад хэвтчихсэн малыг босгоод ирдэг тариа байхгүй.  Жаахан сувилаад явж болох ч амаргүй. Аливаа зүйлийг эмчлэхээсээ сэргийлэх нь хамаагүй өртөг багатай, эрсдэлгүй байдаг учраас угаасаа малд хэрэгтэй зүйлсээ бэлдээд нөөц сайтай давах талаар судлах хэрэгтэй.

Өнгөрсөн намар хамгийн сайнаараа малаа цөөлсөн ч хэцүү байна. Өвөл дуусах болоогүй байна шүү дээ. Малын үхэл хорогдолын оргил үе болоогүй байна. Одоо нүдэнд үзэгдэхгүй шинж тэмдгээр мал маш их муудчихсан байгаа учраас энэ хавар ямар аймшигтай зүйл хүлээж байгааг айдас түгшүүртэй байгаа.

Бидний өмнө бэлтгэсэн цас зудын малыг хэрхэн тэжээж тэнхрүүлэх, арчлах талаарх мэдээллийг доорх холбоосоор уншаарай.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 29, 2024 18:19

зард�##� ёстой базаад сайхан хэлж дээ

Зочин
Зочин
2 сар 29, 2024 19:37

Анхаармаар зөв зүйл байна. Баярлав

Холбоотой мэдээ

Back to top button