Инфляцийг хамгаалах үүрэг нэрийн дор төв банк өндөр зээлийн хүүг иргэд, ААН-үүдэд тулгав

2016 оноос 2022 он хүртэл үндсэндээ Монголбанк бодлогын хүүг нэмэгдүүлэхгүйгээр хэвээр хадгалж эсвэл бууруулж ирсэн түүхтэй. Харин 2022 онд ковидоос шалтгаалсан эдийн засгийн хямрал үүнийг дагасан инфляцийн өсөлттэй холбоотойгоор бодлогын хүүг хөндөж 0.5 хувиар нэмэгдүүлэн 6.5 хувь болгож байв. Энэ үед инфляци улсын хэмжээнд 13.4 хувьтай, Улаанбаатар хотын хэмжээнд 14.8 хувьтай байсан үе.
Харин 2024 оны дөрөвдүгээр сард буюу ердөө жилийн өмнө л Монголбанкнаас мөнгөний бодлогын хүүг цаашдын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд бууруулж байна гэсэн тайлбартайгаар хүүг 1 нэгж хувиар буулгасан. Ердөө жилийн өмнө.
Эдийн засгийн суурь онолуудад инфляцийн өсөлтийн эсрэг авч болох арга хэмжээ нь энэ гэж үздэг ч манай улс шиг бага хүн ам, жижиг зах зээлтэй, эргэлтийн цикл нь маш богино хугацаанд хариу нөлөөллөө үзүүлдэг ийм эдийн засагтай улсад жилийн дотор төв банк нь бодлогын хүүгээ огцом 2 нэгж хувиар нэмэгдүүлнэ гэдэг эргээд дотоодын үйлдвэрлэгч, зээлээс зээлийн хооронд дэнжигнэдэг аж ахуй нэгж бизнес эрхлэгчид болон иргэдийн халаасанд шууд мэдрэгдэнэ гэсэн үг. Дэлхийн хөгжингүй орнуудын төв банк бодлогын хүүгээ нэмснээс нэгээс хоёр жилийн дараа нөлөөлөл нь эдийн засагт мэдрэгддэг байхад манайд богино хугацаандаа нөлөөллөө үзүүлдэг.
2022 онд инфляци “галзуурч” байх үед Монголбанкнаас гаргасан бодлогын хүүг нэмэгдүүлэх шийдвэр нь эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлж чадаагүй буюу 2023 оныг дуустал инфляци 2 оронтой тоонд, хамгийн өндөр өсөлттэй байсан.
Мөнгөний бодлогын хүү гэж юу вэ, хэн тодорхойлдог вэ
Товчхондоо, мөнгөний бодлогын хүү гэдэг нь банкны хадгаламж болон зээлийн хүүд шууд нөлөөлөх бөгөөд төв банкнаас банкуудад санал болгож буй эрсдэлгүй санхүүжилтийн хүү. Бодлогын хүү нэмэгдвэл банкууд эрсдэл багатай, өндөр өгөөж олох боломжтой. Өөрөөр хэлбэл Монголбанк арилжааны банкны мөнгийг авч хугацаатай зээлээд эргүүлж өгөхдөө 12 хувийн хүү бодох бөгөөд бодлогын хүү өсөх тусам арилжааны банкууд иргэд, аж ахуй нэгжүүдэд зээл өгснөөс Монголбанкинд өндөр хүүгээр зээлдүүлэх нь илүү өгөөжтэй гэсэн үг.
Ингэхээр арилжааны банкуудын иргэдэд олгох зээлийн хэмжээ буурч, зээлийн хүү нь нэмэгдэнэ.
Мөнгөний бодлогын хүүг Монголбанкны Мөнгөний бодлогын хороо тодорхойлох бөгөөд уг хороо нь 7 гишүүнтэй. Үүнд, Монголбанкны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болон УИХ-аас томилдог орон тооны бус 4 гишүүнээс бүрдэнэ.
Бондын төлбөрийг хугацаанаас нь өмнө төлөх шийдвэрийн араас бодлогын хүүг өсгөлөө
Саяхан Засгийн газар өөрсдийн гаргасан Хүннү, Номад бондыг худалдан авах тендер зарласан бөгөөд ингэхдээ өр 2026, 2028 онд төлөх өр төлбөрүүдийг хугацаанаас нь өмнө төлөх хувилбарыг ярьж, улмаар Сангийн сайд Б.Жавхлан үүнийг батласан.
566 сая ам.долларын үнэлгээтэй Хүннү, 650 сая ам.долларын үнэлгээтэй Номад бондуудыг ийн арилжаалж, төлбөрийг нь барагдуулах асуудал нь гэнэтийн шийдвэр.
Бондын төлбөрийг ам.доллароор барагдуулах нь инфляци төдийгүй төгрөгийн ханшийн хэлбэлзэлд ч нөлөөлнө. Сангийн яамны уг гэнэтийн шийдвэрийн араас Монголбанк ийн валютын нөөц буурсантай холбогдуулан төгрөгийн ханшид дарамт үүсгэхгүй гэж шийдвэрлэхдээ, үүнийх нь цохилтыг иргэд, аж ахуй нэгж, цаашид бизнес эрхлэх гэж буй хэн бүхэнд төвөгтэй нөхцөл үүсгэж байна.
Бодлогын хүү өссөнөөр эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Тавдугаар сард нэмэгдэх дулааны үнийн нэмэгдлээс үүсэх инфляцийн өсөлтийг урдчилан шийдвэрлэх арга зам нь энэ гэж тайлбарлаж байгаа ч бодит байдал дээр бондын өр төлбөрүүдийг барагдуулах, мөн нүүрсний экспортын орлого зогсчихоод байгаа зэрэг Засгийн газрын өмнө тулгараад байгаа сорилтуудыг ийн Монголбанк цээжээрээ хамгаалж, засгийг ивж шийдвэр гаргаж байна гэж харагдахаар.
Эдийн засагчдын хэлж буйгаар Монголбанкны зүгээс инфляцийг зорилтот төвшинд хадгалагдана гэсэн өөдрөг төсөөлөл ийн хүлээлтээс доогуур буюу инфляци 2 оронтой тоонд аль хэдийнэ хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрч гаргасан шийдвэр хэмээв. Мөн бизнесийн зээлийн хүү уг шийдвэрийг дагаж нэмэгдэх бөгөөд банкуудад хамгийн ашигтай шийдвэрийг ийн төвбанк дэмжиж, харин нөгөө талдаа зарим улс орнууд бодлогын хүүгээ нэмсний улмаас дотоодын мөнгөнийх нь ханш унасан жишээг давтах вий гэлээ.
Дотоодын үйлдвэрлэлийн гол хүч нь томоохон зээлүүд дээр тогтдог. Гэтэл банкны зээлийн хүү өндөр байвал бизнес эрхлэгчдийг “элэгдэж” байгаагаас ялгаагүй юм. Бизнесийг дэмжих биш хумих бодлого гэж энэ.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
нүүрс зарагдахаа болилоо, тиймээс хөрөнгө оруул�##�таа тана, бизнесээ хумь гэсэн мессеж байх. Цаашид нүүрс зарагдахгүй нь үргэлжилбэл бодлогын хүү дахиад нэмэгдэх магадл�##�тай.
Монгол банкны хэдэн толгой муутай м�##�ууд бхымаа улс орны төлөө биш , хэдэн банк , банк бусын төлөөл ажилж бна
Инфляц -үнийн өсөлт ядууст зориулсан бэлэг. Баячууд өлөн -хулгайчид боломж
Бодлогын хүүг нааш цааш нь болгох яаахав!! Замбраагүй зээл олголтоо багсгаж жаахан учиртай болгохгүй бол удахгүй Монгол улс в�##�ютын хомсдол орох эрсдэлтэй тулж бн шүү!!!